Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 31

 

 Ж.Д-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст

 холбогдох захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Ж.Д надад цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоохыг даалгах”

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 122/ШШ2019/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 557 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч П.А-г оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 122/ШШ2019/0022 дугаар шийдвэрээр: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргах-ыг хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 557 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 122/ШШ2019/0022 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,” гэсний дараа “Ж.Д-ийн цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоохгүй байгаа Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 557 дугаар магадлалыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүх Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Учир нь Монгол Улсын Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй. Үүнд: 1. Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр; Биеийн эрүүл мэндээр; Цэргийн алба хаах нас хэтэрч гэх шалтгаанаар халагдсан байхаар заажээ.

5. Гэтэл нэхэмжлэгч Ж.Д нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын 2012 оны 09 дүгээр сарын 03-ний 6635 тоот лавлагаагаар батлагдаж байгаа бөгөөд лавлагаанд Ж.Д нь БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн н/486 дугаар тушаалаар өөрийн хүсэлтийн учир Цэргийн албанаас ахмад цолтойгоор 1987 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан болно гэжээ.

6. Тухайн үед нь бөөрөө хөлдөөснөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байна. Бид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг баримталж тэтгэврийн асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд Ж.Д нь цэргийн албанд 10 жил 3 сар ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох насны болзол хангасан боловч дээр дурдсан шалтгаанаар халагдаагүй нь цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна. Шүүх яагаад болно гэж үзээд байгааг ойлгохгүй байна, энэ талаараа ч дүгнэлт хийгээгүй байна.

7. Шүүх зөвхөн нэхэмжлэгчийн нотлох баримтгүй тайлбарыг үндэслэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний гаргаж өгсөн нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй өөрийн хүсэлтээр халагдсан бол цэргийн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байх хуулийн заалтыг анхаарахгүй буруу тайлбарлаж хэрэглэсэн, бөөрөө хөлдөөснөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн атлаа нэхэмжлэгчийн “эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлт” гаргасныг үгүйсгэх боломжгүй гэсэн бөгөөд цэргийн албанаас халсан н/486 дугаар тушаалын үндэслэл болсон “өөрийн хүсэлт ” гэдгийг үгийн шууд утгаар тайлбарлаж иргэний тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарласан гэх зэргээс үзэхэд нэг талыг барьж шийдвэрлэсэн байна гэж үзэхэд хүргэж байна.

8. Ж Д нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох эрхийн гурван болзлын хоёрыг нь хангаж, нэгийг нь хангаагүй байхад цэргийн тэтгэврийг тогтоох нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 557 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч Ж.Д нь улсад 28 жил 7 сар, үүнээс энгийн байгууллагад 18 жил 4 сар, цэргийн байгууллагад 10 жил 3 сар /1977 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл/ ажилласан байх бөгөөд 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 60 нас хүрч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Харин, нэхэмжлэгчээс “...цэргийн албанд ажиллаж байхдаа нэг бөөрөө хөлдөөсний улмаас албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, тухайн үед биеийн эрүүл мэндийн шалтгаанаар албанаас чөлөөлөгдлөө гэж бодож байсан. ...Миний бие цэргийн албанд 10 жил 3 сар ажилласан тул цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй, энэ үндэслэлээр удаа дараа хариуцагчид хандахад дандаа буруу тайлбар өгдөг...” гэж марган, “Ж.Д надад цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчаас “...нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь “өөрийн хүсэлтээр” гэсэн үндэслэлээр гарсан, иймд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй” гэсэн тайлбар гаргажээ.

12. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй: ...1/ зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны ...офицер,...” гэж, 8 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй: 1/ орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, 2/ биеийн эрүүл мэндээр, 3/ цэргийн алба хаах нас хэтэрч” гэж тус тус заасан.

13. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Батлан хамгаалахын төв архивын 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 6635 тоот архивын лавлагаанд “Ж-ийн Д ...сайдын 1987.09.19-ний өдрийн н/486 дугаар тушаалаар өөрийн хүсэлтийн учир цэргийн албанаас ахмад цолтойгоор 1987.09.20-ны өдрөөр тасалбар болон цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан” гэж, мөн Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 6824 тоот архивын лавлагаанд “Ж-ийн Д Батлан хамгаалах яамны сайдын 1987.09.19-ний өдрийн н/486 дугаар тушаалаар өөрийн хүсэлтийн учир 1987.09.20-ны өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас ахмад цолтойгоор бэлтгэлээр халагдсан. /С-1 Офицерын алба хаах карт Д-үсэг 623/” гэж тодорхойлжээ. Эдгээр архивын лавлагаа болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь цэргийн албанд дайчилгаа эрхэлсэн офицероор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр цэргийн албанаас халагдсан, харин нэхэмжлэгчийн маргаж байгаачлан, тэрээр нэг бөөрөө хөлдөөсний улмаас цэргийн албанаас эрүүл мэндийн шалтгааны улмаас халагдсан тухай баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Д нь цэргийн албанд 10 жил 3 сар ажилласан учир Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 1, 8 дугаар зүйлийн 2-т заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй боловч хуульд заасан шаардлага болох цэргийн албанаас биеийн эрүүл мэндийн шалтгаанаар халагдаагүй, харин өөрийн хүсэлтээр /шалтгаан тодорхойгүй/ цэргийн албанаас халагдсан болох нь тогтоогджээ. 

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан бол, 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан, дээрх байдлаар хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн, нэхэмжлэгч Ж.Д-д цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байхгүй, иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

15. Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, “...нэхэмжлэгч Ж.Д нь эрүүл мэндийн шалтгаанаар албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байх ба түүнийг албанаас чөлөөлөх тушаал нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна гэдгээр иргэн хүний тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг эдлүүлэхгүй байх боломжгүй” гэсэн хуульд нийцэхгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй нь буруу юм.     

16. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон,  нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 122/ШШ2019/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 557 дугаар магадлалыг хүчингүй болгож, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ж.Д надад цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА