| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0112/Э/ |
| Дугаар | 111 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 111
2018 оны 06 сарын 27 өдөр Дугаар 2018/ШЦТ/111 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Шүүгдэгч: А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Э т холбогдох 1828000000087 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 16-нд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Өмнөговь аймаг, Хүрмэн сумын 2 дугаар баг, Тулга гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, А.Э , регистрийн дугаар ....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Хашаат гэх газарт иргэн Б.Мын нүүрэн тус газар руу чулуу шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “06 дугаар сарын 03-ны өдөр байх мал ялгаж байсан. Б.Мын мал байнга манай малтай нийлдэг. Хөдөө нэг удаа нийлчихсэн байхаар нь би ганцаараа ялгасан. Мал ялгасан дараагаар ирж намайг хэл амаар доромжилж байгаад малаа аваад явсан. Тэр өдөр бас мал нийлээд би мал ялгаад гүйсэн чинь ээж рүү учиргүй том чулуу шидээд байсан. Нэг харсан чинь ээжийг заамдсан байсан учраас санаандгүй чулуу аваад шидсэн чинь оночихсон” гэв.
Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед манайхаас 1 км гаруй зайнд Хүрмэн сумаас отроор яваа айл байдаг юм. Тэдний малтай манай мал нийлсэн байхаар нь ялгаж авахаар очиход тэр айлын хүмүүс гээд эхнэр нөхөр хоёр, бас нэг залуу гурвуул мал ялгаж байсан. Мотоциклоосоо бууж амжаагүй байтал тэр айлын эмэгтэй хүн учиргүй загнаад байсан. Эхэндээ би юуч хэлээгүй зав гарахгүй байна уучлаарай гэсэн чинь тэр эмэгтэй “Манай мал танай малтай байнга нийлдэг, чи муу цагаач юм билээ” гэх зэргээр хэлж байснаа над руу шилбүүр далайж ирснээ бэлэн гаргаж хэл үгээр доромжилсон. Тэгтэл хүү нь гээд нэг залуу хажуугаас 20 метрийн цаанаас гэнэт чулуу аваад шидсэн чинь миний зүүн шанаан тус газар тас гээд явчихсан. Толгой эргээд манараад л явчихсан. Тэр хүү рүү нь “Чи яаж байна” гэсэн чинь ахиад газраас чулуу аваад бариад гүйгээд ирсэн, ирснээ намайг шууд заамдсан. Тэр эмэгтэй хүүтэйгээ хамт миний хувцаснаас зуурсан. Тэр хүү нь “Чи араа даах юм уу” гэж олон удаа хэлээд байсан. Тэр хэдээс нэг юм салаад “Би та нарыг цагдаад хэлнэ” гээд малаа хаяад шууд явсан. Тэр эмэгтэй хүний нөхөг гээд нэг ах байсан. Тэр хүн эхнэрээ “Боль” гээд загнаад байсан. А.Э , С.М гэх хүмүүсийг танихгүй, Хүрмэн сумын айл гэсэн. Хүрмэн сумын айлын хүү гэх шар залуу газраас чулуу аваад над руу шидсэн чинь миний зүүн шанаанд онож, зүүн шанаа хавдаад бага зэргийн цус гарч шүдээ зуух гэхээр зууж болохгүй байгаа. Би тэд нарыг цохиогүй, би архи уугаагүй байсан. Тэд нар архи уугаагүй эрүүл байсан. Мал нийлснээс болж маргалдсан. Тэр хүн намайг цохиогүй бол ийм асуудал гарахгүй байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх гээд явсан, нааш цаашаа явсан зардал гаргаад өгчихвөл гомдол саналгүй ээ. Гэхдээ хүнийг зөв зүгээр очоод малаа ялгаж авах гэхэд цохьсонд хэцүү л байна. Бусдаар мал нийлэх бутрах алийг тэр гэхэв малчид бид цаг муу хэцүү л байна. 200 гаруй км машинаар явсан бензин тосны мөнгө гээд 70.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлсөн зүйл байхгүй. Хэн нь ч ирж уулзаагүй. Би аймгийн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...” гэжээ. /хх-5-6/,
Гэрч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед манай саахалт айлын мал нь манай малтай нийлсэн байсныг ялгаад зогсож байхад нэгийг нь сайн мэдэхгүй саахалт айлын залуу ирсэн. Ирэхээр нь “Танай мал арай дэндүү юм, манай малтай байнга нийлэх юм” гэж хэлсэн чинь тэр залуу “Битгий солиор манай мал явдаг газраараа явж байна, танайх зайл гичий минь” гээд намайг заамдаж аваад дараа нь чулуу мод шидсэн. Тэгтэл манай хүү малын захаар явж байхдаа чулуу шидсэн чинь тэр залуугийн зүүн шанаан тус газар оносон. Цагдаа дуудна гээд явсан. Тэдний мал манай малтай байнга нийлдэг байсан. Тэр өдөр малаа ялгах гээд ирэхэд нь хэлсэн. Тэрнээс болоод маргалдсан. Тэр залуу бид хоёрыг маргалдаж байхад манай хүү А.Э малын захаар мал эргүүлж явахдаа чулуу газраас аваад шидсэн чинь тэр залуугийн толгойн зүүн хэсэгт нь оносон. Чулуугаар нэг удаа цохьсон. Тэр залуугийн зүүн шанаа хавьд цохьсон. Б.М миний хувцаснаас барьж аваад заамдсан, цохиогүй. Бид хоёрыг маргалдах үед хажууд манай нөхөр Ц.А, манай хүү А.Э , тэр залуу бид дөрөв байсан...” гэжээ. /хх-12-13/,
Гэрч Ц.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 17 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэр айлын мал манай малтай нийлээд эхнэр Мэндсайхан, хүү А.Э ын хамтаар мал ялгаад зогсож байсан чинь тэр айлын Б.М гээд залуу мотоциклтой малаа ялгах гээд ирсэн. Эхнэр Мэндсайхан тэр залууд малаа хямагдахгүй дандаа манай малтай нийлж байх юм гэсэн. Тэгсэн тэр залуу манай мал хаагуур явах нь ямар хамаатай юм бэ? мал нийлж л байдаг гээд манай эхнэртэй тэр Б.М гэдэг залуу маргалдсан. Тэр залуу манай эхнэр Мэндсайханыг заамдаад авсан. Эхнэр Мэндсайхан зөрүүлээд тэр залууг заамдсан. Тэр хоёр хэрэлдэж маргалдаад байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тэр хоёрын цаагуур мал явахаар нь хүүхэд мал руу чулуу шидсэн чинь тэр Б.М гэдэг залуугийн толгойд нь оносон. Тэр залуу малаа орхиод мотоциклоо унаад явсан. Малаа ч аваагүй явсан. Б.М, А.Э хоёр маргалдсан юм байхгүй. Тэдний мал манай малтай байнга нийлдэг. Эхнэр танай мал манай малтай байнга нийлдэг гэж хэлсэн. Манай хүү А.Э тэр хоёрыг маргалдаж байхад тэр хоёрын цаагуур мал явахаар нь чулуу газраас аваад шидсэн юм. Тэгсэн Б.М гэх залуугийн толгойд нь зүүн шанаа хавьд нь оносон. Жижигхэн чулуугаар цохьсон. Маргааш өглөө нь Б.М ирж үзүүлсэн. Зүүн шанаанд нь бага зэргийн шалбарсан, бага зэргийн хавдсан байсан. Одоо олдохгүй байхаа, жижигхэн чулуу шидсэн. А.Э 100 метр орчим зайтай байсан. Манай эхнэр Мэндсайханд гэмтэл учраагүй. Миний хүү багаасаа их төлөв даруу зантай элдэв муу зуршилгүй хүүхэд байгаа юм. Миний хүү хүнд их тусархуу хүүхэд байгаа юм. Тэр Б.М гэх хүн архи уугаагүй, эрүүл байсан. А.Э урьд нь ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй...” гэжээ. /хх-14-15/,
Шүүгдэгч А.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манайх Булган сумын Хашаат гэх газар отроор явж байгаа, Хүрмэн сумын айл байгаа юм. Тэгсэн 2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед манай саахалт айлын нэрийг нь танихгүй Булган сумын айл гэсэн тэр айлын мал манай малтай байнга нийлдэг. Тэр өдөр саахалт айлын мал манай малтай нийлсэн байсныг бид нар ялгаад зогсож байхад тэр залуу малаа ялгаж авах гээд ирсэн. Ээж тэр залууд “Танай мал манай малтай байнга нийлэх юм, малаа ялгаж авахад яадаг юм” гэсэн чинь тэр залуу хуц зайл манай нутаг дээр ирж буучихаад гээд хэрүүл маргаан болсон. Тэр залуу ээж рүү чулуу мод шидэж байснаа ээжийг заамдаад авахаар нь би чулуу газраас аваад шидсэн чинь тэр залуугийн толгой шанаа хавьд нь оносон. Малаа орхиод тэр залуу гэр лүүгээ явсан. Б.М гэх хүнийг би танихгүй, манай саахалт айл Булган сумын айл гэсэн. Би санаандгүй чулуу шидсэн чинь тэр Б.М гэдэг хүний толгойд нь оносон. Чулуугаар ганц удаа цохьсон. Жижигхэн чулуу байсан. Чулуу хаана байгааг мэдэхгүй, одоо олдохгүй байх. Цаанаас нь хагас мал гарч ирж байсан, яг замд нь ээж тэр залуу хоёр байж таараад тэр залууг оносон. Ямар ч байсан ээжийг заамдаад гичий минь манай нутгаас зайлаарай гээд байсан. Тухайн үед аав, ээж, тэр залуу бид хэд байсан. Чулууг ойролцоогоо 100 метрийн зайнаас шидсэн. Б.Мтай хэвийн харилцаатай байгаа, маргааш нь ирж уулзаж байсан...” гэжээ. /хх-22-23/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 319 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: “...Б.Мын биед тархины доргилт, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-17/,
Өмнөговь аймаг, Хүрмэн сумын Тулга багийн Засаг даргын тодорхойлолт /хх-28/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30-31/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагын тодорхойлолтууд /хх-32-37/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Хашаат гэх газарт иргэн Б.Мын нүүрэн тус газар руу чулуу шидэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч А.Э т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Э нь хохирогч Б.Мтай малаа нийлүүллээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Мын “...хүү нь гээд нэг залуу хажуугаас 20 метрийн цаанаас гэнэт чулуу аваад шидсэн чинь миний зүүн шанаан тус газар тас гээд явчихсан. Толгой эргээд манараад л явчихсан. Тэр хүү рүү нь “Чи яаж байнаа” гэсэн чинь ахиад газраас чулуу аваад бариад гүйгээд ирсэн, ирснээ намайг шууд заамдсан. Тэр эмэгтэй хүүтэйгээ хамт миний хувцаснаас зуурсан. Тэр хүү нь “Чи араа даах юм уу” гэж олон удаа хэлээд байсан. Тэр хэдээс нэг юм салаад “Би та нарыг цагдаад хэлнэ” гээд малаа хаяад шууд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-5-6/, гэрч С.Мын “...2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед манай саахалт айлын мал нь манай малтай нийлсэн байсныг ялгаад зогсож байхад нэгийг нь сайн мэдэхгүй саахалт айлын залуу ирсэн...Тэр залуу бид хоёрыг маргалдаж байхад манай хүү А.Э малын захаар мал эргүүлж явахдаа чулуу газраас аваад шидсэн чинь тэр залуугийн толгойн зүүн хэсэгт нь оносон. Чулуугаар нэг удаа цохьсон. Тэр залуугийн зүүн шанаа хавьд цохьсон. Б.М миний хувцаснаас барьж аваад заамдсан, цохиогүй. Бид хоёрыг маргалдах үед хажууд манай нөхөр Ц.А, манай хүү А.Э , тэр залуу бид дөрөв байсан...” гэсэн мэдүүлэг /хх-12-13/, шүүгдэгч А.Э ын “...Ээж тэр залууд “Танай мал манай малтай байнга нийлэх юм, малаа ялгаж авахад яадаг юм” гэсэн чинь тэр залуу хуц зайл манай нутаг дээр ирж буучихаад гээд хэрүүл маргаан болсон. Тэр залуу ээж рүү чулуу мод шидэж байснаа ээжийг заамдаад авахаар нь би чулуу газраас аваад шидсэн чинь тэр залуугийн толгой шанаа хавьд нь оносон. Малаа орхиод тэр залуу гэр лүүгээ явсан...Би санаандгүй чулуу шидсэн чинь тэр Б.М гэдэг хүний толгойд нь оносон. Чулуугаар ганц удаа цохьсон. Жижигхэн чулуу байсан. Чулуу хаана байгааг мэдэхгүй, одоо олдохгүй байх. Цаанаас нь хагас мал гарч ирж байсан, яг замд нь ээж тэр залуу хоёр байж таараад тэр залууг оносон. Ямарч байсан ээжийг заамдаад гичий минь манай нутгаас зайлаарай гээд байсан. Тухайн үед аав, ээж, тэр залуу бид хэд байсан. Чулууг ойролцоогоо 100 метрийн зайнаас шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Э ын өгсөн “...Тэр өдөр бас мал нийлээд би мал ялгаад гүйсэн чинь ээж рүү учиргүй том чулуу шидээд байсан. Нэг харсан чинь ээжийг заамдсан байсан учраас санаандгүй чулуу аваад шидсэн чинь оночихсон...” гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн бие эрх чөлөөнд халдан зодож хөнгөн хохирол учруулсан нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 319 дүгээр шинжээчийн “...Б.Мын биед тархины доргилт, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр /хх-17/ нотлогдож байна.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн эцэг болох Ц.А нь гэрчээр мэдүүлэг өгсөн байх боловч уг мэдүүлэгт хэрэгт хамааралгүй Мэндсайхан гэх хүний нэр байх тул хэрэгт ач холбогдол хамааралгүй нотлох баримт гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-30-31/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд шүүх шүүгдэгч А.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч А.Э т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч А.Э т оногдуулсан дээрх торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч Б.М нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “уг гэмт хэргийн улмаас 200 гаруй километрээс машинаар явсан бензин тосны мөнгө болох 70.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлгийг өгсөн байх ба энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй хэдий ч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мд 70.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж тогтоож шүүгдэгч А.Э оос 70.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Э нь хохирогчид 70.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оос 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.М /Өмнөговь аймаг, Булган сум, 2 дугаар баг, Хашаат гэх газар оршин суух, регистрийн дугаар КЗ80102417/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ