Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/19

 

2025        03             14                                      2025/ДШМ/19                 

                                                                                                                        

******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр,  

прокурор Х.Ууганбат,

                      шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2430002040238 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг “Баян-Овоо”-ны 04 тоотод оршин суух хаягтай, 2020 онд Улсын аварга малчин болж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ургийн овогт ******* /РД:*******/

2.Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг “Булган” гэх газраас ******* эзэмшлийн хар халзан, хар цээжтэй, дөрвөн хөл нь хар, урдаасаа хоёр бахь имтэй 1 тооны нас гүйцсэн бүдүүн эр хонь болох бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, малын имийг өөрчлөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж бусдад нийт 213,300 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* 213,300 төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх ******* холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байхад эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шалгасан байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь нотолгооны стандартыг алдагдуулж “in dubio pro reo” зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт мөн. Үүний тулд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр шүүх аль нэг талд шийдвэр гаргахыг шаардана. Эдгээрийг нэг бүрчлэн судалсан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг тус хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан байхад гэмт хэргийн шинж хангалттай нотлох тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтууд хавтаст хэрэгт цуглараагүйг үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдалтай адилтгах байдлаар тус зарчмын агуулга, зорилгыг алдагдуулсан байна. Шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад хийсэн дүгнэлт нь хохирогч ******* болон хэргийн оролцогчдын /гэрч А.Бат-Эрдэнэ, Б.Одгэрэл/ нарын шударга шүүхээр шүүлгэх эрхийг хөндсөн гэх үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүх нь шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст шүүх шийдвэрээ гаргах боломжтой байсан бөгөөд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгалгүйгээр хэргийн эцсийн шийдвэрийг гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, түүнд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Түүнийг цагаатгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий үндэслэл, зарчмыг удирдлага болгон тогтоох хэсгийн үндэслэл болгон шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд тодорхой заасан бөгөөд шүүхээс дээрх зарчмыг удирдлага болгон хэргийг шүүгдэгчид ашигтайгаар хянан шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль тохирох хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох байдлаар шийдвэрлэх байсан. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* холбогдох 2430002040238 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцаасугай” гэж дурдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл нь давж заалдах шатны шүүхээс гаргах шийдвэрийн талаар зохицуулсан бөгөөд тус зүйл нь 2 хэсэгтэй бөгөөд 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг гэж тус хуульд байхгүй, хуульчлаагүй байх тул шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүний хонь имнэж, аваагүй.  Шүүх үнэн зөвийг тогтоож өгнө үү гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуралд оролцсон прокурор урьдчилсан хэлэлцүүлэг явуулах санал гаргаагүй, энэхүү хэргийг бүрэн нотолж, шалгах юм байхгүй гэж шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Прокурорын зүгээс *******, Б.Одгэрэл, А.Бат-Эрдэнэ, Батхуяг нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзсэн. Энэ хэдийн мэдүүлгээс үзэхэд яг ямар имтэй мал байсан талаар харсан хүн байхгүй. Энэ хүнийг авсан байх магадлалтай хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нөгөө хоёр хүний мэдүүлгээр бол малын имийг нь өөрчилсөн гэх асуудлыг шүүгдэгчид хэлээгүй. Шүүгдэгч би завгүй байна. Та хэд малаа аваад яв гэж хэлсэн. Малаа хашаанд хийгээд үзүүлсэн байгаа. Тэгэхэд хайж, бүх юмыг нь үзэж шалгаад байхгүй болохоор шүүгдэгчийг чи хонийг минь авсан байна гэж хэлж хоорондоо маргалдсан асуудал байдаг. Тэр үйл явдал 5 дугаар сарын 09-ний өдөр болсон. Тэр үедээ цагдаагийн байгууллагад өгч шалгуулаагүй. Дараа нь 6 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл гомдол гаргасан байдаг. Шүүгдэгчийн хонь  хоёр чих нь догол имтэй. ******* хонь болохоор зүүн чих давхар догол, баруун чих имгүй. Шүүгдэгч үнэхээр шунахайн сэдэлтээр авсан бол 2 чихийг нь хоёуланг нь  догол им хийх байсан. Айлын имийн эсрэг талын чихийг нь имнэсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Үүнийг үзсэн харсан хүн, нотлох баримт байхгүй. Өөрсдөө  хонио алга болгосон байх магадлалтай байна.  Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Бүх нотлох баримтыг харьцуулан дүгнэж, хуульд заасан итгэл үнэмшилд тулгуурлан шийдвэр гаргасан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын техникийн шинжтэй алдааг залруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

10.Прокуророос шүүгдэгч *******ыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг “Булган” гэх газраас хохирогч ******* эзэмшлийн нас гүйцсэн бүдүүн эр хонь буюу нэг тооны бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, малын имийг өөрчлөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж, бусдад нийт 213,300 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

12.Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан. Мөрдөгч, прокуророос хохирогчийн гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн байх боловч шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотолж чадаагүй байна.  

13.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, үнэлээд шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий байна. Тодруулбал:  

13.1.Яллагдагч *******ын “2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Цэнд- Аюушийн малчин Бат-Эрдэнэ: -Манай хонь дутуу байна. танай хонинд үзье гэсэн.  Тэгээд хонь руу очиж, үзээд Цэнд-Аюушийн хониноос 2 хонь байна гэж хэлсэн.  Би хонио авахгүй юу даа гэж хэлчхээд үхэр, адуундаа яваад өгсөн. Бат-Эрдэнэ орой хонь хотлохоор авъя гээд яваад өгсөн. Би үхэр, адуугаа эргэчхээд сувай хонь руугаа очсон. Тэнд гурван хүн байсан. Нэг төлөг бариад хөлийг нь боочихсон. Нөгөө эр хонь нь байхгүй байна гэж надад хэлсэн. Би тасарсан хонио олоод хашаа руугаа очоод эр хонийг нь хайсан боловч манай хонинд байхгүй байсан. Тэгээд Бат-Эрдэнэ нь надтай “Эр хонь хаашаа хийв” гэж маргаад бид эм хонинд үзэхээр явсан. Явах замдаа хашаанд байсан ишигтэй, ямаатай пүнзэнд үзсэн. Дараа нь намайг хонь хулгайлсан гээд цагдаад өгсөн байсан” гэх мэдүүлэг (Хэргийн 61-63 дугаар хуудас),

13.2.Хохирогч ******* “Манай малыг Бат-Эрдэнэ, Одгэрэл нар малладаг юм. 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр саахалт айл *******ын хоньтой манай хонь нийлсэн. Гэтэл манай хониноос 1 нас гүйцсэн бүдүүн эр хонь алга болсон юм. Манай малчин хонинд үзэхэд байсан, түүнээс хойш олдохгүй байна гэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би *******ыг хардаж байна.”  гэх мэдүүлэг (Хэргийн 9-10 дугаар хуудас),

13.3.Гэрч “2024 оны 4 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот руу явахдаа Одгэрэлд сувай хонио харж бай гээд үлдээсэн. Би хэд хоногийн дараа ирээд малаа бүртгэхэд, бүдүүн эр хонь байхгүй байсан. Манай хонь ******* ахын хоньтой нийлсэн гэсэн. Тэгээд Одгэрэлтэй хамт очиж үзэхэд, манай алга болсон эр хонь байсан. өөрийн имээр имнэсэн байсан. Бид тай уулзахад: Байгаа бол аваад яв гэсэн. Би орой эргэж ирээд авъя гэж хэлээд явсан. Тухайн өдрийн орой 17 цагийн үед Батхуяг, Одгэрэл нарын хамт д очиход бүдүүн эр хонь байхгүй, харин төлөг нь байсан. Бид төлгөө авсан, харин эр хонио авч чадаагүй. *******аас асуухад мэдэхгүй гээд загнаад байсан.” гэх мэдүүлэг ( Хэргийн 13-14, 25 дугаар хуудас),

13.4. Гэрч : Миний бие ******* гэх хүний малыг маллаж байгаа. Сувай хонийг нь Батхуяг, Бат-Эрдэнэ нар малладаг. Батхуяг хонио хоньтой нийлүүлчихлээ гэж ярьж байсан. Бат-Эрдэнэ Улаанбаатар хот руу ажлаар явж, ирээд: -Нэг бүдүүн эр хонь алга болсон байна. Хоёулаа хамт яваад *******ын хонинд үзчихээд ирье гэсэн. Бид хоёр шууд хонь руу очоод харахад, манай бүдүүн эр хонь мөн байсан. Бид руу очоод: -Манай хоёр хонь байна, удахгүй ирж авъя гэж хэлээд явсан. Бид 2 цаг гаруйн дараа хонио авах гээд очиход, өдөр байсан эр хонь алга болсон байсан. Бид хашаатай байсан малыг нь үзсэн боловч байхгүй байсан. Мөн аас асуухад мэдэхгүй гэсэн. Бид төлгөө авсан. Намайг Бат-Эрдэнэтэй очиход бүдүүн эр хонины баруун чихийг нь урдаасаа догол имээр имнэчихсэн байсан. Харин төлгийг нь имнээгүй байсан.” гэх мэдүүлэг ( Хэргийн 17-18, 28 дугаар хуудас),

13.5.Гэрч “2024 оны 4 дүгээр сарын сүүлээр Бат-Эрдэнэ ах хот руу яваад би малаа харж үлдсэн. Би 4-5 хоногийн дараа хонио хоньтой нийлүүлсэн. Тухайн өдрөө хонио ялгасан. Бат-Эрдэнэ ах хонь нийлснээс 2 хоногийн дараа ирээд надаас хонио хүлээж авахдаа бүртгээд: -Нэг эр хонь алга болсон байна гээд өөрөө явж үзээд хонинд байна гэсэн. Бид 3 цаг орчмын дараа очиход байхгүй байсан. , Бат-Эрдэнэ нар муудах гээд байхаар нь салгаад төлгөө аваад явцгаасан. Би өөрийн нүдээр бол хараагүй... " гэх (Хэргийн 21-22, 31-32 дугаар хуудас) мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хянан үзэхэд шүүгдэгч *******ыг хохирогч Цэнд-Аюушийн нэг хонийг хулгайлсныг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй, уг хонийг авсан, нуусан, зөөж тээвэрлэсэн, бусдад өгсөн, худалдан борлуулсан зэрэг шүүгдэгчийн үйлдэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрч А.Бат-Эрдэнэ, Б.Одгэрэл, Б.Батхуяг нар: “Манай хонь *******ын хоньтой нийлсний дараа түүний хонинд үзэхэд алга болсон эр хонийг имнэсэн байсан. 2-3 цагийн дараа авахаар очиход байхгүй байсан” гэж мэдүүлснийг шүүгдэгч Б.ыг алга болсон гэх эр хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсан гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасныг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

15.Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж,  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай цагаатгах тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай.

          1.1.Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сүхбаатар аймгийн прокурорын газраас ******* овогт 17.12 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж өөрчилсүгэй.  

1.2.Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* холбогдох 2430002040238 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцаасугай” гэж өөрчилсүгэй.

1.3.Цагаатгах тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                                    Г.УРТНАСАН

                                                                                   Ц.ЭРДЭНЭЗУУ