Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

   2025      03         19                                            2025/ДШМ/18

 

 

                                        Э.Оад холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Э.Г

Шүүгдэгч                                                     Э.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.М, Ц.М

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.О болон түүний өмгөөлөгч М.М, Ц.М нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.Оад холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овогт Э-н О, Монгол Улсын иргэн,

 

Э.О нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр     аймгийн       сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 9,0802 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн уг ургамлыг

       аймгийн      сумын   багийн       тоотын тагт дээр, мөн      аймгийн  сумын  багийн       тоотод тус тус 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч О ургийн овогт Эн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар...бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Оын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АУ3270259, АХ2746175, AW5259298, АН6582045 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, AR2907931 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1ш, АН3315457 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 80341803, 88383746 дугаарын симний үүр,      гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1  ширхэг зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шороотой ургамал 0,0569 гр, 2 ширхэг мөнгөлөг цаас, тунгалаг савтай шингэн зүйл 1 ширхэг, цагаан ууттай ногоон өнгийн ургамал 8,8гр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О давж заалдах гомдолдоо:

... Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт. Эхнэр Х “Э” ХХК-д цахилгааны инженер ажилтай. Хүү Б нь 2 настай, 7 дугаар цэцэрлэгт явдаг. Ээж О нь 67 настай, савны хорт хавдар өвчнөөр өвчлөн 5 жил гаруй хугацаа өнгөрч байна. Эгч нар Турк улсад оршин суудаг бөгөөд надаас өөр асран хандах хүн байхгүй болно. Миний бие нь Орхон аймгийн хүндийн өргөлтийн холбооны тэргүүн бөгөөд аймагтаа өсвөр залуучуудын тамирчид бэлдэж бэлтгэл сургуулалт хийлгэж улс аймгийн тэмцээнд амжилттай оролцуулдаг билээ. Миний бие 2005 оноос өдийг хүртэл хүндийн өргөлтийн спортоор өдийг хүртэл тасралтгүй хичээллэж Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 хүрэл, Улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 удаа тасралтгүй түрүүлж улсын рекорд амжилтыг 27 удаа шинэчлэн тогтоож байсан. Олон Улсын хэмжээний мастер цолтой. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсондоо туйлын харамсаж гэм буруугаа ухаарч цаашид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж тангараглаж байна. Миний дээрх хувийн дбайдал, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж сольж өгөхийг хүсэж ийнхүү гомдол гаргаж байна ... гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо:

“ ... Э.О нь эхнэр бага насны нэг хүүхдийн хамт   аймаг     сум   баг    дугаар хороолол      дүгээр байрны     тоотод оршин суудаг. Ажил эрхлэлт, мэргэжил, боловсролын байдлын тухайд дээд боловсролтой, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын инженер мэргэжилтэй, “Э” ТӨХК-д бойлуурын машинист ажилтай. Тэрээр өмнө санаатай гэмт хэрэг үйлдэж байгаагүй бөгөөд энэхүү хэрэг нь түүний хувьд санаатай гэмт хэрэгт анх холбогдсон тохиолдол байна.Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үздэг дээрх хувийн байдал нь түүнийг хэрэг зөрчилд байнга холбогдоод байдаггүй, эхнэр хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн, мэргэжил боловсрол эзэмшсэн, ажил хөдөлмөрт тууштай хандцаг хүн болохыг харуулж байна.

Зан байдал, төлөвшлийн хувьд нийтэч, бусдад тусархаг зантай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, аливаа зүйлд тууштай ханддаг болох түүний эх Р.О-н мэдүүлэг, хэрэгт хавсаргагдсан түүний хүндийн өргөлтийн спортоор хичээллэх явцдаа гаргаж байсан амжилтын баримтууд тэмцээн уралдаанд оролцсон түүхийг харуулах гэрчилгээ, спорт цол зэргийн баримтаар тогтоогдож байна.

Тэрээр 13 настайгаасаа өдийг хүртэл 17 жилийн хугацаанд хүндийн өргөлтийн спортоор хичээллэж байгаа ба хүндийн өргөлтийн спортын өсвөр залуучуудын рекорд буюу шинэ амжилтыг 20 удаа тогтоосон. Монгол Улсын хүндийн өргөлтийн 21 удаагийн аврага бөгөөд Олон улсын хэмжээний мастер зэрэгтэй. Олон улсын уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож Монгол улсынхаа нэрийн өмнөөс 2016, 2020 оны олимпын эрхийн оноо авах тэмцээнд 2 удаа оролцож өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөр, цаг хугацаагаа спортод зориулж, спортоор хүмүүжсэн хүн юм. Энэхүү нөхцөл байдал нь түүнийг зорьсон зүйлдээ тууштай ханддаг, тэвчээр хатуужилтай, хөдөлмөрч хүн болохыг харуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед тэрээр өөрийн хийсэн үйлдлээ нуун дадлах, өөрөөсөө холдуулах оролдпого огт хийгээгүй байна. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хаанаас ургамалыг авсан, хаана хэрхэн хадгалж байсан талаараа дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Энэ нь түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийн тэмдэглэлүүд, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт тодорхой тусгагдсан байх ба өөрийн гэм бурууг хааж, хаацайлах гэсэн ямар ч оролдлого хийгээгүй байна. Түүний хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал нь түүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэх, шүүхээс гэм буруутайд тооцох үндэслэл болсон гэж үзхээр байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, өөрийн буруутай үйлдэлдээ шударгаар хандсан болохыг харуулж байгаа юм.

... Шүүгдэгчийн холбогдсон хэрэг болох Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагад ач холбогдол нөхцөл байдал нь тухайн бодисын хэмжээ ихээхэн чухал гэж үзэж байна. Э.Оын бэлтгэсэн, хадгалсан гэх бодисын цэвэр жин 0,0569 г, 8,8 г байгаа ба хэдэн удаа, хэрэглэгдэх нь тодорхойгүй, нэг удаагийн хэрэглээнд хэдэн грамм хэрэглэгддэг нь ойлгомжгүй байх ба хэмжээний хувьд бага гэж ойлгогдож байна. Үүнээс дүгнэхэд Э.О нь тухайн өвсийг олон удаа хэрэглэх санаа зорилго агуулж түүж бэлтгээгүй буюу бага хэмжээгээр сонирхон түүж бэлтгэсэн байна.

 

Үүнээс гадна шүүгдэгч нь мансууруулах бодисын хамаарал бүхий этгээд биш болох шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээгээр тогтоогдсон. Нэгэнт тэрээр мансууруулах төрлийн бодисын хамааралгүй байгаа байдал нь мөн ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдлын нэг юм.

 

Хууль тогтоогчоос эрүүгийн хариуцдагын зорилгыг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэж 5.1 дүгээр зүйлд тодорхойлон зааж улмаар мөн зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх талаар тусгаж өгсөн. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын зорилгыг хангахад шаардалгатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж эсхүл оногдуулсан ял дээр нэмж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заажээ. Эрх хязгаарлах арга хэмжээний төрөлд мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг шүүх тогтоож болохоор заасан байна.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо Э.Оын хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээг авах хууль зүйн боломжтой байгаа нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсч давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчид ял оногдуулсан хэсэгт тэнсэх, тэссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан өөрчлөлт оруулж өгөхийг хүсье ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгыг, 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тодорхойлон хуульчилсан байдаг. Дээрх хуулийн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан ял шийтгэл оногдуулах нь хууль ёсны зарчмыг хангахаас гадна тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал. гэмт хэрэггний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцүүлэн оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн тодорхойлон тайлбарласан бөгөөд эрүүгийн хариуцлага хулээлгэхдээ нийтлэг зарчим нэг бүрийг тал бүрээс нь харгалзан үзэж дүгнэлт хийх нь зүйтэй хэмээн тайлбарласан.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт гэмт этгээдийн хүн ам зүйн байдал, нийгмийн байдал. сэтгэл зүйн болон бие махбодийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэх бөгөөд нийтлэг зарчим нэг бүрт хууль ёсны байх зарчим болон шударга ёсны зарчим хамаарахаас гадна энэрэнгүй ёсны зарчим мөн хамаарна гэж үзэж байна.

Э.Оын хувийн байдлын хувьд 31 настай, идэр насны хүн ба гэр бүлийн хувьд эхнэр, 2 настай хүүгийн хамт     аймгийн      сумын         баг       дугаар хороолол,  дүгээр байр,    тоотод оршин суудаг, “Э” ТӨХК-д бойлуурын машинистаар ажилладаг, тогтмол оршин суух хаяг болон тогтмол эрхэлдэг ажил хөдөлмөртэй, дээд боловсролтой инженер мэргэжилтэй, мэргэжпээ дээшлүүлэх зорилгоор “Үндэсний техникийн их сургууль”-д дулааны цахилгаан станц, дулааны инженер мэргэжлээр эчнээгээр суралцаж байгаа болно.

Түүнчлэн зан байдал хүмүүжил төлөвшил болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ буюу     аймгийн БӨАТ-д хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр “магадлуулагч Э.О нь сэтгэцийн хувьд удамшлын болон ямар нэгэн өвчингүй болно, Э.Оад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх дүгнэлтээр мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй бөгөөд сэтгэцийн өвчин эмгэггүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд өрөвч зөөлөн сэтгэлтэй, тусч нийтэч зан чанартай талаар гэрчийн мэдүүлэг авагдсан байна

Мөн бие махбодийн эрүүл мэндийн хувьд өсвөр наснаасаа буюу 13 часнаасаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэн улс эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер цолтой         аймгийнхаа өсвөр насны хүүхэд багачуудад хүндийн өргөлтийн спортоор сургаж дасгалжуулдаг ба       аймгийн Хүндийн өргөлтийн холбооны тэргүүнээр ажилладаг зэрэг нь түүний нийгэмд эзлэх байр суурь болон бие эрүүл мэндийн хувьд эрүүл, тамирчин хүн зэрэг нь түүний хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхойлогдон тогтоогдож байна гэж үзэж байна

Иймд Э.Оын хувийн байдлын дээрх нөхцөл байдлууд болон эрүүгийн хариуцлагын зорилгын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг харгалзан үзэж. эрх зүйн нийтлэг зарчмуудыг баримтлан энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байгаа бөгөөд хугацааны хувьд ямар нэгэн санал хүсэлт байхгүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг ухамсарлан ойлгож, гэр бүл хамт олныхоо өмнө засрал хүмүүжлийг олж амьдрах боломжийг олгож өгөхийг хүсч байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд хувийн байдлыг нь харгалзан үзэж чөлөөтэй зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлан хориглодог ялын төрөл бөгөөд уг хязгаарлалтын зөрчвөл хорих ялаар солих талаар Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т заасан бөгөөд миний үйлчлүүлэгчийн үйпдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийн сонгох санкцид багтсан ялын төрөл юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.Оад оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрлийг нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.О тайлбартаа: Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа: Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ц.М нь урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр түүний гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж шүүгдэгч Э.Оад 1 жилийн хорих ялаар шийтгэснийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, заалт, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар  хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч эсхүл прокурорт гаргана.

 

Прокурор, мөрдөгч ял оногдуулах эсхүл ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг яллагдагчид танилцуулж хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг яллагдагч болон түүний өмгөөлөгчид танилцуулж,  прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлэхээр заасан.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэх хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоосон байх ба хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулсан нь буруу байна.

 

Тодруулбал: Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ыг баталсан.

 

Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 1.3-т ...Шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй бөгөөд шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулна ... гэж заасан боловч

мөн журмын 1.2-т ...Энэхүү журам нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хялбаршуулж явуулах шүүх хуралдаанд хамаарахгүй ... гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт ... Энэ зүйлийн 6.5, 6.6, 6.7-д заасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулж болно … гэж тус тус заасан байна.

 

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасан ... шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай хүсэлт ... нь мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан ... яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ... -ээс өөр ойлголт юм.

 

Тухайлбал: Шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй буюу хугацааны хувьд түргэн шуурхай явуулах агуулгыг илэрхийлэх бөгөөд энэхүү шүүх хуралдааныг дээр дурьдсан журамд зааснаар нэг үе шаттайгаар явуулахгүй.

 

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасан ... шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах  ... гэдгийг, мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журамтай адилтган ойлгож шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулж, талуудын шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхийг зөрчсөн байна.

 

Үүнээс гадна анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “...Э.Оад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан байх боловч шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулна уу ... ” гэсэн санал гаргаж, шүүгдэгч Э.О нь “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ... ” гэж мэдүүлжээ.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “...прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн” гэх шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэл бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолын удирдлага болгож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

 Иймд хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч М.М, Ц.М нарын “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

            2. Шүүгдэгч Э.О болон түүний өмгөөлөгч М.М, Ц.М нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

            3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Э.Оад холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

            5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА