Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/97

 

 

 

      2025           01            16                                       2025/ДШМ/97

 

Ж.А д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн /цахимаар/,

шүүгдэгч Ж.А  /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Энхбаатар,

хохирогч Д.Б , түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга О.А  нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/895 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.А , түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, А.Энхбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.А д холбогдох эрүүгийн 2405 02365 1185  дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.А  нь  2024 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Э" зочид буудлын 1217 тоот өрөөнд хохирогч Б.Б тэй “Манай найзтай нэг оронд унтлаа" гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний нүүр, толгойн тус газар цохих, хөлөөр өшиглөх зэргээр онц харгис хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокуророос: Ж.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.А д Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А-г "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.А аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 29.700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б д олгож, хохирогч Б.Б  нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, А.Энхбаатар нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Ж.А д 3 жилийн хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг төл бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасанд нийцээгүй байна.

Ж.А  нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, үйлсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлаж ойлгосон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны 3 хүүхэдтэй, хохирогчийн сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг өөр төрлийн эрүүгийн хариуцлагаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.А ын өмгөөлөгч А.Энхбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолоор Ж.А ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 03 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хариуцлагын хувьд хорихоос өөр ял оногдуулж өгөөч гэх шүүгдэгчийн гомдлыг дэмжиж оролцож байна. Энэхүү үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Нэгдүгээрт сэтгэцэд учирсан хор уршгийг шүүхээс 29.700.000 төгрөгөөр тогтоосон. Уг асуудалтай холбоотой маргаагүй. Мөн баримтаар тогтоогдсон 2.4 сая төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлсөн. Шүүгдэгч нь барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Энэ ажлаа сүүлийн 7, 8 жил тасралтгүй хийж байгаа. Сүүлийн нэг жилийн дансны хуулгыг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч нь дунджаар сард 3 сая төгрөгийн орлоготой. Нөгөө талаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн асуудал 2.4 сая төгрөгөөс өөр байдлаар шийдэгдээгүй. Бодит байдалд эмчилгээг үргэлжлүүлэн явуулах зайлшгүй шаардлагатай байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү. Энэ тохиолдолд шүүгдэгч урьд эрхэлж байсан ажил хөдөлмөрөө эрхлэх буюу бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо бодитой төлөх, сэтгэцэд учруулсан хохирлоо төлөх, мөн байнгын тогтмол орлоготой тул шүүхээс торгох ял оногдуулбал торгох ялыг хэсэгчлэн төлөх боломжтой юм. Мөн шүүгдэгч, хохирогч нарын эрх зүйн байдал дээшлэх боломжтой. Хорих ял оногдуулбал ар гэрийнхэн түүний өмнөөс хохирол төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа.  Шүүгдэгч нь хувьдаа приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Үүнийгээ гэм хорын хохиролд төлье гэхээр банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй тул боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хорих ялыг, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.А  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн хэрэгтээ чин үнэнээсээ гэмшиж, нийгмийн хор, аюулыг ухамсарлан ойлгож байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг минь харгалзан үзэхийг хүсэж байна. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа барилгын заслын ажил хийж орлого олж, ар гэрээ тэжээдэг бөгөөд хохирогчийн хохирлыг мөн төлөх боломжтой энэ талаар шүүхэд өөрийн орлого олдог дансны хуулгаа гарган өгсөн байгаа. Би өөрийн түргэн зан болчимгүй үйлдлээс болж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсандаа туйлын их харамсаж гэмшиж өөрийн буруугаа ухаарч ойлгож цаашид дахин ийм алдаа гаргаж болохгүй гэдгээ бүрэн дүүрэн ойлгож ухамсарлаж байгаа хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж байна.” гэж шүүх хуралдаан дээр хэлсэн. Иймд миний дээрх байдлуудыг минь харгалзан үзэж нэг удаа боломж олгон хорихгүйгээр торгох ял шийтгэл болгон өөрчилж өгнө үү. ... Энэ хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Би сэрээд болиулахад миний хоолойг шахсан. Би ариун цэврийн өрөө орчихоод найзыгаа ямар байдалтай байгааг асуухад ямар нэгэн хариу өгөөгүй, айсан, санаа зовсон байдалтай. ... гэв.

Хохирогч Д.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие унаж татдаг өвчтэй болсон. Шүүгдэгч намайг унтаж байхад санаатай унагааж, газарт чирч зодсон, гомдолтой байна. Би эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа шүүгдэгчтэй холбогдож “...эмнэлэгт үзүүлэх мөнгө хүрэхгүй байна...” гэхэд намайг огт тоогоогүй. Миний бие муу байсан тул баримт цуглуулж өгөх ёстой гэдгийг мэдээгүй. 07 сараас эмчилгээ үр дүнгээ өгч, миний бие сайжирч, баримтуудаа цуглуулж өгсөн. Үүнээс хойш шүүгдэгчийн зүгээс хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би банкны зээл болон эм тариагаа ч авч чадахгүй нөхцөл байдалтай байна. ...Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс санхүүгийн хувьд тааруу тул мөнгөтэй болчихвол эмчилгээгээ хийлгэмээр байна гэдэг. Шүүгдэгчийн зүгээс энэ талаар тодорхой санал гаргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Билгүүн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.А д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ж.А  болон түүний өмгөөлөгч А.Энхбаатар, Б.Ганпүрэв нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.А  нь 2024 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Э" зочид буудлын 1217 тоот өрөөнд хохирогч Б.Б тэй “Манай найзтай нэг оронд унтлаа" гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газар гараараа хэд хэдэн удаа цохих, хөлөөр өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зулай ясны шугаман хугарал, шулуун синус хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт баруун дээд 1, 2 дугаар шүдний булгарал, баруун 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалгын цус хуралт, зүүн хацар, тохой, уруул, шилбэнд зулгаралт, зовхи, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 7005 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх31-34/, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Туждент” шүдний эмнэлгийн тодорхойлолт, гэрэл зураг /хх37-38/, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б.Б  “Дүрслэл оношилгооны хариу” /хх39/, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Асралт мед” эмнэлгийн эмчийн дүгнэлт /хх60-66/, хохирогч Б.Б  Гэмтэл согог судлалын төвд эмчилгээ, оношилгоо хийлгэсэн талаарх баримт, хохиролтой холбоотой холбогдох баримтууд /хх64 -89/, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 863 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын 863 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ний шинжээчийн дүгнэлт /хх92-96/,

хохирогч Б.Б  “...Сарнайгийн хажуугаар унтаж байхад гэнэт нэг хүн миний хөнжлийг хуу татсан. Эргээд харахад А  байсан. ...учир зүггүй нүүр, цээж хэсэг рүү цохиж, өшиглөсөн. ...түлхээд зайгаа авахад миний хамар, амнаас цус гарсан ба цус нөжтэй хамт шүд унасан нь харагдаж байсан. ...би биеэ хамгаалах гээд А ын нүүр рүү нь чадахаараа цохисон. ...А  намайг хавсарч унагаад миний зулай хэсэг рүү хүчтэй дэвссэн. ...маш олон удаа хүчтэй өшиглөж, цохисон. ...” /хх11-19/,

гэрч О.Ө-н “...унтаж байхад чимээ гараад байсан. Сэрээд харахад А  2 зодолдоод байсан, тэгээд би босоод салгасан. А д ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Энэ 2 тухайн өдөр танилцсан болохоор өс хонзон байгаагүй байх, юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна...” /хх24-25/,

гэрч Э.С-н “...би бүүр дараа нь энэ 2-г зодолдсон талаар мэдсэн. Ө надад хэлсэн. Ямар шалтгаанаас болж маргасан талаар мэдэхгүй байна...” /хх27-28/ гэсээн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.А ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүгдэгч Ж.А  болон түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, А.Энхбаатар нар нь “...Ж.А  нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Цаашид сэтгэл санааны хохирол болон гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа болон түүний бага насны 3 хүүхэдтэй, ар гэрээ тэжээн тэтгэдэг гэх хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Ж.А  болон түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, А.Энхбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А  болон түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, А.Энхбаатар нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А ын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/895 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А  болон түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, А.Энхбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А ын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ