Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00955

 

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/00955

 

 

Н.Энхбадралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00555 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Энхбадралын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, дансны хасалт, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2076 тоот шийдвэрээр 19 506 750 төгрөгийг Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас гаргуулж, Г.Гэрэлтогоод олгохоор шийдвэрлэсэн. Миний бие шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстойг ухамсарлан нийт төлбөрөөс Иргэний хуулийн 242.11 дэх хэсэгт зааснаар өөрт оногдох хэсэг болох 9 753 375 төгрөгийг төлсөн боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр данснаас дахин хасалт хийж, 200 000 төгрөг гаргуулан төлбөр авагчид олгосонд гомдолтой байна. Төлбөр төлөгч З.Хандсүрэн нь өөрт оногдох хэсгээс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэгч түүнээс нэг ч төгрөг гаргуулаагүй. З.Хандсүрэн өөрт оногдох төлбөрийг одоохондоо төлөх боломжгүй, төлбөрийн чадвартай болонгуут бүрэн төлж барагдуулахаа шийдвэр гүйцэтгэгчид удаа дараа бичгээр мэдэгдэж байсан. Мөн өөрт нь оногдож буй төлбөрийг төлөхөө бүрэн хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан. Шүүхийн шийдвэрт З.Хандсүрэн бид хоёрын тус бүрийн төлөх төлбөрийн хэмжээг нарийн тодорхойлон заагаагүй учраас бидний төлбөр авагчид төлөх төлбөрийн хэмжээ тэнцүү байхаар зохицуулагджээ. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.8-д зааснаар З.Хандсүрэн өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг өдий хүртэл биелүүлэхгүй хугацаа зөрчсөн нь надад хамаарахгүй, надаас шалтгаалаагүй юм. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т ...хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна гэдэг зохицуулалт надад хамаарах зохицуулалт биш юм. Бид хоёрын хооронд үүргийн харилцаа үүсээгүй. Хуулиар болон шүүхийн шийдвэрээр үүрэг гүйцэтгэгч бид хоёрын тус бүрийн хүлээх хариуцлагыг тогтоосон тусгай заалт, зохицуулалт байхгүй. Г.Гэрэлтогоо нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 242.8 дахь хэсгүүдийг үндэслэн миний төлсөн хэсгийг хасаад З.Хандсүрэнд оногдох хэсгийг түүнээс шаардах эрх нь хуулиар нээлттэй. З.Хандсүрэнгийн төлөх төлбөрийг Н.Энхбадрал төлөх ёстой гэж, үндэслэлгүйгээр дансны хасалт хийж илүү мөнгө авсан буруу байна. Иймд Н.Энхбадрал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран үүрэг гүйцэтгэгч З.Хандсүрэнд оногдож байгаа 9 753 375 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээс чөлөөлж өгнө үү гэж шаардлага гаргасан ба дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцэж явагдаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Мөн Н.Энхбадралын нэр дээр хийгдсэн дансны хасалт, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Н.Энхбадрал, З.Хандсүрэн нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч З.Хандсүрэнгээс хоёр удаагийн төлөлтөөр 300 000 төгрөгийг төлж барагдуулсан. Төлбөр төлөгчдийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон тул төлбөр төлөгч Н.Энхбадралын оршин суух хаягнаас 5 ханатай монгол гэр болон түүний өмчлөлийн автомашиныг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/2672 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч нийт 5 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, төлбөрийг төлбөр авагчид шилжүүлсэн. Мөн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2 800 000 төгрөгийг дансаар, 1 500 000 төгрөгийг бэлнээр 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөгийг тус тус төлбөр авагчид шилжүүлсэн. Төлбөр төлөгч З.Хандсүрэн нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд оршин суудаг, хороондоо нэн ядуу өрхөд бүртгэлтэй. Төлбөр төлөгчийн хаягт үзлэг, нэгжлэг хийхэд төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч Г.Гэрэлтогоогийн хүсэлтийг үндэслэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч Н.Энхбадралаас төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баязүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2672 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/27286 тоот албан бичгийн дагуу Н.Энхбадралын данснаас хасалт хийх, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөгийг гаргуулж Н.Энхбадралд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Төлбөр төлөгч Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас 19 506 450 төгрөгийг гаргуулж Г.Гэрэлтогоод олгох шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад З.Хандсүрэн нь нэн ядуу өрхөд бүртгэлтэй, төлбөрийн чадваргүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдож Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т зааснаар төлбөр төлөгч Н.Энхбадралаас төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 242.13 дахь заалтыг хамтран үүрэг гүйцэтгэгч З.Хандсүрэн төлбөрийн чадваргүй гэж, үүргийн түүнд ногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгч буюу Н.Энхбадралд ногдуулж байгаа бол тэр үүрэг мөн тэнцүү байхаар буюу З.Хандсүрэнгийн хүлээх үүргийн тал хувийг буюу 4 876 612 төгрөгийг Н.Энхбадрал хариуцахаар тайлбарлажээ. Иймд төлбөр төлөгч Н.Энхбадралын төлөх төлбөрийг 4 876 612 төгрөг байхаар тогтоож, төлбөр төлөгчийн дансны хасалт болон эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Энхбадрал нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 9 753 375 төгрөг төлүүлэхээс чөлөөлж, нэр дээрх дансны хасалт, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожавт 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардуулан өгчээ. /хх-9/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелд нэхэмжлэлийн шаардлагаа Н.Энхбадрал, З.Хандсүрэн нараас 19 506 750 төгрөг гаргуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2672 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Н.Энхбадралын нэр дээр хийгдсэн дансны хасалт хийх, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг сэргээлгэх болгож /хх-62/ өөрчилсөн байхад шүүх уг нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг зөрчсөнөөс гадна 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрийн дугаар ШШ2016 гэж дугаарлагдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дах хэсэгт нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ