Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар  2025/ДШМ/13  

 

 

 

2025          03          14                                         2025/ДШМ/13           

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

прокурор Д.Дашням,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан (цахимаар),

хохирогч *******,

хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч ,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Б.Жамъяндоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2430002870295 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ. 

1.Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, ам бүл 7, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Хайлааст” гудамжны 27-2732 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:*******)

2.Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Мандал таун” хотхоны 210 дугаар байрны автомашины зогсоол дээр Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.8 промилли согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн *******, бага насны хүүхэд болох ******* нарыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, тэдний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******оос хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 30,360,000 төгрөг, бага насны хохирогч *******гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 46,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 5,530,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Уранзул нарт тус тус олгож, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт эмчилгээний зардалд баримтаар ирүүлсэн 9,570,670 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ж.Энхтүвшин нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч ******* ял оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан нэмэгдэл ялын хэмжээнээс бага ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасах байтал *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, эрүүгийн хууль буруу хэрэглэжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд “хууль ёсны зарчим” тусгагдсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тодорхой заасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс ял оногдуулахдаа үндсэн болон нэмэгдэл ялыг тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд болон доод хэмжээний хүрээнд шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлэн оногдуулах учиртай. Иймд сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7.Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйлгүй гэв.

8.Бага насны хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анхан шатны шүүхэд сэтгэл санааны хохирол, гарсан зардлаа аваад гомдолгүй гэсэн. Тэгээд 1 дүгээр сарын 3-ны өдөр шүүх хурал болсон. 10-ны өдөр үзүүлэх цаг авсан байсан тул би хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явсан. Шийтгэх тогтоолд хүүхдийн цаашид үзүүлэхэд гарах зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байсан. Ингээд бид Улаанбаатар хот руу явахдаа шүүгдэгчтэй ярьсан. Бид хүүхдээ үзүүлэх гэж байна замын зардал 200,000 төгрөг өгөөч гэж хэлэхэд: -Тэгье гэж хэлсэн. Хотод очоод дахин ярихад тухайн мөнгийг өгөх шаардлага байхгүй, мөнгө төгрөгийн боломж байхгүй гэж ууртай хэлсэн. Тэгээд бид мөнгө, төгрөг муутай болохоор хүүхдээ үзүүлж чадаагүй, айлын нялх хүүхдийг гэмтээчхээд сэтгэл байхгүй, эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж байгаагүй. 3 сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу явж, хүүхдээ улсын болон хувийн эмнэлэгт үзүүлсэн. Хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Тархины бичлэг хийлгэсэн, тархи нь удаашралтай болсон гэсэн. Гомдолтой байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

10.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

11.Прокуророос шүүгдэгч *******ыг 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Мандал таун” хотхоны 210 дугаар байрны автомашины зогсоол дээр Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.8 промилли согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас *******, ******* нарыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, тэдний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

12.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.

13.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж хууль ёсны зарчмын агуулгыг илэрхийлснээс гадна энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа үндсэн болон нэмэгдэл ялыг тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд болон доод хэмжээний хүрээнд шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлэн оногдуулах учиртай.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч шүүгдэгчид нэмэгдэл ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялаас доогуур ял оногдуулсныг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.   

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, энэ хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг.Хяналтын прокурор Б.Жамъяндоржийн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

          Хоёр.Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          Гурав.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                          Г.УРТНАСАН

                                                                                  С.ГАНЧИМЭГ