Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 135

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир 

Улсын яллагч Э.Хосбаяр

 Шүүгдэгч Д.Бын 

өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг 

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1830001330103 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар. 

Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй  Д.Б. 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Б Боомтод үйл ажиллагаа явуулдаг Ч ХХКнийн хашаанаас Б.Сгийн эзэмшлийн 91-67 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан авч 2.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв. Эрүүгийн 1830000790067 дугаартай хэргээс: - Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 01 дүгээр сараас эхлэн Х ХХК-д жолоочоор орж өнөөг хүртэл ажиллаж байна. Уг компани нь миний сүүлийн сарын хөлсийг өгөхгүй болохоор нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ны орой өөрийнхөө эзэмшиж байсан SHAANHI маркийн 97-61 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг ажлынхаа хөлсөнд авсан юм. Гэтэл манай компанийн манаач намайг хулгай хийсэн гэж цагдаад өгсөн. Надад хулгай хийх гэсэн санаа зорилго байгаагүй, зөвхөн миний цалин мөнгийг өгөхгүй болохоор нь арга ядаад ийм асуудалд орчихлоо ” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р хуудас / - 

Хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би Б гэдэг хүнийг сайн танина.Өмнө нь манай “Ч” ХХК-ний жолооч хийж байсан юм. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр жолоочоор ажилд орно гээд ирэхээр нь ажилд авья гэж ярьж тохироод 97-61 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр гараад Б боомт дээр байдаг “Ч” ХХК-ний манаач Өвөр монгол залуу Л.Хд миний машиныг хүргээд өг гэж хэлээд явуулсан. Би Д.Бд хэд хоногоос очиж байгаад чамайг ажилд авна гэдгээ хэлсэн. Би тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа Монгол улсын хилээр гараад “Ч” ХХК-нийн хашаанаас машинаа авах гээд очсон чинь хойд талын шинэ 4 ширхэг дугуйг хулгайд алдагдсан болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би Бтай учир зүйгээ олсон, тэр хүн миний машины 4 ширхэг дугуйг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Одоо энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд суухгүй. Манай компанид Б нь хохирлоо бүрэн барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү”гэх мэдүүлэг, /хх-ийн 4-5-р хуудас / 

- Гэрч Л.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ба хаш ХХК-нийн ажилчдын байранд хэд хоног байгуулагынхаа дугаартай эд зүйлийг хариуцаад ажиллаж байтал манай хашаанд байсан SHAANHI маркийн 97-61 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шинэ 4 дугуйг хулгайлж аваад хуучин 4 дугуй хийсэн байсан. Тэгээд болсон асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нэг дугуй 1900 юань үнэтэй /Монгол мөнгөөр 722.000 төгрөг / гэсэн.Нийт хохирол 2.888.000 төгрөг болсон. Манай байгууллагад албан ёсны харуул хамгаалалт байхгүй болохоор хэн тэр дугуйг хулгайлсан болохыг мэдэхгүй байна. Надад одоогоор хардаж сэжиглэж байгаа хүн байхгүй. Би хүний эд зүйл хариуцаж байгаад алдсан болохоор болсон асуудлыг зохих шатны байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас /

 - Гэрч Т.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б гэх хүнийг сайн танина. Бид нэг компанид хамт жолооч хийж байсан. Манай хүн нэг компанид өмнө ажиллаж байгаад цалингаа дутуу авч байсан гэж ярьсан. Би тэр үед нь нүүрсний уурхай чинь цалин мөнгөө өгөхгүй хамаг ажилчид нь тараад явчихсан, чи бараг дэмий л ирсэн байна даа гэж ярьсан. Тэр үед “энэ муу хужаа нараас дутуу авсан цалингаа аваад буцах ажлаа бодно, эд нараас гуйж авахгүй гуядаж авна” гээд гарсан. Тэгээд орой намайг унтаж байхад Б 4 том дугуй машинд хийгээд манай гадаа ирсэн би Баас “чи хүний юм хулгай хийсэн юм уу” гэж асуухад “найз нь хүний юм хулгай хийхдээ хүрээгүй, муусайн хужаа нараас цалингаа авах гээд л машинаас нь 4 дугуйг нь авлаа. Цалингаа өгөх хүртэл дугуйг нь өгөхгүй миний цалинг өгөөд дугуйгаа авна биз, эд нарыг ингэж чангалахгүй бол худлаа хэлээд байгаа юм” гэж байсан Тэгээд тэр 4 дугуйгаа манай хашаанд буулгаад явсан. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 15- 16-р хуудас / 

- Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17-р хуудас / 

- Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын 1703 дугаар тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/ 

- Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/ 

- Шүүгдэгч Д.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 34-р хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Б Боомтод үйл ажиллагаа явуулдаг Ч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хашаанаас хохирогч Б.Сгийн эзэмшлийн 91-67 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан авч 2.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Сгийн мэдүүлэг, гэрч Л.Хн, Т.А нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Б нь хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна. 

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Д.Быг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Д.Бт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Д.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 / зургаа / сарын хугацаагаар тэнссэн болно. 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Сгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй дурдаж шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Д.Быг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6,8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б нарт мэдэгдсүгэй.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 -д зааснаар шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Сгийн хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.САНЖИДМАА