| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0120/Э/ |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 122
2018 оны 07 сарын 05 өдөр Дугаар 2018/ШЦТ/122 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,
Улсын яллагч Л.Солонго,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б ,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б ад холбогдох 1828001070093 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 05-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Жаргалант багт оршин суух, ял шийтгэлгүй, Э.Б , регистрийн дугаар .....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Мандах баг, Сүүжийн ус гэх газар иргэн Б.Б ы биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр адуугаа услах гээд Сүүжин усан дээр давхиад очсон. Б.Б тай жоохон юм ярьж байгаад манай авгайгийн бүсийг өгчих гэсэн чинь аваагүй гэсэн. “Тэгвэл пизда минь ална шүү” гэж хэлчихээд л ганц алгадчихаад яваад өгсөн. Орой нь цагдаад мэдэгдчихсэн байсан.” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Малаа харж байгаад Сүүжин ус гэдэг газар орой нь адуугаа харах гээд очсон байсан. Худаг дээр нэг хүн ус авч байсан. Ганц нэг үг солиод байж байсан чинь Буянаа ах хүрээд ирсэн. “Юу байна” гэсэн чинь юмгүй гэсэн. Намайг адуу усла гэсэн. Дүү нь завгүй байна мал эзгүй байгаа гэсэн чинь “Чи муу яасан овоо юм, буугаад ир чи муу” гэсэн. Би чигээрээ яваад Сүүжин усны баруун хойд овоон дээр гарсан чинь араас гүйцэж ирээд миний мотоциклыг өшиглөсөн. Намайг мотоциклоос татаж унагаад “Чи муу яасан овоо юм, чи мөнгөн бүс авсан биз дээ” гээд барьж аваад зүүн чих рүү алгадсан. Зүүн чих дүнгэнээд явсан. Малгай авч шидээд байсан. хацар луу алгадаад байсан. Чих рүү 2, 3 алгадсан. Өөрөө 1 алгадсан гээд байгаа юм. Манай аав ээжийг элдэв бусаар хэлээд байсан. Миний хоолойг боогоод байхаар нь “За за, би услая” гэсэн. Тэгсэн чинь “Хурдан услаач чи муу” гээд байсан. Усан дээр очоод ховоо татаад зогсож байсан чинь “Хурдан татаач чи муу” гээд, намайг арагш нь татаад унагаачихсан. Би манараад л явчихсан. Хурдан босооч чи муу гээд юм яриад л байсан. Би ойлгохгүй байсан. Одоо чих толгойгоо л эмчлүүлж авмаар байна. Хохирол төлбөрт 1.039.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 25-ны үдээс хойш 16 цагийн орчимд би мал хариулж байгаад адуугаа хайгаад Ханхонгор умын Мандах багийн нутагт байлах сүүжийн ус гэх худаг дээр адуу ирчихсэн байхаар нь очсон чинь Э.Б ирсэн. Э.Б миний дүү энэ адуу услаатах гэж хэлэхээр нь би чадахгүй завгүй байна гэж хэлчихээд яваад усны баруун талын овоон дээр гараад адуугаа дурандаж байтал Э.Б араас ирсэн. “Намайг чи муу ямар овоо юм, буугаад ир үзье гээд намайг мотоциклоос татаж унагасан. Миний дээлний захаар боогоод миний зүүн хацар луу нэг алгадсан, дараа нь чихний хэсэгт нэг алгадсан. Тэгээд би “За адууг чинь усалъя” гэж хэлсэн. Би хамт яваад худаг дээр очиж адууг нь усалж байсан чинь Э.Б намайг ховоо хурдан татаач хурдан татахгүй бол наад худагт чинь хийгээд таглаад хаячихна шүү гээд байсан, тэгснээ намайг арагш нь татаж унагаад миний нүүрэн дээрээс дэвссэн. Намайг бос чи хурдан ус татаач гэхээр нь би ус татаад адууг нь усалчихаад Э.Б аас би таныг эмээдээ хэлэхгүй гэж гуйж байсан чинь Э.Б яг хэлэхгүй биз гэж хэлэхээр нь би хэлэхгүй гэж байж гар бариад салж яваад би шууд гэр лүүгээ харьсан. Юунаас болж зодсоныг нь мэдэхгүй байна, урьд нь 2017 оны 08 сарын 11-ний өдөр Э.Б манайхыг бууц руугаа малаа явууллаа гээд намайг зодож байсан. Тухайн үед нь би цагдаад хандаж шалгуулж арга хэмжээ авч Э.Б ыг торгосон байсан. Тэрнээс болж юм санаж байдаг юм шиг байсан. Намайг зодохдоо чи муу их цагдаа шүүхэд мэдэгддэг билүү гээд зодоод байсан. Э.Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Э.Б аас архи үнэртэж байсан. Би Э.Б ад огт гар хүрээгүй. Миний зүүн гар луу өшиглөсний улмаас миний гарын бугуйнд хөхөрсөн, зүүн чих рүү алгадсаны улмаас миний чих дүнгэнээд юм сонсохгүй байсан. Өөр гэмтэл байхгүй. Э.Б тухайн үед надаас эхнэрийнхээ мөнгөн бүсийг авсан уу гэж асуугаагүй, огт тийм зүйл яриагүй, өмнө нь 2017 онд Э.Б ын гэрээс мөнгөн бүс алга болсон гэж хүнд ярьсан байсныг нь сонсож байсан, өнгөрсөн 2018 оны цагаан сарын өмнөхөн нэг удаа Э.Б надтай тааралдаад “Чи ахынхаа мөнгөн бүсийг гаргаад өгчихөөрэй” гэж хэлэхээр нь “Би мэдэхгүй шүү дээ, аваагүй” гэж хэлж байсан. Тухайн үед өөр зүйл яриагүй явчихсан, би тэр бүсийг нь аваагүй байхад намайг авсан гэж гүтгээд нэхээд дарамтлаад байдаг юм. Надад гомдолтой байна, Би Улаанбаатар хот руу явж чихэндээ эмчилгээ хийлгэнэ, энэ зардлыг нэхэмжилнэ одоогоор хэдэн төгрөг болохыг нь мэдэхгүй байна... Шинжээч эмчийн дүгнэлтэд дурдагдсан тархины доргилт, хамар, зүүн хацар, шанааны зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Э.Б намайг зодсоны улмаас үүсгэсэн. Миний зүүн хацар шанаа руу цохиж алгадсан. Зүүн гар луу өшиглөж хөхрүүлсэн... Адуу услаатах гэж хэлэхээр нь би завгүй гэж хэлсэн чинь л араас ирээд зодоод байсан. Өнгөрсөн жил буюу 2017 оны зун манайх өвөлжөөн дээрээ малаа хорьж байгаад гаргаад явуулсан байсан чинь манай мал өвөлжөөний урд руу Э.Б ын өвөлжөөний ар луу гарчихсан байсан. Э.Б мотоциклоороо манай малыг хөөгөөд ирэхээр нь “Хөөе Буянаа ах яагаад мал хөөгөөд байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь намайг жалганд дээлийн захаар боогоод хацар луу алгадаж байсан, гэхдээ их сүртэй зодоогүй л дээ тэгээд өнгөрсөн. Э.Б ад зодуулсны улмаас миний биед учирсан гэмтэл эмчид үзүүлсэн чинь миний зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн толгой дээрээс дэвссэнээс болж толгой өвдөж байна...” гэжээ. /хх-7-8,10,11-12/,
Гэрч Л.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр надад үзүүлсэн. Би Б.Б ы чих, хамар, хоолойн хэсэгчилсэн үзлэг хийсэн. Тухайн үед баруун чихний хэнгэрэгэн хальс нь сорвижсон байсан, зүүн чихний хэнгэрэгэн хальс нь урд болон ар доод, доод хэсэгт хуучин цооролтой байсан. Зүүн чихний бага зэргийн сонсгол бууралт гэдэг нь гэмтэл бол биш харин чихний хэнгэрэгэн хальсны цооролтоос шалтгаалсан шинж тэмдэг гэж ойлгож болно. Грануляци гэдэг нь архаг үрэвслийн улмаас үүссэн ургацаг, тэр нь уг хүний чихнээс олон жил булаг гарч явсны улмаас ургацаг үүсдэг юм. Шинж цоорол байгаагүй, зүүн талын чихний хэнгэрэгний хуучин 2 цоорол байсан, өөр гэмтэл байгаагүй...” гэжээ. /хх-15/,
Шинжээч эмч С.Ш ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Л.С эмчийн үзлэг шинжилгээн дээр үндэслэж зүүн чихний гэмтлийг дүгнэсэн. Зүүн чихний урд болон ар доод хэсэгт 2 ш цооролттой, хэнгэрэгний хөндийд бага зэргийн грануляцитай гэсэн онош тавьсан байсан. Грануляци гэдэг нь шархны эдгэрэлтийн үйл явцыг хэлдэг учраас чихний хэнгэрэгний цооролттой гэж ойлгож дүгнэлт гаргасан, сорвижсон байна гэдэг нь хуучин гэмтлийг заадаг. Тархины доргилт, хамар, зүүн хацар, шанааны зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, уг гэмлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-16/,
Шүүгдэгч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14-өөс 15 цагийн үед би Ханхонгор сумын нутагт байдаг Сүүжийн ус гэх газарт Б.Б гэдэг залуутай тааралдсан. Усны хажуу талын овоон дээр гарч байж байгаад Б.Б аас өнгөрсөн жил манай гэрээс алга болсон авгайн бүсийг чи авсан бол өгчих гэж хэлсэн чинь аваагүй гэсэн. Би өгчих л дөө гэсэн чинь Б.Б миний өмнөөс бэлэн гаргахаар нь би баруун гараараа Б.Б ы зүүн хацар дээр нэг удаа алгадсан. Тэгээд би явсан. Б.Б ых манайхтай ойр байдаг айл байгаа юм. Манай авгайн бүс гэрт байж байгаад 2017 оны 11 сардын үед алга болсон юм. Би Б.Б ыг авсан байх гэж бодож явж байгаад тухайн үед тааралдаад бүсээ асуусан юм, түүнээс болж муудалцсан. Би архи уугаагүй байсан. Б.Б намайг цохих гээд чулуу бариад дайрахаар нь би чулууг нь булааж авсан, намайг Б.Б зодож цохиогүй. Тухайн үед Б.Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Б.Б хулгай хийдэг, миний мотоциклийн татлага дээс хулгайлсан байсан. Хонь мал хөөгөөд байдаг. Б.Б надаас хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Би Б.Б тай эвлэрсэн...” гэжээ. /хх-13-14/,
Шүүгдэгч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би Б.Б аас эхнэрийнхээ бүсийг нэхсэн чинь аваагүй гээд миний өмнөөс бэлэн гаргасан болохоор нь нэг удаа алгадсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Худаг дээр Б.Б тай тааралдахад хэдэн адуу байсан, хэнийх байсныг мэдэхгүй, манай мал байгаагүй. Би Б.Б ы зүүн хацар луу нэг удаа алгадсан. Б.Б 05 дугаар сарын 28-нд эмнэлэгт үзүүлсэн. Манай эхнэр М, манай дүү Х, Б.Б ы хойд эцэг бид хэд явсан. Нэгдсэн эмнэлгийн эмч нь чихний хэнгэрэг нь хуучин хагархай юм байна, булаг их гоождог юм байна гэж хэлж байсан. Манай эхнэр хамт орсон. Өөр хамар дээр нь хөнгөн гэмтэлтэй гэж байсан, өөр гэмтэл хэлээгүй. Б.Б ы чихний хэнгэрэг цоорсон гэсэн гэмтлийг би учруулаагүй, Б.Б ы ээж нь багын цоорхой гэж хэлсэн...” гэжээ. /хх-42-43/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 309 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: “...Б.Б ы биед тархины доргилт, зүүн чихний хэнгэрэгний цоорол, хамар, зүүн хацар шанааны зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний хэнгэрэгний цоорол гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна, бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн 309 тоот дүгнэлт /хх-18/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-24-27/,
Амбулаторийн түр картын хуулбар /хх-30-39/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-47/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-50-60/,
Хохирол төлбөрийн баримтууд /хх-76-79/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Мандах баг, Сүүжийн ус гэх газар иргэн Б.Б ы биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Э.Б ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б тай хувийн таарамжүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б ы “...намайг мотоциклоос татаж унагасан. Намайг дээлний захаар боогоод миний зүүн хацар руу нэг алгадсан, дараа нь чихний хэсэгт нэг алгадсан...намайг арагш нь татаж унагаад миний нүүрэн дээр дэвссэн...Миний зүүн гар луу өшиглөсний улмаас миний гарын бугуйнд хөхөрсөн,...Миний зүүн хацар шанаа руу цохиж алгадсан. Зүүн гар луу өшиглөж хөхрүүлсэн...Э.Б аас архи үнэртэж байсан... гэсэн мэдүүлэг /хх-7-8,10,11-12/, шинжээч эмч С.Ш ийн: “...Тархины доргилт, хамар, зүүн хацар, шанааны зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, уг гэмлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-16/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 309 дүгээр шинжээч эмчийн дүгнэлт /хх-18/, шүүгдэгч Э.Б ын “...би баруун гараараа Б.Б ы зүүн хацар дээр нэг удаа алгадсан...” /хх-13-14/ гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн бие эрх чөлөөнд халдан зодож учруулсан хохирол нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “...Б.Б ы биед тархины доргилт, зүүн чихний хэнгэрэгний цоорол, хамар, зүүн хацар шанааны зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний хэнгэрэгний цоорол гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна, бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр /хх-18/ нотлогдож байна.
Хохирогч Б.Б ы чихэнд учирсан гэмтлийг учруулаагүй шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь тайлбар, дүгнэлт гаргасан.
Хохирогч Б.Б нь гэмт хэрэг гарсны маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эмчид үзүүлэхдээ толгой өвдөнө, зүүн талын чих шуугиж өвдөнө, бүсэлхий нуруугаар өвдөх зовиураа хэлж эмчийн зөвлөгөө авсан, мөн 5 дугаар сарын 28-ны өдөр чих хамар хоолойн эмчид үзүүлэн зөвлөгөө авч зөвлөгөө авсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбараар /хх-24-27/ тогтоогдож байна.
Гэрч Л.С гийн: “...Тухайн үед баруун чихний хэнгэрэгэн хальс нь сорвижсон байсан, зүүн чихний хэнгэрэгэн хальс нь урд болон ар доод, доод хэсэгт хуучин цооролтой байсан. Зүүн чихний бага зэргийн сонсгол бууралт гэдэг нь гэмтэл бол биш харин чихний хэнгэрэгэн хальсны цооролтоос шалтгаалсан шинж тэмдэг гэж ойлгож болно. Грануляци гэдэг нь архаг үрэвслийн улмаас үүссэн ургацаг, тэр нь уг хүний чихнээс олон жил булаг гарч явсны улмаас ургацаг үүсдэг юм. Шинж цоорол байгаагүй, зүүн талын чихний хэнгэрэгний хуучин 2 цоорол байсан, өөр гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-15/, шинжээч эмч С.Ш ийн: “Л.С эмчийн үзлэг шинжилгээн дээр үндэслэж зүүн чихний гэмтлийг дүгнэсэн. Зүүн чихний урд болон ар доод хэсэгт 2 ш цооролттой, хэнгэрэгний хөндийд бага зэргийн грануляцитай гэсэн онош тавьсан байсан. Грануляци гэдэг нь шархны эдгэрэлтийн үйл явцыг хэлдэг учраас чихний хэнгэрэгний цооролттой гэж ойлгож дүгнэлт гаргасан, сорвижсон байна гэдэг нь хуучин гэмтлийг заадаг...” гэсэн мэдүүлэг /хх-16/ зэргээр шүүгдэгч Э.Б ын үйлдлийн хохирогч Б.Б д шинжээчийн дүгнэлтэд заасан хөнгөн гэмтэл учирсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь өөрийн гэм буруу болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй юм.
Тэрээр хохирогчийн зүүн чихний хэнгэрэг нь хуучин цоорол гэмтэлтэй байсныг шүүх үгүйсгээгүй ба шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас тухай хэргийн нөхцөлд хохирогчийн чихэнд гэмтэл учирсан байх боломжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Э.Б нь хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн чихний хэнгэрэгийн цоорол гэмтлийг учруулаагүй гэх хэдийч бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар шинжээч эмч С.Ш мэдүүлсэн тул хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-49/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд шүүх шүүгдэгч Э.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Э.Б ад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б ын цалин, орлого, орлого олох боломж болон өмгөөлөгчийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар гаргасан саналыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүгдэгч Э.Б аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.032.100 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох дараах хохирол, төлбөрийг хангаж шийдвэрлэлээ.
Үүнд: “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлсэн 245.000 төгрөг, Эм, тариа авсан 101.200 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн 55.000 төгрөг, Улаанбаатар хотод таксигаар үйлчлүүлсэн унааны зардал 108.500 төгрөг, нийт 509.700 төгрөгийг шүүгдэгч Э.Б аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б д олгохоор шийдвэрлэсэн болно.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б ы нэхэмжлэлээс хоол, унаа, буудлын зардал болох 522.400 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дээрх хоол, унд, буудлын зардлын нотлох баримт нь уг хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй, хэн гэх хүн мөнгө тушаасан, үйлчилгээ авсан нь тодорхой биш байна.
Тэрээр хүний хоол хүнс идэх нь хүний зайлшгүй шаардлагатай хэрэглээ тул гэмт хэргийн хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн хохирогч Б.Б ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл ба 28 хоногоос доош хугацаагаар сарниулах тул цаашид хохирол төлбөр нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд сард 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б аас 509.700 /таван зуун есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг Хан-Уулын 10-08 тоотод оршин суух / Номгон сум хармагтай багт / хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б д /регистрийн дугаар: ..../ олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б ы нэхэмжлэлээс 522.400 /таван зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ