Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 59

 

2018 оны  4 сарын 06 өдөр                  2018/ШЦТ/59                         Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2018/0060/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Уламбаяр

Улсын яллагч                            Я.Сансар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал

Шүүгдэгч                                                          Б.Х 

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, А.Д нарт холбогдох 1739001500016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 1-2 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар нийт 02 жилийн хорих ялаар, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, 02 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг хорих ялаар сольж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэтгэн биеэр эдлэх ялыг 03 жил 01 сарын хугацаагаар тогтоосныг Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар ялыг эдэлж дууссанд тооцож сулласан гэх Б.Х /РД:СЭ96061210/. 

 

Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 2, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацалын 2б-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн гэх  А.Д /РД: СЮ93041716/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Х , А.Д нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацалын 2Б-03 тоотод оршин суух иргэн Ө.Э ын гэрт нууцаар нэвтрэн орж, 2 ширхэг хөөрөг, зурагт, смарт таб зэрэг эд зүйл хулгайлж 1.638.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Б.Х  нь2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Саригийн 2Б-01 тоотод оршин суух иргэн Ш.Ц гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Алтангэрэл” судар хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд: 

Хохирогч Ө.Э ын: “...Би 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн нутаг “Хавирга” боомтын ойролцоо “Энгэр шанд” гэх газар руу ажлаар явсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай найз болох Б.Төмөргарьд нь утсаар ярьж танай гэрт хулгай орсон юм шиг байна, танай гэрийн цоож эвдэрсэн байна, би цагдаа дуудаад байж байна гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд дунд гарын ногоон хаш хөөрөг, бага гарын цагаан шүр хөөрөг, 42 инчийн лед нимгэн зурагт алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

Гэрч Б.Төмөргарьдын: “...манай найз Ө.Э  нь ажлаар явсан тул манай гэрийг харж байгаарай гэж надад захисан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай найз болох Энхбатын гэрээр орж үзэхэд гэрийнх нь хоёр цоож эвдэрсэн, дээд талын тоононы гялгар уутыг хуулсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

Гэрч Л.Батнастын: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 08 цагийн шуудангаас хүн авч явах санаатай зогсож байхад жижиг биетэй 20 гаруй насны 2 залуу ирээд Улаанбаатар явах уу гэхээр нь явна гэхэд хэдээр явах уу гэсэн. Тэгэхээр нь би 20.000 төгрөгөөр явна гэсэн чинь жаахан ачаатай, ачаандаа нэг хүний зардал төлье, та Хархорин зах хүргээд өгөөрэй гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацалын урд нэг эгнээнээс зүүн тийш харсан ногоон хаалгатай дүнзэн байшинтай айл руу нөгөө 2 залуугийн нэг нь ороод гарч ирэхдээ эрээн даавуунд боодолтой LCD зурагт, үүргэвч маягийн цүнх аваад гарч ирсэн. Зурагтаа миний машины арын багажинд хийгээд, цүнхээ хийгээд байж байхад нөгөө зүүн тийш явсан залуу нь хар жижиг үүргэвч цүнх аваад ирсэн. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу явсан. ...Тэгээд Хархорин захын гүүрний зүүн талаар ертөнцийн зүгээр хойшоо эргээд Оросын хуучин 9 давхар угсармал байрнуудын голоор ороод арктай зогсоол дээр зогсоод нөгөө хоёр залуу хүнтэй уулзья гээд нэг нь үлдээд зурагт, цүнхнүүдээ буулгаад нөгөөх нь арк руу ороод явсан. Тэгээд удаагүй 5-10 минут болоод 1 залуу дагуулаад хүрээд ирсэн. Тэр дагаж ирсэн залуу нөгөө эрээн даавуугаар хучсан байсан зурагтыг задлаад харахад Скай Ворт гэсэн бичигтэй LCD зурагт байсан. Тэр залуу хараад ийм зурагт авахгүй гэхэд надтай хамт ирсэн 2 залуу авчих л даа гээд байсан. Тэр залуу авалгүй яваад өгөхөд дагуулж ирсэн залуу нь хүлээж байгаарай гээд араас нь явсан. Нилээн удаад байхаар нь би яаруулсан чинь үлдсэн залуу нь би олоод ирье гээд зурагтаа үлдээгээд явсан. Ирэхгүй болохоор нь би зардлын мөнгө болох тохиролцсон 60.000 төгрөгөө авч чадаагүй байсан болохоор нөгөө зурагтыг нь арын суудал дээрээ ачаад хар үүргэвч, цүнхийг нь онгойлгож харахад хувцас байхаар нь хөдлөөд Нарантуул зах дээр ирсэн. Тэгээд зах дээр Хэнтий явах хүн хараад зогсож байхад нэг мэдсэн чинь нөгөө 2 залуу ахаа зурагтаа авья гээд зогсож байсан. Намайг зардлаа өг гэхэд ах аа зурагтаа аваад, танд утас цүнхээ орхиод яваад ирье гэхээр нь би тэг гэхэд том цагаан утас үлдээсэн. Жирийн андройд гар утаснаас хамаагүй том гар утас байсан. Араас нь харахад баруун тийшээ яваад Нарантуул зах руу орох шиг болсон. Удаагүй нөгөө 2 залуу зурагтгүй ирээд надад 60.000 төгрөг өгөөд цүнхээ гар утастайгаа аваад явсан. ...Би нэг залууг нь бол хараад таних байх, зурагт гэрээсээ гаргаж ирсэн залууг нь танина. Харин нөгөө шовгор үстэй бор залуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 38-41 тал/

Хохирогч Ш.Ц гийн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 06 цагийн үед босоод орон дээрээ сууж байгаад хананд утсаар өлгөөтэй байсан шар баринтагтай судараа хартал гадуур нь ороосон баринтаг нь сулраад тайлагдсан байсан. Тэгээд энэ яагаад задарсан юм бол гээд судраа аваад баринтагийг нь задлаад үзтэл дотор нь картон цаас судар шиг хэвэнд оруулаад ороосон байсан. Тэгээд би зээ хүү Доржпүрэв рүү утсаар яриад гэрт хулгай орсон байна, яаралтай ир гэж хэлсэн. Тэгээд манай зээ хүү Доржпүрэв ирэхээр нь энд байсан судар яасан бэ, энд тэнд зарж үрсэн үү гэж асуухад Доржпүрэв би яасан гэж зардаг юм бэ, би арай бурхан тахилаа зарж архи уух нь бүү хэл гэр орноосоо юм авч гарч архи дарсанд өгдөггүй шүү гээд уурласан. Судрыг нь аваад цаас боосон байна, судар маань алга болсон байна гэхэд манай зээ хүү Доржпүрэв тэгвэл би авсан хүнийг нь мэдэж байна, надтай хамт манайд архи ууж байхдаа судрыг маань сонирхоод сүүлийн үеийнх үү, эртнийх үү гээд надаас асуугаад байсан. Тэгэхээр нь би манай өвөөд эмээгийн үе дамжиж ирсэн судар юм аа гэж хэлсэн гэсэн. Энэ судрыг чинь үзье гэж байсан тэгэхээр нь би үз, үз гээд үзүүлсэн. Эргээд тэр залуу манай гэрээс хулгай хийнэ гэж санасангүй гэж Доржпүрэв надад хэлсэн. Тэгээд Доржпүрэв гэрээс гараад нөгөө залуу болох Хүлгэнийг дагуулаад ирсэн. ...намайг 6 настай байхад өвөө, эмээ маань нас барахдаа надад үлдээсэн. Тэгэхээр надад ирээд 54 жил болж байна. Харин эмээ өвөө дээр хэдэн жил болсныг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 тал/

Хохирогч Ш.Ц  2 дахь удаа мэдүүлэхдээ “...би хүргэнийдээ тэр үеэр байсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой манай зээ охин болох Батцэцэг надтай хамт байж байгаад би багийн төв рүү явах ажилтай болоод хүргэнийхээсээ 18 цаг өнгөрч байхад такси бариад очоод, бид хоёр гэр рүүгээ харьсан. Тэгээд бид хоёр гэрийнхээ гадаа очоод би оролгүй зээ охиноо оруулаад гутал дээр хоёроо аваад ир гээд оруулсан юм. Харин манай зээ охин сүүлд судар алга боллоо гэсний дараа надад, би таны дээл, гутал хоёрыг авах гээд гэрт ороход хаалганы цоож эвдэрсэн байсан. Гэррүү ороод харахад манай гэрийн эд зүйл бүрэн эмх цэгцтэй байхаар нь Доржпүрэв ахыг гэрт ирээд түлхүүргүй болохоор эвдээд орсон байх гэж бодоод танд хэлээгүй гэж хэлсэн. Би цоож эвдэрснийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 144 тал/

Гэрч А.Д-ийн: “2017 оны 9 дүгээр сарын 30-ны  өглөө манай эмээ Цэцэгмаа над руу утсаар залгаад гэрт хулгай орсон байна, чи яаралтай ир гэж хэлсэн. Тэгээд би гэртээ найз Хатанбаатартай очтол манай гэрийн “Алтангэрэл” судар алга байсан. ...би хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сарын сүүлээр найз Хүлгэнтэй архи ууж байхад Хүлгэн манай судрыг энэ судар чинь хуучны судар уу гэж асуусан. Тэгэхээр нь би тийм байхаа, манай эмээгийн ээж хэрэглэж байсан гэж ярьдаг юм билээ гэж хэлсэн. Тэгэхэд манай найз Хүлгэн би задлаад үзчих үү гэж асуусан. Тэгэхлээр нь би юм бодолгүй тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд манай ширээн дээр “Алтангэрэл” судрыг маань задалж харсан. Тэгэхэд би судраа хамгийн сүүлд харсан Манай гэрт орж ирээд судрыг маань сонирхож үзээд байсан болохоор нь Хүлгэнийг авсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 тал/

Гэрч Д.Хатанбаатарын: “...Д-ийн эмээ болох Цэцэгмаа нь судар алга болсон байна гэхэд Доржпүрэв би мэдэж байна авсан хүнийг нь алнаа гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд эгч нь намайг араас нь гараа, наадах чинь хүн алчихаж магадгүй гэсэн. Тэгээд би араас нь гарсан чинь Доржпүрэв Хүлгэний үүдэнд зогсож байсан. Тэгээд Хүлгэнийг дагуулаад Доржпүрэвийнд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 тал/

Гэрч Ө.Э ын: “Би Цэцэгмаа эгчийг “Алтангэрэл” судар хулгайд алдсан гэдгийг мэдсэн. Цэцэгмаа эгч Б.Х гэдэг залууг сэжиглэж байгаа гэж надад өөрөө хэлсэн. Цэцэгмаа эгчийн хүү нь тэр алдсан судрыг Хүлгэнд харуулснаас болж хулгай гарсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 тал/

Гэрч Д.Төрмөнхийн: “2017 оны 9 дүгээр сарын сүүлээр жижигхэн биетэй нэг залуу ирж надад Төвд модон бараар хийсэн 40 см орчим урттай муутуу цаасан хуучин “Алтангэрэл” судар зарсан. Над руу утсаар залгаад зарын дагуу ярьж байна, та Алтангэрэл судар авах уу гэхээр нь би хаана байна, очиж үзье гэсэн. Тэгээд би Хэнтий аймгийн төвийн Хурх захын ойролцоо уулзах гээд очоод байж байхад нэг жижгэвтэр биетэй 20 гаруй настай гурвалжин үстэй залуу ирээд цагаан гялгар уутанд хийсэн байсан судар үзүүлсэн. Тэгээд би хараад 30.000-40.000 төгрөгөнд худалдаж авсан. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Тэр залуу манай гэрийн судар гээд надад зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 тал/

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 159-164 тал/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.Х , А.Д нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацалын 2Б-03 тоотод оршин суух иргэн Ө.Э ын гэрт нууцаар нэвтрэн орж, 2 ширхэг хөөрөг, зурагт, смарт таб зэрэг эд зүйл хулгайлж 1.638.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ө.Э ын мэдүүлэг, гэрч Б.Төмөргарьдын мэдүүлэг, гэрч Л.Батнастын мэдүүлэг, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон А.Д, Б.Х  нарын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.Х  нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Саригийн 2Б-01 тоотод оршин суух иргэн Ш.Ц гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Алтангэрэл” судар хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Ц гийн мэдүүлэг, гэрч А.Доржпүрэв, Д.Хатанбаатар, Ө.Э , Д.Төрмөнх нарын мэдүүлэг, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон Б.Х ий сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Х , А.Д нарын бүлэглэн үйлдсэн болон Б.Х ий ганцаараа үйлдсэн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн байна. Прокурор Я.Сансар шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Иймд Б.Х , А.Д нарт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Ө.Э ад учирсан хохиролд А.Д нь 830.000 төгрөг төлсөн бөгөөд, хохирогч Ө.Э  нь гомдол саналгүй гэсэн тул А.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Б.Х ий хувьд  хохирогч Ш.Ц  нь хохирлоо авсан тул гомдол саналгүй гэсэн байна.  Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х  нь хохирогч Ө.Э ад 819.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. 

 

Б.Х  нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, 02 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Б.Х  нь тэнсэнтэй байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эдлээгүй үлдсэн ял энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч А.Д-д ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Х-д ял оногдуулахдаа хохирогч Ш.Ц д хохирлоо нөхөн төлсөн байдал, хохирогч Ө.Э ад хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Х, А.Д нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Х-г бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д, Б.Х  нарт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус 01 /нэг/ жил хорих ял, шүүгдэгч Б.Х д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 3.7-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/жилийн хорих ял дээр 6.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Б.Х-гийн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Х д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ялыг тэнсэж, 02 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсаныг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х , А.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

6. Энэ өдрөөс эхлэн шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Х ээс 819.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Э ад олгосугай. 

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА