| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0027/З |
| Дугаар | 221/МА2018/0160 |
| Огноо | 2018-03-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0160
|
2018 оны 03 сарын 06 өдөр |
Дугаар 221/МА2018/0160 |
Улаанбаатар хот |
Ц.М нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, гуравдагч этгээд Б.Ж, Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2018/0016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ж.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.М нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ц.М 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Техникийн их сургуулийн харьяа Дамбадаржаа дахь Зуух хөгжлийн төвийн захирал Б.Ж 3377, 3378 дугаар бүхий ашигтай загварын гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2018/0016 дугаар шийдвэрээр:
“Патентийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасныг баримтлан “Техникийн их сургуулийн харьяа Дамбадаржаа дахь Зуух хөгжлийн төвийн захирал Б.Ж нарын 3377, 3378 дугаар бүхий өргөдлийн бүртгэлтэй ашигтай загварын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох Ц.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Ж.Б нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1. Шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ашигтай загварын гэрчилгээ олгох үйл ажиллагаатай холбогдуулж ярилцаагүй бөгөөд энэ хэргийн гуравдагч этгээдүүдэд ашигтай загварын гэрчилгээ олгосноос болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
2. Ц.М Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэл болон удаа дараалан гаргасан тайлбар, хүсэлтүүдээрээ дамжуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь гуравдагч этгээд Б.Ж нарт 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон ашигтай загварын 3377, 3378 дугаартай гэрчилгээнүүдийг гаргахдаа хайлт, шүүлтийг дутуу хийснээс нэхэмжлэгчийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн үгүй болж, эрх ашиг зөрчигдөж 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5356, 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 5816 дугаартай мэдүүлгийн үндсэн дээр нэхэмжлэгчид олгогдсон 1244 дугаартай шинэ бүтээлийн патентыг гуравдагч этгээдүүд хуулбарлан, ашигтай загварын гэрчилгээнүүдийг гаргаж авах талаар маргалдсаар ирсэн боловч, шүүх буруу дүгнэлт гаргасан.
3. Гуравдагч этгээд Б.Ж нар нь ШУТИС-ийн харьяа Дамбадаржаа дахь зуух хөгжлийн төвд ажилладаг бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй “Нүүдэлчин” зууханд 2014 оны 6 дугаар сарын 30, 2015 оны 7 дугаар сарын 17, мөн оны 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд лабораторийн дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийн зуухны шийдлийг хуулбарласан гэж нэхэмжлэгчийн зүгээс үздэг.
4. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаан бүхий зууханд ижил төстэй буюу өөр шийдэл байсан эсэхийг шинжээч томилуулан дүгнэлт гаргуулая гэсэн боловч хүлээн аваагүй.
Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШТ2017/0358 дугаар тогтоолын дагуу шинжээч томилсон боловч дүгнэлт гаргах байгууллага, шинжээч нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр ороогүй тул арга буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2 шинжээчийг гэрчээр асуусан боловч дээрх 2 шинжээч нь маргаан бүхий зуухнуудын шийдэл нь ижил байна, манай байгууллага ашигтай загварын гэрчилгээг олгохдоо хайлт, шүүлтийг хуулийн хугацаанд хийсэн гэсэн мэдүүлгийг шүүх үндэслэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад огт дүгнэлт өгөөгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн”, 121.3.7-д заасан “шүүх нэхэмжлэлийн зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх нөхцөлүүд бүрдсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
1.Шүүх нэхэмжлэл хангагдах эсэхээс үл хамааран тухайн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад явуулах нь захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх талаарх процессийн хуулийн зорилготой нийцэхээс гадна шүүхийн шийдвэр биелэгдэх, зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдэх нөхцөлийг бүрдүүлэх учиртай.
Нэхэмжлэгч Ц.М Техникийн Их Сургуулийн харьяа Дамбадаржаа дахь зуух хөгжлийн төвийн захирал Б.Ж нарын 3377, 3378 дугаар өргөдлийн бүртгэлтэй ашигтай загварын гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн байх боловч хэрэгт авагдсан маргаан бүхий актуудаас үзэхэд:
-3377 дугаар өргөдлийн бүртгэлтэй мэдүүлэгт хийсэн магадлан шүүлтийн дүгнэлтийг үндэслэн Ахуйн хэрэглээнд зориулсан бүрэн шаталттай ба утааны хийн тохиргоотой зуух “ЗХТ-2”;
-3378 дугаар өргөдлийн бүртгэлтэй мэдүүлэгт хийсэн магадлан шүүлтийн дүгнэлтийг үндэслэн Ахуйн хэрэглээнд зориулсан бүрэн шаталттай зуух-ыг тус тус ашигтай загвараар баталж, зохиогч гуравдагч этгээд Б.Ж нарын нэр бүхий 5 иргэний өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрч гэрчилгээ олгох болсон анхдагч захиргааны акт нь эдгээр гэрчилгээн дээр бичигдсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн А/289 дүгээр тушаал байна.
Өөрөөр хэлбэл уг тушаалаар нийт 16 ашигтай загварыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хавсралтын 3, 4-т нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн 2606, 2607 тоот дугаар бүхий гэрчилгээ хамрагджээ.
Гэтэл гэрчилгээ олгосон Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын тушаалын холбогдох заалтыг бус зөвхөн энэхүү тушаалын дагуу гарсан гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэнээр магадгүй нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд энэхүү шийдвэр хэрхэн хэрэгжих нь ойлгомжгүй болох үр дагавартай.
Мөн шийдвэрийн үндэслэл хэсэгт дээрх тушаалыг “…хууль бус гэж дүгнэн хүчингүй болгох үндэслэлгүй…” гэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл энэхүү тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гараагүй, шүүхээс энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа ийнхүү дүгнэж буй нь үндэслэлгүй болжээ.
2.Нэхэмжлэгчээс нэр бүхий гуравдагч этгээд нарт ашигтай загварын гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн гол үндэслэлээ ашигтай загварын гэрчилгээ олгох хариуцагчийн чиг үүрэгтэй холбогдуулж гаргаагүй, харин өөрийнх нь 2015 онд шинэ бүтээлийн зохиогчоор бүртгүүлж патент авсан “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух”-ны ажиллах үндсэн зарчимтай ижил буюу бүтээлийг нь хуулбарласан гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүйгээс үл барам “…нэхэмжлэгчийн патент авч эрхийн хамгаалалт хийлгэсэн дээрх зуухны технологийг хуулж, дуурайлган өөр зуух бүтээж ашигтай загварын гэрчилгээ авсан гэх маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш…” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 128 дугаар тушаалаар “Э” ХХК-д олгож, зохиогчоор нь нэхэмжлэгч Ц.М бүртгэсэн шинэ бүтээлийн патентаар эрхийн хамгаалалт үүссэн “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух” нь 2016 онд нэр бүхий гуравдагч этгээд нарын өмчлөлд ашигтай загвараар бүртгэгдсэн “Ахуйн хэрэглээнд зориулсан бүрэн шаталттай ба утааны хийн тохиргоотой зуух “ЗХТ-2”, “Ахуйн хэрэглээнд зориулсан бүрэн шаталттай зуух”-ны ажиллагаатай хэрхэн адил төстэй эсэх, энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэл бодитой эсэх зэрэгт дүгнэлт өгөхгүйгээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болоод нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг тодорхойлох ямар ч боломжгүй.
Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс хойш ашигтай загварын гэрчилгээ авсан гуравдагч этгээд нарыг хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэгчийн зохиосон “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух”-д ашигтай загварын гэрчилгээ олгосон шийдвэрийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх үндэслэлгүй гэх байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь маргааны үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй болохын хангалттай нотолгоо.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хийсэн голлох дүгнэлтүүдээс үзэхэд Ц.М гаргасан нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаанд хамаарахгүй мэт, гэтэл “…ашигтай загварын гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, ийнхүү гэрчилгээ олгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй…” гэснээс үзэхэд хамаараад ч байгаа шиг, үндсэндээ нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалд, харин нэхэмжлэлийн үндэслэл нь иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарч байна гэх байдлаар утга, агуулгын хувьд болоод хууль зүйн хувьд зөрчилтэй дүгнэлт хийсэн энэхүү шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн дүгнэлт хийх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2018/0016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН