| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2403 00400 0574 |
| Дугаар | 2025/ДШМ/96 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Л.Чинбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/96
2025 01 16 2025/ДШМ/96
Ө.О т
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Ө.О , түүний өмгөөлөгч Л.Чинбат,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/774 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ө.О т холбогдох эрүүгийн 2403 00400 0574 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ө.О нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын урд талын замд Тоуоtа Fielder маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а./ “...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн, 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” мөн дүрмийн 3.5-т заасны дагуу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэсэн заалт, мөр дүрмийн 3.4-т заасны дагуу “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж мопедтой зорчиж байсан хохирогч Б.Г ийн араас мөргөж эрүүл мэндэд нь баруун хоншоор ясны гадна ханын хугарал, зүүн хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, нүүрний баруун хэсэг, хоёр гарын сарвуу, зүүн тохой, хоёр хөлийн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокуророос: Ө.О ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ө.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ө.О т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.О ээс нийт 9.690.767 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г т 8.345.767 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.345.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ө.О ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдэл зэргийг харгалзан үзэлгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Шүүгдэгчийн эхнэр Б.Б нь 3 настай охин Г , 11 сартай хүү Г нарын бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй юм. О нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээдэг. ...Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, хийсэн үйлдлээ ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд нийгмээс тусгаарлахгүйгээр түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.О давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед их айж сандарсан, түргэний тэрэг ирэхэд явсан. Ямар ч байсан хохирогчийг өргөөд замаас холдуулсан. Хийсэн үйлдэлдээ үнэхээр харамсаж байна. ...” гэв.
Прокурор П.Итгэл давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан ялыг оногдуулсан. Тухайн үед төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байсан тул шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Өнөөдрийн байдлаар хохирлыг төлж барагдуулах талаар арга хэмжээ авсан нөхцөл байдлууд тогтоогдож байгааг харгалзан үзэж хорих ялыг өөрчлөх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбатын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ө.О нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын урд талын замд Тоуоtа Fielder маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 3.4, 3.7, 11.14-т заасан заалтуудыг зөрчиж мопедтой зорчиж байсан хохирогч Б.Г ийн араас мөргөж эрүүл мэндэд нь баруун хоншоор ясны гадна ханын хугарал, зүүн хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, нүүрний баруун хэсэг, хоёр гарын сарвуу, зүүн тохой, хоёр хөлийн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Ө.О ийн “согтуурлын зэрэг 0,52 хувийн согтолттой” гэх согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хх13/, хохирогч Б.Г ийн “согтуурлын зэрэг 0,37 хувийн согтолттой” гэх согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх12/, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8035 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын “хүний биед үзлэг хийх тухай” шинжээчийн дүгнэлт /хх40-41/, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаартай техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх50-51/, 140590186 дугаартай Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх52/, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3532 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх59-60/, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2292 дугаартай “Tyc Surron” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх66-69/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1371 дугаартай мөрдөгчийн магадлалгаа /хх76-77/, “Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр мопедод учирсан хохирлын үнэлгээ /хх135-136/, хохирлын баримтууд /хх144-153/,
хохирогч Б.Г ийн “...араас нэг машин ирээд мөргөсөн. Цааш болсон явдлын талаар санахгүй байна. Ухаан ороход Гэмтэл согог судлалын төвд сэрсэн. ...Миний 2 өвдөг, нурууны гол хэсэг, 2 гар урдуураа, нүүрний хэсэг шархтай, тархи доргисон байна. ...” /хх18-19/,
гэрч А-ийн “...машинд суугаад хөдөлсөн. Тухайн үеийн зарим зүйлийг санахгүй байна. Хүн мөргөх үед ухаан ороод сэргэсэн. Машинаас буугаад харахад хүн мөргөсөн байсан. Түргэний машин ирэх үед О явъя гээд ажил дээр буугаад үлдсэн. ...ажлаас гараад 4 цагийн үед Дарь-Эхэд О ийнд очиж унтаж байгаад өглөө 9 цагт цагдаа дээр очсон. ...О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна...” /хх22-23/,
гэрч Ө.О ийн “...Удирдлагын академийн замын урд талд мопед унасан хүнтэй мөргөлдсөн. Бороо их орж байсан болохоор харагдаагүй. Би буугаад мопедтой ахыг босгоод А-тай хамт зугтаасан. ...тухайн үед 40 км цагийн хурдтай явж байсан. ...машины бүрэн бүтэн байдал хангагдсан байсан. ...” /хх27-28/ гэсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ө.О ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат нь “...шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хийсэн үйлдлээ ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж зааснаар шүүгдэгч Ө.О ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс шүүгдэгч Ө.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж үзэж түүний өмгөөлөгч Л.Чинбатын гаргасан “...түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дэх зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ө.О ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сар болгон багасган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Дээрх өөрчлөлттэй холбоотой шүүгдэгч Ө.О нь шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа 3 сарын зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч Ө.О ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдэж,” мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шүүгдэгч Ө.О ийн өмгөөлөгч Л.Чинбатын “...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/774 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...шүүгдэгч Ө.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...шүүгдэгч Ө.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ө.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй...” гэж,
4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ө.О т оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж,
Шүүгдэгч Ө.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай.” гэсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч Ө.О ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдсүгэй.“ гэсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ө.О нь шүүхээс оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.О ийн өмгөөлөгч Л.Чинбатын гаргасан “...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ