Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 130

 

 

 

 

                                           

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 10 өдөр                                Дугаар 2018/ШЦТ/130                                           Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Л.Солонго,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

            Шүүгдэгч: Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М д холбогдох 1828000500070 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38-118 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Б.М , регистрийн дугаар ....

Шүүгдэгч Б.М  нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 18-78 УБП улсын дугаартай фургон маркийн автомашинд хуулиар хязгаарлалт тогтоосон 16 кг 220 гр улаан хас, 23 кг 870 гр ногоон хас нэртэй эрдэнийн чулуунуудыг болон 96 кг ямааны махыг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Гэрч Ж.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би Өмнөговь аймгийн Шивээхүрэн хилийн боомт дээр хилийн гарах чиглэл буюу экспортын тал дээр гаалийн хяналтын талбайд тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийгээд зогсож байсан чинь тагнуулын ажилтан Мөнхжаргал ирээд “1878 УБП улсын дугаартай автомашин нь хууль бус эд зүйл хилээр гаргах гэж байгаа мэдээлэлтэй машин байгаа юмаа, энэ машиныг мэдээллийн дагуу хамтарч үзлэг шалгалт хийе” гэж хэлсэн. Тэр үед 1878 УБП улсын дугаартай автомашин гаалийн хяналтын талбайд орж ирээд зогсчихсон байсан. Би уг 1878 УБП улсын дугаартай автомашиныг гаалийн урд талын том талбайд зогсоочихоод БНХАУ-руу гарах гээд араас ирсэн машинуудыг шалгаж байтал ажлын цаг дууссан. Тэр өдрөө 1878 УБП улсын дугаартай автомашиныг би шалгаагүй гаалийн хяналтын талбай дээр хонуулсан. Маргааш өдөр нь би тагнуулын ажилтан Мөнхжаргалтай хамт шалгах гэсэн чинь Мөнхжаргал нь хилийн уулзалтанд БНХАУ-руу явчихсан байсан. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөн адил 1878 УБП улсын дугаартай автомашинд үзлэг шалгалт хийгээгүй. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг 40 минутын үед би тагнуулын ажилтан Мөнхжаргалтай хамт 1878 УБП улсын дугаартай автомашинд үзлэг шалгалтыг хийхэд автомашины хамгийн арын суудлын доор 4 ширхэг хайрцагтай малын мах, мөн хар гялгар ууттай байгалийн улаан, ногоон өнгийн чулуунууд ил тавиатай байсан. Мөн тэдгээрийн хажууд автомашины тосны саванд байгалийн улаан өнгийн чулууг хийж тавьсан байсан. Уг автомашинаас дээр дурьдсанаас өөр зүйл гарч ирээгүй. Уг явдлын талаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Мөнхтуяад мэдэгдэж зөрчлийн 1828000031 тоот хэрэг нээж шалгасан. Уг зөрчлийн хэргийг шалгах явцад 1878 УБП улсын дугаартай автомашинаас илэрсэн байгалийн чулуунуудаас улаан өнгийн чулуунаас 1 килограмм 887 грамм , ногоон өнгийн чулуунаас 1 килограмм 602 грамм чулууг тус тус авч Улаанбаатар хотод байдаг Гаалийн төв лаборатори руу шинжилгээнд явуулсан. Гаалийн төв лабораторийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 27655 гэсэн дугаартай дүгнэлтээр 1 килограмм 887 грамм байгалийн улаан өнгийн чулуу нь мана болон хас чулуу болохыг тодорхойлсон. Харин 1 килограмм 602 грамм байгалийн ногоон өнгийн чулуу нь Гаалийн төв лабораторын гаргасан 27655 дугаартай дүгнэлтээр хас чулуу болохыг тодорхойлсон. Монгол улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар хас чулуу нь өнгө өнгөлгөөний чулууны ангилалд, харин дэлхийн гаалийн байгууллагаас гаргасан БТКУС-ын тайлбар бичигт зүйл 71-ийн 03-ын хавсралтаар тус чулуу нь үнэт буюу хагас үнэт чулууны ангилалд хамаарч байна. Мөн мана чулуу нь гоёл чимэглэлийн чулуун төрөлд, хас чулуу нь өнгөлгөөний чулууны ангилалд хамаардаг. Улмаар уг дүгнэлтүүдийг прокурорт танилцуулж Б.М д холбогдох зөрчлийн хэргийг харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлж байгаа болно. Б.М  нь 2018.02.07-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт дахь Гаалийн хяналтын талбайд 1878 УБП улсын дугаартай автомашинтай хил нэвтрэх гэж байхдаа гадаад паспорт дээрээ хил хамгаалах байгууллагын хилээр нэвтрэх штамб тамга тэмдэгийг даруулсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр үед Б.М ийн гадаад паспортыг үзээгүй. 2018.02.07-ны өдөр ажлын цаг дууссан, гадаа харанхуй болчихсон байсан болохоор би 1878 УБП улсын дугаартай автомашинд үзлэг шалгалт хийгээгүй. Тухайн өдөр уг автомашиныг 16 цаг 40 минутанд саатуулж гаалийн хяналтын талбайд тусгаарлаж тавьсан. Тухайн өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг явдлын талаар зохих байгууллага буюу прокурорын байгууллагад мэдэгдээгүй. Харин 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Прокурорын газарт мэдэгдэж зөрчлийн хэргийн дугаар авсан. Тухайн өдөр уг автомашинд үзлэг хийхэд тагнуулын ажилтан Мөнхжаргал хажууд хараад зогсож байсан. Мөнхжаргал машиныг ухаж үзээгүй. Би машиныг ухаж үзлэг шалгалт хийсэн. Хөндлөнгийн гэрч болох Пүрэвсүрэн гэдэг залуу хараад зогсож байсан. Уг 1878 УБП улсын дугаартай автомашинд байгалийн улаан өнгийн чулуу 16 килограмм, ногоон өнгийн чулуу 24 килограмм, малын мах 96 килограмм тус тус байсныг гаргаж ирсэн. Эдгээр эд зүйлүүдээс өөр юм илрээгүй...” гэжээ. /хх-64-65/,

Гэрч О.У ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтын хятад улс руу гарах чиглэлийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт хийж ажилласан. Уг өдөр би 1878 УБП улсын дугаартай фургон машиныг шалгасан. Уг машины жолоочийг Б.М  гэдэг. Тухайн үед намайг уг машинд хяналт шалгалт хийхэд Б.М  машиндаа ганцаараа явж байсан. Би тухайн үед уг машины кабин дотор нь л нүдэнд ил байгаа зүйлүүдийг үзэж шалгасан. Тухайн машины кабины дотор хэсэгт хориглосон хязгаарласан бараа бүтээгдэхүүн харагдаагүй. Б.М  нь манай Шивээхүрэн хилийн боомтоор байнгын зорчдог. Уг хүнийг байнгын хилээр зорчиж байдаг гэдгээр нь л мэднэ. Бусдаар бол сайн танихгүй. Малын махыг улсын хилээр нэвтрүүлэхдээ нэвтрүүлэх гэж байгаа тухай холбогдох байгууллагаас зөвшөөрөл болон эрүүл ахуйн гэрчилгээ авсан тохиолдолд хилээр нэвтрүүлдэг. Үүнээс бусад тохиолдолд махыг хилээр гаргахыг хориглоно. Байгалийн чулуу мөн адил улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан барааны жагсаалтанд ордог тул хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Манай байгууллага хуулинд заасан дээрх чиглэлийг барьж хилийн боомт дээр ажил үүргээ гүйцэтгэдэг...” гэжээ. /хх-66-67/,

Гэрч С.Тогтоохүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “1878 УБП улсын дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Б.М  миний нөхөр байгаа юм. Бид хоёр 20 жил хамт амьдарч байгаа. Апбан ёсны гэрлэлтийн баталгаатай. Тэр үед би Б.М тэй хамт байгаагүй. Миний нөхөр Б.М  1878 УБП улсын дугаартай автомашинтайгаа хилээр нэвтрэх гэж байхад нь гаалийн ажилтан саатуулсан байсан. Б.М ийг машин дотроо чулуу авч явсан талаар нь би мэдэхгүй. Би 1878 УБП улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлийг 182800050 тоот хэрэг бүртгэлтийн хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжилсэн гэдгийг мэдэхгүй байгаа. Харин уг машиныг би хэрэгт шалгагдаж байгаа гэдгийг мэднэ. Уг машины тухайд санал гомдол байхгүй. Миний нөхөр Б.М  бид хоёрын дундын өмч, хамт эдэлж хэрэглэж байгаа юм чинь уг хэрэгт 1878 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжилэх ажиллагаанд надад санал гомдол байхгүй...” гэжээ. /хх-68-69/,

Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаал хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Уг тушаал нь 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавын баталсан журам батлах тухай тушаал байдаг. Уг тушаал 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн шийвдэрийг үндэслэн гаргасан тушаал юм. Уг тушаалын утга нь гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулж өгсөн байдаг. Мөн уг тушаалын хавсралтаар батлагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт хуудсыг бөглөх ёстой байдаг. Уг хуудсанд тодорхойлолт авсан аж ахуй нэгж байгууллага, хувь хүний мэдээлэл, хаяг, регистр, утасны дугаар, гаалийн хилээр нэвтрүүлэх үндэслэл болох баримт, түүний дугаар гэрээ протукол, барааны нэр тоо хэмжээ, үнэ, барааны код, хилээр нэвтрүүлж буй зорилго хугацаа, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгсэлийн төрөл, боомтын нэр, хилээр нэвтрүүлэх он, сар, өдөр, хүлээн авагчийн хаяг гэсэн заалтуудыг тусгаж өгч үнэн зөв бөглөж мэдүүлэх ёстой байдлаар заасан байдаг. Хэрвээ онцлог барааг тусгай зөвшөөрөлгүйгээр, гаальд мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдах юм бол уг асуудал нь харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэх үндэслэл болно. Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа гэж шинжлэх ухаан, технологийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палентлогийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьцыг онцлог бараа гэж ойлгож болно. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан журам батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалаар уг онцлог барааг гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулсан бичиг баримт байдаг. Гаалийн ерөнхий газрын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан журам батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалын хавсралт дээр бүх төрлийн мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг холбогдох байгууллагаас авсан зөвшөөрлийн дагуу гаалийн бүрдүүлэлтийг хийгээд улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн заалт байгаа. Харин чулууны тухайд үнэт металл, эрдэнийн чулууны дээж, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторын шинжилгээний дүнг үндэслэн Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металл сорьцын хяналтын газраас тодорхойлолтыг мэдүүлэгч маань авсан байх ёстой гэж заасан байгаа. Өнгөлгөөний чулууг улсын хилээр гаалийн хилээр нэвтрүүлэхдээ холбогдох эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг үндэслэн чулууг улсын хилээр нэвтрүүлдэг. Чулууг тусгай зөвшөөрлийн үндэслэлээр гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд улсын хилээр нэвтрүүлдэг. Тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид олгодог. Уг тусгай зөвшөөрөл байхгүй тохиолдолд чулууг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Махыг улсын хилээр нэврүүлэхийн тулд 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хүнсний тухай хууль хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг стратегийн хүнс гэж үзсэн байдаг. Үүнд малын мах орсон байдаг. Стратегийн бүтээгдэхүүнийг улсын хилээр экспортонд гаргахад тусгай зөвшөөрөл шаардагдах тул махыг хувь хүн гаальд мэдүүлэлгүйгээр гаргасан үйлдэл нь хууль бус үйлдэл юм. Б.М  нь өөрийн авч яваа бараагаа гаальд мэдүүлээгүй. Гаалийн тухай хуулийн 57, 55-р зүйлийг зөрчиж байгаа. Мөн Б.М  эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлгүйгээр чулуу болон нэвтрүүлэхийг завдсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм...” гэжээ. /хх-70-71/,

Шүүгдэгч Б.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомт руу 1878 УБП улсын дугаартай фургон автомашинаар хил рүү гарах гэж Шивээхүрэн боомтын хатуу хучилттай засмал замаар явж байхад уг засмал зам дээр хар өнгийн гялгар тортой эд зүйл байхыг би харчихаад машинаа зогсоогоод юу юм бол гээд хүрээд очиход тэр уутан дотор нь улаан өнгийн чулуу, ногоон өнгөтэй жижиг жижиг чулуунууд байхаар нь уг чулуунуудыг аваад машиныхаа арын суудлын ард шалан дээр тавиад цааш чигээрээ яваад Шивээхүрэн боомтын гаалийн хашаа руу орсон. Гаалийн хашаанд ороход мэргэжлийн хяналтын байцаагч О.У миний машиныг шалгасан. Машины арын зааланд байсан цаасан хайрцагтай чихэрнүүдийг харчихаад явахаар би машинааа асаагаад гаалийн хяналтын талбай дээр очоод зогсоход гаалийн байцаагч Ж.Т  хүрч ирээд тагнуулын ажилтан Мөнхжаргал таны машиныг мэдээлэлттэй машин гэсэн гэж хэлчихээд намайг машинаа гаалийн урд талын том талбай дээр очоод зогс гэж хэлсэн. Би тэгээд машинтайгаа тэр гаалийн том зогсоол дээр очиж зогсоход араас гаалийн байцаагч Ж.Т  одоо хил хааж байна маргааш өглөө таны машиныг шалгана гэж хэлээд миний машиныг цоожлоод түлхүүрийг нь аваад явсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би машинаа шалгуулах гээд хүрээд очиход гаалийн байцаагч Ж.Т  тагнуулын ажилтан Мөнхжаргал урагшаа Хятад улс руу хилийн уулзалтаар явчихсан байна тэр хүнийг ирэхээр таны машиныг шалгана гэж хэлсэн. Тэр өдөр миний машиныг шалгаагүй гаалийн хашаан дотор хоносон. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө би 09 цагийн үед гаалийн хашаан дотор байгаа фургон автомашин дээрээ очиход гаалийн байцаагч Ж.Т  машиныг шалгаж үзлэг хийхэд тагнуулын ажилтан Мөнхжаргал холоос хараад зогсож байсан. Тэгээд миний машины хамгийн арын суудлын ард талд байсан 4 ширхэг цаасан хайрцагтай ямааны махыг гаргаж ирээд хажууд байсан миний замд олсон гялгар ууттай чулуунуудыг мөн машинаас гаргаж ирээд газар тавьсан. Тэгээд миний машинаас гаргаж ирсэн хар өнгийн гялгар ууттай чулуунуудыг хиллэж үзэхэд ногоон өнгөтэй чулуунууд нь 24 кг, харин тэр улаан өнгийн чулуунууд нь 16 кг болсон. Мөн 4 ширхэг цаасан хайрцагтай махыг хиллэж үзэхэд 96 кг ямааны мах байсан. Гаалийн байцаагч Ж.Т  миний машинаас гарсан 96 кг ямааны мах болон чулуунуудыг хураан авч, зөрчлийн хэрэг нээж шалгана гэж хэлсэн. Гаалийн байцаагч Ж.Т  надад хэлэхдээ таны машинаас гарсан энэ чулуунуудыг шинжилгээнд хойш явуулна намайг цагаан сар өнгөрөөгөөд 14 хоногийн дараа ирээрэй гэсэн. Би тэр хар өнгийн 10 гаруй ширхэг гялгар ууттай чулуунуудыг Шивээхүрэн боомт руу явдаг засмал замаар явж байгаад замаас олсон юм. Хэн нэгэн хүн тэр чулуунуудыг гээсэн байх. Тэр чулуунууд миний чулуу бишээ. Миний тэр олсон чулуунууд улаан өнгийн мөн ногоон өнгийн жижиг, янз бүрийн хэлбэр дүрстэй чулуунууд байсан. Тухайн үед хэдэн кг чулуунууд байсныг нь мэдээгүй. Харин гааль дээр ирээд хиллэж үзэхэд нийт 40 кг чулуу байна гэдгийг нь мэдсэн юм. Би тэр чулуунуудыг БНХАУ-руу оруулж хүнд үзүүлэх гэж байсан юм. Өөр санаа байгаагүй. Тэр хар өнгийн гялгар ууттай 10 гаруй ширхэг чулуунуудыг би машиныхаа арын суудлын ард шалан дээр ил тавьчихсан байсан. Машиндаа нуусан зүйл байхгүй. Би энэ чулуунуудыг өмнө нь улсын хилээр гаргаж байгаагүй. Би уг чулууг Монгол улсын хилээр оруулж болохгүй гэдгийг мэдээгүй. Тэр 4 ширхэг цаасан хайрцагтай 96 кг ямааны махыг Хятадын боомтын ажилтан цагаан сараар хэрэглэх гэж надад захьсан байсан юм. Тэгээд би уг махыг хятад хүнд өгөх гэж машиныхаа арын суудлын ард талд нь цаасан хайрцагтай нь ил тавьсан байсан. Надад эдгээр чулуунуудыг Монгол улсын хилээр гаргах зөвшөөрөл байхгүй. Би тэр чулуунуудыг түүгээгүй олсон юм. Би чулуу олсон газраа одоо олохгүй, сайн санахгүй байна. Надад нуусан зүйл байхгүй машиндаа ил тавьсан байсан. Миний машинд ямар нэгэн нуувч байхгүй. Би тухайн үед ганцаараа явж байсан, өөр хүн байгаагүй. 18-78 УБП улсын дугаартай фургон автомашин манай эхнэр С.Т гийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Бид хоёрын дундын хөрөнгө байгаа юм. Уг 96 килограмм ямааны махыг би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нойтоноор өөрийн машиндаа авч явж байгаад гаалийн байгууллага дээр саатуулагдсан. Тухайн саатуулагдсан өдрөөс хойш би уг 96 килограмм махыг өөр дээрээ авч хадгалж байсан юм. Учир нь тухайн газар хөргөгч хөлдөөгч байхгүй байсан тул би өөрөө авч хариуцаж байсан юм. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш уг махыг хадгалахдаа тог цахилгаан байхгүй байсан тул хүйтэн контейнерд хадгалсан ба хадгалж байх явцад урь орж гадаа дулаарч уг мах муудсан. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр уг махыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөд үнэр орж муудсан байсан нь үнэн болно. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байсан 96 килограмм ямааны мах нь түргэн муудах чанартай байх тул уг махыг устгал хийхэд надад татгалзах зүйл байхгүй. Уг махыг би өөрөө хадгалж байх явцад үнэр оруулж муутгасан байсан юм чинь уг махыг цагдаагийн байгууллага устгахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байдаг Нарийн сухайтын уурхайгаас Шивээхүрэн хилийн боомт орох хатуу хучилттай замаар хилийн боомт руу явж байсан чинь уг зам дээр хар өнгийн гялгар тортой чулуунууд тавиатай байхыг харсан. Би машинаасаа бууж очоод уг чулуунуудыг авсан юм...” гэжээ. /хх-60-63,98-99/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-5/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7-36/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-37/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-38/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-39-42/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-43/,

Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай прокурорын санал /хх-45/,

Эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /хх-46/,

Устгалын комиссын акт /хх-47/,

Эм мөрийн баримт устгах үед хийсэн тэмдэглэл /хх-48-53/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-57/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-58/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-59/,

Гурвантэс сумын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шивээхүрэн хилийн боомтын хяналтын талбайгаас иргэн Б.М ээс хураагдсан 96 кг мах нь малын мах мөн байв. Уг 96 кг мах нь ямааны мах байв. Уг ямааны мах нь өмхийрч муудсан хүнсэнд хэрэглэх боломжгүй, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй болохыг тодорхойлов.” гэжээ. /хх-73/,

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 315 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Өмнөговь дахь цагдаагийн газрын Гурвантэс сум дахь цагдаагийн тасгийн дарга хилийн боомт хариуцсан хилийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.Пүрэвдоржийн Геологийн Төв Лаборатори ТӨҮГ-д шинжлүүлэхээр ирүүлсэн 16.0 кг, 220 гр улаан хас чулуу, 23.0 кг, 870 гр байгалийн ногоон хас чулуу болох нь тогтоогдов. ...Эд мөрийн баримтаар хураагдсан 16.0 кг, 220 гр байгалийн хас чулуулаг. 23 кг, 870 гр чулуулаг нь байгалийн ногоон хас чулуулаг байна. Улаан хас чулуу болон ногоон хас чулуулаг нь өнгөлгөөний ангиллын чулуунд хамаарна. Уг чулуулгууд нь байгалийн төрц болон эрдэст хамаарахгүй. Улаан хас нь төмрийн усан исэл болон жижиг ширхэгтэй цахиуржингаас /кварц/, ногоон хас чулуу нь нэвчсэн хлорит болон жижиг цахиуржингаас /кварц/ бүрддэг. 40.0 кг чулуулгийг өгч явуулав. Фото зургийг хавсаргав...” гэжээ. /хх-76-78/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ӨМА-197 дугаартай дүгнэлтэд: “...18-78 УБП улсын дугаартай фургон УАЗ 220692 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2018 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 8.000.000 /найман сая/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэжээ. /хх-83-85/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ӨМА-214 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...96 кг ямааны мах зах зээлийн дундаж үнэлгээг 288000 төгрөг...” гэжээ. /хх-87-89/,

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтэд: “16,22 килограмм жинтэй улаан өнгийн чулуунууд нь Улаан хас, 23,87 килограмм жинтэй ногоон өнгийн чулуунууд нь Ногоон хас чулуу болохыг тодорхойлов. Хас чулуу нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын Эрдэнийн чулууны төрлийн Өнгөлгөөний чулууны ангилалд багтдаг болно. Уг чулуунууд нь байгалийн эрдэсд хамаарагдана. Дээрх эд мөрийн баримтаар хураагдсан чулуунуудыг ашиглах, хайх, олборлох, тусгай зөвшөөрөлтэй эсэх нь манай байгууллагын ажлын чиг үүрэгт хамаарахгүй тул холбогдох эрх бүхий байгууллагад хандана уу. Дээрх эд мөрийн баримтаар хураагдсан чулуунуудыг Монгол улсын Стандарт хилээр гаргах зөвшөөрөлтэй эсэх нь манай байгууллагын ажлын чиг үүрэгт хамаарахгүй тул холбогдох эрх бүхий байгууллагад хандана уу. Б.М  /РД:СР78103114/ нь дээрх эд мөрийн баримтаар хураагдсан чулуунуудыг Монгол улсын хилээр гаргахаар, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газраас тодорхойлолт гаргуулж аваагүй болно...” гэжээ. /хх-93-94/,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-103/,

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-111/,

Шүүгдэгч Б.М ийн бакалаврын дипломын хуулбар /хх-112/,

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-114-121/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-123/,

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёр дугаар шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-125-128/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-132/,

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд: “18-78 УБП улсын дугаартай УАЗ 220692 тээврийн хэрэгсэл нь одоогийн байдлаар ашиглалтын хугацаанаас хамаарах 50 хувь элэгдэлтэй байгаа бөгөөд хөдөлмөр хамгаалал болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа тул тухайн тээврийн хэрэгслийг цаашид дахин ашиглах боломжтой. ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.100.000 төгрөг...” гэжээ. /хх-159-160/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Б.М  нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 18-78 УБП улсын дугаартай фургон маркийн автомашинд хуулиар хязгаарлалт тогтоосон 16 кг 220 гр улаан хас, 23 кг 870 гр ногоон хас нэртэй эрдэнийн чулуу, 96 кг ямааны махыг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүгдэгч Б.М д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Монгол улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “газар” гэдэгт газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга”-ыг хэлнэ гэж томьёолсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн Төрөөс газрын талаар баримтлах зарчимд Монгол улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх ойлголтууд тус тус хамаарч байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд...геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.М ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээ хүрэн хилийн боомтоор Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн 16 кг 220 грамм  болон 23 кг 870 грамм чулуунууд нь:

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Өмнөговь дахь цагдаагийн газрын Гурвантэс сум дахь цагдаагийн тасгийн дарга хилийн боомт хариуцсан хилийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.Пүрэвдоржийн Геологийн Төв Лаборатори ТӨҮГ-д шинжлүүлэхээр ирүүлсэн 16.0 кг, 220 гр улаан хас чулуу, 23.0 кг, 870 гр байгалийн ногоон хас чулуу болох нь тогтоогдов. ...Эд мөрийн баримтаар хураагдсан 16.0 кг, 220 гр байгалийн хас чулуулаг. 23 кг, 870 гр чулуулаг нь байгалийн ногоон хас чулуулаг байна. Улаан хас чулуу болон ногоон хас чулуулаг нь өнгөлгөөний ангиллын чулуунд хамаарна. Уг чулуулгууд нь байгалийн төрц болон эрдэст хамаарахгүй. Улаан хас нь төмрийн усан исэл болон жижиг ширхэгтэй цахиуржингаас /кварц/, ногоон хас чулуу нь нэвчсэн хлорит болон жижиг цахиуржингаас /кварц/ бүрддэг. 40.0 кг чулуулгийг өгч явуулав. Фото зургийг хавсаргав...” /хх-76-78/ гэснээр өнгөлгөөний чулууны ангилалд  хамаарч байна.

Иймд шүүгдэгчийн улсын хилээр нэвтрүүлсэн өнгөлгөөний чулуу нь аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалд хамаарч байх тул дээрх хуульд томъёолсны дагуу ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Үндсэн хуулийн  6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Б.М  нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчиж, тус улсын газар, түүний баялагт хамаарах өнгөлгөөний чулууг улсын  гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Монгол улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын гадаргуу, түүний хэвлий, газрын баялаг нь төрийн өмч мөн болох талаар Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялгийн өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрөөс улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын гаалийн хилээр дээрх чулууг нэвтрүүлж буй нь шүүгдэгчийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж дүгнэв. 

Мөн шүүгдэгч Б.М ийн Шивээ хүрэн хилийн боомтоор нэвтрүүлсэн 96 кг мах нь Гурвантэс сумын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн: “Шивээхүрэн хилийн боомтын хяналтын талбайгаас иргэн Б.М ээс хураагдсан 96 кг мах ь малын мах мөн байв. Уг 96 кг мах нь ямааны мах байв. Уг ямааны мах нь өмхийрч муудсан хүнсэнд хэрэглэх боломжгүй, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй болохыг тодорхойлов.” /хх-73/ гэсэн дүгнэлтээр ямааны мах мөн болохыг тогтоосон бөгөөд түүнийг хүнсэнд хэрэглэх боломжгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэж үзэн устгасан нь хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай прокурорын санал /хх-45/, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж /хх-46/, устгалын комиссын акт /хх-47/, эд мөрийн баримт устгах үед хийсэн тэмдэглэлээр /хх-48-53/ зэргээр нотлогдож байна.

Уг 96 кг ямааны мах нь хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох нь Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар стратегийн хүнс болох малын махыг улсын хилээр нэвтрүүлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авч гаальд мэдүүлэх үүрэгтэй байжээ.

            Түүнчлэн шүүгдэгч Б.М  нь тус чулуу, ямааны махыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаа талаараа мэдүүлээгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Д.Гантулгын мэдүүлэг, гэрч Ж.Т  нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд гаальд мэдүүлээгүй байгаа нь гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хуульд заасан үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч Б.М ийг хуулиар хязгаарлалт тогтоосон 16 кг 220 гр улаан хас, 23 кг 870 гр ногоон хас нэртэй эрдэнийн чулуу, 96 кг ямааны махыг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

           Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.М д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 18-78 УБП улсын дугаартай фургон УАЗ 220692 маркийн бор ногоон өнгийн автомашиныг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн /хх-59/ байна.

Дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Т  болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-89/, гэрч С.Т гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Б.М ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан улсын орлогод оруулахаар дараах байдлаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д холбогдох хэрэгт “18-78 УБП улсын дугаартай УАЗ 220692 тээврийн хэрэгслийг “Ашид билгүүн” ХХК, “Вендо” ХХК тус тус үнэлж дүгнэлт гаргасныг хянан хэлэлцэж тухайн тээврийн хэрэгслийн шинж байдал болон зах зээлийн бодит жишигт тулгуурлан  “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “18-78 УБП улсын дугаартай УАЗ 220692 тээврийн хэрэгсэл нь одоогийн байдлаар ашиглалтын хугацаанаас хамаарах 50 хувь элэгдэлтэй байгаа бөгөөд хөдөлмөр хамгаалал болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа тул тухайн тээврийн хэрэгслийг цаашид дахин ашиглах боломжтой. ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.100.000 төгрөг...” /хх-159-160/ гэсэн дүгнэлтийг баримтлан шүүгдэгч  Б.М ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ-220692 маркийн бор ногоон өнгийн 18-78 УБП улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Уаз Фургон маркийн автомашины үнэ болох 4.100.000 төгрөгийг  гаргуулж улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож битүүмжилсэн дээрх тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч С.Т д олгохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуулиар хязгаарлалт тогтоосон 16 кг 220 гр улаан хас, 23 кг 870 гр ногоон хас нэртэй эрдэнийн чулуунуудыг зохих төрийн байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 96 кг ямааны махыг шүүгчийн захирамжаар  /хх-46/ устгаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М ийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.М  600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16 кг 220 гр улаан хас, 23 кг 870 гр ногоон хас нэртэй эрдэнийн чулуунуудыг зохих төрийн байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 96 кг ямааны махыг Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар устгуулахаар шийдвэрлэснийг дурдсугай.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчБ.М ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ-220692 маркийн бор ногоон өнгийн 18-78 УБП улсын дугаартай Уаз Фургон маркийн автомашины үнэ болох 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.М ээс гаргуулж улсын орлогод оруулж, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, УАЗ-220692 маркийн бор ногоон өнгийн 18-78 УБП улсын дугаартай Уаз Фургон маркийн автомашиныг хууль ёсны эзэмшигч С.Т д /регистрийн дугаар КЮ78071502/ олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ