Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 618

 

 

Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Улсын яллагч М.Гэрэлбадрах,                                        

          Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс,

          Шүүгдэгч С.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Т.Туул,

          Хохирогч Г.Чимгээгийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч А.Бямбажав, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч Улсын яллагч М.Гэрэлбадрахын бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр 2016 0107 0084 дугаартай Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Түмэндэмбэрэл овгийн Балиузын Эрдэнэчимэг, 1976 оны 6 дугаар сарын 23-нд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын 1 дүгээр гудамжны 31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦЖ76062301/,

 

2. Горноос овгийн Сүхбатын Нямсүрэн, 1990 оны 4 дүгээр сарын 22-нд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, татвар-нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны гудамжны 5-381 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ90042260/;

 

Б.Эрдэнэчимэг нь С.Нямсүрэнтэй бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 7-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн 1-02 тоот платтад хэвтэн эмчлүүлж байсан Г.Чимгээг чамд илгээмж ирлээ, гараад хар гэж хуурч эмнэлгээс гаргаж, 63-73 УБК улсын дугаартай шаргал өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд суулгаж, хохирогч Г.Чимгээгийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж танхайрах явцдаа уг танхай үйлдэлдээ хүч оруулах, айлган сүрдүүлэхэд чиглэсэн шууд санаагаа хэрэгжүүлэх зорилгоор “нимгэвтэр дэрний уут гаргаж толгойд нь углаж, хүзүүгээр нь скочоор ороох, хуванцар иштэй хутганы ишээр гуя руу цохих, хар өнгийн өргөн уяагаар гар, хөлийг нь уяж, баруун бугалганд нь шприцэд бэлдсэн тариа тарьсан, үсийг нь хутгаар үрэх зэрэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн”, өнөөдөр алахгүй бол энд ирсний хэрэг алга, Минжээд хэлж залуучуудаар зодуулна, хүчиндүүлнэ гэж заналхийлэх, өөрийн хэрэглэж байсан ариун цэврийн хэрэглэлийг өмднөөсөө гаргаж хохирогч Г.Чимгээгийн аманд чихэж эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй авирлаж, толгой руу нь өшиглөх, цохих  зэргээр хүч хэрэглэн зодож, харгис хэрцгий аргаар танхайрах үйлдлийг зориуд удтал үргэлжлүүлэн Улаанбаатар хот руу бусдад мэдэгдэхгүйгээр авч явж, өөрсдийн эрхшээлд оруулж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан,

Мөн хохирогч Г.Чимгээг 2016 оны 4 дүгээр сарын 7-ны орой 17 цаг 27 минутад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн дотрын тасгаас авч, 63-73 УБК улсын дугаартай шаргал өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд суулгаад зодсон, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 66 дугаар байрны 34 тоотод байрны угаалгын өрөөнд оруулж зодсон, татсан тамхиныхаа цогийг 2 удаа нүүрэнд нь дарж унтрааж, 23 цаг хүртэл тарчлаан зовоож, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

С.Нямсүрэн нь Б.Эрдэнэчимэгтэй бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 7-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн 1-02 тоот платтад хэвтэн эмчлүүлж байсан Г.Чимгээг чамд илгээмж ирлээ, гараад хар  гэж хуурч эмнэлгээс гаргаж, өөрийн жолоодож явсан 63-73 УБК улсын дугаартай шаргал өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд суулган учрах саадыг арилгаж, унаа, орон байраар хангах зэргээр дэмжлэг үзүүлж оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар, С.Нямсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах байдлууд тогтоогдов. Үүнд:

1. Э.Уянгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгосон боловч түүнийг яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн байгаа нь учир дутагдалтай, Э.Уянгаас хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авах нь хуульд нийцэхээр байсан байна.

2. Б.Эрдэнэчимэг, Э.Уянга, С.Нямсүрэн нар нь хохирогчийг хуурч мэхлэн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр хохирогчийн хүсэл зоригоос гадуур чөлөөтэй зорчих эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлд заасан “хүнийг хууль бусаар хорьсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж агуулж байхад шалгаж тогтоох ажиллагааг хийгээгүй байна.

3. Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарын “цагдаагийн постоор гарахдаа хохирогчийг дээрээс нь бүтээгээд гарсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн Э.Уянга нь “чи буруу хүнээрээ оролдож дээ” гэж хэл амаар доромжилж байсан. Б.Эрдэнэчимэг “тариа тарьж байхад миний тариа тариулаагүй талын буюу зүүн гарыг барьж байсан” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд Э.Уянга нь Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нартай гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

4. Б.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч “Г.Чимгээ, Б.Эрдэнэчимэг, Чойхүү нарын facebook хаягт үзлэг хийх” гэсэн хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч Г.Чимгээ, Б.Эрдэнэчимэг, Чойхүү нарын facebook хаягт үзлэг хийлгүй шүүхэд ирүүлжээ. Б.Эрдэнэчимэг нь “би Г.Чимгээтэй facebook хаягаар удаа дараа харилцсан, сануулсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “би Чойхүүтэй болон Б.Эрдэнэчимэгтэй facebook хаягаар чаталсан” гэж тус тус мэдүүлж байна. Иймд Г.Чимгээ, Б.Эрдэнэчимэг, Чойхүү нарын facebook хаягт үзлэг хийж захидлаар харилцсан эсэхийг шалгах нь гэмт хэргийн сэдэлтийг тогтооход ач холбогдолтой.

5. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “С.Нямсүрэн нь орон байраар хангах зэргээр дэмжлэг үзүүлсэн” гэсэн нь хэргийн үйлдэл, бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч М.Гэрэлбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарт холбогдох эрүүгийн 2016 0107 0084 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргасан 6 дугаартай шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож гаргасан, мөн шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдаагүй” гэж үзэж байна. Үүнд:

            1. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарын үйлдэл хангалттай нотлогдож байна. Үүнд:

            1.1. Мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Жаргалын 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/1-р хх-10-14/,

            1.2. Цагдаагийн ахмад П.Алтанцэцэгийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-17/,

            1.3. Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мэндбаярын 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн яаралтай түргэн тусламжийн хаалганы зүүн талын дээд хэсэгт байрлах камерын бичлэгийг хуулбарлаж, үзлэг хийсэн тухай тэмдэглэл/1-р хх-16/,

            1.4. Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалын гар утас хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд/1-р хх-27-30/,

            1.5. Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/1-р хх-33-37/,

            1.6. Хохирогч Г.Чимгээгийн мэдүүлэг/1-р хх-42-44/,

            1.7. Гэрч С.Янжмаагийн мэдүүлэг/1-р хх-48-49/,

            1.8. Гэрч С.Сарангийн мэдүүлэг/1-р хх-50/,

            1.9. Гэрч Н.Мөнхжаргалын мэдүүлэг/1-р хх-34/,

            1.10. Гэрч М.Мэндбаярын мэдүүлэг/1-р хх-63/,

            1.11. Гэрч С.Байгалмаагийн мэдүүлэг/1-р хх-66/,

            1.12. Шинжээчийн 09шэ/185 дугаартай дүгнэлт/1-р хх-69/,

            1.13. Яллагдагч Б.Эрдэнэчимэгийн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг/1-р хх-136-137/,

            1.14. Яллагдагч С.Нямсүрэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг/1-р хх-145-146/,

            1.15. Яллагдагч Э.Уянгын 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг/1-р хх-153-155/ зэрэг нотлох баримтуудаар шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт зааснаар тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Үндэслэл нь:

            Шүүхийн тогтоолын заалтын тухайд:

            1. Мөрдөн байцаалтын шатанд Э.Уянгыг удаа дараа сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг нь хуульд заасан  үндэслэл журмын дагуу авсан бичгийн нотлох баримт бөгөөд харин түүнийг гэрчээр байцааж мэдүүлэг шинээр авах нь хэрэгт ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн талаар шинэ нөхцөл байдал үүсгэх, нотлох баримтыг шинээр гаргах, хууль ёсны үндэслэлтэй шинэ нотлох баримт гаргах нөхцөл болохгүй юм. Э.Уянгын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарын мэдүүлгүүд зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа тул нотлох баримт болно.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь зөвхөн хүний чөлөөтэй зорчих эрхтэй холбоотой байдаг. Харин Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “хүч хэрэглэх”-ээр бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн идэвхтэй үйлдэл бөгөөд дээрх үйлдэл нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, зан заншлыг үл тоомсорлон догшин авир, бүдүүлэг, харгис хэрцгий аргатай, басамжлах, доромжлох хүч хэрэглэх үйлдлээ удтал үргэжлүүлсэн нь энэ гэмт хэргийн талаарх Улсын Дээд шүүхийн тайлбартай нийцэж байна.

            3. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Уянгын үйлдэл гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Э.Уянгад холбогдох хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-нд 22 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын шийдвэрт хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр бөгөөд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар 246.1 дэх хэсэгт заасан “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах” хуулийн заалтын дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

            4. Хохирогч Г.Чимгээ болон яллагдагч Б.Эрдэнэчимэг нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр facebook хаягаар удаа дараа хоорондоо харилцсан, хоорондоо чаталсан гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, шүүгдэгч нар мэдүүлэг хангалттай өгсөн.

            Прокурорын хяналтын шатанд яллагдагч Б.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч facebook чатаар харьцсан гэсэн баримт гаргаж өгсөн бөгөөд энэ баримт нь байцаан шийтгэх ажиллагааны журмын дагуу бэхжүүлж аваагүй тул улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаас хасах санал гаргаж хэлэлцүүлсэн болно.

            5. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “С.Нямсүрэн нь Б.Эрдэнэчимэгтй бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 7-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн 1-02 тоот платтад хэвтэн эмчлүүлж байсан Г.Чимгээг чамд илгээмж ирлээ, гараад хар  гэж хуурч эмнэлгээс гаргаж, өөрийн жолоодож явсан 63-73 УБК улсын дугаартай шаргал өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд суулгаж, учрах саадыг арилгаж, унаа, орон байраар хангах зэргээр дэмжлэг үзүүлж оролцсон” гэж бичигдсэн бөгөөд шүүхээс С.Нямсүрэнг орон байраар хангах зэргээр дэмжлэг үзүүлсэн гэсэн нь хэргийн үйлдэл, бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд бичсэн техникийн алдааг залруулж, шүүмжлэлийн шатанд улсын яллагч дүгнэлт хэлэхдээ яллах дүгнэлтийн тогтоох хэсгийг залруулж хэлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд залруулсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

            Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Л.Ганганбарс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.      

 

Шүүгдэгч С.Нямсүрэнгийн өмгөөлөгч Т.Туул тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай, прокурорын “Э.Уянгын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон” тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дугаар зүйлийн 209.5 дахь заалтыг зөрчсөн. Э.Уянгын мэдүүлгийг шалгах, дахин байцаалт авах шаардлагатай. Учир нь, Э.Уянга нь яллагдагчаар өгсөн байцаалтдаа “хутгыг харсан, хараагүй, хар иштэй байсан, хутгыг цүнхнээс авсан” гэх мэт зөрүүтэй мэдүүлсэн. Мөн “би энэ эд мөрийн баримтуудыг хогийн саванд хаясан” гэж мэдүүлдэг. Иймд энэ мэт зөрүүтэй зүйлүүдийг тодруулж, Э.Уянгаас дахин байцаалт авах шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлд нотлох баримтын шалгах тухай заасан бөгөөд эх сурвалжийг магадлах аргаар шалгана гэж заасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Г.Чимгээ, Б.Эрдэнэчимэг нарын чаталсан гэх баримтын эх сурвалжийг магадлан шалгуулах шаардлагатай. Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Г.Чимгээгийн өмгөөлөгч Ж.Цэцгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл бодит байдалтай огт нийцэхгүй байгаа. Энэ талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хангахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эдгээр гурван хүний үйлдэл нэг хүн рүү чиглэсэн байгаа. Энэ талаар прокурор хяналт тавихдаа анхаарч үзсэнгүй. Хохирогч F43 гэх өвчнөөр Шархадны эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Үүнээсээ болоод айж, цочдог өвчтэй болсон байхыг үгүйсгэхгүй бөгөөд “сэтгэцэд нь өөрчлөлт орсон байж болзошгүй. Нарийн мэргэшлийн эмчээр онош тогтоолгож өгөөч” гэсэн хүсэлт тавьж байсан. Гэтэл “сэтгэцэд онош тавьдаггүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. Үүнд, манай зүгээс гомдолтой байдаг. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

            ХЯНАВАЛ:

 

            Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь гүйцэд биш хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна.

           

Харин шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1, 2 дугаарт заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах шаардлагагүй байх тул шүүхийн тогтоолын 1, 2 дахь заалтуудыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцийг хүлээн авч, харин шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дахь заалтад дурдсан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах нь зүйтэй бөгөөд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Үүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарын хийсэн үйлдлийн “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоож, үүнээс хамааран Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэх.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” гэж заасны дагуу дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Чимгээд сэтгэл санааны хохирол учирсан байж болзошгүй баримт хэрэгт авагдсан байх тул түүний сэтгэцийн эрүүл мэндийг шалгуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дахь заалт болон магадлалд дурдсан үндэслэлүүдээр Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын яллагчийн эсэргүүцлийн 1, 2 дахь заалтуудыг хүлээн авч, 3, 4, 5 дахь заалтуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Хэргийг Багануур дүүргийн прокурорын газарт очтол Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

4. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ