Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар  2025/ДШМ/18

 

2025         03             14                                     2025/ДШМ/18           

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр,  

прокурор Х.Ууганбат,

шүүгдэгч *******

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, О.Сайнгэрэл,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, О.Сайнгэрэл нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2330002810006 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Баянгол дүүргийн 18-р хорооны ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:*******)

 

2.Шүүгдэгч ******* нь түүнд холбогдох эрүүгийн 1809023970133 дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай тогтоолын дагуу битүүмжилсэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “Хулман нуур” гэх нэртэй газарт байрлах “*******” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний ил уурхайгаас 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 19,972,624,696.4 төгрөгийн үнэлгээтэй, 168,218,8 тонн нүүрсийг зөөн тээвэрлэж, гаалийн хяналтын бүсэд шилжүүлж, бусдад худалдан борлуулж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг үрэгдүүлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000  төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шатанд шүүгдэгч *******  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт ирүүлсэн 2 ширхэг DVD-R” дискийг хэрэгт хавсаргаж хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, О.Сайнгэрэл нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Өмгөөлөгчдийн саналд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх буюу эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй алдаатай болсон. Шүүгдэгч *******г анх залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгасан ба энэ гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Гэтэл түүний үндсэн үйлдэл холбогдлыг буюу эрүүгийн 1809023970133 тоот хэргийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үндсэн үйлдэл, холбогдол нь анхнаасаа гэмт хэргийн шинжгүй байсан тул эрүүгийн процесс ажиллагаанд гэмт хэргийн шинж нэгэнт агуулагдахгүй байх хууль зүйн ур дагавар үүснэ. Шүүгдэгч *******гийн ямар ч эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнд хүлээлгэн өгөөгүй, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд оролцуулаагүй, тэрээр нүүрс олборлох ажиллагааг мэдээгүй бөгөөд уг нүүрсийг ******* хилээр гаргаагүй,  өөр хүн, компани гаргасан. Гэмт хэрэг үйлдээгүй хүнд ял халдааж, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл бусдад аль хэдийн шилжүүлж өгсөн уурхайн нүүрсийг өөр бусад хүн олборлосон нь ******* хамааралгүй болох нь түүний мэдүүлэг, эрх шилжүүлсэн гэрээ, уурхайгаас нүүрс гаргаж зарсан бусад компанийн санхүүгийн баримт, гэрч Г.Ариунболдын мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдож байх тул шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй болно. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг ноцтой зөрчиж, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж танилцуулах, битүүмжлэх ажиллагаа явуулах хоёр өөр буюу тусдаа процессыг ялган зааглаж чадаагүй, нэг талыг баримталсан, яллах ба цагаатгах нотлох баримтыг зэрэгцэн цуглуулаагүй, үндсэн үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгт хавсаргаагүй, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг тооцон үзээгүй, зөвхөн цаасан баримт дээр гарын үсэг зурсан гэх үндэслэлээс нь илт харагддаг. Мөрдөн шалгах ажиллагааны үед *******г эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд оролцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд эд хөрөнгийг хүлээлгэн өгнө, хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулна, үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна, эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэсэн заалтуудыг мөрдөгч ноцтой зөрчсөн. Энэ хэрэг дээр шүүгч, прокуророос эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэсэн маш олон зүйл байна. Шүүх хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ улсын яллагч, өмгөөлөгч нарын аль аль талын гаргасан санал дээр ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгсөнгүй, зөв бурууг нь ялгасангүй, хэт ерөнхий бөгөөд бөөрөнхий, онол практикийн үндэслэлгүй, няцаалт өгсөн зүйлгүй, нэг ч нотлох баримт үндэс болгосонгүй, алийг нь авч, алийг нь үгүйсгэж байгаа талаараа огт дурдаагүй. Эд хөрөнгө битүүмжлэх талаарх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх, прокурор эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заагаагүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, ял шийтгэсэн тул шүүгдэгчид холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, *******г цагаатгаж, уг хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарынхаа тайлбар, саналыг дэмжиж байна. Би уурхайг битүүмжлэх үед нурууны гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж байсан. Би өөрийгөө гэм буруутай үйлдэл хийсэн гэж бодохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7.Хяналтын прокурор Х.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд эд хөрөнгө битүүмжлэх зохицуулалтыг тусгасан бөгөөд тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан байхаар хуульчилсан. Шүүгдэгч ******* нь “эд хөрөнгө битүүмжлэх тухай”  прокурорын тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. Тэрээр тус эд хөрөнгийг хадгалж, хамгаалах, түүнээс үүдэн гарах үр дагаврыг ойлгож мэдсээр байж битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн үйл баримт яригддаг. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн бодит байдал болон үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болоод хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго болоод гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангасан, хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлт үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, ******* холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

9.Прокуророос шүүгдэгч ******* нь түүнд холбогдох эрүүгийн 1809023970133 дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн “Хулман нуур” гэх газар дахь “*******” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний ил уурхайгаас 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 19,972,624,696.4 төгрөгийн үнэлгээтэй, 168,218,8 тонн нүүрсийг зөөн тээвэрлэж, гаалийн хяналтын бүсэд шилжүүлж, бусдад худалдан борлуулж, үрэгдүүлсэн гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. (5 хх 161-170)

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

11.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж, үнэлж чадаагүй, тогтоосон үйл баримт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хянан үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

11.1.Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан” гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн 1809023970133 дугаартай хэрэг үүсгэн шалгах явцдаа “*******” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний ил уурхайг битүүмжлэх ажиллагааг хийсэн байх ба уг хэргийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байна.  (5 хх 117-119, 198-212)

11.2.Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын тогтоох хэсэгт: Эрүүгийн 1809023970133 дугаартай хэрэгт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн “Хулман нуур” гэх газар дахь “*******” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний ил уурхайг битүүмжилж, битүүмжилсэн эд хөрөнгийг яллагдагч ******* хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэж, эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулах тухай заалтуудыг бичжээ. (1 хх 37-38),

11.3. Дээрх тогтоолын дагуу 2023 оны 6 дугаар сарын 07-ны  өдөр “*******” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний ил уурхайг битүүмжлэх ажиллагааг явуулж, тэмдэглэл үйлдсэн байна.  (2 хх 85-108),

11.4.“*******” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувийг “” ХХК, 40 хувийг гүйцэтгэх захирал *******, 10 хувийг иргэн , 10 хувийг иргэн нар эзэмшдэг болох нь тухайн компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байхаас гадна Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, “Хулман нуур” гэх газар дахь нүүрсний ил уурхайн МҮ-017480 дугаартай, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг “*******” ХХК эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. (4 хх 22-23, 61-64)

11.5.Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2023 оны 7 дугаар сарын 20-ны 4/70 дугаартай тогтоолоор: “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу эрүүгийн 1809023970133 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газраас татаж хянаад “*******” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувийг “” ХХК, 40 хувийг гүйцэтгэх захирал *******, иргэн , нар тус бүр 10 хувийг эзэмшдэг бөгөөд “*******” ХХК-ийг яллагдагч, иргэний хариуцагчаар татаагүй байхад уул компанийн эзэмшлийн нүүрсний ил уурхайг прокуророос битүүмжилсэн нь тус компанийн нүүрс олборлох үйл ажиллагааг зогсоож, улмаар бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар байна гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.  (1 хх 184, 2 хх 122-123),

 

12.Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үйл баримтууд, холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно. Үүнд:

 

12.1.Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн диспозицийг “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол…” хэмээн тодорхойлсон бөгөөд уг гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн болгоомжгүй, объектив тал нь эрх бүхий албан тушаалтны хууль зүйн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хэлбэрээр илэрнэ. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулахаар хуульчилсан.

12.2.Прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан” гэмт хэрэг үйлдээгүй, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, эрүүгийн 1809023970133 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад хийгдсэн эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааны улмаас ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

12.3. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолыг дээд шатны прокуророос хууль бус гэж үзэж, хүчингүй болгосон байх тул уг тогтоолын дагуу хийгдсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг мөн адил хууль бусаар явуулсан дүгнэв.

12.4. Нөгөө талаас битүүмжилсэн эд хөрөнгө гэх нүүрс, нүүрсний ил уурхай нь иргэн АЭнхээгийн хувийн өмч биш, тухайн эрүүгийн хэрэгт яллагдагч болон иргэний хариуцагчаар татагдаагүй, хэргийн оролцогч биш “*******” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө байх тул тус компанийн эзэмшлийн нүүрсний ил уурхайг битүүмжлэх ажиллагааг хийсэн нь хууль бус болно.

12.5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн субъект нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан байх тул яллагдагч ******* нь энэ гэмт хэргийн субъект болохгүй юм.

12.6.Битүүмжлэх ажиллагааг хийсэн мөрдөгчийн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хийсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хянан үзэхэд “*******” ХХК-ийн уурхайн нүүрсийг битүүмжлээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болохгүй.

12.7.Битүүмжлэх ажиллагаанд яллагдагч *******г оролцуулаагүй, түүнд битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хуульд заасан хариуцлага хүлээхийг сануулж, энэ талаар холбогдох тэмдэглэлд бичиж, гарын үсэг зуруулаагүй байх тул мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хуульд заасан хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулна.” гэж заасанд журмыг зөрчсөн гэж дүгнэв. (2 хх 85-108),

 

13. Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******гийн гэм бурууг хянан хэлэлцээд түүнийг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эрүүгийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэх дүгнэлт хийлээ.

 

14.Иймд шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Ганболд, О.Сайнгэрэл нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Ганболд, О.Сайнгэрэл нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж, түүнд холбогдох эрүүгийн 233002810006 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                                 Г.УРТНАСАН

                                                                                                Ц.ЭРДЭНЭЗУУ