Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01711

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01299 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Т хариуцагч  О.И холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 42 820 180 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч О.И, түүний өмгөөлөгч Б.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: М.Тэмүүжин нь О.И 2018 оны 04 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 30 212 000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30 212 000 төгрөг, 6 сарын хүү 906 360 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 77 хоногт тооцох 0.5 хувийн алданги 11 631 620 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70 200 төгрөг, нийт 42 820 180 төгрөгийг О.Ирбуянгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: О.Ирбуян нь Жигс ундарга ХХК-ийн захирал бөгөөд тус компанийн эзэмшлийн 286 м.кв газар эзэмших эрхийг 350 000 000 төгрөгөөр үнэлэн Азийн эрин ХХК-д шилжүүлэх болсон. Үүний хариуд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 107 дугаар байр, 5 тоот хаягт байрлах 95.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 07 сарын 31-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. 2015 оны 11 сард 80 000 000 төгрөгийг Капитрон банк ХХК-аас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч 28 000 000 төгрөг зарцуулсан. Гэтэл Азийн эрин ХХК жилийн дараа газар эзэмших эрх асуудалтай гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, өгсөн, авснаа буцаах санал гаргасан. Энэ үед Капитрон банк ХХК-аас авсан зээлийн эргэн төлөлт болон хүүд 45 645 947 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 72 700 000 төгрөг байсан. Үйлчилгээний заалыг Азийн эрин ХХК-д шилжүүлэхийн тулд банкнаас авсан зээлийг хаах шаардлагатай болсон учир тус компаниас мөнгө гаргуулахаар тохирч оронд нь өөрийн Жигс ундарга ХХК-ийн худалдан борлуулдаг нийт 79 320 000 төгрөгийн үнэ бүхий усны тоолуур болон усны алдагдал илрүүлэх Герман улсад үйлдвэрлэсэн нарийн багажийг хүлээлгэн өгсөн.

2018 оны 04 сарын 24-ний өдөр Капитрон банк ХХК-ийн 100 айл дахь салбарт М.Тэмүүжин зээлийн үлдэгдэл 47 720 000 төгрөгийг тушааж, О.Ирбуян 1 000 000 төгрөг төлж зээл хаасан. Мөн өдөр үйлчилгээний заалны гэрээ хийж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг М.Т нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед нотариат дээр бүх бичиг баримтыг бэлдэж гарын үсэг зурахаар бэлэн болгосон байсан. Зээлийн гэрээ хийнэ гэдгийг хэлээгүй. Гэтэл М.Тэмүүжин Капитрон банк ХХК-д төлсөн мөнгийг ББСБ-аас авсан, тэр ББСБ-д зээл төлсөн гэсэн баримт өгөх шаардлагатай байна, гарын үсэг зурчих, зээлийн хүү бараг байхгүй гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед аав маань өөд болоод удаагүй тул сэтгэл зүйн хувьд хямралтай байсан. Тийм учраас энэ асуудлыг дуусгавар болгоход М.Тэмүүжинд найдаж, бүх зүйлийг хуулийн дагуу хийж байна гэж итгэсэн. М.Тэмүүжинг Азийн эрин ХХК-ийг төлөөлж зээлийн гэрээ байгуулж байна гэж ойлгосон. Багаж хүлээлгэн өгөх актад гарын үсэг зурахыг шаардсан боловч зураагүй. Мөн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитоор гардуулаагүй тул хүчин төгөлдөр бус гэж тооцон, зээлийн гэрээний дагуу мөнгө шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: М.Тэмүүжин нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээг хариуцагчийг сэтгэл зүйн гүн хямралтай байх үед хуурч мэхэлж гарын үсэг зуруулсан. Гэрээнд гарын үсэг зурахдаа эрсдэлийг тооцоогүй, үр дагавар үүсгэхгүй, зээл авсан газраа үзүүлэх баримт гэж ойлгосон. Нэхэмжлэгчээс зээл авах шаардлагагүй бөгөөд гэрээнд заасан мөнгийг бодитоор хүлээн аваагүй. Мөнгө завшиж ашиг хонжоо олох зорилгоор гэрээ байгуулсан нь тодорхой байна. Иймд зээлийн гэрээний 1.1, 3.2-т заасны дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулаагүй тул хүчин төгөлдөр бус гэж тооцож, М.Тэмүүжин тухайн зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжлэх эрхгүйг тогтоож,

 

Нэхэмжлэгч тал хариу тайлбартаа: Хариуцагч өөрийн эзэмшлийн газраа Азийн эрин ХХК-д өгч оронд нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх эд хөрөнгийг авахаар тохиролцсон. Азийн эрин ХХК орон сууцыг О.Ирбуянгийн нэр дээр шилжүүлсэн, харин хариуцагчаас авсан газар дээр барилга барих гэтэл газар нь асуудалтай байсан. Иймд Азийн эрин ХХК гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа буцаах хүсэлт гаргахад О.Ирбуян зээлээ төлөөд байрыг чинь буцааж өгнө гэсэн. Гэвч тэрээр зээлээ төлөхгүй байсан учир Азийн эрин ХХК-ийн захирал н.Ичинхорлоо М.Тэмүүжинд орон сууцны асуудлыг шийдвэрлээд ав гэсэн учраас 47 700 000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс Капитрон ХХК-д төлөөд 95.38 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж авсан байдаг. Ингэхдээ усны тоолуурын мөнгө, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлөх 2 хувь зэрэг зардлуудыг тооцоод хариуцагчид 30 212 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулна гэж хэлснийг О.Ирбуян зөвшөөрсөн. 2017 оны 09 сарын 12-ны өдөр 4 820 000 төгрөгийн үнэ бүхий тоолуурыг Азийн эрин ХХК-ийг төлөөлж М.Тэмүүжин авсан нь үнэн. Харин 2017 оны 11 сард 74 500 000 төгрөгийн үнэ бүхий усны тоолуурыг аваагүй. Нэхэмжлэгч М.Тэмүүжин нь зээлийн гэрээг байгуулахдаа хариуцагчийг хууран мэхэлсэн, залилсан асуудал байхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Ирбуянгаас 36 188 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Тэмүүжинд олгож, үлдэх 6 631 620 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2018 оны 04 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч О.Ирбуянгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 051 төгрөг, хариуцагчаас төлсөн 372 051 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ирбуянгаас 338 893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчээс бодитоор мөнгө аваагүй, зээлэх шаардлага байгаагүй. Харин М.Тэмүүжин зээлийн гэрээнд гарын үсэг зуруулахдаа намайг хууран мэхэлсэн нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдсон. Гэтэл шүүх энэхүү баримтуудыг үнэлээгүй. М.Тэмүүжин нь зээлийн гэрээнд гарын үсэг зуруулахдаа ББСБ-д баримт хэрэгтэй байгаа юм гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад энэхүү мөнгийг эхнэрээсээ авсан болох нь тодорхой болсон, мөн Капитрон банк ХХК-д төлсөн мөнгийг Азийн эрин ХХК төлөх ёстой байсан боловч энэхүү мөнгийг эхнэрээсээ авч өөрөө төлж байгаагаа хэлээгүй, мөн энэхүү зээлийн гэрээг Азийн эрин ХХК-ийн захирал М.Ичинхорлоо байгуулаад надаа өг гэснийг хэлээгүй нууж, хууран мэхэлж гарын үсэг зуруулсан. Хариуцагч нь Азийн эрин ХХК-д Капитрон банк ХХК-ийн өр төлүүлэхээр 79 000 000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн байсан. Энэхүү барааг М.Тэмүүжин өөрөө төлөөлөн хүлээн авч гарын үсэг зурсан учраас М.Тэмүүжинд итгэн зээлийн гэрээг жинхэнэ гэрээ гэж ойлгоогүй түүний хэлснээр гарын үсэг зурсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр алдангиас хасаж тооцсон боловч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул хүү, алданги тооцохгүй байхыг хүсэж байна. Иймд энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож, зээлийн хүү болон алдангийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хариуцагчаас гаргуулах хүү 906 360 төгрөг, алданги 5 000 000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тогтоох хэсэгт техникийн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Тэмүүжин нь хариуцагч О.И холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 42 749 980 төгрөг, эрэн сурвалжлах зардалд 70 200 төгрөг, нийт 42 820 180 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрсөн ба нэхэмжлэгчид холбогдуулан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд харилцан маргажээ. /1хх 1, 16-18, 144-145, 246-250/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухай хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор зохицуулжээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.5-д зээлийн мөнгөн хөрөнгийг Капитрон банк ХХК-ийн зээл төлөхөд зарцуулах нөхцөлийг харилцан тохиролцсоны дагуу М.Тэмүүжин 2018 оны 04 сарын 24-ний өдөр 47 720 000 төгрөгийг Капитрон банк ХХК дахь О.Ирбуянгийн зээлийн дансанд М.Тэмүүжингээс зээл төлөв гэсэн утгатайгаар шилжүүлсэн байх тул зээлдүүлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, М.Тэмүүжин нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч О.И шилжүүлэн өгсөнд тооцох учир зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор хүлээн аваагүй гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч О.Ирбуянгийн зүгээс Азийн эрин ХХК-д гаргасан хүсэлтэд ...Банкны зээл төлөх мөнгөний эх үүсвэргүй байгаа тул Азийн эрин ХХК-д 50 сая төгрөгийн усны алдагдал илрүүлэх багаж тавьж барьцааг суллаж өгөхөөр хүсэлт гаргаж байна. Үлдэгдэл 37.5 сая төгрөг байгаа өнөөдрийн байдлаар... хэмээн дурдсанаас үзэхэд 2017 оны 11 сарын 10-ны өдөр нийт 74 500 000 төгрөгийн багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. /хх 150/ Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн зарлагын баримтууд нь хүлээн авсан хүний гарын үсэггүй буюу нэг талын үйлдсэн баримт байхаас гадна хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй. /хх 36, 37, 105, 106/

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийг зөв тодорхойлж, зээлийн хүү, алдангийн тооцооллыг зөв хийсэн байх ба хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг бууруулан тооцсоныг буруутгах боломжгүй.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч М.Тэмүүжин хариуцагч О.Ирбуянг хууран мэхэлж, нөхцөл байдлыг нуун дарагдуулж Зээлийн гэрээ-г хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тогтоох хэсэгтээ 2019 гэж хуульд байхгүй зүйл, заалт баримталсныг залруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01299 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...2019.1... гэснийг ...219.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч О.Ирбуянгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200601318151 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 452 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР