| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0111/Э/ |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 124
2018 оны 07 сарын 06 өдөр Дугаар 2018/ШЦТ/124 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,
Улсын яллагч Л.Солонго,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С , түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,
Шүүгдэгч Ө.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.У д холбогдох 1828000580068 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 03-нд Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багт Хөх-Овоо гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Ө.У , регистрийн дугаар .....
Шүүгдэгч Ө.У нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм баг Загийн гүн гэх газарт Т.С ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Т.С тай заамдалцаад гарсан нь үнэн. Гарыг нь дугтарч аваад мотоцикл руу түлхчихсэн юм. Найзыгаа ийм болгосонд харамсаж байна. Би Т.С ын нүдэнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр өмнөх нөхрийнхөө нэрээр намайг дуудсан. Эхнэртэйгээ муудалцсан. Дахиад эмчилгээ гарвал найздаа бололцоогоороо тусална. Бид хоёр яг нэг дор байдаг юм. Ухаан орсон цагаасаа л нэг дор байсан. Найзыгаа уучлаарай. Биеэ сайн бодож байгаарай. Цаашид тусалж явна. Би түүнийг гараараа цохьсон. Онох нь оносон. Нүдэнд бол оноогүй. Би баруун талд нь байсан юм. Мотоцикл руу ойчсон гэж бодсон. Намайг заамдсан байсан болохоор би гарыг нь мулталж аваад түлхчихсэн юм. Б.А ын мотоциклын хянахын гэрэл хагарсан байна гэж маргааш нь хэлж байсан. Өөр хагарсан зүйл байхгүй” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 03 сарын 18-ны өдөр Б.А орой 19 цагийн үед дуудсан. Би очсон. Б.А эхнэртэйгээ, Ган чимэг, Э.М , М байж байсан. 3 шил архи уучихсан байсан. Ө.У С.Г 2 муудалцаад гарахаар нь би араас нь гараад дундуур нь ороод ийм зүйл болсон. Зарим зүйлийг санахгүй байгаа. Өглөө ухаан орсон. Тухайн үед гэмтэл авч ирээд хагалгаанд орсон. Нүдийг авсан. 1.500.000 төгрөгийн зардал гарсан. Ө.У гээс хот руу явж эмчилгээ хийлгэхэд 7.000.000 төгрөг авсан. Зээлж авсан мөнгөө төлсөн. Одоо гомдол санал байхгүй. Хойшид хүнд хүчир ажил зэрэгт тусалж дэмжих байх. Одоо эмчийн хяналтанд байгаа. 4 сар тутамд нэг удаа үзүүлж байгаа. Салхи шороонд явахаар нуухтаад байдаг. Нөгөө нүд рүүгээ нөлөөлж магадгүй л гэсэн. Гэрч нарын мэдүүлэг зөрөөд байгаа, би бол болсон явдлыг ярьсан. Миний баруун гар талд С.Г байсан. Ө.У , С.Г хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Миний нүдэнд шилэнцэр хавчуулагдсан гэдгийг мэдэхгүй. Ө.У г шоронд явуулчихмааргүй байна. Надад тус дэм болоод байж байна байх. Ө.У гээс 7.000.000 төгрөг бүрэн авсан. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ. Манайх 400 гаруй малтай, 100 гаруй тэмээтэй. Эхнэр маань хүүхдээ хараад сургуульд байдаг. Би нэг эмэгтэйг нь боож унагасан үйлдэл хийгээгүй. Миний эрүүл мэндэд Ө.У л гэмтэл учруулсан...гомдол санал гээд байх зүйлгүй...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед манай ойролцоо байдаг айлын хүн болох Б.А манайх руу утсаар яриад “Намайг хүрээд ир, хамт цэргийн баяр тэмдэглэе” гэсэн. Би ганцаараа мотоциклоо унаад очиход Б.А , Ө.У , С.Г , Э.М , М нар болон 2 жижиг хүүхэд байсан. Тэр нар намайг очиход бууз салат хийчихсэн архи гаргаад тавьчихсан сууж байсан. Бид нар 3 шил архи хувааж уусан. Ө.У гийн эхнэр С.Г нөхрийгөө өмнөх нөхрийнхөө нэрээр дуудсан чинь Ө.У уурлаад тэр хоёр хоорондоо муудалцаад гадагшаа гарсан. Би араас нь гарахад тэр хоёр гэрийн үүдэнд нэгнийгээ заамдаад бариад авсан. Би дундуур нь ороход миний зүүн нүдний дор нэг хүн цохьсон. Би ухаан алдчихсан байсан. Өглөө нь гэртээ сэргэсэн. Гэртээ яаж явж очсоноо мэдэхгүй байна. Би тийм их согтуу байгаагүй. Ө.У г цохьсон байх гэж бодож байна. Гадаа харанхуй барилцаад зогсож байсан хүмүүсийн голоор орсон болохоор мэдээгүй. Миний зүүн нүд хараагүй болсон. Тухайн үед Ө.У , С.Г бид гурав байсан, өөр хүн байгаагүй. Э.М , Б.А , М нар гадагш гараагүй гэртээ үлдсэн. Би Ө.У тэй муудалцсан зүйл огт байхгүй...” гэжээ. /хх-8-9/,
Гэрч Б.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайд хүмүүс цуглаад цэргийн баяр тэмдэглэсэн. Ө.У , С.Г , Б.М , Т.С , манай эхнэр Э.М бид нар нийлж хоол хийж идээд нэг шил архи хувааж уучихаад би дахиад нэг шил архи задалж Ө.У д тойруулж бай гээд өгсөн. Манай эхнэр тэжээвэр хурга, ишгээ тэжээх гээд гарсан, тэр хойгуур манай бага 2 настай хүүхэд унтах гээд уйлаад би унтуулах гэж хажуугаар нь хэвтэж байгаад унтчихсан. Би хүүхдээ унтуулчихаад буцаад гэртээ ирсэн. Тэгэхэд гэрийн гадаа манай эхнэр зогсож байсан. Гэрт орох гэтэл миний мотоцикл зүүн талаараа уначихсан байхаар нь би хүүхдээ эхнэрт тэврүүлээд мотоциклоо босгож түрээд гэрийн баруун талд тавьчихаад гэрт орсон. Ө.У гэрт сууж байсан. Б.М сэрээгүй унтаж байсан, Т.С гэрийн баруун талд хацраа дарчихсан сууж байсан. Зүүн нүднийх нь доод талд урагдчихсан байхаар нь юм болсныг асуухад Т.С мэдэхгүй гээд байсан. Шөнө гэрт орж ирснийхээ дараа Ө.У огт юм яриагүй, Т.С ын нүдний дороос цус гарчихсан байхаар нь цусыг нь цэвэрлэчихээд ах нь Т.С ыг эмнэлэг рүү аваад явъя гэж Ө.У ярьж байсан...” гэжээ. /хх-14-16/,
Гэрч Э.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай саахалтын айлуудын хүмүүс болох Ө.У , түүний эхнэр С.Г , Т.С , М нар манайд цугларч цэргийн баяр тэмдэглэж 3 шил архи хувааж уугаад дуусгаж байхад М согтоод унтчихсан. Би гадуур төл мал тэжээгээд явж байгаад орж ирэх хооронд архиа хувааж уугаад дуусгасан байсан. Манай нөхөр хүүхэд өвөртлөөд унтчихсан байсан. Т.С Ө.У гийн араас гэрт орж ирэхэд зүүн нүдний доод талаар цус гарчихсан байхаар нь цусыг нь С.Г бид хоёр угаасан. Дараа нь би Б.А ыг дуудах гээд гарсан чинь Б.А гэрийн баруун талаас хүүхдээ тэвэрчихсэн ирж байсан. Гэрт орох гэтэл Б.А дуудсан. Яасан гэсэн чинь мотоцикл уначихсан байна гээд хүүхдээ надад тэврүүлчихээд Б.А мотоциклоо босгож түрээд гэрийн баруун талд аваачиж тавьсан. Т.С ыг гаднаас орж ирэхэд нь яасныг нь асуусан чинь мэдэхгүй би унтлаа гээд байсан, өөр юм хэлээгүй. Шөнийн 02 цагаас 03 цагийн хооронд болсон байх. Ө.У огт юм ярихгүй байсан. Т.С гаднаас орж ирээд хүнтэй муудалцаагүй, хэрэлдээгүй. С.Г огт гэрээс гараагүй. Ө.У , Т.С хоёр гадаа байхдаа хоорондоо маргалдаад чанга яриад байх шиг чимээ сонсогдсон, юу гэж ярьсныг нь сонсоогүй, би гэрээ цэвэрлэж байсан...” гэжээ. /хх-17-19/,
Гэрч С.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Ө.У бид хоёрыг Б.А ын гэрт байж байхад шөнө 22 цагийн үед Т.С ирсэн. Бид нар хоол идээд архи хувааж уусан. Т.С согтоод эхэлсэн. Бид нарыг муусайн хурган баячууд гэж хэлээд байсан. Би Т.С ыг “Миний найз одоо гэртээ харих юм уу, хүргүүлэх үү?” гэхэд “Чи хаанаас ирсэн болоод хэнийхээс намайг хөөгөөд байна” гэж уурлаад миний хамар луу гараараа нэг удаа цохиод дахиад эрүү рүү нэг удаа цохьчихсон. Миний хамраас цус гарчихсан тэгсэн хажуугаас Ө.У ч уурлаад “Чи яагаад байна гэж хэлсэн Э.М бас хажуугаас та эмэгтэй хүнийг яаж байна гэж хэлсэн чинь “Чи муу юу гээд байна” гээд Э.М ийн цамцны захаар боогоод байсан. Ө.У уурлаад Т.С ын гарыг Э.М ийн хувцаснаас салгаад Т.С тай заамдалцаад барилцахаар нь Э.М бид хоёр гэрээс гар гээд тэр хоёрыг хамтад нь гаргасан. Би хамрынхаа цусыг угаачихаад гэрт асгарсан зүйлүүдийг цэвэрлэж байсан чинь гаднаас Ө.У орж ирээд 10-аад минутын дараа Т.С гаднаас зүүн нүднийнх нь доод талаас цус гарчихсан дээлээ тайлчихсан орж ирсэн. Айлын орон дээр цус гойжуулаад байхаар нь би цусыг нь угааж өгөөд яасан юм бэ гэхэд өөрөө мэдэхгүй гээд байсан. Би гэр лүү нь хүргэж өгөх үү, сумын эмнэлэгт хүргэж өгөөд оёдол тавиулах уу гэхэд би энд унтъя гээд байсан. Тухайн үед Т.С ын архи гарчихсан байх шиг байсан...” гэжээ. /хх-20-21/,
Гэрч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 18-нд цэргийн баярын өдөр Т.С гэртээ байж байхад Т.С ыг манай хажууханд байдаг Анхаа гэдэг хүүхэд дуудаж байна гээд оройхон явсан. Би шөнө унтаж байхад 04 цагийн үед Ө.У , М хоёр Т.С ыг хүргэж ирсэн. Би унтаж байсан болохоор босоогүй. Т.С хөнжил аваад унтчихсан. Удалгүй Ө.У , М хоёр явсан. Би өглөө босоод цайгаа чаначихаад харсан чинь Т.С ын зүүн талын нүд хавдаад цус гарчихсан байсан. Би цусыг нь арилгаж арчиж өгчихөөд гараад малаа бэлчээчихээд орж ирэхэд дахиад цус гарчихсан байсан. Өдөр Б.А ирсэн, тэгэхээр нь энэ хүүхдийн нүд яачихсан юм бэ гэж асуусан чинь Б.А би яагаач үгүй Ө.У тийм болгосон гэж хэлсэн. Б.А яваад өгсөн. Т.С надад юу ч хэлээгүй. Т.С Б.А ынх руу явахдаа нүд нь зүгээр ямарч гэмтэлгүй байсан. Гэртээ зүгээр зурагт үзээд хэвтэж байсан юм. М, Ө.У хоёр манайд шөнө ирэхдээ их согтоогүй царайтай л байх шиг байсан, мэдэхгүй, М ч үг дуугүй байсан, ер нь дуу цөөтэй хүн байгаа юм. Шөнө Ө.У надад хэлэхдээ Т.С ын хөмсгийг Б.А өшиглөчихсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг их тоогоогүй хөмсгийг нь өшиглөчихсөн юм байх л гэж бодсон. 03 дугаар сарын 19-нд намайг хонинд явж байхад Б.А ыг ирэхээр нь чи чинь яагаад хүүхдийн нүд өшиглөчихсөн юм бэ гэж асуусан чинь “Үгүй би өшиглөөгүй, Ө.У тийм болгосон” гэж хэлсэн, өөр юм хэлээгүй. Тухайн үед манайд Т.С бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй. Уулсанаа гэдэг нь миний хүү, Т.С ын ах байгаа юм, тэр үед Уулсанаа гэрээ байсан, гэр нь манайхаас баруун урагш 5 км-т байдаг юм. Одоо ч хөдөө байдаг гэртээ байгаа. Ө.У , Т.С хоёр огт муудалцаж байгаагүй хүүхдүүд байгаа юм, багаасаа л нэг нутагт тоглож өссөн найзууд байгаа юм...” гэжээ. /хх-22-23/,
Гэрч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би нутаг үзэж яваад Б.А гэдэг айлд очсон чинь Ө.У эхнэрийн хамт байж байсан. Төд удалгүй Б.А эхнэртэйгээ сумаас ирсэн. Б.А ын төл малыг тавилчихаад гэрт ортол Ерөөл нэртэй 0.5 граммын архи задлаад ууж байгаад Б.А нь Т.С ыг утсаар дуудаж байсан. Удалгүй Т.С ирсэн. Ууж байсан архи дуусаад дахиад нэг шил Ерөөл нэртэй архи задлаад ууж байгаад архи арай дуусаагүй байхад би унтаад өгсөн. Хүмүүс шуугиад байхаар нь сэртэл Т.С ын нүдний доод талаас цус гарсан, Ө.У хажуу талд нь сууж байхаар нь би яацгаасан, юм болсон бэ гэхэд Б.А ын эхнэр нь Ө.У эхнэртэйгээ зодолдсон л гэсэн гэж хэлсэн. Ө.У нь Т.С ыг хүргэж өгөх гээд мотоциклтой сундлаад явахаар нь би араас Т.С ын мотоциклыг хүргэж өгчихөөд Ө.У бид хоёр Хургаа гэдэг айлд очиж хоносон. Тухайн үед би унтаж байгаад сэрсэн, Ө.У эхнэртэйгээ Б.А ын эхнэр, Т.С нар байсан. Ө.У гийн эхнэр харья гээд л уурлаад уйлчихсан байсан. Т.С ын биед хэн гэмтэл учруулсанг би мэдэхгүй. Намайг сэрэхэд Т.С ын нүдний доод хэсгээс цус гарсан байсан. Б.А ын эхнэр Ө.У эхнэртэйгээ зодолдсон гэж ярьж байсан. Т.С ыг гэрт нь хүргэж өгөөд Ө.У Т.С ын ээжид Б.А ыг өшиглөсөн гэж хэлж байсан. Би 21 цаг өнгөрч байхад унтаад 01 цаг өнгөрч байхад сэрсэн. Т.С ын зүүн нүдний доод хэсгээс цус гарсан байсан...” гэжээ. /хх-24/,
Шүүгдэгч Ө.У гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 18-ны өглөө гэртээ байж байтал Б.А утсаар яриад манайд ирээд мал хараад өгөөч гэсэн. Би эхнэрийн хамт Б.А ын гэрт 12 цагийн үед очсон. Б.А эхнэртэйгээ хамт сумын төв рүү яваад орой 17 цаг өнгөрөөгөөд ирсэн. Б.А ыг ирэхээс өмнө Б.М гэдэг залуу нутаг үзэж байна гэж ирсэн байсан юм. Б.А сумаас ирэхдээ 3 шил архитай ирсэн байсныг бид нар задалж ууж байгаад орой 22 цагийн үед байх цагийн нь сайн санахгүй байна. Б.А ойролцоо байдаг Т.С руу утсаар яриад хүрээд ир гэсэн. Удалгүй Т.С ганцаараа ирсэн. Бид нар нийлж 3 шил архийг уусан юм. 2 дахь архийг ууж байхад Б.М согтоод унтчихсан. Бид нар юм ярилцаад байж байтал Т.С согтоод байх шиг байхаар нь манай эхнэр С.Г миний найз согтчихлоо хүргүүлэх үү энд хонох уу гэж асуусан чинь Т.С уурлаад “Чи айлд ирчихээд хүнийг хөөдөг хэн бэ муусайн хурган баячууд тэгдэггүй юм шүү” гээд уурлаад байхаар нь би эхнэртээ “Яах юм бэ?” гэж хэлсэн чинь Т.С босоод С.Г ийг алгадаад эрүү рүү нь цохьсон. Тэгтэл хажуугаас нь Э.М болиоч ах гэж хэлтэл Э.М ийг боож унагасан. Би Т.С ыг салгасан чинь намайг боогоод гадагш нь чирээд гарсан. Гадаа гэрийн үүдэнд Т.С намайг заамдаад тавихгүй байхаар нь би хоёр гартай нь ноцолдож байгаад гарыг нь тавиулчихаад гэр лүү орсон. С.Г ийн хамраас цус гарчихсан, Э.М цусыг нь угаагаад байж байсан. Т.С удалгүй араас дээлээ тайлчихсан орж ирсэн. Нүднийх нь доод талд язарчихсан байсан. Би Т.С аас нүдээ яачихав гэж асуусан чинь мэдэхгүй байна гээд байсан. Би эмнэлэг рүү явах уу гэж асуухад гэртээ хүргүүлье гэхээр нь Б.М тай хамт хүргэж өгчихөөд гэртээ харьсан. Э.М , Б.А нар гарчихаад орж ирэхдээ гадаа байсан 2 мотоцикл давхралдаад уначихсан байна, босгочихлоо гэж ярьж байсан. Би Т.С тай муудалцсан зүйл байхгүй. Миний хувцасны захаас заамдаад тавихгүй байсан, хоолойг самардсан өөрөөр зодож цохиогүй. Б.А гэр дотор хэвтээд унтаж босоод байж байснаа хэрүүл маргаан болж байхад хүүхдээ тэврээд гараад явчихсан байсан, гэрт байгаагүй. Б.А сүүлд нь С.Г ийг цусаа угааж байхад орж ирсэн. Чи хаачив гэхэд хүүхэд орилоод байхаар нь авч гараад зугтаасан гэж ярьж байсан. Б.М бид нарыг архи ууж дуусаагүй байхад унтчихсан, хэрүүл маргаан болж байхад сэрээгүй унтаж байсан. Би сүүлд нь Т.С ыг хүргэж өгөх гээд Б.М ыг дуудаж сэрээсэн юм. Т.С ын биед гэмтэл учруулсан хүн байхгүй байх, би өөрөөс нь чи мотоцикл руу унаад ийм болчихсон юм биш үү гэсэн чинь мэдэхгүй гээд байсан. Би С.Г тэй огт муудалцаагүй. С.Г гадагшаа огт гараагүй. Т.С ын гэрт ээжээс нь өөр хүн байгаагүй. Урьд нь Т.С тай муудалцаж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр Т.С ын нүдэнд шилэнцэр хавчуулсан байсан гэсэн байсан. Шил хагарсан зүйл байхгүй, Б.А ын мотоциклын хянахын пивор хагарсан байсан. Тухайн үед огт шил хагарах зүйл болоогүй...” гэжээ. /хх-64-65,67/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Т.С ын биед зүүн нүдний алим, зовхины зүсэгдсэн шарх, алимны цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас зүүн нүд бүрэн хараагүй болж, мэс заслаар авагдсан байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-26/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 178 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Э.М ийн биед хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-31/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 179 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “С.Г ийн биед хамрын цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-35/,
Өвчний түүх /хх-41-59/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/,
Шүүгдэгч Ө.У гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-72/,
Өмнөговь аймаг, Номгон сумын Төхөм багийн Засаг даргын тодорхойлолт /хх-73/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-74-81/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-82-83/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.У д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.У гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.У д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ө.У гийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ө.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм баг, Загийн гүн гэх газарт Т.С ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би найз Т.С ыг ийм болгосондоо харамсаж байна...Заамдалцаад гарсан нь үнэн. Гарыг нь дугтарч аваад мотоцикл руу түлхчихсэн юм. Найзыгаа ийм болгосонд харамсаж байна. Би Т.С ын нүдний гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаар шинжээчийн дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ө.У С.Г 2 муудалцаад гарахаар нь би араас нь гараад дундуур нь ороод ийм зүйл болсон.” гэсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С ын “...Би араас нь гарахад тэр хоёр гэрийн үүдэнд нэгнийгээ заамдаад бариад авсан. Би дундуур нь ороход миний зүүн нүдний дор нэг хүн цохьсон. Би ухаан алдчихсан байсан. Өглөө нь гэртээ сэргэсэн. Гэртээ яаж явж очсоноо мэдэхгүй байна. Би тийм их согтуу байгаагүй. Ө.У г цохьсон байх гэж бодож байна...Миний зүүн нүд хараагүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Б.А ын”... Гэрт орох гэтэл миний мотоцикл зүүн талаараа уначихсан байхаар нь би хүүхдээ эхнэрт тэврүүлээд мотоциклоо босгож түрээд гэрийн баруун талд тавьчихаад гэрт орсон...Т.С гэрийн баруун талд хацраа дарчихсан сууж байсан. Зүүн нүднийх нь доод талд урагдчихсан байхаар нь юм болсныг асуухад Т.С мэдэхгүй гээд байсан...Т.С ын нүдний дороос цус гарчихсан байхаар нь цусыг нь цэвэрлэчихээд ах нь Т.С ыг эмнэлэг рүү аваад явъя гэж Ө.У ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-14-16/, гэрч С.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...гаднаас Ө.У орж ирээд 10-аад минутын дараа Т.С гаднаас зүүн нүднийнх нь доод талаас цус гарчихсан дээлээ тайлчихсан орж ирсэн. Айлын орон дээр цус гойжуулаад байхаар нь би цусыг нь угааж өгөөд яасан юм бэ гэхэд өөрөө мэдэхгүй гээд байсан. Би гэр лүү нь хүргэж өгөх үү, сумын эмнэлэгт хүргэж өгөөд оёдол тавиулах уу гэхэд би энд унтъя гээд байсан. Тухайн үед Т.С ын архи гарчихсан байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...03 дугаар сарын 19-нд намайг хонинд явж байхад Б.А ыг ирэхээр нь чи чинь яагаад хүүхдийн нүд өшиглөчихсөн юм бэ гэж асуусан чинь “Үгүй би өшиглөөгүй, Ө.У тийм болгосон” гэж хэлсэн, өөр юм хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.М ын “...Хүмүүс шуугиад байхаар нь сэртэл Т.С ын нүдний доод талаас цус гарсан, Ө.У хажуу талд нь сууж байхаар нь би яацгаасан, юм болсон бэ гэхэд Б.А ын эхнэр нь Ө.У эхнэртэйгээ зодолдсон л гэсэн гэж хэлсэн. Ө.У нь Т.С ыг хүргэж өгөх гээд мотоциклтой сундлаад явахаар нь би араас Т.С ын мотоциклыг хүргэж өгчихөөд Ө.У бид хоёр Хургаа гэдэг айлд очиж хоносон...Т.С ыг гэрт нь хүргэж өгөөд Ө.У Т.С ын ээжид Б.А ыг өшиглөсөн гэж хэлж байсан. Би 21 цаг өнгөрч байхад унтаад 01 цаг өнгөрч байхад сэрсэн. Т.С ын зүүн нүдний доод хэсгээс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.У гийн үйлдлийн улмаас нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С ын биед хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаар шинжээчийн: “Т.С ын биед зүүн нүдний алим, зовхины зүсэгдсэн шарх, алимны цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас зүүн нүд бүрэн хараагүй болж, мэс заслаар авагдсан байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-26/ нотлогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Ө.У г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-69/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Харин шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгч Ө.У д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн төлөв даруу зантай, элдэв хорт зуршилгүй, цаашид мал маллаж амьдрах боломжтой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал /хх-72-73/, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдал болон орлого олох боломжийг нь харгалзан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр жилд 3.333.333 төгрөгийг төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.У , хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С нар нь сайн дурын үндсэн дээр хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж шүүгдэгч Ө.У нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С т хохирол төлбөрт 7.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож 2018.05.14-нд бүрэн төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.У г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С нь тус гэмт хэргийн улмаас зүүн нүд нь бүрэн хараагүй болж мэс заслын аргаар авагдсан байх ба цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тайлбарыг хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул шүүх хохирогчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.У г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У нь 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу нэг жилд 3.333.333 /гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг/ төгрөгийг төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.У нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С т хохирол төлбөрт 7.000.000 /долоон сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ө.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ