| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 204/2018/0117/Э/ |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 114
2018 оны 06 сарын 28 өдөр Дугаар 2018/ШЦТ/114 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч, хохирогч: Э.Д , Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О , Э.Д ад холбогдох 1828000630076 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Бага Дарь-Эх 10-1969 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.О , регистрийн дугаар ....
Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, таваар судлагч менежмент, олон улсын худалдаа мэргэжилтэй, Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо 50-р байр, 9 тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Э.Д , регистрийн дугаар ....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Яллагдагч Б.О нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Гэгээн говь” зочид буудалд Э.Д ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Э.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Гэгээн говь” зочид буудалд Б.О ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг таарч байгаа. Нэмж ярих зүйлгүй. Б.О миний дээр дарсан байсан учраас түлхэж холдуулсан. Би түүнд гар хүрээгүй, зодоогүй учраас хохирол төлбөр нэхэмжилбэл төлөхгүй. Гэрч нарын мэдүүлэг үнэн зөв байх. Болсон явдлыг бүрэн санаж байгаа. Би өрөөний үүдэнд зогсож байсан. ” гэв.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Ч өглөө над руу ярьсан. Энд хоолонд орчихоод ажил дээр оччихоод явъя, хямдхан буудал би асуугаад өгье гэсэн. Ч.Ч бид 2 нэг шил архи аваад хувааж уугаад сууж байсан. Э.Д ын өрөөрүү хаалгыг тогшоод орсон. О.Б гээд залуу ах захаа мэдэхгүй, бацаан гээд байсан. Э.Д “Та хоёр хоорондоо муудалцаад яах юм бэ” гэсэн. Тэдний сууж байсан өрөөнөөс гараад манай өрөөрүү Э.Д бид 2 орсон. Би яг яах гээд байгаа юм гээд миний толгойруу цохьсон. Нөгөө 2 өөдөөс орж ирээд нэлээн цохьсон. Буудлын ресепшин байгаагүй. Дээгүүрээ хувцасгүй /майк/ гараад зугтаагаад замдаа эхнэртэйгээ таарсан. Цагдаатай ирэхэд Э.Д ын шүд нь унасан байсан. Шүд унасныг дараа нь мэдсэн. Хохирол төлбөрт 500.000 төгрөг өгсөн. 700.000 төгрөг 14 хоногийн дотор өгнө. Хиймэл шүдний асуудалд би өөрөө орж байсан учраас хурдан салах үүднээс л өгч байгаа юм. Шүдний эмнэлгээс асуусан. 1.200.000 төгрөгт янзлагдах байх гэсэн. Архинаас л боллоо. Хоорондоо буруу ойлголцоод ийм байдалд хүрлээ. Имфлант шүдний мөнгө өгөхөд хэцүү юм байна. 1.200.000 төгрөг өгье гээд эвлэрсэн. Гэрч нарын мэдүүлэгтэй танилцсан намайг нийлж гүтгэсэн гэж үзэж байна. Намайг танихгүй болохоор л тэгсэн байх. Буудлын камерын бичлэг байсан шүү дээ. ” гэв.
Шүүгдэгч Э.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “Миний биед Б.О гэмтэл учруулсан. Б.О ын биед хэн гэмтэл учруулсанг мэдэхгүй. 3.870.000 төгрөг нэхэмжилж байснаа болиод эвлэрлийн гэрээ байгуулаад 1.200.000 төгрөг нэхэмжлээд 500.000 төгрөг авсан...” гэв.
Шүүгдэгч Б.О ын шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “Миний биед Э.Д гэмтэл учруулсан. Э.Д ын биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтод гаалийн байцаагч ажилтай. Бид нар 30 хоног ажиллаад 10 хоног амардаг юм. Амралт болоод 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу хамт ажилладаг хүмүүстэйгээ явж байгаад Даланзадгад суманд ирсэн. Цасан шуурга шуураад хот хоорондын зам хаагдсан байсан. Бид нартай хамт явсан. Ч.Ч манай нэг найз буудалд өрөөнд байна гэж байна гэхээр нь уг буудалд нь очсон. Ч.Ч найз охинтойгоо нэг өрөөнд орсон. Би У.Б , О.Б нартай хамт нэг өрөөнд орсон юм. Бид нар дэлгүүрээс архи авч орсон байснаа өрөөндөө ууцгаасан. Ч.Ч Б.О гэх /сүүлд нэрийг нь мэдсэн/ залуутай хамт өрөөнд нь архи ууж байсан. Бид нарыг буудлын үйлчлэгч тооцоогоо хий гэхээр нь бид гурав хамт үйлчлэгчийн өрөөнд очиж тооцоо хийж байтал Ч.Ч той хамт Б.О гэх залуу орж ирээд бид нартай танилцаад манай өрөө рүү дагаж орсон. Бид 3 Б.О той нийлж архи уусан. У.Б , О.Б хоёр Б.О той маргалдаад муудалцаад болохгүй байхаар нь би У.Б , О.Б нарыг өрөөнөөс гарч бай гэж хэлээд гаргасан. Б.О босоод өрөөний хаалга цоожлоод миний хажууд ирж сууснаа гэнэт миний нүүр лүү гараараа цохьсон. Би арагшаа орон дээр нүүрээ дараад суусан чинь Б.О дээрээс цохиод байсан. Цохихоо болихоор нь би босч хаалгаа нээгээд У.Б , О.Б хоёрыг дуудсан тэгсэн чинь Б.О тэр хоёрын хажуугаар гүйгээд гарсан. Миний амнаас цус гарчихсан байсан, нэг шүд хугараад унасан. У.Б , О.Б нар орж ирсэн. Б.О гаднаас цагдаа дагуулж орж ирээд эд нар намайг нийлж зодсон гээд байсан. Уг асуудал 19 цаг өнгөрч байхад болсон байх. Би уг нь Б.О ыг У.Б , О.Б хоёртой муудалцаад байхаар нь өмөөрөөд үлдээсэн байсан юм тэгсэн чинь гэнэт л намайг зодсон. Миний үүдэн 2 шүд хугарсан, доод уруул дотор талдаа язарсан, толгой өвдөж байгаад 2 хоногийн дараа гайгүй болсон. Миний шүдний уг хэсэгт байдаг яс нь гэмтээд хоол сайн идэж чадахгүй хөндүүртэй байгаа. Б.О эхэлж орж ирээд У.Б , О.Б нартай муудалцаад болохгүй болохоор нь би өрөөнөөсөө хөөгөөд гаргасан байсан юм. Б.О нь тэр хоёртой юм ярьж байгаад нэг та гэж хэлээд эсвэл чи, хөгшөөн гэж хэлж байснаас болоод У.Б , О.Б нар Б.О ыг жаахан юм байж хүндэлсэнгүй гээд хэрэлдээд байсан юм. Би Б.О ыг огт зодож цохиогүй. Б.О ын биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй. Би Б.О ыг өрөөнөөс гарч зугтаасны дараа өрөөнөөсөө огт гараагүй. Би Б.О той хамт шатан дээр огт очоогүй. Би Б.О ын өрөөнд огт орж байгаагүй. Тухайн үед Б.О их согтуу байсан, юунаас болж цохисныг нь мэдэхгүй. Би Б.О ыг өмөөрсөн, өөр зүйл болоогүй байсан. Гомдолтой байна, хугарсан шүдээ хийлгэх зардлыг нэхэмжилмээр байна. Улаанбаатар хотод шүдний эмнэлгүүдээр явж асууж судалсан. 1 ширхэг шүдийг 1.500.000-аас 1.800.000 төгрөгөнд хийнэ гэж байна. Би Б.О оос 2 шүдний мөнгө болох 3.600.000 төгрөг мөн хотод шүднийхээ хугархай ёзоорыг авахуулж, зураг авахуулсан, бас хиймэл шүд хийлгэсний төлбөр болох 270.000 төгрөг, нийт 3.870.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-23-24/,
Хохирогч Б.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Гэгээн говь” гэдэг буудалд өрөөндөө Э.Д , У.Б , О.Б гэх хүмүүст зодуулсны улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Би О.Б , У.Б нарт архи аягалж өгчихөөд Э.Д ад өгчихсөн гэж бодоод өгөхгүй орхисон чинь уурлаад муухай хараад байх шиг болсон. Танайд хоёулаа хамт танай өрөөнд оръё гээд манай өрөөнд орчихоод намайг орон дээр сууж байхад миний толгой руу цохиод миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. У.Б , О.Б нар миний нуруу руу цохиод байсан. Би нүүрээ таглаад тонгойсон байсан. Миний биед гар зулгарч, нурууны далны завсраар нэлээд хөндүүрлэчихсэн байсан. Толгой руу Э.Д цохьсон. Гомдол санал гэх зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-26-27/,
Гэрч О.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө бид нар Шивээхүрэн боомтоос амралтаараа Улаанбаатар хот руу явж байгаад Даланзадгад суманд ирээд цасан шуургатай байсан тул хот руу явах зам хаагдсан байсан. Надтай хамт ажилладаг Ч.Ч ын найз нь “Аймгийн төвд буудалд өрөө хямдхан авчихлаа, та нар орох уу” гэхээр нь тэгье гээд бид нар бүгд төвд байдаг “Гэгээн говь” гэдэг нэртэй буудалд буусан. Бид нар нэг шил архи, 3 ширхэг пиво, ундаа зэргийг буудал руугаа авч орж буудалдаа ууж идэцгээсэн. Бид нар 14 цаг өнгөрөөгөөд буудалд орсон байх Э.Д , У.Б бид гурав нэг өрөөнд сууж байгаад архиа хувааж уусан. Бидэнтэй явсан Ч.Ч найз охинтойгоо болон нөгөө найзтайгаа хамт нэг өрөөнд архи уусан. Бид нар дахиад нэг шил архи авч хувааж уусан. Шөнө болсон хойно хаалга тогшоод Ч.Ч ын найз гэх залуу нэг тал шил архи бариад орж ирсэн. Бид нартай жаахан сууж байгаад согтуурхаад хэрүүл өдөөд эхэлсэн. У.Б өрөөнөөс гаргасан. Нөгөө залуу удалгүй эргэж орж ирээд “Та нартай үзмээр байна, та нар яах гээд байна” гээд байсан. Би уурлаад хөөгөөд гаргах гэсэн чинь Э.Д “Бид нарыг боль, та хоёр хажуу өрөөнд орж хоол ид” гэхээр нь У.Б бид хоёр хажуу талын өрөөнд орж байж байгаад удалгүй эргээд өрөөрүүгээ шагайсан чинь Э.Д ын амнаас цус гарчихсан үүдэн шүд нь уначихсан гараараа амаа дараад зогсож байсан. Нөгөө залуу нь буудлын коридороор гүйгээд шатаар доошоо бууж байсан. У.Б хойноос нь муу новшоо гээд хөөгөөд гүйж очоод шатны хажууд тэр залууг барих гэхэд нөгөө залуу эргэж хараад У.Б ийг цохиод унагасан. Би гүйж очоод тэр залуугийн өмсөж байсан хар өнгийн майкны ар хэсгээс нь зуураад барьсан чинь майк нь урагдаад миний гарт үлдсэн. Нөгөө залуу цээжээрээ нүцгэн гадагшаа гараад зугтаасан. Би эргэж өрөөнд ороод Э.Д тай уулзаж байхад цагдаа ирсэн. Нөгөө залуу цагдаа дээр ирээд бид нарыг өөрийг нь зодсон гэж дуудлага өгсөн байсан. Бид нар 5-уулаа явж байна. Тэр залуу манай өрөөнд орж ирж суучихаад “Та нар гаалийн байцаагч, та нараас би айхгүй, зодолдоё, та нарыг би нэг нэгээр нь барна” гэж агсараад байсан. Тэгэхээр нь би хөөж гаргасан. Эргэж орж ирээд агсараад байсан. Хамт байхад бид нарыг зодоогүй, У.Б бид хоёрыг өрөөнөөс гарсан хойно л зодсон байсан. Бид нар тэр залууд огт гар хүрээгүй, зодоогүй. Ч.Ч найз Э.С тэйгээ тусдаа өрөөндөө хоол идээд байж байсан. Э.Д тэр залууг биднээс өмөөрөөд У.Б бид хоёрыг өрөөнөөс гаргасан байсан юм. Б.О намайг зодож цохиогүй. Бид нар гурван давхарт 3 ортой өрөөнд орсон байсан. Өрөөний номерыг мэдээгүй...” гэжээ. /хх-28-29/,
Гэрч Ч.Ч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө би амраад Шивээхүрэн боомтоос Улаанбаатар хот руу явж байгаад Даланзадгад суманд 11 цагийн үед орж ирээд цасан шуургатай байсан тул хот руу явах зам хаагдсан байсан. Би найз Б.О той яриад “Би аймагт байна зам хаагдчихлаа гэж хэлсэн чинь тэгвэл би буудлын хүнтэй нь яриад асууя” гээд асуугаад өрөө байна гэхээр нь би хамт явсан хүмүүстээ хэлээд бид нар Б.О ын байгаа буудалд нь очиж буусан. Тухайн үед 2 өрөө авсан. Жижиг нэг ортой өрөөнд нь манай найз охин Э.С бид хоёр, 3 ортой том өрөөнд манай хамт явсан У.Б , Э.Д , О.Б нар хамт орцгоосон. Би Б.О ын өрөөнд орж хамт нэг шил архи хувааж уусан. Тухайн үед Э.С архи уугаагүй байсан. Орой 18 цагийн үед манай найз охин намайг өрөөндөө орж амар гэхээр нь би өрөөндөө орж унтсан. Нэг сэрсэн чинь манай өрөөнд У.Б , О.Б нар орж ирсэн байх шиг байсан. Тухайн үед би их согтсон байсан болохоор тэд нарыг орж ирээд юм ярьсан эсэхийг мэдээгүй. Дахиад унтаж байтал хүмүүс хашхиралдах шиг болсон. Тэгсэн чинь буудлын ресепшин эгч манай өрөөнд орж ирээд нэг нүцгэн хүн гүйгээд гарчихлаа гэж ярих шиг болсон. Тэр яриаг нь би сайн ойлгоогүй. Удаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Б.О бид хоёр 10 жилийн сургуульд нэг ангид сурч төгссөн юм. Би Б.О ын өрөөнд нь хамт архи ууж байгаад өрөөндөө орж унтсан, намайг унтсаны дараа яасныг нь мэдээгүй, би Б.О ыг хамт явсан хүмүүстэйгээ танилцуулаагүй. Э.Д ын биед хэн гэмтэл учруулсанг мэдэхгүй, би хараагүй. У.Б , О.Б нарыг яах гэж манай өрөөнд орж ирснийг мэдээгүй, би унтаж байгаад сэрсэн болохоор мэдээгүй. Анх буудлын өрөөнд ороод л эргэж Э.Д нартай уулзаагүй. Б.О манай хамт явсан хүмүүстэй муудалцсан талаар огт мэдээгүй. Бид нарыг буудалд ороход Э.Д ын шүд зүгээр байсан...” гэжээ. /хх-30-31/,
Гэрч У.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би хамт ажилладаг хүмүүтэйгээ амралтаараа Шивээхүрэн боомтоос Улаанбаатар хот руу явж байгаад Даланзадгад суманд 11 цагийн үед орж ирээд цасан шуургатай байсан тул хот руу явах зам хаагдсан байсан. Бид нар буудалд буусан тухайн буудлыг манай байцаагчийн найз нь авсан байсан юм. Э.Д , О.Б бид гурав нэг өрөөнд, Ч.Ч , Э.С нар нэг өрөөнд тусдаа орсон. Э.Д , О.Б бид гурав өрөөндөө хоёр шил архи хувааж уусан. Ч.Ч ын найз гэх буудлын өрөөг авсан залуу согтчихсон хагас шил архи барьж ирээд манай найзын найзууд гээд манай өрөөнд сууж байгаад “Та нар манай найзыг доромжилсон” гэх утгатай юм яриад би найзыгаа өмөөрнө гэх мэт юм яриад байхаар нь бид нар тийм юм ярихгүй гэсэн чинь нөгөө залуу би мэдэж байна гээд элдэв юм яриад байхаар нь би уурлаад чи ер нь яах гээд байна наад архиа аваад гар гэж хэлсэн чинь та нарыг зодно гээд л юм яриад байсан. Тэгсэн чинь Э.Д “О.Б та хоёр Ч.Ч ын өрөөнд очоод байж бай, хүний нутагт байгаа байж бид нарт тусалсан хүн шүү дээ та нар гараад байж бай, би аргадаад унтуулчихъя” гэхээр нь О.Б бид хоёр өрөөнөөс гараад Ч.Ч ын өрөөнд орчихоод эргэж гараад 00-ын өрөөнд орчихоод гарч ирсэн чинь нөгөө залуу манай өрөөнөөс гараад алхсан. Тэгсэн чинь Э.Д гараараа амаа дарчихсан “Гэнэт цохьчихлоо шүү дээ” гэсэн. Юу болсон бэ гэсэн чинь амнаас нь цус гарсан байсан. Би тэр залуугийн араас нь очоод байж бай гээд очсон чинь эргэж хараад намайг цохьсон. Би унасан чинь нөгөө залуу миний дээр гараад цохих гэхээр нь би хоёр гарыг нь барьж аваад зууралдсан. Тэр залуу босоод явах гэхээр нь өмсөж байсан хувцасных нь араас зулгаасан чинь хувцас нь урагдаж байсан. О.Б миний хажуугаар нөгөө залуугийн араас татсан чинь хувцасаа урчихаад тэр залуу гараад зугтаачихсан. Б.О гэдэг залуу манай өрөөнд шал согтуу орж ирээд “Та нар манай найзыг юу ч биш гэж харьцдаг” гэх мэт сонин зүйл ярьж орж ирээд агсараад байсан. Бид нар боль гэж өрөөнөөс хөөж гаргасан өөр зүйл болоогүй. Б.О ын үйлдлээс миний биед гэмтэл учраагүй. Би Б.О ыг цохиж зодоогүй, миний дээр гарчихаар нь би зууралдсан. Тэр залуу их согтуу байсан, гуйваад байсан. Э.Д их согтоогүй байсан. Э.Д ын үүдэн нэг шүд унасан байсан. Тэр залуу анхнаасаа өрөөнд орж ирчихээд агсарч байхад Э.Д ыг аргадахаар үгэнд нь ороод гайгүй болчихоод байсан. Э.Д бид нарыг гарч бай, би энэ залууг аргадаад унтуулчихъя гэсэн. Бид нарыг гарахад тэр залуу гайгүй байсан. Э.Д “Ахын дүү ингэж болохгүй, одоо амарчих” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-32-33/,
Гэрч Д.У гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагаас “Гэгээн говь” буудалд жижүүрээр ажиллаж байсан. Өдөр 13 цагийн үед манай буудалд бууж байрласан байсан. Б.О гэдэг залуу 5 хүн дагуулж ирээд манай найз гээд манай буудалд 2 өрөө авч оруулсан. Өндөр эрэгтэй, эмэгтэй хоёр нь хамт 103 тоотод, нөгөө 3 нь хамт 108 тоот өрөөнд орсон. Би буудалд угаалга цэвэрлэгээ бүх зүйлээ хийдэг болохоор тэр хүмүүсийг гарч орсон эсэхийг нь сайн мэдэхгүй байна, орой 20 цаг өнгөрч байх үед би 106 тоот өрөөнд орны даавуу цэвэрлээд байж байтал коридорт хүн хашхирах шиг болохоор нь гараад хартал Б.О гэдэг залуу, сүүлд буудалд орохдоо нэрээ Э.Д гэж нэрээ хэлж бичиг баримт үзүүлж бүртгүүлсэн залуутай хамт шатны доод хэсэгт өмнөөсөө харчихсан зогсож байсан. Тэр хоёр зодолдсон бололтой хувцас нь урагдчихсан зогсож байсан. Би юу болж байна, та нар гэж хэлсэн чинь Э.Д гэдэг залуу нь цагаан фудволктой зогсож байгаад намайг хашхирсан чинь амаа арччихаад гадагшаа шатаар буугаад явчихсан. Тэгсэн чинь Б.О шатан дээр зогсож байсан. Би нөгөө Э.Д тай хамт явж байсан 2 залуу руу нь очоод найз чинь гараад явчихлаа гэж хэлсэн чинь нөгөө хоёр залуу гараад шатан дээр байсан Б.О ыг нэг намхан залуу нь бариад авсан чинь тэр намхан залууг шатны уруу унагасан. Хамт байсан өндөр залуу нь салгасан тэгсэн чинь Б.О өмсөж байсан хар өнгийн майкаа тайлж хаячихаад гараад шатаар буугаад явчихсан. Нөгөө 2 залуу нь буцаад өрөөндөө орсон. Э.Д удалгүй эргэж орж байгаа харагдсан. Б.О цагдаа нартай хамт ирсэн. Б.О ын эхнэр манай аймагт ирж гоо сайхны үйлчилгээ хийдэг гээд олон удаа буудалд бууж байсан юм. Э.Д гэдэг залууг нь танихгүй. Б.О , Э.Д нар юунаас болж муудалцсаныг мэдээгүй. Гэнэт л шатан дээр хүний чанга ярих чимээ гарахаар нь би очиж харсан чинь Б.О , Э.Д нар зогсож байсан. Буусан өрөөний доторх эд зүйлс эвдэрч хэмхэрсэн зүйл огт байхгүй, зүгээр байсан. Өрөөндөө архи уусан байх, би тэд нарын өрөө рүү огт шагайж хараагүй. Б.О ыг Э.Д тай хамт явсан намхан залуу нь гүйж очоод барилцаад авч байгаа харагдсан. Б.О нөгөө залууг шатны уруу 2-3 гишгүүр шатаар чирэх шиг болсон. Тэгсэн чинь араас нь арай өндөр залуу нь салгаад авч байгаа харагдсан. Тэнд өөр зодоон болоогүй. Э.Д гадагшаа гарсан байх гэж бодож байна. байсан бол Б.О гарахдаа тааралдах байсан байх, Э.Д гарч яваад их удаагүй эргэж орж ирсэн...” /хх-39-40/,
Гэрч Т.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би өглөө 09 цаг гээд эмнэлэг дээр очсон. Түүнээс хойш буудалдаа очоогүй байсан. Өдөр 14 цагийн үед байх манай нөхөр Б.О над руу утсаар яриад манай найз гаальд ажилладаг энд буудал хайж байна гэхээр нь буудалдаа өрөөндөө буулгачихлаа гэж ярьж байсан. Түүнээс хойш утсаар яриагүй байж байгаад оройхон Б.О над руу утсаар яриад “Ч.Ч ын найзууд нь нэг л сонин байна” гэж ярьж байсан. Би удахгүй ажил тараад очно гэж хэлчихээд байж байсан чинь Б.О над руу залгаад эд нар нийлж намайг дээрэлхээд байна гээд амьсгаадчихсан ярьсан, өөр зүйл яриагүй. Би машинтайгаа буудал руу явж байсан чинь замын хажуугаар Б.О цээжээрээ хувцасгүй явж байгаа нь тааралдсан тэгээд цагдаагийн газар дээр очиж мэдэгдсэн. Б.О өөрөө хэлэхдээ Ч.Ч ын найзууд нь нийлж намайг зодохоор нь зугтаад гарч ирсэн гэж ярьсан. Би Ч.Ч ыг танина бусдыг нь огт танихгүй. Би тэр хэрэг болох үед ажил дээрээ байсан болохоор мэдэж байгаа зүйл байхгүй...” гэжээ. /хх-41/,
Гэрч Д.У , хохирогч Э.Д нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: “Гэрч Д.У : Энэ нөгөө цагаан фудболктой байсан Э.Д гэдэг залуу байна. Намайг буудлын 6 номерын өрөөнд цэвэрлэгээ хийж байтал хүн чанга хашхирч ярих чимээ гарахаар нь яаж байдаг юм бол гээд гараад иртэл коридорт хүн байхгүй болохоор нь үүдээр гадагшаа харсан чинь шатны дунд талын эргэдэг хэсэг зайд манай буудалд буусан Э.Д цагаан фудболктой, Б.О хар майктай өмнөөсөө хараад зогсож байсан. Би “Хөөе яаж байна та хэд” гэж хэлсэн чинь Э.Д нь амаа арччихаад шатаар уруудаад явчихсан. Б.О тэндээ үлдсэн. Би эргэж буудлын 8 номерийн өрөөнд шагайхад Э.Д гэдэгтэй хамт явсан хоёр залуу нь байж байхаар нь найз чинь гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хоёр гарсан. ...Намайг гарч харахад Э.Д шатны тэнд зогсож байсан. Энэ Э.Д анх буудалд орохдоо өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгч бүртгүүлсэн юм, тэгээд би нэрийг нь мэдэж байна. Би харсан зүйлээ л хэлсэн. Хохирогч Э.Д : ...Би буудлын 8 номерийн өрөөнд Б.О гэдэг хүнд зодуулсан, Б.О гарч зугтаасан. Би гадагшаа огт гараагүй. Би өрөөнөөсөө гараагүй, би өрөөнийхөө үүдээр цухуйж О.Б , У.Б хоёрыг дуудаж байсан. Би шат руу огт гараагүй. Та хүн андуураагүй биз...” гэжээ. /хх-42/,
Гэрч Э.С ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би хамт ажилладаг хүмүүстэйгээ явж байгаад аймгийн төвд ирэхэд Улаанбаатар хот руу гарах зам хаасан байсан учир зочид буудалд өрөө авч хонохоор болсон юм. Тэр буудалд манай нөхрийн найз Б.О гэх залуу /танилцахад Б.О гэж нэрээ хэлсэн/, Ч.Ч бид хоёр хамт Б.О ын өрөөнд хамтдаа нэг шил архийг тэр хоёр хувааж уусан. Бас хөзөр тоглоод нэлээд удсан. Тэгж байтал манай нөхөр Ч.Ч их согтоод байхаар нь бид хоёр өрөөндөө орж амарсан. Б.О манай хаалгыг 2-3 удаа ирж тогшсон. Ч.Ч ыг дуудаж авах гээд байсан байх. Ч.Ч бид хоёр өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжчихээд унтаж байсан юм. 3-4 цагийн дараа би сэрээд хаалгаа нээчихээд байж байтал хамт явж байсан О.Б , У.Б нар манай өрөөнд орж ирсэн. Буудлын үйлчлэгч эгч коридорт майктай хүн чинь гараад гүйчихлээ шүү дээ гэж хашхирсан. У.Б , О.Б нар гадагшаа гарч гүйсэн. Удалгүй эргээд тэр хоёр ирээд “Ч.Ч оо танай найз чинь Э.Д ыг зодчихлоо шүү дээ” гэж хэлсэн. Ч.Ч бид хоёр хамт Э.Д ын байсан өрөөнд орсон чинь Э.Д өрөөндөө амнаас нь цус гарчихсан шүд нь уначихлаа гээд амаа гараараа дараад үүдний хажууд зогсож байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би Э.Д тай 2017 оны 11 сараас хойш хамт ажиллаж байна, түүнээс өмнө танидаггүй байсан. Ч.Ч бид хоёр өрөөндөө байсан болохоор яг хэн хаана яаж зодсоныг нь хараагүй. Сүүлд нь У.Б , О.Б хоёр гарч ирчихээд Э.Д бид нарт ярихдаа үйлчлэгчийг хашхирахаар нь гарсан чинь Э.Д коридорт намайг цохьчихлоо шүү дээ гээд зогсож байсан, тэгсэн чинь Б.О гадагшаа гарах гэж байхаар нь араас нь хөөж байгаад ирлээ гэж тэр хоёр ярьж байсан. Э.Д шат руу явсан эсэхийг мэдэхгүй, би өрөөнөөсөө гараагүй болохоор мэдээгүй. Э.Д их согтуу байх шиг байсан. Э.Д , Б.О нар архи уусан согтолттой байсан. Үйлчлэгч майктай нь гараад гүйчихлээ шүү дээ гэж хашхирахад У.Б , О.Б нар манай өрөөнд байж байсан. Тэгээд үйлчлэгчийг хашхирангуут У.Б , О.Б нар гарч гүйсэн. Ч.Ч бид хоёр бас араас нь гараад шатны дээр очиж харсан. Тэгэхэд нөгөө хоёр доороос гарч ирсэн. Шатан дээр өөр хүн байгаагүй, үйлчлэгч эгч бас шатны хажууд байсан. У.Б , О.Б хоёр дээшээ гараад ирэхээр нь бид нар хамтдаа Э.Д ын өрөөнд орцгоосон. Э.Д амаа дарчихсан амнаас нь цус гарчихсан зогсож байсан. Тухайн үед би доошоо гүйсэн У.Б , О.Б хоёрын араас нь харсан. Э.Д ыг хаана байсныг анзаарч хараагүй. Намайг шатан дээр очоод харахад шатны дунд хэсэгт У.Б арагшаа унасан бололтой босч байсан. Хажуугаар нь О.Б , Б.О ын араас гүйж байгаа харагдсан...” гэжээ. /хх-43-44/,
Гэрч О.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...У.Б бид хоёр хажуу талын өрөөнд байж байгаад эргээд өрөөрүүгээ шагайсан чинь Э.Д ын амнаас цус гарчихсан үүдэн шүд нь уначихсан зогсож байсан. ...Би санахдаа Ч.Ч ын өрөөнд байж байгаад өрөөнөөс нь гарангуут хаалганы хажууд коридорт Э.Д амаа дарчихсан зогсож байсан санагдаж байгаа юм. Намайг уг өрөөнөөс гарахад Б.О яг буудлын хаалгаар гарах гээд гуйваад явж байсан. Араас нь У.Б явсан. Би үлдээд жаахан байж байгаад араас нь шат руу очсон. У.Б ийг Б.О шатны дунд хэсэгт унагачихсан цохиж байхаар нь “Би хөөе яаж байна” гээд шатаар буусан чинь Б.О гараад зугтаачихсан. Бид нар Б.О ын өрөөнд огт ороогүй. Э.С ийн өрөөнд ороход Э.С сэрүүн, Ч.Ч согтчихсон унтаж байсан байх гэж санаж байна. Би Б.О од огт гар хүрээгүй, цохиж зодоогүй. Харин Б.О шатан дээр У.Б ийг унагачихсан байхаар нь наанаас нь очоод өмсөж байсан майкнаас нь зулгаасан чинь Б.О чигээрээ майкаа урж орхиод явчихсан. Э.Д , Б.О нар шатан дээр зогсож байсан талаар мэдэхгүй байна. У.Б , Б.О нар бол шатан дээр байсан. Буудлын үйлчлэгч хаана байсныг мэдээгүй...” гэжээ. /хх-45/,
Гэрч Д.У , гэрч У.Б нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: “Гэрч Д.У : Энэ хүн манай буудалд Э.Д тай хамт буусан залуу мөн байна. Энэ залуу шатан дээр Б.О руу алхаад очсон чинь Б.О өмнөөс нь алхаад энэ залууг шатны уруу чирээд шатан дээр унагасан чинь нөгөө өндөр залуу нь салгаад авсан. Энэ залуу Б.О ыг цохиж зодож байгаа харагдаагүй. О.Б гэдэг залуу Б.О ыг цохиж зодоогүй, тэр залуу нь тухайн үед ногоон цамцтай байсан. У.Б оос өндөр залуу байгаа, тэр залуу Б.О ыг огт цохиж зодоогүй... Хохирогч У.Б : Бид нарын буусан буудлын эгч байна. Д.У гийн ярьсан зүйл үнэн байна. ...Намайг шатан дээр уначихсан Б.О той байхад Э.Д байсан юм уу?...гэхэд гэрч Д.У : Тэр үед Э.Д доошоо шатаар буучихсан байсан шүү дээ...”. Гэрч У.Б : Намайг Б.О ын дор зодуулж байхад та хашхирсан юм уу? гэхэд гэрч Д.У : Тэгсэн би тэр үед болиочээ гэж хашхирсан...” гэжээ. /хх-46/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1-2/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-3-4/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-10/,
Согтуурал шалгасан магадалгаа /хх-11-20/,
Гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-46/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-47/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-48-50/,
Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын тодорхойлолт /хх-52/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: “Э.Д ын биед зүүн дээд 1,2-р шүдний хугарал, доод уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-54/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 199 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: “Б.О ын биед тархины доргилт, зүүн бугалга, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-59/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74-75/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарийн талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-76-91/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-92,94-98,99,/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-93,100-103/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Гэгээн говь” зочид буудалд Э.Д ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Гэгээн говь” зочид буудалд Б.О ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Э.Д , шүүгдэгч Б.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.О шүүгдэгч Э.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Гэгээн говь” зочид буудалд хоорондоо маргалдан зодолдож шүүгдэгч Э.Д нь хохирогч Б.О ын бие эрх чөлөөнд нь халдаж тархины доргилт, зүүн бугалга, баруун шууны зулгаралт гэмтэл, шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Д ын бие эх чөлөөнд нь халдаж зүүн дээд 1, 2-р шүдний хугарал, доод уруулын язарсан шарх гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д ын “...Ч.Ч Б.О гэх /сүүлд нэрийг нь мэдсэн/ залуутай хамт өрөөнд нь архи ууж байсан. Бид нарыг буудлын үйлчлэгч тооцоогоо хий гэхээр нь бид гурав хамт үйлчлэгчийн өрөөнд очиж тооцоо хийж байтал Ч.Ч той хамт Б.О гэх залуу орж ирээд бид нартай танилцаад манай өрөө рүү дагаж орсон. Бид 3 Б.О той нийлж архи уусан...Б.О босоод өрөөний хаалга цоожлоод миний хажууд ирж сууснаа гэнэт миний нүүр лүү гараараа цохьсон. Би арагшаа орон дээр нүүрээ дараад суусан чинь Б.О дээрээс цохиод байсан...Миний амнаас цус гарчихсан байсан, нэг шүд хугараад унасан...Би Б.О ыг өрөөнөөс гарч зугтаасны дараа өрөөнөөсөө огт гараагүй…Гомдолтой байна, хугарсан шүдээ хийлгэх зардлыг нэхэмжилмээр байна. Нийт 3.870.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-23-24/, хохирогч Б.О ын “...Миний биед гар зулгарч, нурууны далны завсраар нэлээд хөндүүрлэчихсэн байсан. Толгой руу Э.Д цохьсон. Гомдол санал гэх зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/, гэрч О.Б ын “...Э.Д , У.Б бид гурав нэг өрөөнд сууж байгаад архиа хувааж уусан. Бидэнтэй явсан Ч.Ч найз охинтойгоо болон нөгөө найзтайгаа хамт нэг өрөөнд архи уусан. Бид нар дахиад нэг шил архи авч хувааж уусан. Шөнө болсон хойно хаалга тогшоод Ч.Ч ын найз гэх залуу нэг тал шил архи бариад орж ирсэн. Бид нартай жаахан сууж байгаад согтуурхаад хэрүүл өдөөд эхэлсэн. У.Б өрөөнөөс гаргасан. Нөгөө залуу удалгүй эргэж орж ирээд “Та нартай үзмээр байна, та нар яах гээд байна” гээд байсан. Би уурлаад хөөгөөд гаргах гэсэн чинь Э.Д “Бид нарыг боль, та хоёр хажуу өрөөнд орж хоол ид” гэхээр нь У.Б бид хоёр хажуу талын өрөөнд орж байж байгаад удалгүй эргээд өрөөрүүгээ шагайсан чинь Э.Д ын амнаас цус гарчихсан үүдэн шүд нь уначихсан гараараа амаа дараад зогсож байсан. Нөгөө залуу нь буудлын коридороор гүйгээд шатаар доошоо бууж байсан… Б.О намайг зодож цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Ч.Ч ын “...Би найз Б.О той яриад “Би аймагт байна зам хаагдчихлаа гэж хэлсэн чинь тэгвэл би буудлын хүнтэй нь яриад асууя” гээд асуугаад өрөө байна гэхээр нь би хамт явсан хүмүүстээ хэлээд бид нар Б.О ын байгаа буудалд нь очиж буусан. Тухайн үед 2 өрөө авсан. Жижиг нэг ортой өрөөнд нь манай найз охин Э.С бид хоёр, 3 ортой том өрөөнд манай хамт явсан У.Б , Э.Д , О.Б нар хамт орцгоосон. Би Б.О ын өрөөнд орж хамт нэг шил архи хувааж уусан...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/, гэрч У.Б ийн “...Э.Д гараараа амаа дарчихсан “Гэнэт цохьчихлоо шүү дээ” гэсэн. Юу болсон бэ гэсэн чинь амнаас нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/, гэрч Д.У гийн “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагаас “Гэгээн говь” буудалд жижүүрээр ажиллаж байсан. Өдөр 13 цагийн үед манай буудалд бууж байрласан байсан. Б.О гэдэг залуу 5 хүн дагуулж ирээд манай найз гээд манай буудалд 2 өрөө авч оруулсан…Би юу болж байна, та нар гэж хэлсэн чинь Э.Д гэдэг залуу нь цагаан фудволктой зогсож байгаад намайг хашхирсан чинь амаа арччихаад гадагшаа шатаар буугаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-39-40/, гэрч Д.У , хохирогч Э.Д нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: “Гэрч Д.У : Энэ нөгөө цагаан фудболктой байсан Э.Д гэдэг залуу байна. Намайг буудлын 6 номерын өрөөнд цэвэрлэгээ хийж байтал хүн чанга хашхирч ярих чимээ гарахаар нь яаж байдаг юм бол гээд гараад иртэл коридорт хүн байхгүй болохоор нь үүдээр гадагшаа харсан чинь шатны дунд талын эргэдэг хэсэг зайд манай буудалд буусан Э.Д цагаан фудболктой, Б.О хар майктай өмнөөсөө хараад зогсож байсан. Би “Хөөе яаж байна та хэд” гэж хэлсэн чинь Э.Д нь амаа арччихаад шатаар уруудаад явчихсан. Б.О тэндээ үлдсэн. Би эргэж буудлын 8 номерийн өрөөнд шагайхад Э.Д гэдэгтэй хамт явсан хоёр залуу нь байж байхаар нь найз чинь гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хоёр гарсан. ...Намайг гарч харахад Э.Д шатны тэнд зогсож байсан. Энэ Э.Д анх буудалд орохдоо өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгч бүртгүүлсэн юм, тэгээд би нэрийг нь мэдэж байна. Би харсан зүйлээ л хэлсэн. Хохирогч Э.Д : ...Би буудлын 8 номерийн өрөөнд Б.О гэдэг хүнд зодуулсан, Б.О гарч зугтаасан. Би гадагшаа огт гараагүй. Би өрөөнөөсөө гараагүй, би өрөөнийхөө үүдээр цухуйж О.Б , У.Б хоёрыг дуудаж байсан. Би шат руу огт гараагүй. Та хүн андуураагүй биз...” гэсэн мэдүүлэг /хх-42/, гэрч Э.С гийн “...Буудлын үйлчлэгч эгч коридорт майктай хүн чинь гараад гүйчихлээ шүү дээ гэж хашхирсан. У.Б , О.Б нар гадагшаа гарч гүйсэн. Удалгүй эргээд тэр хоёр ирээд “Ч.Ч оо танай найз чинь Э.Д ыг зодчихлоо шүү дээ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-43-44/, гэрч О.Б ын “...Э.Д ын амнаас цус гарчихсан үүдэн шүд нь уначихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-45/, гэрч Д.У , гэрч У.Б нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: “гэрч Д.У : Энэ хүн манай буудалд Э.Д тай хамт буусан залуу мөн байна. Энэ залуу шатан дээр Б.О руу алхаад очсон чинь Б.О өмнөөс нь алхаад энэ залууг шатны уруу чирээд шатан дээр унагасан чинь нөгөө өндөр залуу нь салгаад авсан. Энэ залуу Б.О ыг цохиж зодож байгаа харагдаагүй. О.Б гэдэг залуу Б.О ыг цохиж зодоогүй, тэр залуу нь тухайн үед ногоон цамцтай байсан. У.Б оос өндөр залуу байгаа, тэр залуу Б.О ыг огт цохиж зодоогүй... Хохирогч У.Б : Бид нарын буусан буудлын эгч байна. Д.У гийн ярьсан зүйл үнэн байна. ...Намайг шатан дээр уначихсан Б.О той байхад Э.Д байсан юм уу?...гэхэд гэрч Д.У : Тэр үед Э.Д доошоо шатаар буучихсан байсан шүү дээ...”. Гэрч У.Б : Намайг Б.О ын дор зодуулж байхад та хашхирсан юм уу? гэхэд гэрч Д.У : Тэгсэн би тэр үед болиочээ гэж хашхирсан...” гэсэн мэдүүлэг /хх-46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О , Э.Д нарын харилцан бие биедээ учруулсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Шүүх шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаартай шинжээчийн: “Э.Д ын биед зүүн дээд 1,2-р шүдний хугарал, доод уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-54/-ээр, мөн тус албаны 199 дугаар шинжээчийн: “Б.О ын биед тархины доргилт, зүүн бугалга, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-59/ тус тус нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Д ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ, мөн шүүгдэгч Э.Д нь хохирогч Б.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрөхгүй талаараа мэдүүлэг өгсөн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй ба хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар гэмт хэрэг үйлдээгүй гэх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна.
Харин шүүгдэгч Б.О , шүүгдэгч Э.Д нарт хууль сануулж хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хохирогч Б.О нь миний эрүүл мэндэд шүүгдэгч Э.Д гэмтэл учруулсан надад нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй , хохирогч Э.Д нь миний шүдийг шүүгдэгч Б.О хугалсан, бид хоёр харилцан тохиролцож гэрээ байгуулан шүд хийлгэх зардалд 1.200.000 төгрөг өгч авахаар тохиролцон гэрээ байгуулсан талаараа тус тус мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлж үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Б.О нь 1.72 хувийн согтолттой, шүүгдэгч Э.Д нь 1.55 хувийн согтолттой байсан нь согтуурал шалгасан магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-11-14/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-74/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Харин шүүгдэгч Б.О , Э.Д нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгч Э.Д , шүүгдэгч Б.О нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлдэг байдал болон цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүгдэгч Б.О , шүүгдэгч Э.Д нар 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч, хохирогч Э.Д , Б.О нар нь сайн дурын үндсэн дээр хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Д ад хохирол төлбөрт 1.200.000 төгрөг өгөхөөр тохиролцож 2018.06.21-нд 500.000 төгрөг өгч, үлдсэн 700.000 төгрөгийг энэхүү гэрээг байгуулснаас хойш 14 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Тэрээр шүүгдэгч Б.О нь хохирол төлбөрт 500.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Э.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “500.000 төгрөг төлөгдсөн байгаа” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлбөрийн үлдэгдэл 700.000 төгрөгийг шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Д ад гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Б.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Э.Д ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөн шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Д ад эвлэрлийн гэрээнд заасан 700.000 /долоо зуун мянга/ төгрөгийн төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Шүүхэд шүүгдэгч Э.Д , шүүгдэгч Б.О нар нь өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хүсэлтүүдээ бичгээр ирүүлсэн ба шүүх заавал өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтүүдийг хүлээн авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Э.Д , шүүгдэгч Б.О нар тус тус оногдуулсан нь 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д , шүүгдэгч Б.О нар нь тус бүр оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Д ад эвлэрлийн гэрээнд заасан 700.000 /долоо зуун мянга/ төгрөгийн төлөх төлбөртэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.Д , шүүгдэгч Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д , шүүгдэгч Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ