Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 125/ШШ2026/0034

 


 

    2026           09            09                                         125/ШШ2026/0034

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч М.Мянганбаяр, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 ХОА-2024/30-4-ШТА-ГА дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахимаар/ болон иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавхлантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “*******” ХХК-аас Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 ХОА-2024/30-4-ШТА-ГА дугаартай “*******” ХХК-д ногдуулсан нийт 399,499,680 төгрөгийн төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А/162 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын 2024 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөө”-г үндэслэн  Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга *******аас Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр, газрын төлбөрийн орлогын ногдуулалт, бүрдүүлэлтийн талаар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллага болох аймаг сумдын  ИТХ, Засаг дарга, аймаг, сумдын ЗДТГ, орон нутгийн өмчийн газар, Татварын хэлтэс ГХБХБГ-ын 2019-2023 оны газар олголт, газрын төлбөрийн ногдуулалт, бүрдүүлэлттэй холбоотой  үйл ажиллагаанд аудит хийх төлөвлөгөө баталсан.

2.2. Уг төлөвлөгөөний хүрээнд “*******” ХХК-ийн 2019 оноос 2024 онуудын газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд аудит хийгджээ.

2.3. Аудитын үр дүнд Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 67/А2171067 дугаартай ХОА-2024/30-4-ШТА-ГА “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар “*******” ХХК-ийн ашиглалтын ******* нэгж талбарын дугаартай 1000 га газрын 2019-2021 онуудын газрын төлбөрийг ногдуулахдаа харгалзах бүсчлэлийн дагуу илтгэлцүүрийг сонгоогүйгээс дутуу ногдуулсан 384,006.6 мянган төгрөг, 2023-2024 онд хөрсний овоолго үүсгэсэн газрын төлбөрийг буруу ногдуулсан 15,493.2 мянган төгрөг нийт 399,499.8 мянган төгрөгийн зөрчлийг арилган газрын төлбөрийг дахин ногдуулах, хөрсний овоолгын хэсэгт тусад нь дэд талбар үүсгэж газрын төлбөрийн ногдуулалтыг зөв хийж биелэлтийг хангуулж ажиллах талаар Дарви сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгасан.   

2.4. “*******” ХХК албан шаардлагыг эс зөвшөөрч Үндэсний аудитын газарт гомдол гаргаж, тус газраас гомдлыг хянаад холбогдох нотлох баримтыг дахин нягтлан шалгаж, газрын төлбөрийн тооцооллыг дахин хянаж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэрээ гаргаж мэдэгдэх талаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт чиглэл[1] хүргүүлсэн байна.

2.5. Улмаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас дахин нягтлан шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 дугаартай ХОА-2024/30-4-ШТА-ГА актаар “*******” ХХК-д 399,499,860 төгрөгийн төлбөрийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосноор дахин маргаан үүсжээ.

2.6 “*******” ХХК-аас дээрх актыг эс зөвшөөрч Үндэсний аудитын газарт гомдол гаргасан ба Үндэсний аудитын газрын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 06/1734 дугаар тогтоолоор 2025 оны 4 дүгээр сарын 04-ний 122/А2161067 дугаартай төлбөрийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хариуг хүлээн авснаар  2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 11 сараас эхлэн “Газар олголт, газрын төлбөрийн ногдуулалт, бүрдүүлэлтийн үр дүн" сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж “*******” ХХК-д нийт 399,499,860 төгрөгийн төлбөрийн акт тогтоосныг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар компани 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Үндэсний аудитын газарт гомдол гаргасан бөгөөд Үндэсний аудитын газраас 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлбөрийн актыг хэвээр үлдээсэн талаар хариу ирүүлсэн.

Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 07 дугаартай тогтоол нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болохыг дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.

Үүнд: 1. Эрх ашиг нь хөндөгдсөн хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй: Захиргааны Ерөнхий хуульд зааснаар “захиргааны хэм хэмжээний акт” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн шийдвэрийг ойлгоно гэж тодорхойлсон. Мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан. Гэтэл хууль ёсны эрх ашиг нь шууд хөндөгдөхөөр байхад манай компанид урьдчилан мэдэгдэж, оролцоог хангаагүйгээс гадна уг тогтоол гарсан даруйд мэдэгдээгүй, харин 2 жил өнгөрсний дараа мэдэгдсэн явдал нь дээрх хуулийн заалтыг илтэд зөрчсөн байна.

2. Татварын хуульд заасан шударга байх зарчмыг зөрчсөн: Үүнээс гадна 07 дугаар тогтоолоор газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо “*******” ХХК гэж тусгайлан нэр зааж, субьектив хандлагаар тухайлсан нэг компанид зориулан татварын хэмжээг тогтоосон нь илтэд хууль бус буюу Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан үндсэн зарчим болох “шударга байх” зарчмыг ноцтой зөрчжээ.

3. Засгийн газрын тогтоолоос давж татвар тогтоох хүрээ хязгаарыг шинээр бий болгосон: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2-д заасны дагуу, сумын ИТХ нь орон нутгийн татвар, төлбөрийн хувь хэмжээг хуулийн хүрээнд тогтоох эрхтэй ч, энэхүү тогтоолоор Засгийн газрын тогтоолын хүрээнд зөвшөөрөгдөөгүй шинэ бүсчлэл хийж, зориулалтын заалтуудыг дахин ангилж, иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг шууд заан тусгасан нь хуулийн дагуу олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж үзэх үндэстэй. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол түүний хавсралт 4, 6-д “Хот тосгон, бусад суурин газрыг газар ашиглах зориулалтаар нь гэр бүлийн хамтын хэрэгцээ, худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-с бусад үйлдвэрлэл” гэж 4 ангиллаар тогтоосон ба зөвхөн эдгээр ангиллын хүрээнд, тухайн тогтоолд заасан хувь хэмжээний дотор тогтоох ёстой байсан.

Гэтэл сумын ИТХ-ын тогтоолоор гэр бүлийн хэрэгцээ гэсэн зориулалтыг дотор нь дахин 2 зориулалтаар, худалдаа бүх төрлийн үйлчилгээ зориулалтыг 7 зориулалтаар, ХАА-н үйлдвэрлэл зориулалтыг 2 зориулалтаар, ХАА-с бусад үйлдвэрлэл зориулалтыг 6 зориулалтаар тус тус нэмж шинээр ангилалт хийн, үнэлгээ тогтоосон нь Засгийн газрын тогтоолд нийцээгүй байна.

4. Бүсчлэл тогтоох замаар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн: 2006 оны 12 дугаар сарын 15-ний өдөр батлагдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д зааснаар сумын ИТХ нь хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дахь заалтад: "Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно" гэж заасан хүрээнд эрх хэмжээ нь тодорхойлогдсон байдаг.

Гэтэл Дарви сумын ИТХ-ын 07 дугаар тогтоолоор мөн хуулиар олгоогүй эрхийг эдэлж сумын нутаг дэвсгэрийг бүсчлэн ангилж хууль тогтоомж зөрчсөн. 5. Дарви сумын ИТХ-ын 07 дугаартай тогтоол нь хууль зүйн хувьд хэрэгжих боломжгүй, хүчин төгөлдөр бус байна: Дарви сумын ИТХ-ын 07 дугаартай тогтоол нь Захиргааны Ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний акт бөгөөд хуульд зааснаар зохих журмын дагуу бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 6-1/31 дугаартай лавлагааны хуудсаар тухайн тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд огт бүртгэгдээгүй байх тул хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус, хэрэгжих боломжгүй тогтоол байна.

 Иймд Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 ХОА-2024/30-4-ШТА-ГА дугаартай “*******” ХХК-нд ногдуулсан нийт 399,499.860 мянган төгрөгийн төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн Аудитын газар хяналт шалгалт хийхдээ Төрийн Аудитын байгууллагаас аудит хийх журам, Төрийн Аудитын хууль тогтоомж, бусад Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн Аудитын байгууллага Төрийн Аудитын тухай хуульд зааснаар шалгагдагч этгээд нь Дарви сум гэж үзэж байгаа. Манай байгууллага бол шалгагдагч этгээд биш, хамрагдагч этгээд юм.  Төрийн Аудитын үйл ажиллагаа явуулахдаа Төрийн Аудитын  тухай хуульд зааснаар төлбөрийн акт тавихдаа төлбөрийн акт тавих шалгагдагч этгээдэд төслөө танилцуулаад энэ талаар санал авах ёстой байдаг. Гэтэл санал аваагүйгээс гадна хамрагдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа бол энэ талаар мөн арга хэмжээ авч санал авч ажиллах ёстой байсан боловч арга хэмжээ авч ажиллаагүй.

2018 оны Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн тогтоол нь өөрөө эрх зүйн нэгдсэн санд бүртгэлгүй акт болохыг нотолсон баримтыг манай байгууллагаас хэрэгт гаргаж өгсөн. Ийм учраас 2019-2021 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд тавьсан төлбөрийн актуудыг хүчингүй гэж манай байгууллагаас үзэж байгаа.

2022 онд хуульд өөрчлөлт орсны дагуу Аймгийн иргэдийн төлөөлөгчдөөс нийт сумдын хэмжээнд төлбөрийг тогтоож өгсөн байдаг. Үүний дагуу тогтоосон хэм хэмжээний дагуу төлбөрөө төлсөн учраас 2022 онд ямар нэгэн зөрчил байхгүй. 2023 оны төлбөрийг манай байгууллагаас бүрэн төлөөд явж байгаа. Энэ дээр 1,800,000 гаруй төгрөгийн зөрүү байгаа энэ талаар маргаан байгаа. Тэгэхээр 2019-2021 оны хооронд оногдуулсан төлбөрийн акт нь Монгол улсын хууль түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль дүрмийг зөрчиж байх тул төлбөрийг актыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Бидний маргаад байгаа газар нь үйлдвэрийн зориулалтаас бусад гээд тусдаа газар юм. 2018 оны сумын иргэдийн хурлын тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц этгээдэд сонсох ажиллагаа явуулаагүй. Энэ талаар тухайн үедээ бид нарт мэдэгдээгүй юм.  2020 онд ийм тогтоол гарсан гэж бид нарт мэдэгдсэн. Газрыг эзэмшихдээ Газрын хуульд зааснаар газрын үнэлгээг газрын даамал хийх эрхтэй байдаг. Эхний ээлжид энэ асуудлыг Дарви сумын газрын даамал 5-аас 6 сарын хугацаанд хянаж байгаа. Дарви сумын газрын даамлаас “... би ганцаараа энэ асуудлыг үнэлэхгүй. Аймгийн газрын албанаас зөвшөөрсөн тохиолдолд гэрээ хийнэ” гэж хэлсэн. Эхлээд сум нь хянаад аймгийн газрын албанаас хянаад мэргэжлийн удирдлагаар хангаад манай байгууллагаас албан бичиг геодези зураг зүйн газарт албан бичиг өгсөн. Ганцхан маргаан бүхий газар ч биш 8 лиценз бүхий газар үйлдвэр үйлчилгээний газрууд гээд хэдэн зуун сая төгрөгийн асуудал яригдаж байгаа. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй 296 га талбай бүхий лиценз манайд байгаа. Үүнийг Аймгийн газрын албанаас 2 дахин нэмэгдүүлж тооцон гэх асуудлыг хэлдэг. Эдгээр хүсэлтүүдийг нийлүүлээд геодези зураг зүйн газар өгөхөд манай хүсэлтийг 2 сар орчим хянасан. Тэгээд ирүүлсэн хариудаа 1000 га газрыг ийм илтгэлцүүрээр үзэх нь зүйтэй гэдэг байдлаар тодорхой хариу ирүүлсэн. 296 га талбай бүхий лицензийг 2 дахин өсгөхгүйгээр тооцоолох нь зүйтэй гэж тайлбарласан. 2 гаруй жилийн турш холбогдох бүх шатны байгууллагаар нь хянуулаад өгсөн чиглэлийн дагуу шийдвэрлэсэн асуудал болохоос биш Дарви сумын газрын даамалтай харилцан тохиролцсон асуудал байхгүй.

“*******” компани анх 2010 онд энэ газраа аваад бидний зүгээс 1000 га газрын төлбөрөө бүтнээр нь төлж байгаа. Үйлдвэрийн зориулалттай газар учраас оффис, үйлдвэр баригдана. Маргаан бүхий асуудал 55 га талбайд овоолго хийсэн. Манай маргаантай төстэй Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдсэн эрх зүйн актад “...ашиглаж байгаа хэмжээнийхээ талбайн хэмжээгээр төл” гэж байгаа. Ашиглаагүй талбайг төлөхгүй гэдэг агуулгаар 2 ч тохиолдол шийдвэрлэгдсэн.

Тэгэхээр 2019-2020 онд тогтоосон акт хэдийгээр нэгдсэн санд бүртгэлгүй байгаа ч бидний зүгээс ярьж хэлэлцсээр байгаад төрийн байгууллагаас тавьсан шаардлагын дагуу төлбөрөө төлсөн. Захиргааны ерөнхий хууль бол төрийн байгууллагад ч тэр хувийн аж ахуй нэгжид адилхан үйлчлэх ёстой. Тухайн захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар бүртгэгдээгүй учраас 2019-2021 он хүчингүй болох ёстой. 2022 оны тухайд Газрын төлбөрийн тухай хууль батлагдаад аймгийн иргэдийн хурлаас газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож өгсөн учраас энэ цаг хугацаанд төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тогтоосон хувь хэмжээнд нь бидний зүгээс төлсөн. Үүнээс хойш тогтоосон хэмжээгээр төлөөд явж байгаа.

Аймгийн төрийн аудитын газраас анх 399,000,000 төгрөгийн албан шаардлага тавьсан. Дараа нь төлбөрийн акт гаргасан. Гэхдээ энэ талаар Дарви суманд ч өгөөгүй манай байгууллагад ч танилцуулаагүй. Хэргийн материалд ч энэ талаарх баримт байхгүй. Нэг баримт байгаа нь манай байгууллага шаардлага тавиад саналыг нь авсан. Тэгээд холбогдох арга хэмжээг авсан. Аймгийн төрийн аудитын газраас төлбөрийн акт гаргасныхаа дараа зөвхөн актаа манай байгууллагад ирүүлсэн.

2019-2024 оны хооронд 399,000,000 төгрөг болж байна гэж байгаа боловч задаргааг нь ирүүлээгүй. Хэдэн онд хэдэн төгрөг тавьж байгаагаа биднээс зориуд нуусан гэж ойлгосон. Тэр задаргааг нь хэзээ хойно анхан шатны шүүх хуралдаан болоход мэдсэн. Өөрөөр хэлбэл эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд санал дүгнэлтээ хэлэх боломжоор хангах ёстой байсан боловч хангаагүй гэв.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Ховд аймаг дахь төрийн аудитын газрын дүгнэлт, тайлан, шаардлага нь үндэслэлгүй гарсан. Энэ нь компанийн эрх ашигт яагаад халдсан талаар тайлбар гаргана. Хоёрдугаарт захиргааны хэм хэмжээний акт үндэслэлтэй эсэх талаар тайлбар гаргана. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн.

Ховд аймаг дахь төрийн аудитын газрын дүгнэлт, тайлан, шаардлага нь бүхэлдээ хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үүргийг төрийн байгууллага албан тушаалтан хүлээнэ гэх ерөнхий хуулийн заалтыг эхнээсээ зөрчиж эхэлсэн.

Мөн Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно гэж заасан боловч энэ хуулийн заалтыг ерөөсөө хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасан.

Гэтэл Дарви сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт байсан эсэх хуулийн хүчин төгөлдөр акт мөн байсан эсэх захиргааны хэм хэмжээний актад тооцогдохгүй зүгээр үндэслэл болгож гаргасан акт өнөөдөр хууль ёсны хүчин төгөлдөр байх боломжтой гэдэг байдлаар энэ хуулийн заалтыг зөрчсөн.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн зөрчсөн байгаа. Энэ нь Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө гэж хуульчилж өгсөн боловч энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах аудиторын тайлбарлаж байгаа Төрийн байгууллагаас аудит хийх журам байгаа. Уг журам нь дараах байдлаар зөрчигдөж байна. Төрийн байгууллагаас аудит хийх журмын 10 дугаар зүйлийн 2-т Шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон бусад байгууллага, хуулийн этгээдээс бичмэл нотлох зүйлийг тухайн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулж авна гэж заасан. 09 дүгээр сарын 25-ны өдрийн төлөвлөгөө байгаа. Уг төлөвлөгөөний 7 дахь хэсэгт эрсдэлийн үнэлгээ гэж байгаа. Аудитын тухай хуульд зааснаар төлөвлөгөөнд хэзээ ямар байдлаар өөрчлөлт оруулахыг эрсдэлийн үнэлгээнээс шалтгаалаад хуульчилсан. Шалгалтын үнэлгээг аудитын байгууллага өөрөө дунд гэж үнэлсэн.

Хэрэв эрсдэлийн үнэлгээ аюултай гэх байдлаар гараад тухайн байгууллагаас төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулсан бол энэ нь хуульд зөвшөөрөгдсөн хэм хэмжээ учраас манай байгууллагаас хүлээн зөвшөөрнө. Үүнийг үгүйсгэхгүй. Аюултай гэж үзээгүй байж дахин төлөвлөгөөг өөрчилж байгааг манай байгууллагаас төлөвлөгөөг шинээр хийж байгаа асуудал гэж манай байгууллага ойлгосон. Энэ асуудлын тухайд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж холбогдох байгууллагад хүргүүлнэ гэх байдлаар дуусгасан эхний төлөвлөгөө байгаа. Гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөөний явцад хурлаа хийдэг. Хурлын тэмдэглэлд төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн баталсан нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинээр гаргасан аудитын байгууллагын төлөвлөгөө байгаа. Хуульд төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан байдаг. Харин шинээр батална гэсэн ойлголт бол байхгүй. Ахлах аудитор н.Болдбаатар гээд гарын үсэгтэй ямар нэгэн тамга тэмдэг байхгүй. Гарын үсэг нь мөн эсэхийг би шинжилгээний ажилтан биш учраас мэдэхгүй байна. Энэ асуудал дээр мөн гэдэгт эргэлзээтэй нөхцөл байдалтай байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинээр гаргасан аудитын байгууллагын төлөвлөгөөнд нэмэлтээр ганц орсон өгүүлбэр нь 2019-2024 он гэсэн ганц өгүүлбэр орсон. Төсвийн задаргаа дээрээ 2019-2023 он гээд дахиад зөрчилтэй. Аудит хийх хугацаагаа мөн өмнөх төлөвлөгөөнд байгаа хугацаагаа хуулаад тавьчихсан нөхцөл байдлууд байдаг. Энэ дээр он сарын өөрчлөлт орсон байдаг. 2019-2024 он гэсэн ганц өгүүлбэр орсон төлөвлөгөөгөө хуулаад тавьчихсан. Энэ төлөвлөгөөг нь манай байгууллага хурлын тэмдэглэл дээр нь үндэслээд шинээр гаргасан гэж дүгнэж байгаа.

Гэтэл миний ойлгож байгаагаар шинээр батлагдаж байгаа төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байсан. Нэмэлт өөрчлөлт гэдэг нь 2024 оныг ийм үндэслэлээр шалгах нь зүйтэй гэдэг байдлаар нэмэлт тодорхой өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэтэл хуулбарлаад шинээр гаргах нь боломжгүй юм.

Төрийн байгууллагаас аудит хийх журмын 18 дугаар зүйлийн 7-д аудитын баг гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд танилцуулахаас гадна өөрт хамаарал бүхий хэсэгтэй танилцах боломжийг аудитад хамрагдагч этгээдэд олгож, нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Мөн зүйлийн 8-д Аудитын баг аудитын тайлангийн төсөлд шалгагдагч этгээд, аудитад хамрагдагчаас өгсөн саналыг судалж үндэслэлтэй гэж үзвэл аудитын тайланд зохих засвар хийх, үндэслэлгүй гэж үзвэл түүний тайлбарыг тайлангийн холбогдох хэсэгт тусгана гэж заасан. Тухайн байгууллагаас саналыг нь аваад хэрэв үндэслэлтэй гэж хавсаргаад үндэслэлгүй гэж үзвэл хавсаргаад өнгөрөх ийм журамтай байгаа. Гэтэл төрийн аудитын байгууллагаас тухайн журмаа зөрчөөд гаргачихсан асуудалтай байна. Эрх ашиг нь хөндөгдөөд байгаа байгууллага бол хамаарагч байгууллага гэж миний хувьд ойлгож байгаа.

Эрсдэлийн үнэлгээний тухайд мөн журмын 21.1 дэх хэсэгт Аудитын баг аудитын үе шатны ажлыг хэрэгжүүлэх явцад цаг хугацааны хувьд шалгах боломжгүй өндөр эрсдэлтэй асуудлыг тусгайлан бүртгэж, эрсдэл бүхий асуудалд чиглэсэн аудит хийх нөхцөл бүрдсэн гэж үзвэл ач холбогдлоос нь хамааруулан Үндэсний аудитын газарт Ерөнхий аудиторын, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газарт тэргүүлэх аудиторын шийдвэрээр аудитыг хэрэгжүүлнэ гэх байдлаар тусгасан.

Мөн аудитын дүгнэлттэй холбоотой илтгэлцүүрийн асуудлыг хөндөж байсан. Компани өөрөө дур мэдээд шийдсэн асуудал байхгүй. Хавтаст хэрэгт н.Энхманлай гэх геодези зураг зүйн газрын даргын албан бичиг байгаа. Энэ хэргийн гол хэрүүлийн бай болоод явж байгаа. Энэ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг аймаг, сумдын холбогдох албан тушаалтнуудад өгсөн чиглэл болохоос биш компанид зориулаад гаргасан эрх зүйн акт биш учраас үүнээс үүдэн гарах эрсдэлийг хүлээхгүй. Энэ бол улсын хэмжээнд гаргаад илтгэлцүүрийн ойлголтын чиглэлийг холбогдох байгууллагад хүргүүлсэн бичиг байгаа. Төрийн аудитын байгууллагын журамд шинжээч томилоод дүгнэлт гаргуулах боломж нь нээлттэй байдаг.

Ховд аймгийн Дарви сумын иргэдийн хурлын 07 дугаартай захиргааны хэм хэмжээ тогтоосон акт байгаа. 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/131 дугаартай лавлагаагаар энэ эрх зүйн акт нь бүртгэлгүй байна гэх лавлагаа гарсан. Актын бүртгэлтэй хууль ёсны үйлчилж байгааг шалгах байгууллага нь компани биш юм.

Харин Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т нийтийн өмчтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актыг боловсронгуй болгох, батлан гаргах талаар эрх бүхий этгээдэд зөвлөмж өгөх үүргийг төрийн аудитын байгууллагад өөрт нь байгаа. Энэ талаар зөвлөмж өгсөн тохиолдол байгаа юу, энэ хууль бус зүйлийг шалгахгүйгээр ажлаа хийсэн нь танай байгууллагын зөв үү гэдэг асуудал гарч ирнэ. Өөрчлөлт орохоос өмнө бүртгэдэггүй байсан. Дараа нь өөрчлөлт орсноос хойш бүртгэдэг болсон гэж ярьдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно. 67.3 дахь хэсэгт Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж заагаад өгчихсөн байгаа. Эдгээр заалтууд нь анх Захиргааны ерөнхий хууль батлагдсан цагаас эхлэн хүчинтэй байгаа зүйл заалт юм. Энэ зөрчилтэй тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж байгааг хариуцагч сайн хараарай.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар татварын хувь хэмжээг орон нутгаас тогтоож болно гэдэг асуудал байгаа. Энэ талаар ч манай байгууллагаас маргаагүй. Гагцхүү Засгийн газраас тогтоосон хууль болон дүрэм журамд нийцсэн байх ёстой гэдэг асуудлыг хөнддөг. Гэр бүлийн дундын хэрэгцээний газар, үйлдвэр үйлчилгээний газар, хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйгаас бусад гэсэн ангилал байна гэж чиглэл өгсөн. Дарви сумын иргэдийн хурлаас гаргасан тогтоолоос харахад гэр бүлийн хэрэгцээний газрыг дотор нь 2 ангилсан. Худалдаа, үйлдвэр үйлчилгээний газрыг 7, хөдөө аж ахуйн газрыг 2, хөдөө аж ахуйгаас бусад газрыг 6 ангилсан байдаг. Тэгэхээр энэ хууль дүрэм журам болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг үл ойшоон шийдвэрлээд байгаа асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хөдөө аж ахуйгаас бусад зориулалтын газрыг 6 ангилж байгаа дотроо аж  ахуй нэгж хувь компанийг нэр заагаад өгчихсөн байдаг. Монгол улсад хуулиас давуу дүрэм журам, тогтоол гэж байх боломжгүй гэж миний хувьд ойлгож байна. Иргэдийн хурлын тогтоолоос үүдэн дараа дараагийн асуудлуудыг зөрчөөд байна.

Газрын төлбөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд газрын төлбөрийн хувь хэмжээг тусгаж өгсөн. 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно гэж заасан. Энэ дээр анхааруулах асуудал нь уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт гэж заасныг хариуцагчийн төлөөлөгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.18-д "уурхайн талбай" гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг, 4.19-д "уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтцын хэсгийг хэлнэ гэж заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр хариуцагчийн зүгээс аудит хийсэн газар нь хуульд зааснаар зүйд нийцсэн эсэхийг анхаараарай гэж хүсэж байна.

Миний мэдэж байгаагаар “*******” компани нь Хөшөөтийн уурхайд 9 лиценз эзэмшдэг. Аудитын байгууллагаас дүгнэлт хийсэн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байгаа 1000 га талбайд ногдох хэсгээр нь төлчихсөн байхад нь уурхайн эдэлбэр газар гэж үзээд дахин давхардуулж 2 дахин татвар ногдуулсан. Гэхдээ 1000 га талбайн 55 га газарт нь овоолго буулгасан. 1000 га газрыг үйлдвэрийн зориулалтаар татвараа бүрэн төлөөд явж байгаа энэ дээр аудитын байгууллага ямар дүгнэлт хийсэн юм гэдэг нь эргэлзээтэй байна. Уурхайн эдэлбэр газар, уурхайн талбай гэсэн асуудлыг бас хараарай гэж хүсмээр байна.

Илтгэлцүүрийн талаар 2024 оны асуудлаар дуусаж байна. Тэгэхээр аудитын төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажил нь хууль бус иргэдийн хурлаас гарсан тогтоол нь хууль бус учраас үндэслэл бүхий байж чадахгүй байна гэв.

3.4. Хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******” ХХК-нийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01/189 дугаартай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Уг нэхэмжлэлийн агуулгатай ижил утга бүхий тайлбар хүргүүлэх тухай 01/82 дугаартай албан тоот 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манайд ирж, хариуг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 170 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

“*******” ХХК нь нэхэмжлэлдээ: 1. Уг тогтоол гарсан даруйд мэдэгдээгүй, харин 2 жил өнгөрсний дараа мэдэгдсэн гэж дурджээ. Манайх тус тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны газрын төлбөрийн ногдуулалтыг тус тогтоолыг үндэслэн хийснээс дүгнэхэд 2 жилийн дараа мэдсэн байх боломжгүй.

2. Тус тогтоолоор газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо “*******” ХХК гэж нэр зааж, субьектив хандлагаар тухайлсан нэг компанид зориулан тогтоосон нь илтэд хууль бус гэж дурджээ. Тус тогтоолын хавсралтад жишээ нэртэй багана оруулан тухайн газар ашиглах эзэмшигч, ашиглагчийн нэрийг дурдан газрын зориулалт бүрд хамаарах газар төлбөрийн хэмжээг тайлбарласан нь тус компанид чиглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

3. Засгийн газрын тогтоолоос давж татвар тогтоох хүрээ хязгаарыг шинээр бий болгосон гэж дурджээ. Засгийн газрын тогтоолд газар ашиглах зориулалтыг 4 хуваан суурь үнэлгээг тогтоосон бөгөөд энэ суурь үнийг илтгэлцүүрээр өсгөн тооцож газрын төлбөрийн хэмжээг тогтоож байгаа.

Иймд газар ашиглах зориулалтыг нарийвчлан ангилсан нь ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 11 сарын 28-ны өдрийн А/187 дугаарын тушаалаар баталсан "газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар"-ын 3.2-т “Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн төв суурин газрын инженерийн хангамж, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан газрын төлбөрийн хэмжээг ялгавартай байхаар бүсчлэн тогтоож болно” гэж заасан нь тухайн шатны ИТХ-ын  эрхийг тодотгож өгсөн бөгөөд хэрэв ИТХ-аас газрын төлбөрийн хэмжээг ялгавартай байхаар бүсчлэн тогтоосон бол түүнийг дагаж мөрдөхийг журамласан байна.

4. Бүсчлэл тогтоох замаар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн гэж дурджээ. Дарви сумын ИТХ нь Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т "Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон илтгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно" гэж заасны дагуу 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 07 дугаарын тогтоолыг баталж, мөрдүүлсэн байна. Энэ тогтоолоор газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх зааг хязгаарын нарийвчлан тогтоосон байх тул уг тогтоолын хавсралт 2-т баяжуулах, боловсруулах үйлдвэр 2 бүсэд хамаарах итгэлцүүр 1 гэж тогтоосныг баримтлан 160.0 мянган төгрөгөөр тооцсон.

5. Тус тогтоол хууль зүйн хувьд хэрэгжих боломжгүй, хүчин төгөлдөр бус байна дурджээ. Захиргааны ерөнхий хуулийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан хэм хэмжээний актыг эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хуульчилсан байх тул тус тогтоолд хамааралгүй байна гэжээ.

3.5. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан 07 тоот тогтоол бүрэн эрхийнхээ хүрээнд гарсан байдаг. Газрын тухай хууль болон Газар төлбөрийн тухай болон түүнийг төлөх журам зэрэгт Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг тусгаж өгсөн эрх зүйн хүрээнд тухайн тогтоол гарсан байдаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. Мөн газрын төлбөрийн ногдуулалтын асуудлыг тусгайлсан геодези зураг зүйн газрын даргын А/187 дугаар тушаалаар баталсан. Тус тушаалын 3.2-т сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн бүсчилсэн байдлаас хамааран ялгавартай байдлаар тогтоож болно гэж заасан. Энэ тушаалаар тухайн иргэдийн хурлын эрхийг бүрэн тодотгож өгсөн бөгөөд иргэдийн хурлаас гарсан шийдвэр ялгавартай байдлаар гарсан бол түүнийг дагаж мөрдөхөөр хуульчилсан эрх зүйн үндэс байна. Энэ 07 тогтоол бүрэн хэрэгжиж явсаар 2021 онд Аймгийн иргэдийн хурлын А/108 тоот тогтоол гарч 07 тоот тогтоол хүчин төгөлдөр бус болсон байдаг. 07 тоот тогтоол бол үүргээ биелүүлж газрын төлбөрийг татан төвлөрүүлж байсан эрх зүйн баримт бичиг байгаа.

Нэхэмжлэгч талаас энэхүү эрх зүйн бичиг баримтыг системд бүртгэлгүй талаар маргадаг. Хүчин төгөлдөр эсэхэд тооцуулах асуудлыг ярьдаг. Тухайн тогтоол нэгдсэн системд бүртгээгүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 64.6-д зааснаар 2022 оноос хойш нэмэлт өөрчлөлтөөс гарсан шийдвэрийг гаргасан. Өмнө нь үүссэн эрх зүйн зохицуулалт 2021 онд гаргасан шийдвэр хүчингүй болсон байгаа. Манай актын огноо бус тухайн газрын төлбөр ногдуулах эрх зүйн зохицуулалт болон бүс орон нутагт хэрхэн тусгаж байсныг мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн Монгол улсын эрх зүйн зарчим болох хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан актыг шинээр бий болсон нөхцөл байдлаас үүдэн хүчингүй болгох нь зөв зохистой эсэх талаар шүүх бүрэлдэхүүн мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Аудитын байгууллага нь төлөгдөөгүй байгаа төлбөрийн хэмжээг нөхөн төлүүлэх ажиллагааг хийсэн. Харин шинээр шийдвэр гаргаж төлбөр оногдуулах ажил хийгдээгүй. Ерөнхийдөө буруу ногдуулж байсан асуудлыг шалгаж зөв ногдуулсан ажиллагааг хийсэн. Акттай холбоотой хяналт шалгалт хийх ажиллагааг хийгээгүй гэх асуудлыг хэлж байн. Энэ талаар хэрэгт авагдсан баримтаар урьдчилсан байдлаар хэрхэн хяналт шалгалт хийсэн талаар хангалттай баримт авагдсан байгаа. Мөн төлбөрийн акт тогтоохтой холбоотой энэ талаар хэрэгт CD бичлэг авагдсан байгааг дурдмаар байна.

Нэхэмжлэгчийн зүгээс төлөвлөгөө хөтөлбөрийн талаар маргадаг. Аудитын байгууллагаас 2018-2028 оны талаар бус 2024 оны байдлаар тогтоож хууль зөрчсөн гэх асуудлыг ярьдаг. Аудитын байгууллагаас аудит хийх 2022 оны А/106 дугаар журам байдаг. Журмын 16.8-д төлөвлөлтийг аудитын туршид үргэлжлэх үйл ажиллагаа гэж үзэх бөгөөд аудитын явцад томоохон өөрчлөлт гарсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан. Энэхүү заалтынхаа хүрээнд манай байгууллагаас гүйцэтгэлийн шатанд аудитын төлөвлөгөөг өөрчилсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр талд авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар миний хувьд үндэслэл бүхий тайлбарласан байгаа. Энэ талаар цаашид тайлбарлаад няцаагаад явах боломжтой.

Эхлээд бидний зүгээс албан шаардлага тогтоосон. Албан шаардлагыг тогтоохдоо Дарви сумын 07 тоот тогтоолыг аудит хийхэд хуралдааны нарийн бичиг солигдсон. Архивын газар засвар хийсэн гэх шалтгаанаар тухайн 07 тогтоолыг ирүүлэхгүй байсан. Ирүүлэхгүй байх хугацаанд давхар процедур ажиллагаагаа хийж байгаад энэ тогтоолыг хүчин төгөлдөр бус байна гээд акт болон төлбөрийн задаргааг хүргүүлээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай удаа дараа утсаар холбогдож байсан. Хавтаст хэрэгт бичгээр ирүүлсэн тайлбар байгаа.

Төлбөрийн актын тухайд сонсох ажиллагааг цахимаар явуулсан. Уг ажиллагаанд шалгагдагч байгууллага Дарви сумын тамгын газар болон газрын даамал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* мөн өөрөө цахимаар оролцсон. Холбогдох баримт бичгийг цаг тухайд нь явуулаад холбогдох журмын дагуу төлбөрийн актыг тогтоосон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан цахим сонсох ажиллагааны бичлэг, хуралдааны тэмдэглэл зэрэгт тодорхой оролцогч нарын байр суурь илэрхий байгаа.

Ерөнхий аудиторын гаргасан А/95  тушаалаар батлагдсан төрийн аудитын байгууллагаас төлбөрийн акт, албан шаардлага тогтоох журам гэж байгаа.  Тус журамд ямар тохиолдолд зөвлөмж хүргүүлэх, ямар тохиолдолд акт тогтоох, ямар тохиолдолд албан шаардлага хүргүүлэх талаар тодорхой тусгасан байдаг. Маргаан бүхий асуудал нь А/95  тушаалаар батлагдсан төрийн аудитын байгууллагаас төлбөрийн акт, албан шаардлага тогтоох журмын 4.2.3.4-д зааснаар давхардуулж шийдвэр гаргах боломж байхгүй. Мөн зөвлөмж өгөөд цаашид ажил сайжрах боломжтой тохиолдолд манай байгууллагаас зөвлөмж хүргүүлдэг. Гэтэл тухайн цаг хугацаа өнгөрсөн хүчин төгөлдөр бус болсон сайжрах ямар нэгэн боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас зөвлөмж хүргүүлэх боломж байхгүй байсан. Тэгэхээр бидний зүгээс зөвлөмж өгөхөөс илүүтэйгээр зөрчлийн үр дагаврыг арилгах дутуу төвлөрсөн татварын орлогыг төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй байна гэж үзээд журмаа бариад акт тогтоосон байдаг.

Нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлаар илт худлаа хэлсэн гэдэг агуулгаар тайлбар гаргаж байна. Миний хувьд тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн. Бид аливаа зүйлийг шалгахдаа тэнцвэртэй байдал, хараат бус байдлыг хангаж шийдвэр гаргадаг. 1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр талын 8 дахь догол мөрд миний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар байна. Үүнд нэхэмжлэгч талаас аудитын шалгалтын хугацаа 2019-2023 он гэсэн байхад 2024 онд торгууль ногдуулсан гэж байна.

Тэгэхээр аудитын дүрэм журамд аудитын шалгалтын явцад аудитын эрсдэл үүсэхээс сэргийлж урагшаа, хойшоо онуудад шалгалтыг хийж өөрчлөх боломжтой байдаг учраас 2024 оны эхний явц төлөвлөгөөнд тусгагдсан байсан тул аудитын явцыг авч үзсэн байдаг гэж маш тодорхой тайлбар гаргасан. Тэгэхээр өнөөдөр үүнийг шинээр гаргасан бус анхан шатны шүүх хуралдаан дээр нэгэнт батлагдаад гаргасан төлөвлөгөөгөө энэ аудитын багийг ахалж ажилласан хүний хувьд зохиож ярина гэх асуудал байхгүй. Нэгэнт тогтсон үйл ажиллагаагаа хууль дүрэм журамд захирагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн байгууллага юм. Аудитын төлөвлөгөө хөтөлбөрийг урьдчилсан байдлаар цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж аудитын төлөвлөгөөг батлуулдаг.Тухайн төлөвлөгөө нь холбогдох дүрэм журам болон хавсралтуудаар нотлогддог. Аудитын байгууллагаас 21 төрлийн эрсдэлийг шалгадаг. Нэхэмжлэгчийн зүгээс аюултай гэж үнэлсэн гэж дэгсдүүлээд яриад байна. Манай байгууллагаас өндөр, дунд, бага гэж эрсдэлийг үнэлдэг. Анх 2019-2023 оны хугацаанд шалгалт хийсэн. Шалгалтын явцад дутуу оногдуулсан төлбөрийн хэмжээ өндөр төсөвт дутуу төвлөрүүлсэн төлбөрийн хэмжээ дутуу учраас зөвхөн Дарви сумын асуудалд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юм байна гэх саналыг зөвлөлд танилцуулсан. Зөвлөлөөс нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлийг чанарын хуудсаар хүргүүлсэн тул шинэчилж төлөвлөгөөг гаргасан.

Хэрэгт авагдсанаар бол тогтоолыг хэзээ хэрхэн бүртгүүлж, дагаж мөрдсөн талаар баримтыг ирүүлсэн байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр талд маргаан бүхий тогтоолыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 28-нд оруулсан гэх баримт хэрэгт авагдсан байна. 116 дугаар талд энэхүү тогтоолын хамгийн анхны ногдуулалтыг 2020 оны 02 дугаар сарын 14-нд үүсгэсэн байдаг. Энэ ногдуулалтыг хаанаас үүсгэсэн бэ гэвэл геодези зураг зүйн газрын Э.Эрдэнэбаяр гэх хүн анх үүсгэсэн байдаг. Дараагийн ногдуулалтыг манай аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Батсайхан хуульд заасан эрхийнхээ хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үүсгэсэн байдаг. Үүнээс үзэхэд яагаад төлөвлөгөө хэрэгжээгүй байхад дээрээс энэ төлбөрийн ногдуулалт хийсэн бэ гэдэг асуудал гарч ирж байна.

Мөн хэргийн 215 дугаар талд Ховд аймгийн Дарви сумын газрын даамал н.Ившинхоролоос шүүгч асуулт асуухад газрын нэгдсэн сангийн мэдээллээс хайлт хийхэд гарч ирсэн газар ашиглуулах гэрээнд Ховд аймгийн Дарви сумын иргэдийн хурлын 07 тогтоолоор нэгжийн үнийг 1 м.кв-ыг 3.2 төгрөгөөр бодож нийт үнийг 32,000,000 төгрөг байхаар тооцоолол гарч ирсэн байдаг. Миний хувьд программаас татсан гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс харахад өнөөдрийн Ховд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар ажлаа буруу хийсэн эсвэл Ховд аймгийн Дарви сумын газрын даамал ажлаа буруу хийсэн гэхээс илүүтэй буруу орсон асуудлыг батлагдсан төсөл хөтөлбөрийн хүрээнд засаж залруулж ажиллах нь төрийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүрэг болохыг бас та бүхэн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Мөн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт миний зүгээс шинээр баримт өгсөн. Энэ нь одоо гаргаад байгаа тайлбараа дэмжих зорилготой гаргасан. Үүнд анх аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Батсайхан итгэлцүүр хийхдээ хүснэгтэд тусгагдсан Ховд аймгийн Дарви сумын нийт газар эзэмшигч ашиглагчийн мэдээллийг нэг бүрчлэн газрын гэрээндээ үндэслэж тогтоолыг системд оруулсан. Үүнд нэг сонирхолтой зүйл байгаа нь эхний дэсээс 12 дахь дэс дугаар хүртэл 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс хойш байсан. Харин бусад газар эзэмшигчдийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тооцон оруулсан. Яагаад оруулахгүй байсан нь бас тодорхой бус байгаа. Хуульд зааснаар тогтоолыг оргуулаад өөрчлөгдсөн тохиолдолд засвар хийх эрхтэй байдаг.

Хэрэгт авагдсан байгаа Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 19-ний 1/344 дугаар албан тоотоор төлбөр барагдуулах тухай “*******” компанид албан бичиг хүргүүлж байсан. Үүнд 07 тоот тогтоолын дагуу танай “*******” компани 2020 оны 212,900,000 төгрөг, 2021 оны 212,900,000 төгрөгийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор багтаан барагдуулахыг мэдэгдэж байна гэх агуулгатай албан бичиг өгсөн байдаг. Энэ баримтаас үзэхэд төлбөр ногдуулалтыг хийгээд харилцаа үүсэж байсан болохыг нотолж байгаа юм. Бидний зүгээс аудит хийхдээ асуулга, ажиглалт, дүн шинжилгээ хийж тал бүрээс нь ажилдаг. Төрийн аудитын байгууллага эрх зүйн актын хууль ёсны байдалд хяналт тавьж ажиллах ёстой, шалгагдагч байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй байж яагаад дүгнэсэн бэ гэдэг байдлаар нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* гуай тайлбарлаж байна. Тэгэхээр манай талаас эхний ээлжид нотлох баримтыг төрийн байгууллагуудаас холбогдох баримтыг гаргаж авдаг. Харин сонсох ажиллагаа, албан шаардлага, актын хувьд ч тэр *******тай харилцаж байсан мэйл хаягаар хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан байгаа. Энэ талаар нэмж  маргах нь илүүц гэж бодож байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс ашиглалтын талбай, эдэлбэр газар өөр зүйл гэж тайлбарлаж байна. Өөр гэж байгаа дээр маргаан байхгүй. Манай байгууллагаас давхардуулж тооцож байгаа зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтад төлбөрийн задаргаа байгаа. 1000 га газрыг үйлдвэрийн зориулалтаар авсан. Үндсэндээ газрыг зориулалтын дагуу ашиглах ёстой.

Хөрсний овоолго хийсэн дээр төлбөрийн акт тогтоож байгаа нь зөв үү гэж байна. Энэ дээр тайлбар гаргахад Геодези зураг зүйн газрын 2018 оны А/187 дугаар журмын 3.5.2-т Геологи уул уурхай эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан заавраар батлагдсан уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан заавраар батлагдсан талбайн уурхайн эдэлбэрийн ашиглаж явуулж байгаа /карьер, овоолго, хиймэл нуур, аж ахуй нэгжийн дотоод зам, шугам сүлжээний гэх мэт/ газрыг хамруулж авч үзнэ. Тухайн овоолгыг оруулж тооцож байгаа асуудал нь хууль эрх зүйн хүрээнд байдаг. 2023 онд тооцож оногдуулсан төлбөр дээр ашиглалт явуулаагүй талбай 952.64, ашиглалт явуулсан талбай нь 47.37 гээд нөгөө дурдаад байгаа 1000 га талбайгаа барьж байгаа юм. Тэгэхээр төлбөрийг давхардуулж тооцсон асуудал байхгүй учраас нэхэмжлэгчийн төлөөлөгч нарыг хэрэгт авагдсан баримтаа сайн ойлгоосой гэж хүсэж байна гэв.

3.6. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Дарви сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 07 дугаар тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь өөрөө үндэслэл бүхий бус байна. Төрийн аудитын газраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн хяналт шалгалтаар “*******” компанийн 2019-өөс 2021 онуудад иргэдийн хурлын тогтоолын дагуу газрын төлбөрийг төлсөн байдаг. Гэхдээ харгалзах бүсчлэлд зааснаар төлөөгүй байна гэх зөрчлийг илрүүлж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж ажилсан. Харин төрийн аудитын байгууллагаас 07 дугаар тогтоол хүчин төгөлдөр эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага байхгүй. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 07 тоот тогтоолтой холбоотой асуудлаар маргаж байгаа тул энэ талаар тайлбар гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байна.

Нэгдүгээрт нэхэмжлэгчийн зүгээс 2019-2021 оны хооронд төлөх төлбөр нь 2018 оны 07 тогтоолын хавсралт хэсэгт заасан  1 дүгээр бүсчлэлээр тооцож төлсөн. Хоёрдугаарт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны А/08 дугаар тогтоолоор Дарви сумын 07 тогтоолыг хүчингүй болгосон. Мөн Дарви сумын газрын албаны мэргэжилтэн мөн “*******” компанийн захирал нарын байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн газар ашиглах гэрээнд 07 тогтоолыг үндэслэж байгуулсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 1/565 дугаар тушаалаар тухайн газрыг газрын нэгдсэн санд бүртгэсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд Ховд аймгийн Дарви сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 07 дугаар тоот тогтоолыг хүчин төгөлдөр үйлчилж байсан болохыг илэрхийлж байна. Хэрэв нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол мэдсэн гэх үеэсээ гомдол гаргах боломжтой байсан боловч энэ талаар арга хэмжээ аваагүй. Төлбөрийн хэмжээ бага байхад хүчин төгөлдөр төлбөр их гэхэд хүчин төгөлдөр бус гэж үзээд тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс уг тогтоолын талаар 2020 онд мэдсэн. Бүтэн жилийн хугацаанд холбогдох байгууллагаас хариу авч 2021 онд 32,000 төгрөгөөр тооцож төлсөн гэх тайлбарыг хэлдэг. Гэтэл тухайн холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу 2021 онд “*******” компанитай гэрээ байгуулахдаа хавсралтаар баталсан тухай гэрч Дарви сумын газрын албаны мэргэжилтэн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлдэг. Хариуцагчийн зүгээс 2019-2021 онуудад төлсөн төлбөрийн хэмжээг зөвтгөх байдлаар энэ асуудалд хандсан гэж ойлгож байгаа. Мөн Дарви сумын газрын албаны мэргэжилтний зүгээс Төрийн аудитын газраас тогтоосон төлбөрийн хэмжээг зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн. Энэ нь газрын төлбөрийн хэмжээг дутуу ногдуулсан болохыг нэмж бататгаж өгч байгаа юм.

Дээр нь Ховд аймгийн Дарви суманд үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд 07 тогтоолыг үндэслэж газрын төлбөрийг төлдөг байсан. Хэрэв 07 тоот тогтоол хүчин төгөлдөр бус гэж үзвэл тухайн онуудад төлбөр төлсөн бүх төлбөр хүчингүйд тооцогдох асуудал үүснэ. Бодит нөхцөл байдал ийм байна. Харин хуулийн хүрээнд тайлбарлахад Захиргааны ерөнхий хуулийг 2016 онд шинэчлэн найруулан эрх зүйн актыг бүртгэх асуудлыг хөндөж орж ирсэн. 2022 оны нэмэлт өөрчлөлтөөр тухайлан процессын заалтуудыг дурдаж өгсөн. Тэгэхээр 2016 оноос хойших гарсан сумдын иргэдийн төлөөлөгчийн хурлаас гаргасан актуудыг бүртгэх асуудлыг болон төлбөр төлөгч байгууллагын төлбөр төлөх асуудлыг шаардлагыг цэгцэлсэн. Тэгэхээр тухайн иргэдийн төлөөлөгчдийн гаргасан шийдвэр нь бүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

 Газрын төлбөрийг төлөх талаар Газрын төлбөр төлөх тухай хуулиараа тогтоогоод өгсөн. Үүний хэмжээг тогтоох эрх нь иргэдийн төлөөлөгчдийн хургалд байсан. Иймд нөхцөл байдлыг үнэлэх эсэх асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Дараа нь 2023-2024 онд овоолго үүсгэсэнтэй холбоотой асуудлаар дутуу төлбөр ноогдуулсан асуудал байгаа. Газар зохион байгууллага геодези зураг зүйн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 209 дүгээр тушаалаар газрын төлбөр төлөх аргачилсан зааврыг баталсан. Уг зааврын 3.6.1.1 болон Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцохоор заасан. Мөн Монгол улсын засгийн газрын 2018 оны 182 тоот тогтоолоор Ховд аймгийн Жаргалант суманд 1 га газрын төлбөрийн хэмжээг 20,000,000 төгрөг байхаар тогтоож өгсөн. Тэгэхээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 08 дугаартай тогтоолоор энэ итгэлцүүрийг холбогдох хууль дүрэмд нийцүүлсэн гаргасан. Уг тогтоолд үндэслэн акт тогтоосон нь зөв байна.

Гуравдугаарт аудитын төлөвлөгөө хамрах хүрээний асуудлыг ярьдаг. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан үндэслэлд энэ талаар тодорхой дурдсан. Төлөвлөгөөний талаар МоЭнКо компани анхнаасаа ярьдаггүй. Харин аудитын төлөвлөгөөг хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн үеэс буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө маргадаг. Нэгэнт шүүх хуралдааны хэлэлцүүлэг хийгдсэн байх тул өөрчлөлт оруулсан төлөвлөгөөг гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Төрийн аудитаас 3 төрлийн аудитын хяналт шалгалт хийдэг. Санхүүгийн аудит бол жил болгоны тайланд ороод явдаг. Энэ нь бодлогын дагуу баталсан сэдвийн хүрээнд хяналт шалгалт хийдэг аудит учраас тэр бүр ордоггүй гэсэн үг юм. Ингээд хяналт шалгалт хийхэд 2024 онд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэн тул хяналт шалгалт хийж төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж ажилласан.

Иймд Ховд аймгийн төрийн аудитын байгууллагын төлбөрийн хэмжээг тогтоосон акт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

3.7. Иргэдийн төлөөлөгч Э.Ариунзаяагаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “*******” компани 1000 га газар эзэмшдэг гэж байна. Тэгэхээр эзэмшиж байгаа газрын төлбөрийг төлөх нь зүйтэй гэж бодож байна. “*******” компани газрын төлбөрийг төлдөг гэж ойлголоо. “*******” компанийн төлж байгаа төлбөр нь зөв гэж бодож байна. Нэхэмжлэл үндэслэлтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 дугаартай ХОА-2024/30-4-ШТА-ГА актаар тус компанид 399.499.860 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч маргасан. 

5. Нэхэмжлэгч нь төлбөрийн актыг эс зөвшөөрч гомдол гаргах журмаар Үндэсний аудитын газарт хандаж хариуг тус газрын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 06/1734 дугаар албан бичгээр[2] гомдлын хариуг өгснийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Монгол шуудангаар хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Талууд энэ талаар маргаангүй.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 дугаартай ХОА-2024/30-4-ШТА-ГА актаар “*******” ХХК-д ногдуулсан нийт 399,499,860 төгрөгийн төлбөрийн хэмжээг 384,006,660 төгрөгөөр багасгаж 15,493,200 төгрөгийн төлбөрийг төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч компаниас акт тогтоосон төлбөрийн талаар тайлбар аваагүй, сонсгох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй гэж маргасан тухайд;

7.1. Анх албан шаардлага тогтоохтой холбоотойгоор 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дарви сумын Засаг дарга Б.Хайдавт сонсох ажиллагаа явуулсан, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 430 дугаар албан бичгээр[3] “*******” ХХК-д газрын төлбөр ногдуулалтад гүйцэтгэлийн аудит хийгдэж байгаа талаар болон газрын төлбөрийн тооцооллыг хүргүүлснээр тус компанийн санхүүгийн захирал Э.Энхтуулаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/623 албан бичгээр[4] тайлбар ирүүлсэн.

7.2. Мөн Дарви сумын Засаг даргаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/374 дүгээр албан бичгээр “*******” ХХК-д газрын төлбөр ногдуулалт, төлөлтөд зөрчил илэрсэн, зөрчлийг барагдуулах талаар холбогдох албан бичиг, төлбөрийн нэхэмжлэлийг хавсарган хүргүүлж байсан байна.  

7.3. Төлбөрийн актын тухайд, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 140 дүгээр албан бичгээр[5] “*******” ХХК-д мөн өдрийн 141 дүгээр албан бичгээр[6] тус тус төлбөрийн акт тогтоохтой холбоотой сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдэж, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан болох нь сонсох ажиллагааны тэмдэглэл[7], хэрэгт нотлох баримтаар авагдсан CD бичлэгээр тогтоогдож байна гэж үзлээ.

8. 2019 оноос 2021 онуудын газрын төлбөр ногдуулалт, төлөлтөд акт тогтоосон тухайд;

 8.1. Нэхэмжлэгч нь Дарви сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар захирамжаар тус сумын Мөрөн багийн нутагт орших Хөшөөтийн уурхайд үйлдвэрийн зориулалтаар 1000 га газрыг 40 жилийн хугацаагаар ашиглаж үйл ажиллагаа явуулдаг байна.

8.2. Газрын харилцааны асуудал хариуцсан захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн ашиглалтын газрын төлбөр ногдуулалтыг хийхдээ Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тогтоосон ХАА-аас бусад үйлдвэрлэл бүс дотор баяжуулах болон боловсруулах үйлдвэр гэсэн газар ашиглалтын зориулалтаар 1 дүгээр бүсэд 1 га газрын төлбөрийг 0.2 итгэлцүүрээр 32,000 төгрөгөөр тооцож газрын төлбөрийн ногдуулалт хийснийг хариуцагчаас 2 дугаар бүсэд хамаарах 1 хувийн итгэлцүүрээр 160,000 төгрөгөөр тооцох байсан гэж үзэж төлбөрийн зөрүүгээр акт тогтоожээ.

8.3. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгч ******* ХХК-нийн ашиглалтын 1000.14 га /газар ашиглах эрхийн гэрчилгээнд бичигдсэнээр/ газрын 2019, 2020, 2021 оны төлбөрт 1 жилд 160.000 төгрөгөөр тооцож  3 жилийн хугацаанд 480.067.200 төлөхөөс нэхэмжлэгч нь 32.000 төгрөгөөр тооцож 3 жил 96.000.600 төгрөг төлсөн байх тул зөрүү 384.006.660 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна[8].

8.3. Нэхэмжлэгч нь  ашиглалтын газраас ашигласан талбайн хэмжээнээс үл хамаарч жил бүр нийт талбайн хэмжээгээр газрын төлбөрийн тооцож ногдуулсан байх ч энэ талаар талууд маргаагүй бөгөөд Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус тогтоолыг мэдээгүй, газрын харилцааны асуудал хариуцсан захиргааны байгууллагаас тогтоосон хэмжээгээр төлбөрийг төлж ирсэн гэж, хариуцагчаас уг тогтоолоор тогтоосон газрыг бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг буруу сонгож тогтоосноор нэхэмжлэгч газрын төлбөрийг дутуу төлсөн байх тул төсөвт төвлөрүүлэх орлогыг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон гэж тус тус тайлбарлана.

8.4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь ...тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.2-т “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох” гэж, харин Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3-т  “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно... /2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт оруулсан/” гэж заасан тул Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумынхаа газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийг тогтоох эрхтэй байна.

8.5. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан. Ховд аймгийн Дарив сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор газар эзэмшигч, ашиглагч нарын эзэмшил, ашиглалтын газрын зааг хязгаар буюу хамрагдах бүсчлэл, түүнээс шалтгаалан төлөх газрын төлбөрийн итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоосон нь нийтээр дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий, үйлчлэл нь байнга давтагдах шинжийг агуулж байх тул захиргааны хэм хэмжээний акт мөн байна.

 8.6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006он/ хуулийн 8 дугаар зүйлийн 18.2-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ” гэж заасан тул Захиргааны ерөнхий хуулийг даган мөрдөж эхэлсэн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуулиар тусгайлан эрх олгосон этгээдийн гаргасан захиргааны хэм хэмжээний актаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байхыг шаардана.

8.7. Гэтэл Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7 дугаар  тогтоол нь улсын нэгдсэн санд бүртгэлгүй болох нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 000000459 дугаар лавлагааны  хуудсаар[9]  нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, /2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө мөрдөгдөж байсан заалт/ 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан үр дагавар үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

8.8. Өөрөөр хэлбэл, Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай тогтоол нь батлагдсан өдрөөс хойш эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох тул түүнийг биелүүлсэн эсэх талаар хариуцлага тооцох боломжгүй юм.

8.9. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж зааснаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журмын 3.1-т “Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал, мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална” гэж тус тус заажээ.

8.10. Хариуцагч нь дээрх хууль болон журамд  заасан эрх, үүргийн хүрээнд Ховд аймгийн Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолд үндэслэн ногдуулсан нэхэмжлэгчийн 2019-2021 онуудын газрын төлбөрийн төлөлтөд акт тогтоосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.

8.11. Иймд бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр төлбөрийн актаас 2019-2021 онуудын газрын төлбөр ногдуулалт, төлөлтийн зөрүү гэх 384,006,600 төгрөгийн акт тогтоосныг үндэслэлгүй гэж дүгнэж, төлбөрийн хэмжээнээс хасаж тооцох үндэслэлтэй байна.

8.12. Нэхэмжлэгчийн хувьд уг тогтоолыг 2020 онд мэдсэн гэх боловч 2019 оноос эхлэн тус тогтоолоор ногдуулсан газрын төлбөрийг төлж байсан, тогтоолтой маргаж байгаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй хүчин төгөлдөр бус гэдгийг мэдсэн боловч тогтоолын дагуу төлсөн газрын төлбөрөө төлөх ёсгүй байсан гэж маргаагүй, зөвхөн төлбөрийн зөрүү тогтоосон акттай маргасан болохыг дурдах нь зүйтэй. 

9. 2022-2023 онуудын газрын ногдуулалт, төлбөрт акт тогтоосон тухайд;

9.1. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаартай тогтоолоор сумын газрын бүсчлэл, газрын төлбөр тооцох итгэлцүүрийг шинэчлэн тогтоосноор Дарви сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол хүчингүй болжээ.

9.2. Уг тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дүгээрт нийтлэгдсэн болох нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 000000477 дугаар лавлагааны хуудсаар[10] тогтоогдсон.

9.3. Талууд энэ талаар маргаангүй бөгөөд нэхэмжлэгчийн 2022-2023 онуудын газрын төлбөр ногдуулалт, төлөлт дээрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу хийгдсэн тул зөрчилгүй төлбөрийн зөрүү гараагүй байна.

 9.4. Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн маргаан бүхий газарт 2023 оноос эхэлж үүсгэсэн гэх хөрсний овоолго хэсэгт газрын төлбөрийг тусад нь тооцож төлүүлээгүй гэх үндэслэлээр 2023 онд 47.37 га газарт 5,684,400 төгрөгийн төлбөр тогтоосныг эс зөвшөөрч маргасан.

9.5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар хөрсний овоолго хийх зөвшөөрөл хүсэж Дарви сумын Засаг даргад хандсанаар 2022 оны 11 дүгээр сарын А/231 дүгээр захирамжаар[11] үйлдвэрийн зориулалтаар ашиглуулж байгаа 100 га газраас 336.78 га газрыг хөрсний овоолгын зориулалтаар ашиглуулахаар зориулалтыг өөрчилжээ.

9.6. Нэхэмжлэгч маргаан бүхий газарт 2023 оноос эхлэн хөрсний овоолго үүсгэж эхэлсэн гэж тайлбарласан ба хариуцагчаас акт тогтоохдоо нэхэмжлэгчээс гаргаж өгсөн уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хөрсний овоолгын хэмжээг үндэслэн тооцоолол хийсэн гэж тайлбарлаж байна.

9.7. Иймд хөрсний овоолго үүсгэсэн талбайн хэмжээтэй талууд маргаагүй, харин төлбөр ногдуулахдаа 2 дахин өсгөж тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан.

9.8. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Заавар батлах тухай” А/209 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.6.1.1-д “Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан заавраар батлагдсан уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ашиглалт явуулж буй хэсгийн газрын төлбөрийг тухайн уурхайд хамгийн ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй  хотын хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн ангилалд хамааруулан 1 га газрын хамгийн бага суурь үнээр  хоёр дахин өгсөж тооцохоор,

Харин Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай тогтоолын 4 дүгээр хавсралтаар Аймгийн төвийн сум, нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн бор-өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг,Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-үүд сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээг тогтоосон ба Ховд аймгийн Жаргалант сум 11 бүсчлэлд хуваагдаж, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн газарт 1 га газрын суурь үнэлгээ 20.0 сая төгрөг байхаар тус тус тогтоожээ. 

9.9. Дээрхээс үзвэл, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар “Аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоох тухай” тогтоолын “*******” ХХК-ийн уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ашиглалт явуулж буй хэсгийн газрын төлбөрийг тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийн зааг хязгаар, газрын төлбөрийг тооцох итгэлцүүрийн хувь хэмжээний газрын үнэлгээний зэрэглэлийн хамгийн бага  суурь үнэ буюу 11 дүгээр  бүсийн  Хөдөө  аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн  суурь үнэ 20.0 сая төгрөг, газрын төлбөрийн итгэлцүүр 0.5-аар тооцохоор байна. 

9.10. Иймд хариуцагч нь 2023 онд нэхэмжлэгчийн 1000 га газраас хөрс овоолгын зориулалтаар ашигласан 47.37 га газрыг хамгийн бага суурь үнэ буюу 20.0 сая төгрөгөөс 0.5 итгэлцүүрээр 2 дахин өсгөж 200,000 төгрөгөөр тооцож 9,474,000 төгрөг ногдуулж, урьд төлсөн төлбөрөөс хасаж тооцон 5,684,400 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй байна. 

10.  2024 оны газрын ногдуулалт, төлбөрт акт тогтоосон тухайд;

10.1. Нэхэмжлэгч “аудитын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2024 оныг шалгаж акт тогтоосон үндэслэлгүй” гэж маргаж, хариуцагчаас “аудитын үйл ажиллагааны явцад үүссэн эрсдэлээс хамаарч төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах болон нэг он урагшлуулж болон хойшлуулж шалгаж үзэх асуудал үүсэж болно” гэж тайлбарласан.

10.2. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ “аудитын төлөвлөгөө” гэж аудит хийх үндэслэл, аудитын зорилт, хамрах хүрээ, арга зүй, цаг хугацаа, хөтөлбөрийг багтаасан эрх бүхий этгээдийн баталсан баримт бичгийг хэлнэ” гэжээ.

10.3. Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар, аргачлал, стандарт батлах” гэж зааснаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/106 тоот тушаалаар батлагдсан Төрийн байгууллагаас аудит хийх журмын 16.4-д “Аудитын баг аудитын зорилго, зорилт, хамрах хүрээ, аудитын эрсдэл, аудитад ашиглах арга зүй, шалгуур, хийх хугацаа, аудитыг хийх багийн гишүүд, аудитын төсөв зэргийг тусгасан гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, Ерөнхий аудитороор батлуулна”, 16.6-д “Аймаг, нийслэл дэх төрийн аудитын газарт энэ журмын 3.4.3, 16.4-т заасан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг тухайн аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор батална” гэж заасны дагуу Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга *******ын баталсан  2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн аудитын төлөвлөгөөнд[12] 2019-2023 онуудын газар олголт, газрын төлбөрийн ногдуулалт, бүрдүүлэлтийн үр дүнд аудит хийхээр тусгагдсан.

10.4. Аудитын явцад ахлах аудитор аас аудитын хамрах хүрээнд Дарви сумын 2024 оны газрын төлбөр ногдуулалтыг нэмж оруулах санал гаргаснаар төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан болох нь аудитын явцын уулзалтын тэмдэглэл[13], аудитын явцын чанарыг хянах хуудас[14] гэх баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

10.5. Аудит хийх журмын 16.8-т “Төлөвлөлтийг аудитын туршид үргэлжлэх үйл ажиллагаа гэж үзэх бөгөөд аудитын явцад томоохон өөрчлөлт гарсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэж үзсэн тул аудитыг хэрэгжүүлэгч ахлах аудитороос 2024 оныг нэмж шалгах шаардлагатай гэж үзэж төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргасныг буруутгахааргүй байна.

10.6. Харин 2024 оныг нэмж шалгахаар болсон талаар шалгалтад хамрагдагчдад  мэдэгдээгүй байх ч мэдэгдсэн эсэхээс үл хамаарч 2024 онд хөрс овоолгын төлбөрийн дүнд өөрчлөлт орох үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй гэж үзлээ.

10.7. Иймд хариуцагч нь 2024 онд нэхэмжлэгчийн 1000 га газраас хөрс овоолгын зориулалтаар ашигласан 81.74 га газрыг хамгийн бага суурь үнэ буюу 20.0 сая төгрөгөөс 0.5 итгэлцүүрээр 2 дахин өсгөж 200,000 төгрөгөөр тооцож 16,348,000 төгрөг ногдуулж, урьд төлсөн төлбөрөөс хасаж тооцон 9,808,800 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

 11. Нэгтгэн дүгнэвэл, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасныг баримтлан хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 дугаар “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актын дүнгээс “*******” ХХК-ийн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байгаа ******* нэгж талбарын дугаартай 1000 га газрын 2019-2021 онуудын газрын төлбөрийн орлогыг ногдуулахдаа харгалзах бүсчлэлийн дагуу итгэлцүүрийг сонгоогүйгээс дутуу ногдуулсан гэх 384,006.6 мянган төгрөгийн акт тогтоосон нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий актын төлбөрөөс хасаж тооцон нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж, харин хөрсний овоолго үүсгэсэн хэсгийн газрын төлбөрийг дутуу ногдуулсан 2023 онд 5,684,400 төгрөгийн, 2024 онд 9,808,800 төгрөг нийт 15,493,200 төгрөгийн актыг ногдуулсан үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

12. Иргэдийн төлөөлөгч Э.Ариунзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч дээрх үндэслэлүүдээр дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.  

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.6, 106.3.13 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Төрийн аудитын тухай 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 122/А2161067 дугаартай  актаар “*******” ХХК-д ногдуулсан нийт 399,499,680 /гурван зуун ерэн есөн сая дөрвөн зуун ерэн есөн мянга зургаан зуун наян/ төгрөгийн төлбөрийн хэмжээг 384,006,660 /гурван зуун наян дөрвөн сая зургаан мянга зургаан зуун жаран/ төгрөгөөр багасгаж, үлдэх 15,493,200 /арван таван сая дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун/ төгрөгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мо Эн Ко” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ

                                   ШҮҮГЧ                                                      С.БАТДОРЖ

                                   ШҮҮГЧ                                                      М.МЯНГАНБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг 1-ийн 197 дахь талд

[2] Хавтаст хэрэг 1-ийн 38 дахь тадл

[3] Хавтас хэрэг 1-ийн 178 дахь талд

[4] Хавтаст хэрэг 1-ийн 180-182 дахь талд

[5] Хавтаст хэрэг 2-ын 85 дахь талд

[6] Хавтаст хэрэг 2-ын 84 дэх талд

[7] Хавтаст хэрэг 2-ын  86-89 дэх талд

[8] Хавтаст хэрэг  2-ын 71-72 дахь талд

[9] Хавтаст хэрэг 1-ийн 54 дэх тал

[10] Хавтаст хэрэг 1-ийн 150 дахь талд

[11] Хавтаст хэрэг 1–ийн 65 дахь талд

[12] Хавтаст хэрэг 2-ын 95-98 дахь талд

[13] Хавтаст хэрэг 2-ын 90-91 дэх талд

[14] Хавтаст хэрэг 2-ын 99 дах талд