Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 150/ШШ2025/00322

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, 2 дугаар баг, Баянцогт, Туулын дэнж 1-3 тоотод оршин суух,******* овогт Цогтсайханы Өнөр-Од, РД:*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 775,696.80 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Цогтсайханы Өнөр-Од нь “******* ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024-10-04-ны өдөр 2185190 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2185190 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,828.81 төгрөг, үндсэн хүүнд 221,303.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,564.86 төгрөг, шимтгэлд 2,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 775,696.80 төгрөгийг хариуцагч Цогтсайханы Өнөр-Одоос гаргуулах... гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

 

“******* ББСБ” ХХК нь иргэн Ц.Өнөр-Одоос зээлийн гэрээний үүрэгт 775,696.80 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Өнөр-Од нь “******* ББСБ” ХХК-ний нэхэмжилсэн 775,696.80 төгрөгөөс 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 150,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 625,696.8 төгрөгийг төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “******* ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,166.72 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул Ц.Өнөр-Одын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож 11,583.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“******* ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй Ц.Өнөр-Одод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 775,696.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч 150,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн, үлдэгдэл 625,696.8 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,166.72 төгрөгийн 50 хувь буюу 11,583.36 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д, 11,583.36 төгрөгийг хариуцагч Ц.Өнөр-Одоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА