Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр                                           Дугаар 2025/ДШМ/19                                                        Даланзадгад сум

 

 

 

Н.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Г.Цогтмагнай /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.*******д холбогдох 2429002530195 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Далай *******т оршин суух иргэн Д.*******ын гэрт түүнтэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж зодож биед нь баруун зүүн хацар, шанаа, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн чихний хэсэгт зулгаралт, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай нь Н.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Лхагва овогт Нэргүйн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******эс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 3,300,000 төгрөг, эмчилгээний зардалд 379,550 төгрөг нийт 3,679,550 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******т олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хохирогч Д.******* нь 2016 онд Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багт манай саахалт айл болон шилжиж ирж байсан. Шилжиж ирснээс хойш худаг ус харамлах, малын бэлчээр харамлах, ойр хавийн айлуудыг хөөж туудаг, бэлчээрийн болон бага малыг бэлчээр дээрээс нь элдэж, хөөдөг, элдвээр харааж зүхдэг, хүн малгүй шороо самарч цацаад хөөж туугаад байдаг, үнэхээр байж суухын аргагүй байдалд ойр хавийнхныгаа оруулдаг, айл саахалтаараа уудаг байсан малын худгийг цоожилчихдог, ойр хавийнхантайгаа байнгын хэрүүл маргаан хийж, элдвээр хэлж, доромжилдог, авиртай гэхэд дэндүү авиртай, ийм л хүн. Энэ хүнийг ирснээс хойш нутгийн айлуудын амгалан тайван байдал алдагдаж, тэсэхэд үнэхээр бэрх болсон. Манайх 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөтөл шанд гэх газар нүүж буусан чинь Д.******* гэрт ирээд “Танайх энд буухгүй, хонио баруун тийшээ явуулахгүй шүү, хурдан нүү” гэх зэргээр хэрүүл маргаан хийсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр нүүж явахдаа Д.*******ынхаар очсон. Тэгэхэд Д.******* “Хаашаа нүүж байгаа юм бэ?” гэхээр нь бууц руугаа нүүж байна гэсэн чинь “Түрүүлж очоод бууцны малын идэш идээд байх гэж байгаа юм, дандаа манай бууцны идэш иддэГ гэх мэтээр элдвээр хэлээд хэрүүл хийгээд байхаар нь тэсэлгүй заамдаж авч байгаад 3-4 удаа л алгадсан. Бусдаар зүгээр байхад нь очоод дахин дахин зодоод байсан зүйлгүй, иймэрхүү байдлаар хохирогч Д.******* нь худал мэдүүлэг өгсөн байна.

Миний бие нь 1-3 дугаар ангидаа Монгол бичиг заалгаж байсан, 4-р ангиас кирил үсэг заалгасан, 7-р ангиасаа сургуулиас гарсан, Кирилээр уншиж бичихдээ тааруухан, удаан уншиж бичдэг тул хэргийн материалтай гүйцэт танилцаж чадаагүй.

Гэтэл хохирогч Д.*******ын сэтгэцэд хохирол учирсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч ойр хавийнхныгаа байнгын дарамт, стресст оруулж* байдаг, сэтгэл санаагаар дарамтад оруулдаг, нүүгээд үдлээд өнгөрөх айлыг хүртэл хөөж туудаг сэтгэцийн өвчтэй юм шиг авирладаг хүн. Сэтгэц өвчтэй болсон, сэтгэцэд хохирол учирсан нь надаас болсон гэхэд эргэлзэж байна. Өмнө нь иймэрхүү зан ааш гаргадаг байсан. Тиймээс Д.*******ын сэтгэцийн өвчтэй эсэх, сэтгэцэд нь хохирол учирсан эсэхийг мэргэжлийн хүнээр тогтоолгох хүсэлтэй байна. Мөрдөгч сэтгэцэд нь хохирол учирсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн миний бие эхнэр 4 хүүхдийн хамт хөдөө мал маллан амьдардаг, одоо 3 хүүхэд нь сургуульд сурч байгаа, бага нь 2 ой өнгөрч байгаа. Гэтэл надад 500 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлэхээр шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр 4-н хүүхдээ асарч гэр зуур байдаг, миний бие гадуур малаа хариулж, малладаг. Манай бууц Д.*******ынхаас 3 км зайтай байдаг. Намайг албадан ажил хийгээд явсан хойгуур Д.******* нь манай малыг хөөж туух нь ойлгомжтой. Хоёр ой өнгөрч байгаа хүүхэдтэй эхнэр маань малаа харж чадахгүй, одоо мал төллөх цаг болсон тул төл авах хүнгүй болох учир төл алдах, малаа хариулгагүй алдах гэх мэт эрсдэлтэй байна. Тиймээс 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлүүлж, торгууль болгох саналтай байна.

Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Сэтгэл санааны хор хохирлын тухайд зэрэглэлээр нь тогтоогоод явж байгаа. Тэр зэрэглэлийн дагуу тогтоогоод хохирлыг нь нөхөн тооцоод гаргуулахаар болсон. 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхэд оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжид бүрэн тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж байна. Тухайлбал гомдолд дурдсанаар Н.******* нь 1-3 дугаар ангидаа монгол бичиг заалгаж байсан. 4 дүгээр ангиасаа кирилл үсэг заалгасан. 7 дугаар ангиасаа сургуулиас гарсан байна. Тэгээд уншиж, бичихдээ тааруухан. Тэгэхээр анхнаасаа буюу мөрдөн байцаалтын шат, прокурорын шат, шүүхийн шатад өмгөөлөгч оролцуулаагүй явсан үйлдэл байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчийг заавал оролцуулна. Өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хоёрдугаарт мөрдөгч сэтгэцэд учирсан хохирлыг тогтоодог. Шүүх тухайн мөрдөгчийн тогтоосноор шийдвэр гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдолд дурдсаныг дэмжиж байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг Улсын дээд шүүхээс баталсан байдаг. Энэ аргачлалын 2.1-т сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг бол сэтгэцийн эмгэгтэй болсон байхыг ойлгоно гэж заасан. Тэгэхээр тухайн хохирогч сэтгэцийн эмгэгтэй болсон уу, үгүй юу гэдгийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн хуулийн заалтыг зөрчөөд мөрдөгч өөрөө сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоосон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ шийдвэрийг нь үндэслээд шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тэгэхээр шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, тухайн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай нь яллагдагч Н.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Мөнх-Эрдэнийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгч Н.*******эс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 3,300,000 төгрөг, эмчилгээний зардалд 379,550 төгрөг нийт 3,679,550 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******т олгож шийдвэрлэснийг шүүгдэгч Н.******* эс зөвшөөрч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

 Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоох ёстой байтал мөрдөгч тогтоосныг үндэслэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл, тайлбарыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзэв. Учир нь:

 

Анхан шатны шүүх “Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Жавзанжундааны хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоов /хх-37 дахь тал/ гэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг үндэслэн анхан шатны шүүх хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан хор уршигт 660,000x5=3,300,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага... Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, 40.2 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ: энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх; 40.2.3.хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэснээс дүгнэхэд тусгай мэдлэг, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор хуульчилжээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон эсэх талаарх нотлох баримт болон сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон шинжилгээний байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй, энэ талаар тогтоох ажиллагааг хийгээгүй, шүүгдэгч энэ талаарх мөрдөгчийн зэрэглэл тогтоосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотлоогүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.*******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Н.*******д холбогдох 2429002530195 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.УГТАХБАЯР

 

                                   ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                          Т.ДЭЛГЭРМАА