2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/08932

 

2025               11                04                                              192/ШШ2025/08932                                  

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух Л-ийн С /РД:ЖЛ*****1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, ** тоотод оршин суух Б-ний Ц /РД:УХ*******5/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 44,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Л.С нь Б.Ц-ийн өмчлөлийн Өмнөд солонгос улсад 2003 онд үйлдвэрлэсэн, ****УАТ улсын дугаар, KL******45 арлын дугаар, Daewoo маркийн 25ТОN загварын ус тээвэрлэх тусгай зориулалттай тээврийн хэрэгслийг 75,0 сая төгрөгөөр худалдан авахаар Б.Ц-тэй амаар харилцан тохиролцсон. Ийнхүү, Л.С зүгээс тээврийн хэрэгслийн төлбөрт нийт 44,840,000 төгрөгийг Б.Ц-ийн хаанбанкны дугаар дансанд шилжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 30-нд уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан юм. Гэтэл, Б.Ц нь уг тээврийн хэрэгслийг зарахаа больлоо гэж тээврийн хэрэгслээ буцаан авсан бөгөөд Л.С-ээс шилжүүлэн авсан 44,840,000 төгрөгийг буцаан өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан боловч Б.Ц нь нэгэнт шилжүүлэн өгсөн тээврийн хэрэгслээ буцаан авсан тул Л.С-ийн зүгээс түүнд шилжүүлсэн 44,840,000 төгрөгийг буцаан авахаар шаардах эрхтэй юм. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн нийт 44,840,000 төгрөг Б.Ц-ээс гаргуулж, Л.С-нд олгож өгнө үү “гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...44,840,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжинэ. 2024-04-30 ний өдөр тээврийн хэрэгслээ өөрийн эзэмшилд авсан, анх 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохироод тэгээд 44,840,000 төгрөгийг шилжүүлсэн байсан юм. Гэтэл гэрээгээ болилоо гээд машинаа буцаагаад авчихсан, баримтаас харахаар 2025-03-24 ний өдөр өөр хүнд машинаа шилжүүлж өгсөн юм шиг байна. Тэгэхээр энэ хавьцаа л машинаа буцаагаад нэхэмжлэгчээс авчихсан байх, өдрийг нь сайн санахгүй байна гэдэг , мөнгөө буцааж авмаар байна “ гэв.

 

2. Хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн хувийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна. 

 

  3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *****УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.22-ны өдрийн 192/ШШ2025/04417 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025.07.25-ны өдрийн 30с2-3/4386 дугаартай албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн. 

 

  4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Л.С нь Б.Ц-ийн өмчлөлийн Өмнөд солонгос улсад 2003 онд үйлдвэрлэсэн, ***УАТ улсын дугаар, KL******45 арлын дугаар, Daewoo маркийн 25ТОN загварын ус тээвэрлэх тусгай зориулалттай тээврийн хэрэгслийг 75,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрт нийт 44,840,000 төгрөгийг төлжээ. Улмаар  2024 оны 04 дүгээр сарын 30-нд уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан юм. Гэтэл Б.Ц нь уг тээврийн хэрэгслийг зарахаа больлоо гэж тээврийн хэрэгслээ буцаан авсан бөгөөд Л.С-ээс шилжүүлэн авсан 44,840,000 төгрөгийг буцаан өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт Л.С-ийн ХААН банкны 50*******20 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх ба Хаан банкны 50******2 тоот данс руу 2024-04-16 ний өдөр 10,000,000 төгрөгийг “****УАТ худалдан авсан төлбөр “ гэх утгатайгаар, 2024-04-28 ний өдөр 10,000,000 төгрөгийг “ **** уат “ гэх утгатайгаар, 2024-05-01 ний өдөр “**** уат ажлын хөлс “ гэх утгатайгаар, мөн өдөр дахин 10,000,000 төгрөгийг “ уат машины тооцоо” гэх утгатайгаар, мөн өдөр дахин 13,480,000 төгрөгийг “ ***** уат худалдаж авах “ гэх утгатайгаар тус тус шилжүүлж, энэ мөнгөн дүн нь нийтдээ 44,840,000 төгрөг болж байна.

           2025 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 192/ШШ2025/04417 дугаартай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр Б.Ц-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоохооор шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** байрны ** тоотод оршин суудаг болохыг тогтоосон байна. Улмаар шүүх 2025-08-15 ний өдөр хариуцагч Б.Ц-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх ба тэрээр 2025-08-29 ний өдрийн дотор шүүхэд хариу тайлбарыг ирүүлэх үүрэгтэй байжээ.

          Хэргийг хэлэлцэх 2025-09-16 ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Н.Э оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаснаар шүүх хуралдаан хойшлогдсон боловч тэрээр өнөөдрийн шүүх хуралдаанд “ өмгөөлөгчөөр ажиллахаа больсон “ гэх шалтгаанаар ирээгүй бол хариуцагчийн хаяг руу шүүх хуралдааны зарыг зохих журмын дагуу хүргүүлсэн боловч “заасан хаягт ийм хүн байхгүй “ гэх шалтгаан бичиж шуудангийн илгээмж гардуулагдаагүй байна.

4.  Хариуцагч Б.Ц-д нэхэмжлэлийн хувийг шүүх 2025-08-15 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

Тодруулбал талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, худалдан авагч Л.С нь 5 удаагийн гүйлгээгээр 44,840,000 төгрөгийг Хаан банкны 50*******2 тоот данс руу шилжүүлсэн байх ба уг данс хариуцагчийн эзэмшлийнх эсэх тал дээр баримт байхгүй боловч хариуцагч эсэргүүцсэн тайлбар огт ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг өөрийн нэр дээр өмчилж авч байгаагүй, эзэмшилдээ 2025 оны 03 дугаар сараас байлгахаа больж, хариуцагч гэрээнээсээ татгалзсан гэж тайлбарлана.

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах” үүргийг тус тус хүлээдэг байна. Улмаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан байх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүсдэг.  Тодруулбал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь … буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 44,840,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

         

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  382,150   төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ц-ээс 44,840,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.С-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,150  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ээс 382,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.С-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ЧУЛУУНЧИМЭГ