Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/01915

 

 

 

 

 

 

 

 

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01899 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д-д холбогдох,

 

Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 4 162 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Учирсан хохиролд 1 550 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Өлзий,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Буяндэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Умбаа ресторан, паабын зориулалттай байрыг сарын 1 000 000 төгрөгөөр түрээслэхээр Д-тай амаар тохиролцсон.

Д- надаас түрээсийн барьцаанд 1 100 000 төгрөг авсан. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах талаар удаа дараа шаардсан боловч шалтаг тоочин хойшлуулдаг байсан.

Анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд камер, гэрэлтүүлэг, гадна реклам самбарыг хэвийн үйл ажиллагаанд оруулж засч өгнө гэж хэлж байсан боловч засч өгөөгүй. Ресторан, пааб ажиллуулахад шаардагдах зөвшөөрлүүд байгаагүй, хугацаа нь дууссан байсан бөгөөд сунгуулахаар холбогдох газруудад өгчихсөн, удахгүй авч өгнө гэж хэлсэн боловч авч өгөөгүй. Би зөвшөөрлийг өөрөө хөөцөлдөж авсан.

Уг байр 3 давхар бөгөөд би нэгдүгээр давхрыг түрээслэсэн. Дээд давхарт Д- өөрөө амьдардаг. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс удаа дараа шалгалт хийж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ресторанд нэг сарын хугацаанд камер тавих талаар шаардлага тавьж, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгох арга хэмжээ авна гэж анхааруулсан. Энэ байдлыг Д-д хэлсэн боловч долоо хоногийн дараа камер тавьж өгнө гэж хойшлуулсаар тавьж өгөөгүй.

Тиймээс би Д-ын буруутай үйлдлээс болж 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 1 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 850 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 600 000 төгрөг, барьцаа гэж өгсөн 1 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зар зогсоосны мөнгө гэж авсан 100 000 төгрөг, мөн бэлнээр авсан 100 000 төгрөг, эмний мөнгө гэж авсан 258 000 төгрөг, төлбөрөөс хасч тооцно гээд хоол авсан 254 000 төгрөг, нийт 4 162 000 төгрөгийг Д-аас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцож түрээсийн гэрээг амаар байгуулсан нь үнэн. Барьцаа 1 000 000 төгрөг, түрээсийн төлбөрт нийт 4 450 000 төгрөг тус тус хүлээн авсан. Тухайн маргааны үндэслэл бүхий гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Анх 6 жилийн өмнө тус ресторан, паабыг байгуулж өөрсдөө үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оноос эхэлж бусдад түрээслэсэн. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй гэдэг худлаа. Харин хугацаа дууссаныг сунгуулахаар өгсөн байсан. Нэхэмжлэгч сунгуулж өгсөн нь үнэн.

Нэхэмжлэгч хүмүүс цуглуулж мөрийтэй тоглоом тоглуулдаг байсан. Гэхдээ нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сар дуустал байрыг ашиглаж тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулан ашиг олсон тул нэхэмжилсэн 4 162 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн урьдчилгаа гэж 1 000 000 төгрөг, түрээсийн төлбөр гэж 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөрөө дутуу төлж эхэлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 850 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 600 000 төгрөгийг тус тус төлсөн ба 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн байрыг хаяж явахдаа түрээсийн байрны түлхүүр, пааб, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хамт авч явсан. Үүнээс болж нэхэмжлэгч тал түрээсийн байранд нэвтэрч чадаагүй бөгөөд бусдад түрээслэх боломжоо алдсан.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 2020 оны 3 дугаар сарын 11-нийг хүртэлх түрээсийн төлбөрт 550 000 төгрөгийг, мөн хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 2020 оны 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх бусдад түрээслэсэн бол олох байсан үр шим буюу 1 000 000 төгрөг, нийт 1 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Д-аас 3 450 000 /гурван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 712.000 төгрөг болон гэрээнээс учирсан хохиролд 1 550 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166.692 төгрөг, хариуцагчаас төлсөн 39 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 140 350 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн хуулпйн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнээд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр болох 3 450 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр амаар гэрээ байгуулж, хариуцагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 78 тоот хаяг байршилтай, хувийн орон сууцын зориулалт бүхий 128 м.кв талбай бүхий, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг хариуцагчид төлж байсан.

Нэг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгч нарт хэсэгчлэн түрээслэсэн тохиодолд тэд бөгөөд бүгдийг нь улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн боловч талууд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээсээ татгалзаагүй бөгөөд бодит байдал дээр түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлж, түрээслүүлэгч нь түрээсийн талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ашиглуулсан байх талаар шүүх тогтоосон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1заасны дагуу нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр буцаан гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан боловч хэрэглээгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байхад түрээслүүлэгч тал дангаар хохирлыг нөхөн төлж байгаа талаар шүүх дүгнэлт өгөөгүй байх бөгөөд хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

Сөрөг нэхэмжлэлд түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 550 000 төгрөг, мөн олох ёстой байсан орлого 1 000 000 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэхээр хэрэгт баримтаар өгсөн боловч шүүхээс хүлээн авч шийдвэрлээгүй бөгөөд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шийдвэрлэсэн нь учир утагдалтай байна.

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дахь хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс дүгнэлт өгсөнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Д-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт шилжүүлсэн 4 162 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэг, хохиролд нийт 1 550 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Б-, Д- нар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, Д- нь өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороонд Нуурын 7 дугаар гудамжны 78 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн нэг давхрын хэсгийг ресторан, баарны зориулалттайгаар 6 сарын хугацаатай Б-д сарын 1 000 000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон талаар талууд маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр зохицуулагдсан, гэрээний талууд уг шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Суурь хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор талууд хэлцэлийн дагуу хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эдлэх учиртай бөгөөд энэ нь маргааныг шийдвэрлэхэд хууль хэрэглээний хувьд илүү оновчтой юм. Иймд анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлийн үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Б- нь бусдын эд хөрөнгийн үнэ төлбөргүйгээр ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй тул бодитоор ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй учир мөнгөн хөрөнгөөр тооцож төлөх үүргийн хүрээгээр тодорхойлж, гэрээний төлбөр гэж тохиролцсон хэмжээгээр төлбөрийг тооцоход 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд 5 000 000 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгч 4 162 000 төгрөгийг төлсөн тул буцаан шаардах эрх дуусгавар болжээ.

 

Нэхэмжлэгч түрээсийн төлбөрөөс гадна илүү авсан усны төлбөр 100 000 төгрөг, зээлсэн эмийн төлбөр 258 000 төгрөг, хоолны мөнгө 254 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэдий ч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Б.Дашням нь нэхэмжлэгч Б-гаас 4 450 000 төгрөгийг авсан талаар маргаагүй тул уг мөнгөн хөрөнгийг Б-гийн төлөх 5 000 000 /1 000 000 төгрөг * 5 сар/ төгрөгөөс хасч тооцвол 550 000 төгрөгийн хэмжээгээр Б-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн эд хөрөнгийг бодитоор эзэмшээгүй, хариуцагч үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид өгөөгүйгээс нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийг бусдын эд хөрөнгийг ашигласан хугацааг 5 сараар тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд Д-ын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хаалга сервис дуудлагын үйлчилгээ авч хаалгыг онгойлгуулсан хугацааг тооцож 1 000 000 төгрөгийн хэмжээнд хохирол учирсан гэх тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01899 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Б.Дашнямаас 4 162 000 төгрөг гаргуулах тухай Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б-гаас 550 000 төгрөгийг гаргуулж Б.Дашнямд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 140.350 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид гэснийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 17 150 төгрөгийг гаргуулж хариуцагчид гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА