Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01420

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01420

 

 

 

 

 

 

Н.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оын 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00394 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Н хариуцагч М ХХКд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, бакалаврын диплом, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гаргуулах тухай үндсэн,

илүү олгосон цалин 4 306 710 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Нарансэмбэрүү нь М ХХКд 2013 оноос мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ ЭЗ-0002459 дугаартай гэрчилгээг түрээсэлж, 2016 оны 01 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан эм зүйчээр ажилласан. 2019 оны 07 сарын 07-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Гэтэл жор баригч Ц.Алтанзултай хов жив ярьсан, жирэмсэн гэх шалтгаанаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халах талаар мэдэгдэж, ажлаас халсан. Ажлын үйл ажиллагаанаас бус хувь хүний ашиг сонирхлоор ажлаас халсанд гомдолтой байна. Тухайн өдөр ажлаас халсан тушаалтай танилцуулаагүй. Нийгмийн даатгалын дэвтэр болон бусад бичиг баримтуудыг буцааж өгөөгүй. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 07 сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл 7 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 7 493 909 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, мөн М ХХКд 2013 оноос хойш мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг түрээсэлсний үндсэн дээр хариуцагч нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмийн сан эрхлэх буюу эм барих зөвшөөрөл авдаг. Тус гэрчилгээг сарын 100 000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд 2019 оны 07 сарын 22-ны өдрөөс хойш 7 сарын хугацааны төлбөрт 700 000 төгрөг, нийт 8 193 409 төгрөгийг, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эм зүйн сургуулийн захирлын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0201007688 дугаартай бакалаврын диплом, Эрүүл мэнд, спортын яамны сайдын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 тоот Эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл зэрэг баримтыг эх хувиар нь М ХХКаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХКийн төлөөлөгчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 01 сарын 01-ний өдөр Н.Нарансэмбэрүүтэй хөдөлмөр эрхлэх тухай гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Н.Нарансэмбэрүү худал ярьж ар гэрт ажил явдал гарлаа чөлөө өгөөч гэж гуйхад нь чөлөө өгөөгүй. Гэтэл дараагийн ээлжийнхээ хүнийг гуйгаад ажлаа орхиод явсан байсан. Тухайн өдөр өөр эмийн санд сууж байхад нь тааралдсан, удаа дараа итгэл алдсан үйлдэл үзүүлж байсан. Ёс зүйн хувьд алдаа дутагдалтай байгууллагын ажилчдын дунд хов, жив хутгаж миний итгэлийг их алдаж байсан, тухай бүрт нь хариуцлага тооцохгүй сануулдаг байсан. 2019 оны 01 сарын 25-ны өдрийн тооллогоор 638 651 төгрөг, 2019 оны 03 сарын 07-ны өдрийн тооллогоор 93 188 төгрөг, 2019 оны 06 сарын 07-ны өдрийн тооллогоор 450 460 төгрөгийн эм, тариа дутааж байсан. Дутагдлыг нийт ажилчид хувааж төлсөн. 2019 оны 06 сарын 26-ны камерын бичлэгээ шүүж үзэж байтал нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүү нь хулгай хийсэн нь харагдаж өөрт нь энэ талаар хэлэхэд хулгайлсан юм чинь төлнө гэж хэлээд Ц.Мягмарсүрэнгийн ээлжин дээр авчирч хийж байсан. Үүнээс хойш Н.Нарансэмбэрүүтэй хамт ажиллах итгэл алдарсан тул 2019 оны 07 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар хэлж 2019 оны 07 сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан. Н.Нарансэмбэрүүтэй ажиллах ямар ч боломжгүй, мөнгө болон эд хөрөнгө шууд хариуцан ажилладаг тул энэ хүнд итгэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/34 тоот тушаалаар 0201007688 дугаартай бакалаврын диплом, ЭМСЯ-ны 2016 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 26 тоот тушаалаар Эм барих Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эх бичиг зэргийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч. Харин ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч М ХХКийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нарансэмбэрүү нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажилд ороод 2 сар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс манайд буцаад түр хугацааны тушаалаар ажилд орсон. Тэгээд анх ажилд орохдоо Э.Нарансэмбэрүү нь албан ёсны бичиг баримт, тусгай зөвшөөрөлгүй байсан. Ингээд 6 сарын дараа диплом, тусгай зөвшөөрлөө надад өгч байсан. Яагаад ингэж байгаа вэ гэхэд өмнө нь ажиллаж байсан эмийн санд байгаа гэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилд ороод 2 хонож байхдаа эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн байж надад хэлэлгүйгээр ажилласан байсан. Энэ үед нь нялх хүүхэдтэй гэж өрөвдөөд ажиллуулж байсан. Миний хувьд энэ хүнд маш их боломж олгож, удаа дараа энэ хүнд сануулж байсан. Нэхэмжлэгч нь ажил тасалж, шалтаг шалтгаан тоочиж, чөлөө авч байсан. Н.Нарансэмбэрүү нь өнөөдрийг хүртэл тэр газраа ажиллаж байгаа. Би өөрөө чөлөө олгоогүй байхад ажлын байрыг орхиод явсан байхад нь энэ хүнтэй таарсан. Би Н.Нарансэмбэрүүг 2019 оны 6 дугаар сард хулгай хийсэн гэдгийг нь мэдээд ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. Тусгай зөвшөөрлийг түрээсэлсэн зүйл байхгүй. Эм зүйч нар цалин авдаг. Ажилгүй, хүүхэдтэй учраас нийгмийн даатгал төлөлт тасрах гээд байна гэж гуйсан учраас өөрийнх нь мөнгөөр төлдөг байсан. Маск хулгай хийсэн талаар бол өмнөх хурал дээр зээлийн дэвтэрт бичсэн гэж байгаа боловч дэвтэрт бичигдээгүй байсан. Бичиг баримтыг өгмөөргүй байна. Нэхэмжлэгчийг банкнаас зээл авахад нь би баталгаа гаргаж өгсөн. Хэрэв шүүхээс өг гэсэн шийдвэр гарвал өгч болно.

2 сар ажиллаж байгаад өөр газар ажиллах болсон гэдэг нь нийгмийн даатгалын дэвтэр дээр нь бичигдсэн байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түр хугацаанд буюу 3 сарын хугацаатай ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ 2017 онд байгуулагдаагүй. 2016 онд гэрээ байгуулсан боловч өөрөө хүсэлтээ өгөөд гарсан. 2017 оны 02 дугаар сараас ажилласан болох нь нийгмийн даатгалын дэвтэр болон гэрчүүдээр нотлогдоно гэж үзэж байна. 2017 оноос хойш тушаал гарсан атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилласан байгаа. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ээлжийн амралт авсан гэдэг боловч 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн амралт авсан байдаг бөгөөд амралт дуусаад ажилдаа орох гэхэд нь цаашид хамтран ажиллах боломжгүй гэж хэлсэн. Н.Нарансэмбэрүү эмийн сан дээр нэг хайрцаг маск авч ирсэн байдаг. Ээлжийн амралтаа аваад ажилд орохын өмнө ажилтнуудын дунд уур амьсгал эвдэж, компанийн зүгээс ажилтанд худал хэлж ажлаас гаргасан байсан. Энэ талаар гэрч н.Алтанзул нь өөрөө захиралдаа хэлсэн байдаг. Ажил олгогчийн итгэлийг эвдсэн тул цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгийг хэлсэн. Ингээд тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, дотоод журмын 7.6.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгч жирэмсэн байхад ажлаас халсан гэдэг. Жирэмсэн талаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Н.Нарансэмбэрүү нь өөрөө ч мэдэх боломжгүй байсан. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ЭХО-д харуулахад 33 долоо хоногтой гэсэн бичиг байгаа. 33 долоо хоногийг тооцоход 7 дугаар сард жирэмсэлсэн байгаа бөгөөд 1 сартай жирэмсэн гэдгээ мэдэх боломжгүй байсан. Мөн ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан гэж байгаа боловч 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 15 хоногийн хугацаатай ээлжийн амралт авсан. Тэгэхээр 7 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө ээлжийн амралт дууссан. Нэгэнт хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, компанийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан нь үндэслэлтэй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах боломжгүй. Мөн бичиг баримтаа өөрөө ирж аваагүй. Байгууллагын зүгээс Н.Н Голомт банкнаас авсан зээл дээр нь баталгаа гаргаж, тодорхойлолт өгсөн учраас бичиг баримтыг өгөөгүй байсан. Ирээд хүсэлт бичиж өгөөд бичиг баримт авахад татгалзахгүй. Тусгай зөвшөөрөл түрээслэх талаар талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Тусгай зөвшөөрөлтэй байж уг ажлыг хийх боломжтой. Тийм учраас түрээсийн 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХКийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.Нарансэмбэрүү нь М ХХКд ажиллаж байхдаа тушаалд зааснаас нэг хувиар илүү цалин авч байсан. Н.Нарансэмбэрүүг ажлаа гайгүй хийдэг гэж ойлгож нэг хувиар илүү урамшуулах маягаар цалин олгож байсан. Гэтэл Н.Нарансэмбэрүү удирдлагын итгэл эвдэж, байгууллагын хөрөнгөөс зөвшөөрөлгүй авч байгаа талаарх бичлэгийг хараад ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Өөртэй нь уулзахад маск зөвшөөрөлгүй авснаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Н.Нарансэмбэрүүгээс илүү олгосон цалин 4 306 710 төгрөгийг буцаан гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүү нь хариуцагч М ХХКийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар ажил олгогч нь нийт ажилчдын цалин хөлсийг өөрчилсөн тохиолдолд 10 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх ёстой. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг санаачлан байгуулах эрх бүхий этгээд. Н.Нарансэмбэрүү нь М ХХКд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа нэмэлт цалингүй илүү цагаар ажилладаг байсныг үнэлж, тухайн компаниас олгож байсан цалин юм. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг өөрчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр автоматаар сунгаж байсан бөгөөд тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлаас хамаарч цалин нь нэмэгдсэн гэж үзэж байгаа. Хариуцагч компанийн захирал Бүдханд нэхэмжлэгчийн ар амьдралыг бодож үр дүн олгож байсан гэдэг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүүг М ХХКийн эмийн сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эм зүйн сургуулийн №D201007688 бакалаврын диплом, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0002459 дугаар гэрчилгээг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүүд холбогдох илүү олгосон цалин 4 306 710 төгрөг гаргуулах хариуцагч М ХХКийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар М ХХКаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 7 493 909 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүүд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Н болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг М ХХКд даалгаж, нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүү нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэгч Н.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөг, хариуцагч М ХХКийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 860 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХКаас 205 052 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүү нь хариуцагч М ХХКд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, бакалаврын диплом, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн эх бичиг баримт, түрээсийн төлбөр 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь диплом, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эх бичиг гаргуулах шаардлагыг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч марган илүү олгосон цалин 4 306 710 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүү нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/34 тоот тушаалтай D201007688 дугаар бакалаврын диплом, Эрүүл мэнд, спортын яамны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 тоот тушаалтай эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн эх бичиг баримт, түрээсийн төлбөр 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 7 000 000 төгрөгийг бэлнээр өгөх, нэхэмжлэгчийн М ХХКийн эмийн сангийн эрхлэгчийн эм зүйчийн тусгай зөвшөөрөл, диплом, нийгмийн даатгалын дэвтрийг буцаан өгөхийг, нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүү нь эм зүйч, эмийн сангийн эрхлэгчийн үйл ажиллагаанаас татгалзаж чөлөөлөгдөх өргөдлийг, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгөх, цаашид аливаа гомдол, нэхэмжлэл гаргахгүй талаар баталгаа гаргаж талууд эвлэрэн хэлэлцсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оын 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00394 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүү нь хариуцагч М ХХКд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Мөнхийн хийморь золбоо ХХК нь нэхэмжлэгчид 7 000 000 төгрөг бэлнээр өгөх, нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны их сургуулийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/34 тоот тушаалтай D201007688 дугаар бакалаврын диплом, Эрүүл мэнд, спортын яамны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 тоот тушаалтай эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 2500000718 ажил олгогчийн кодтой нийгмийн даатгалын дэвтрийг буцаан өгөхийг, нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүү нь эм зүйч, эмийн сангийн эрхлэгчийн үйл ажиллагаанаас татгалзаж чөлөөлөгдөх өргөдлийг, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгөх, нэхэмжлэгч Н.Нарансэмбэрүү нь хариуцагчтай холбогдуулан аливаа гомдол, нэхэмжлэл гаргахгүй байхаар зохигчид харилцан зөвшилцөж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ц.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 052 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ