| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2019/00807/И |
| Дугаар | 210/МА2019/01482 |
| Огноо | 2019-08-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2019/01482
| 2019 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2019/01482 |
Э.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01013 дугаар шийдвэртэй, Э.Эийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 917 дугаар шийдвэрээр 14 462 400 төгрөг гаргуулж М ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилон миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж 27 тоот 241.5 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 72 000 000 төгрөгөөр буюу зах зээлийн тооцоолол, судалгаагүй хэт доогуур үнэлсэн.
Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 72 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 917 дугаар шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19300034 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж төлбөр төлөгч Э.Эийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаалбарыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгө хураан авсан.
Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ Эстимейт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, мөн сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 72 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Уг үнэлгээг талуудад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/7669, 4/7668 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамж 27 тоотод байрлах 241.5 м.кв талбайтай хувийн сууц, гарааш, 700 кв гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Эийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03302 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Э.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө, газраа зам дагуу цэвэр, бохирын шугам татагдсан Нийслэлийн газар төлөвлөлтөд орсон, газраа чөлөөлсөн айлууд 180 000 000 төгрөгөөр барилга барих компаниудад газраа худалдаж байсан гэж гэрч асуулгаж, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн үнэлгээ болохоо нотолсон байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 33 гудамж, 27 тоотод бүртгэлтэй 241 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 72 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ.
Хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШШ2018/00917 дугаартай захирамж авагдсан байна. /хх 20-21 дэх тал/ Э.Э уг захирамжид заасан буюу Майкапитал ХЗХ-д 14 462 400 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцжээ. /хх 18-21 дэх тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар харилцан тохиролцоогүйн /хх 43-44 дэх тал/ улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Шинжээч томилох тухай 91 дугаартай тогтоол гарган Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд Э.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 27 тоотод байрлах 241.5 м.зв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг нийт 72 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 45, 49-56 дахь тал/ Уг үнэлгээ нь талуудын маргааны зүйл болжээ.
Хэрэгт авагдсан Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байна.
Нэхэмжлэгч Э.Э нь дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ нотлохоор өөрийн эх Т.Эрдэнэчимэгээс гэрчийн мэдүүлэг авахуулжээ. Гэрчийн ... замын ар тал төлөвлөлтөд ороод айлуудаа явуулсан, ... манайд хэлэхдээ байшин нь 130 000 000 төгрөг болоод газрын үнэлгээ нэмэгдэнэ гэсэн ..., ... манай дүүгийн ангийнх нь хүүхэд 180 000 000 төгрөгөөр аваад нэгдүгээр хороололд байранд орсон гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг нь тухайн эд хөрөнгийг 180 000 000 төгрөгийн үнэтэй гэдгийг нотлохгүйн гадна нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг шинжээчийн тогтоосон үнэлгээнээс өндөр гэдгийг баримтаар нотлоогүй байна. /хх 96 дахь тал/
Мөн хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч Э.Эт 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь хэргийн 64-65 дахь талд авагдсан 4/7669 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогджээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаагүй шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/01013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ч.ЦЭНД