| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0104/э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 119
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Ц.Гэрэлбатын өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч Ц.Гэрэлбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гэрэлбатад холбогдох эрүүгийн 1830001300098 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Цайрт минерал ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Бага дөрвөлжийн 6-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /ЛА80110619 / Зээрднүүд овогт Цэрэндоржийн Гэрэлбат.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.Гэрэлбат нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 20 минутын орчимд өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн 58-74 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Цагдаагийн хэсгийн ажлын байрыг мөргөж, зорчигч Г.Урангоогийн эрүүл мэндэд баруун хөлийн дунд чөмөгний 1/3-р үеийн зөрөөтэй хугарал, дэлүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Гэрэлбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 04 дүгээр сарын 21-нд нэг шил архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож цагдаагийн байрыг мөргөж, охиныхоо баруун хөлийг хугалсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөр хэлэх зүйл алга байна гэв.
Эрүүгийн 1830001300098 дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр Ц.Гэрэлбат нь өөрийн эзэмшлийн 58-74 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2 хүүхэд болон манай аав, хадам ээж нарын хамт ах Гэрэлт-Одын гэр рүү Асгат сум руу явсан. Харин маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай бэр эгч Саруул над руу утсаар “нөгөө хэд чинь машинтайгаа аваарт ороод түргэний машинаар аймаг руу ирж байгаа гэнээ” гэж ярьсан. Тэгээд би шууд Аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очиход манай нөхөр, 2 хүүхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд манай бага охин Г.Урангоогийн баруун хөлийн дунд чөмөг хугарсан байсан. Тэгээд бид охиноо аваад Улаанбаатар явж эмчилгээ хийлгэсэн. Охин Урангоогийн биед өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Мөн том хүүхэд Буд болон нөхөр Ц.Гэрэлбатын биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Ц.Гэрэлбат архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. Гэхдээ архи уусан үедээ агсам согтуу тавьж, машин барьж байсан тохиолдол байхгүй. Г.Урангоо нь Ц.Гэрэлбат бид хоёрын бага охин байгаа юм. Харин бэртэл гэмтэл нь гайгүй байсанд баярлаж байгаа. Нөхөр Ц.Гэрэлбатад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Иргэний нэхэмжлэгч Т.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын эзэмшилд байдаг Асгат суман дахь Цагдаагийн хэсгийн байр буюу кабоныг Ц.Гэрэлбат гэгч нь тээврийн хэрэгслээр мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан. Эвдэрсэн эд хөрөнгийн хохирлын үнэлгээг гаргуулахад 358.500 төгрөг гарсан. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор кабоны засварын ажлыг хийгээгүй байгаа. Гэхдээ буруутай этгээд өөрөө бүх эвдрэлийг янзлаад өгнө гэсэн учраас ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
Гэрч Б.Баттүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Асгат сумын цагдаагийн хэсэгт ажилтай юм. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 20 минутын үед өрөөндөө ажлаа хийж байхад гадаа байшин мөргөх чимээ гарахаар нь гараад хартал 58-74 СҮЭ улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркийн машин манай ажлын байрны зүүн урд хэсгийг урдаасаа мөргөж зогссон ба очиход Гэрэлбат /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу жолоон дээрээ архи уусан байдалтай ард нь 2 бага насны хүүхэд суусан байсан. Тэгээд буулгаад ирэхэд архи нэлээн уусан биеэ хянах чадваргүй байхаар нь эмнэлэг, аймгийн цагдаа руу дуудлага өгсөн. Эмнэлгийн эмч Сумъяасүрэн, Уранцэцэг нар үзлэг хийгээд аймаг руу авч явах шаардлагатай гээд авч явсан. Манай ажлын байрыг машин мөргөснөөс болж хана суурин хэсгээрээ цөмөрсөн, зарим хэсэгтээ цуурсан байсан. Мөн хаалга хаагдахаа больсон, гадна төмөр хайсан хашаа нурж унасан байна. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Жолооч болон эрэгтэй хүүхэд нь гайгүй байсан. Харин бага насны эмэгтэй хүүхэд нь уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Гэрч Б.Сумъяасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Асгат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч юм. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 25 минутын үед хэсгийн цагдаа Баттүвшин манай цагдаагийн байрыг машин мөргөчихлөө хүнийг нь үзүүлмээр байна гэсэн.Би 15 цаг 40 минутын үед очиход үзүүлэх хүн ирээгүй байхаар нь жолооч руугаа залгасан чинь очиж байна гэсэн. Тэгээд гадаа машинд Гэрэлбат гэдэг хүнийг үзэхэд амнаас нь архи үнэртэж байсан. Биеийн байдлыг нь асуухад надад өвдөх зүйл байхгүй гэсэн. Гэрэлбатын эрүүн доор нь бага зэрэг язарсан байсан. Гэрэлбаттай хамт явж байсан гэх 2 хүүхдийг үзэхэд ойролцоогоор 7 орчим насны эрэгтэй хүүхэд нь надад өвдөх зүйл байхгүй гэсэн бөгөөд үзлэгт баруун нүдний доод хэсэгт зүсэгдсэн байснаас өөр ил харагдах гэмтэл байхгүй, хугарал мэдэгдээгүй. 1 нас 6 сартай хүүхдийг үзэхэд баруун гуя хэсгээрээ хавантай эмзэглэлтэй, баруун гар эмзэглэлтэй байсан болохоор аймаг руу явж рентгенд харуулах шаардлагатай гээд аймаг руу Уранцэцэг эмч авч явсан. Жолооч согтуу байсан учир уг хүнээс шинжилгээнд зориулж цус авахад өөрөө зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
Гэрч Ц.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой дүү Гэрэлбат ээжийг манай руу буулгахаар 20 цагийн үед өөрийнхөө 58-74 СҮЭ улсын дугаартай мөнгөлөг, саарал өнгийн Соната-6 машинтай 2 хүүхдээ аваад ирсэн юм. Дүү минь манайд ирээгүй удсан болохоор 0.75 литрийн Ерөөл архийг Гэрэлбатын хадам аав Лхагва, манай хадам дүү Үнэнбат, Гэрэлбат бид 4 хувааж уучихаад 22 цаг өнгөрөөгөөд амарсан. Тэгээд өглөө Асгат суманд манай тасарсан хонины сураг гарлаа гэхээр нь сум орж дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл архи аваад урагшаа айл руу явах замдаа Гэрэлбаттай уусан. Айлд очиж малаа сураглачихаад 14 цаг өнгөрөөгөөд суманд ирсэн. Би суманд үлдээд манай дүү Гэрэлбат нь 17 цагаас ажилтай гээд 2 хүүхдээ суулгаад аймаг руу явсан. Тэгтэл Асгат суманд цагдаагийн байшин мөргөсөн байсан. Гэрэлбаттай хамт явж байсан 1 нас гарантай хүүхэд хөл нь хугарсан гэж байсан. Том хүүхэд нь гайгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 230 дугаар дүгнэлтэнд: Г.Урангоогийн баруун хөлийн дунд чөмөгний 1/3-р үеийн зөрөөтэй хугарал, дэлүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 229 дугаар дүгнэлтэнд: Г.Будын биед толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх химийн шинжилгээний 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаар дүгнэлтэнд: Ц.Гэрэлбатаас авсан гэх цусанд 2.7 промиль этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33/
Техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаартай дүгнэлтэнд: “58-74 СҮЭ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Цэрэндорж овогтой Гэрэлбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсан байна” гэх /хх-ийн 35/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-05-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-51/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018.05.01-ний өдрийн 5/230 дугаар албан бичиг /хх-ийн 54/
Ц.Гэрэлбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Гэрэлбат нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 20 минутын орчимд Соната-6 маркийн 58-74 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн ажлын байрыг мөргөж, зорчигч Г.Урангоогийн эрүүл мэндэд баруун хөлийн дунд чөмөгний 1/3-р үений зөрөөтэй хугарал, дэлүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Гэрэлбатын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ууганбаяр, иргэний нэхэмжлэгч Т.Ганбаяр, гэрч Б.Баттүвшин, Б.Сумъяасүрэн, Ц.Гэрэлт-Од нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 230, 229 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 38 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Гэрэлбатад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Гэрэлбатын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуугаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Гэрэлбатад ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Гэрэлбатын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ууганбаяр, иргэний нэхэмжлэгч Т.Ганбаяр нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Гэрэлбат цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ууганбаяр, иргэний нэхэмжлэгч Т.Ганбаяр нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Гэрэлбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 426256 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Цэрэндоржийн Гэрэлбатыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Гэрэлбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Гэрэлбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Ц.Гэрэлбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 426256 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Гэрэлбатад мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Гэрэлбат нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганбаяр, иргэний нэхэмжлэгч Т.Ганбаяр нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гэрэлбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА