| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/10025/И |
| Дугаар | 197/ШШ2025/07583 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/07583
2025 06 06 197/ШШ2025/07583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, *** тоотод оршин суух, Э-ын Н /регистрийн дугаар ***/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14-р хороо, *** тоотод байрлах “***” ХХК, эдийн засагч Б-ийн Б /регистрийн дугаар ***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: бэлэглэлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: сэтгэцэд учирсан хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Б.Б-д 4,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 25-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн үед дотно харилцаатай байсан, тусалж дэмжих зорилготой өгсөн, жилийн дараа буцаан төлнө гэж байсан бөгөөд одоо буцаан шаардаж байна гэж шаардлагаа тодорхойлж, хариуцагч төлбөрийг төлөхгүй, учир нь тухайн үед буцаан төлөх нөхцөл яриагүй, дэмжлэг байсан гэж маргаж оролцсон.
3. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Э.Н-тай тухайн үед дотно харилцаатай байсан талаар талууд маргаагүй бөгөөд 4,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.” гэж заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.
4. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д “Бэлэглэгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй: 280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” гэж заасан.
Нэхэмжлэгч Э.Н хариуцагч Б.Б-ээс харилцаагаа тасалсан, одоо амьдралын нөхцөл байдал хүнд байхад надад буцаан төлөх талаар огт сэтгэл гаргаагүй гэж тайлбарлаж байгааг дээрх үндэслэл байна гэж дүгнэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна гэж үзлээ.
5. Харин хариуцагч Б.Б нэхэмжлэгч Э.Н-аас мөнгөө нэхэж, ажил хэргийн нэр хүндэд халдан сэтгэл санааны хохирол учруулсны улмаас эмнэлэгт хэвтсэний төлбөр 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ч нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэсэн шалтгаант холбоог нотлосон баримт байхгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иймд нэхэмжлэгч Э.Н-аас хариуцагч Б.Б-д 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн бэлэглэлийг хүчингүй болгож, буцаан гаргуулахаар шийдвэрлэв.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг хариуцагчид бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгож, хариуцагч Б.Б-ээс 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Н-д олгосугай.
2. Хариуцагч Б.Б-ийн, нэхэмжлэгч Э.Н-аас сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА