| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2209 02011 1418 |
| Дугаар | 2025/ДШМ/98 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/98
2025 01 16 2025/ДШМ/98
Б.Н , Л.А , Ч.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг,
шүүгдэгч Л.А , түүний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Төгөлдөр,
шүүгдэгч Ч.Э ийн өмгөөлөгч Б.Баясгалан /цахимаар/,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/976 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н ы өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нарын хамтран гаргасан, шүүгдэгч Л.А ын өмгөөлөгч Д.Батсүх, Б.Төгөлдөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Н , Л.А , Ч.Э нарт холбогдох эрүүгийн 2209 02011 1418 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” лоунжаар үйлчлүүлж байхдаа үл ойлголцлоос болж үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч А.Б гийн нүүрэн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Л.А нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа үл ойлголцлоос болж үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч Ч.Э ийн толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа А.Б тай маргалдаж, үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч Д.С гийн нүүрэн тус газар нь мөргөх, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос: Б.Н , Л.А , Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н, А, Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.А ыг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.Э ийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н , Л.А , Ч.Э нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н ы өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал... зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж хуульчилсан. Б.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд хохирогч А.Б д төлөх төлбөргүй юм. Тэрээр 2021 оноос эхлэн Монгол банкны Удирдлага, төлөвлөлтийн газрын Гадаад харилцаа, ёслолын албанд мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ба өмнө нь шүүхээс ял шийтгүүлж байгаагүй юм.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн заалт биш боловч шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн бидний үйлчлүүлэгч Б.Н ыг эрүүгийн хариуцлага буюу ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд Б.Н ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн , нөхцөл байдлууд байгааг шүүхээс харгалзан үзэхийг хүссэн юм.
Тодруулбал, бидний үйлчлүүлэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр хохирогч А.Б гийн зүй бус харилцаа, үйлдлээс шалтгаалсан болох нь 1 хавтас хэргийн 43 дугаар талд авагдсан гэрч Ч.Э ийн мэдүүлэг, 56 дугаар талд авагдсан гэрч Ч.Э гийн мэдүүлэг зэргээр тогтоогддог.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай юм.
Иймд Б.Н ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 04-ны өдрийн 2024/ШЦТ/976 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Н ы өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлын гол хууль зүйн үндэслэл нь шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэн давж заалдах гомдлыг гаргасан. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн заалт биш боловч шүүгдэгч Б.Н ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага буюу ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа юм. Бидний үйлчлүүлэгч Б.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байдаг. Мөн хохирогч А.Б д төлөх төлбөргүй.
Шүүгдэгч Б.Н нь хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй. 2021 оноос эхлэн Монгол банкны Удирдлага, төлөвлөлтийн газрын Гадаад харилцаа, ёслолын албанд мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ба өмнө нь шүүхээс ял шийтгүүлж байгаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд Б.Н ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн,нөхцөл байдлууд байгааг шүүхээс харгалзан үзэхийг хүссэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг яагаад хэрэглэх боломжтой вэ гэх Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэдэг. Тэгэхээр эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н ы өмгөөлөгч С.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж мэтгэлцсээр ирсэн. Шүүх мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүй гэсэн байдлаар дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эрх хэмжээ нь шүүхэд байгаа. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудал нь эрүүгийн эрх зүйн онол болоод хууль хэрэглээний хувьд нийгмийн аюулын хэмжээ нь их биш гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдэд нээлттэй гэж үздэг. Шүүгдэгч Б.Н ы хувьд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан үйл баримт байдаггүй. Хамгийн гол нь шүүгдэгч залуу хүүхэд, цаашид сурч боловсрох хүсэл зорилготой. Ял шийтгэлтэй байдал цаашид хувийн байдалд нөлөөлөх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Ирэх жилээс хоёр охинтойгоо гадаадад сурч боловсрох зорилготой байгаа тул надад нэг удаа боломж олгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Би хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Би дахин ийм алдаа гаргахгүй. ...” гэв.
Шүүгдэгч Л.А ын өмгөөлөгч Д.Батсүх, Б.Төгөлдөр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Л.А ыг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нотлох баримтуудаас хохирогч Ч.Э , гэрч Б.Н , Ч.Э нарын мэдүүлэгт “Л.А нь хохирогч Ч.Э ийн толгойн тус газарт стаканаар цохисон “гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын бодит байдалд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн гэж үзэх дараах үндэслэлүүд байгаа. Үүнд:
Хохирогч Ч.Э 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Тэгээд би дундуур нь орж та нар болиоч гээд салгах явцад хэн нэгэн миний толгой руу шилээр цохих үед нөгөө шил хагарсан ба намайг үргэлжлүүлэн газраар хувцаснаас зуурч чирсэн. Тэгээд тэр залуу зугтаад явсан ба хэн нэгэн цагдаа дуудсан байсан. Намайг цохисон залуу тэр баарны эзний найз залуу байх шиг байсан. Миний анзаарснаар тэр залууг Ч гэж дууддаг...” гэж мэдүүлсэн бол 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Хэрэг болсон өдөр миний толгой руу яг хэн цохисон болохыг хараагүй ямар ч байсан араас хүн шилээр цохиод шил нь хагарсан, хэрэг болсон үед тухайн газарт байсан хүмүүс хэлэхдээ миний толгой руу З гэх нэртэй эмэгтэй цохисон гэж хэлж байсан...” гэж өмнө өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлсэн байдаг.
Тэрээр сүүлийн мэдүүлгээ өмнөх мэдүүлгээс бараг нэг жилийн дараа өгсөн, мөн энэ мэдүүлгийнхээ эх сурвалжийг “...хэрэг болсон үед тухайн газарт байсан хүмүүс хэлэхдээ миний толгой руу тухайн өдөр З гэх нэртэй эмэгтэй цохисон гэж хэлж байсан...” хэмээн мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөр хүмүүс рүү чиглүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагаагаар түүний энэ мэдүүлгийн эх сурвалжийг огт шалгаагүй байдаг.
Тодруулбал, түүний мэдүүлэгт дурдсан “...тухайн газарт байсан хүмүүс...” гэдэг нь хэн хэн гэж ямар хүмүүс болох, тэдгээр хүмүүс түүний “толгой руу тухайн өдөр З гэх нэртэй эмэгтэй цохисон” гэж түүнд хэлсэн эсэх, тэр “З гэх нэртэй эмэгтэй” нь Л.А мөн эсэх, тэрээр Ч.Э ийг шилээр цохисон үйл явдлыг тэдгээр хүмүүс үнэхээр харсан эсэх гээд олон асуудлуудыг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зарчмын дагуу эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй.
Б.Н 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Ч.Э уурлаад эхнэрээ өмөөрөх үед араас нь цэнхэр өнгийн майктай охин шилээр толгойны араас нь 2 удаа цохих үед...” гэж мэдүүлсэн бол бусад гэрч болон хохирогчийн мэдүүлгээр Ч.Э ийн толгой руу нэг удаа цохисон гэх асуудал яригддаг ба шинжээч хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэж мэдүүлсэн.
Хохирогч Ч.Э 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “...хэн нэгэн миний толгой руу шилээр цохих үед нөгөө шил хагарсан ба намайг үргэлжлүүлэн газраар хувцаснаас зуурч чирсэн...” гэх мэдүүлгээр тэрээр араасаа цохиулсны дараа чирэгдсэн гэж мэдүүлсэн байхад гэрч Ч.Э гийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлэгт “...Э ийг Б н найзуудаас цааш татаад чирээд дээрээс нь цохиж мөн араас нь З гэж дуудаж байсан охин гартаа барьсан стакан шидэж, толгой руу нь цохисон...” хэмээн “Ч.Э чирэгдээд явсны дараа стакан шидсэн” гэж мэдүүлсэн байна.
Дээр дурдсанаар хохирогч, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, тэдгээрийн мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гэнэ/-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... яллагдагч ...-ийн гэм буруутай эсэхэд,... эргэлзээ гарвал түүнийг ...яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэх үндэслэлд хамаарч байхад тэдгээр гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн “ Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг ... прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэсэнд нийцээгүй байна.
Дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг нь шийтгэх тогтоолын үндэслэл болсон Б.Н аас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гарган өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед хийгдсэн “Л ”-ийн гаднах камерын 2 ижил бичлэгийг хуулбарласан 2 ширхэг сиди-д бичигдсэн...” бичлэгээр няцаагдсан.
Тухайлбал, хохирогч Ч.Э “...тухайн газарт байсан хүмүүс хэлэхдээ миний толгой руу тухайн өдөр З гэх нэртэй эмэгтэй цохисон гэж хэлж байсан...” гэж, гэрч Б.Н “...цэнхэр өнгийн майктай охин шилээр толгойны араас нь 2 удаа цохих үед...” гэж, гэрч Ч.Э “...Э ийг... араас нь З гэж дуудаж байсан охин гартаа барьсан стакан шидэж, толгой руу нь цохисон...” гэж, гэрч Г.Г...Гэтэл Э ийн араас Алтанзул ирээд гартаа барьж байсан стаканаар толгой руу цохисон...” гэж тус тус мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэгээр няцаагдсан ба тэдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлэг худал болох нь тогтоогдсон. Тодруулбал, бичлэгийг шинжлэн судлах явцад Л.А нь хохирогч Ч.Э ийн толгойн тус газарт стаканаар цохисон, эсхүл түүн рүү стакан шидсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10445 дугаартай дүгнэлт 4-ийн “Хэсэг газрын үзлэгт” гэсэн хэсэгт “...Зулайн хэсэгт 2 см мэс заслын оёдол бүхий шархтай...” гэж тэмдэглэсэн, мөн гэрч Г.Г ы “...Цохиулсны дараа Ч.Э ийг чирээд явсан. Тэгээд би ариун цэврийн ороо орж цус болсон гараа угаасан...” гэсэн мэдүүлгээр хохирогч Ч.Э толгойн тус газраа цохиулсны дараа их хэмжээ цус алдсан болох нь тогтоогдож байгаа.
Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан камерын бичлэгээр хохирогч Ч.Э ийн биеэс их хэмжээний цус гарсан гэх нөхцөл байдал харагдахгүй байгаа ба түүнийг Л.А цохисон гэх үйл явдлын дараа Ч.Э болон түүний дэргэд зогсож байсан хүмүүс зүгээр зогсож байгаа болох нь харагддаг.
Хохирогч Ч.Э “...миний толгой руу шилээр цохих үед нөгөө шил хагарсан... " гэж мэдүүлдэг. Ч.Э ийн толгойг хагалсан гэх үйл явдлын дараа тухайн зодоон болсон хэсэгт ямар нэгэн шилний хагархай байгаагүй болох нь шинжлэн судалсан камерын бичлэгийн 1:20-1:25 дахь хэсгийн бичлэгээс маш тодорхой харагдаж байна.
Улсын яллагч дээр дурдсан камерын бичлэгийг бидний үйлчлүүлэгч, хохирогч Ч.Э ийг цохисныг нотлох баримт гэж шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулж, шинжлэн судлуулсан боловч тухайн бичлэгээр Л.А нь хохирогч Ч.Э ийг стаканаар цохисон үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх уг бичлэгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад бидний үйлчлүүлэгчийг буруутгах баримт болгон ашиглахаар хохирогч Ч.Э ийн төрсөн ах Ч.Э , түүний найз Б.Н нараар Л.А ыг таньж олуулах ажиллагаа явуулсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэрч, хохирогч, яллагдагчаас хүн, ...-ыг ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана..." гэж заасан байдаг бөгөөд тухайн таньж олуулах гэж байгаа хүнийг таньж олох гэж байгаа гэрч, хохирогч, яллагдагч урьд өмнө харж байгаагүй, таньж мэдэхгүй тохиолдолд энэ ажиллагааг хийхээр хуульчилсан.
Мөрдөгч тухайн таньж олуулах ажиллагаа явуулахдаа дараах байдлаар хууль зөрчсөн байсан.
Таньж олуулах ажиллагаанд оролцсон Ч.Э нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ "...араас нь З гэж дуудаж байсан охин гартаа барьсан стакан шидэж, толгой руу нь цохисон..." гэж мэдүүлсэн, таньж олуулах ажиллагааны явцад “ Ч.Э ийн толгойн тус газарт шилээр цохиж гэмтээсэн эмэгтэйг харвал танина учир нь би тухайн эмэгтэйг урд өмнө нь таньдаг байсан зүс таних танил байгаа юм..." гэж тайлбарласан. Мөн таньж олуулах ажиллагаанд оролцсон Б.Н таньж олуулах ажиллагааны явцад "...Ч.Э ийн толгойн тус газарт шилээр цохиж гэмтээсэн гэх эмэгтэйг харвал танина учир нь би ...З гэх эмэгтэйг зүс танина..." гэж тайлбарласан.
Таньж олуулах хоёр удаагийн ажиллагаанд оролцсон хоёр этгээд хоёулаа Л.А буюу “З ” гэх нэрээр урьд өмнө түүнийг зүс таньдаг байхад таньж олуулах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй. Дээрх хоёр удаагийн таньж олуулах ажиллагааг хоёуланг нь зургаас таньж олуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт зааснаар хүнийг биечлэн байцуулж хийхээр заасан. Харин мөн зүйлийн 9 дэх хэсгийн 9.3-т “ таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй...” тохиолдолд зураг ашиглан таньж олуулах ажиллагааг явуулахаар заасан ба таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүдэд таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй ямар нөхцөл шалтгаан байгаа талаар огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл Анхан шатны шүүх хууль зөрчиж хийгдсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн.
Энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт болох хэрэг болсон гэх “Л” лоунжийн хяналтын камерын бичлэгүүдийг гаргуулан авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй.
Хэргийн 1 дүгээр хавтасны 126-132 дахь талд тус лоунжийн камерын хяналтын хард дискийг хүлээн авч шинжээч томилон дүгнэлт гаргуулан авах ажиллагаа хийсэн баримтууд авагдсан байдаг.
Мөрдөгч 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр камерын хяналтын хард дискийг гаргуулан авсан байхад шинжээчийн дүгнэлтэд “...2022 оны 26, 27-ны өдрийн 20 ширхэг камерын дүрс бичлэгүүд хадгалагдан үлдсэн байна...” гэж дүгнэсэн нь тухайн ажиллагааг бодит байдалд нийцээгүй гэж үзэхэд хүргэж байна.
Тодруулбал, хяналтын хард дискийг мөрдөгч 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хураан авчихсан байхад 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн бичлэг тухайн хард дискт бичигдсэн байх боломжгүй гэдэг нь илэрхий үйл баримт юм.
Бидний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэгт буруутгаж байгаа ба энэ гэмт хэргийн үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл” байхаар хуульчилсан.
Тухайн гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан шаардлагын дагуу нотолсон байх шаардлагатай.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бүхий л нотлох баримтуудаар “прокурор Д.Алтанзул нь хохирогч Ч.Э ийн биед гэмтэл учруулах үйлдэл хийсэн” гэх үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу тогтоогдоогүй байхад Л.А ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Дээр дурдсан тайлбар үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/976 дугаартай шийтгэх тогтоолын Л.А д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү. ... гэжээ.
Шүүгдэгч Л.А ын өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2 үндсэн хэсгээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримттай холбоотой асуудалд давж заалдах шатны шүүх анхааран үзээсэй гэж гомдол гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч Б.Н , Ч.Э , Г.Г нар нь манай үйлчлүүлэгчийг хохирогч Ч.Э ийн толгойн тус газарт стаканаар цохисон гэж мэдүүлдэг. Өөр бусад гэрчүүдийн мэдүүлгээр энэ нь няцаагдана. Хохирогч Ч.Э нь шүүгдэгч Л.А намайг цохисон гэдгээ хожим мэдүүлдэг. Эдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын бодит байдал болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар үгүйсэгдэх дараах үндэслэлүүд байна.
Мэдүүлгийн зөрүүтэй байдал. Хохирогч Ч.Э ийн 2 удаагийн өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Анхны мэдүүлэг буюу 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Тэгээд би дундуур нь орж та нар болиоч гээд салгах явцад хэн нэгэн миний толгой руу шилээр цохих үед нөгөө шил хагарсан ба намайг үргэлжлүүлэн газраар хувцаснаас зуурч чирсэн. Тэгээд тэр залуу зугтаад явсан, хэн нэгэн цагдаа дуудсан байсан. Намайг цохисон залуу тэр баарны эзний найз залуу байх шиг байсан. Миний анзаарснаар тэр залууг Ч гэж дууддаг...” гэж мэдүүлсэн бол 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Хэрэг болсон өдөр миний толгой руу яг хэн цохисон болохыг хараагүй ямар ч байсан араас хүн шилээр цохиод шил нь хагарсан, хэрэг болсон үед тухайн газарт байсан хүмүүс хэлэхдээ миний толгой руу З гэх нэртэй эмэгтэй цохисон гэж хэлж байсан...” гэж өмнө өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Сүүлийн мэдүүлгийн хувьд цаг хугацааны хувьд анзаарвал жилийн дараа өгсөн мэдүүлэг. Өөр хүмүүс рүү эх сурвалжаа заасан. Энэ мэдүүлгийн эх сурвалж болсон өөр бусад гэрчүүдийн мэдүүлгүүдийн эх сурвалжийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалган, тогтоогоогүй гэж үзэж байна. Тодруулбал Ч.Э ийн мэдүүлэгт дурдсан “...тухайн газарт байсан хүмүүс...” гэдэг нь ямар хүмүүс болох, тэдгээр хүмүүс түүний “толгой руу тухайн өдөр З гэх нэртэй эмэгтэй цохисон” гэж түүнд хэлсэн эсэх, тэр “З гэх нэртэй эмэгтэй” нь Л.А мөн эсэх, Ч.Э ийг шилээр цохисон үйл явдлыг тэдгээр хүмүүс үнэхээр харсан эсэх гээд олон асуудлуудыг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зарчмын дагуу эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй. Гэрч Б.Н 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Ч.Э уурлаад эхнэрээ өмөөрөх үед араас нь цэнхэр өнгийн майктай охин шилээр толгойны араас нь 2 удаа цохих үед...” гэж мэдүүлсэн бол бусад гэрч болон хохирогчийн мэдүүлгээр Ч.Э ийн толгой руу нэг удаа цохисон гэх асуудал яригддаг ба шинжээч хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэж мэдүүлсэн. Гэтэл Б.Н нь 2 удаа цохисон гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд болсон үйл явдлын талаар бусад гэрчүүдээс зөрүүтэй мэдүүлсэн. Хохирогч Ч.Э 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “...хэн нэгэн миний толгой руу шилээр цохих үед шил хагарсан ба намайг үргэлжлүүлэн газраар хувцаснаас зуурч чирсэн...” гэх мэдүүлгээр тэрээр араасаа цохиулсны дараа чирэгдсэн гэж мэдүүлсэн байхад гэрч Ч.Э гийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлэгт “...Э ийг Б н найзуудаас цааш татаад чирээд дээрээс нь цохиж мөн араас нь З гэж дуудаж байсан охин гартаа барьсан стакан шидэж, толгой руу нь цохисон...” хэмээн “Ч.Э чирэгдээд явсны дараа стакан шидсэн” гэж мэдүүлсэн байна. Дээр дурдсанаар хохирогч, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, тэдгээрийн мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх үндэслэлд хамаарч байхад тэдгээр гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэсэнд нийцээгүй байна. Дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг нь шийтгэх тогтоолын үндэслэл болсон Б.Н аас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гарган өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед хийгдсэн “Л ”-ийн гаднах камерын 2 ижил бичлэгийг хуулбарласан 2 ширхэг Сиди-д бичигдсэн...” бичлэгээр няцаагдсан. Өөрөөр хэлбэл Сиди бичлэгт шүүгдэгч Л.А Ч.Э ийн толгойн тус газарт стаканаар цохисон, эсхүл түүн рүү стакан шидсэн гэх үйл баримт харагдахгүй байдаг. Тухайлбал, хохирогч Ч.Э “...тухайн газарт байсан хүмүүс хэлэхдээ миний толгой руу тухайн өдөр З гэх нэртэй эмэгтэй цохисон гэж хэлж байсан...” гэж, гэрч Б.Н “...цэнхэр өнгийн майктай охин шилээр толгойны араас нь 2 удаа цохих үед...” гэж, гэрч Ч.Э “...Э ийг... араас нь З гэж дуудаж байсан охин гартаа барьсан стакан шидэж, толгой руу нь цохисон...” гэж, гэрч Г.Г “...Гэтэл Э ийн араас Алтанзул ирээд гартаа барьж байсан стаканаар толгой руу цохисон...” гэж тус тус мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэгээр няцаагдсан ба тэдгээр хохирогч, гэрч нарын мэдүүлэг худал болох нь тогтоогдсон. Тодруулбал, бичлэгийг шинжлэн судлах явцад Л.А нь хохирогч Ч.Э ийн толгойн тус газарт стаканаар цохисон, эсхүл түүн рүү стакан шидсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10445 дугаартай дүгнэлт 4-ийн “Хэсэг газрын үзлэгт” гэсэн хэсэгт “...Зулайн хэсэгт 2 см мэс заслын оёдол бүхий шархтай...” гэж тэмдэглэсэн, мөн гэрч Г.Г ы “...Цохиулсны дараа Ч.Э ийг чирээд явсан. Тэгээд би ариун цэврийн ороо орж цус болсон гараа угаасан...” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Тус бичлэг дээрээс харахад хохирогч Ч.Э толгойн тус газраа цохиулсны дараа их хэмжээ цус алдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Хохирогч Ч.Э “...миний толгой руу шилээр цохих үед нөгөө шил хагарсан... " гэж мэдүүлдэг. Ч.Э ийн толгойг хагалсан гэх үйл явдлын дараа тухайн зодоон болсон хэсэгт ямар нэгэн шилний хагархай байгаагүй болох нь шинжлэн судалсан камерын бичлэгийн 1:20-1:25 дахь хэсгийн бичлэгээс маш тодорхой харагдаж байна. Улсын яллагч дээр дурдсан камерын бичлэгийг бидний үйлчлүүлэгч, хохирогч Ч.Э ийг цохисныг нотлох баримт гэж шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулж, шинжлэн судлуулсан боловч тухайн бичлэгээр Л.А нь хохирогч Ч.Э ийг стаканаар цохисон үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх уг бичлэгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл болж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бидний үйлчлүүлэгчийг буруутгах баримт болгон ашиглахаар хохирогч Ч.Э ийн төрсөн ах Ч.Э , түүний найз Б.Н нараар Л.А ыг таньж олуулах ажиллагаа явуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэрч, хохирогч, яллагдагчаас хүн, ...-ыг ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана..." гэж заасан байдаг бөгөөд тухайн таньж олуулах гэж байгаа хүнийг таньж олох гэж байгаа гэрч, хохирогч, яллагдагч урьд өмнө харж байгаагүй, таньж мэдэхгүй тохиолдолд энэ ажиллагааг хийхээр хуульчилсан. Мөрдөгч тухайн таньж олуулах ажиллагаа явуулахдаа дараах байдлаар хууль зөрчсөн. Таньж олуулах ажиллагаанд оролцсон Ч.Э нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ "...араас нь З гэж дуудаж байсан охин гартаа барьсан стакан шидэж, толгой руу нь цохисон..." гэж мэдүүлсэн, таньж олуулах ажиллагааны явцад “ Ч.Э ийн толгойн тус газарт шилээр цохиж гэмтээсэн эмэгтэйг харвал танина учир нь би тухайн эмэгтэйг урд өмнө нь таньдаг байсан зүс таних танил байгаа юм..." гэж тайлбарласан. Мөн таньж олуулах ажиллагаанд оролцсон Б.Н таньж олуулах ажиллагааны явцад "...Ч.Э ийн толгойн тус газарт шилээр цохиж гэмтээсэн гэх эмэгтэйг харвал танина учир нь би ...З гэх эмэгтэйг зүс танина..." гэж тайлбарласан.Таньж олуулах хоёр удаагийн ажиллагаанд оролцсон хоёр этгээд хоёулаа Л.А буюу “З ” гэх нэрээр урьд өмнө түүнийг зүс таньдаг байхад таньж олуулах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй. Дээрх хоёр удаагийн таньж олуулах ажиллагааг хоёуланг нь зургаас таньж олуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт зааснаар хүнийг таньж олуулах гэж байгаа бол биечлэн байцуулж хийхээр заасан. Харин мөн зүйлийн 9 дэх хэсгийн 9.3-т “ таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй...” тохиолдолд зураг ашиглан таньж олуулах ажиллагааг явуулахаар заасан ба таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүдэд таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй ямар нөхцөл шалтгаан байгаа талаар огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл Анхан шатны шүүх хууль зөрчиж хийгдсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн.Энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт болох хэрэг болсон гэх “Л” лоунжийн хяналтын камерын бичлэгүүдийг гаргуулан авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах боломжтой байсан талаар хэрэгт байдаг. Мөрдөгчөөс камерын бичлэгийг хурааж авчихаад, дараа нь тэмдэглэл үйлдэхдээ 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр камерын хяналтын хард дискийг гаргуулан авсан байдаг. Гэтэл 2022 оны 26, 27-ны өдрийн 20 ширхэг камерын дүрс бичлэгүүд хадгалагдан үлдсэн байна гэж дүгнэсэн нь тухайн ажиллагааг бодит байдалд нийцээгүй гэж үзэхэд хүргэж байна. Энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хугацаа сунгаад яваад байдаг. 2023 оны 06 сараас 3,4-ний өдрөөс эхлээд ажиллагааг хийгээд эхэлсэн. Хугацааг дуусахаас өмнө яллагдагчаар татах ажиллагааг явуулсан дүр зураг хэргээс харагдана. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан үндэслэл, хугацаа тус бүрээр нь дүгнэлтдээ тодорхой тайлбарласан. Үүнээс ноцтой зүйл юу ажиглагддаг вэ гэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч А.Б мэдүүлэгтээ “..чи гомдлоо татахгүй бол танай найзыг энэ хэрэгт татна шүү...” гэдэг. Танай найз гэдэг нь Л.А юм. Энэ мэт дарамт шахалт үзүүлж байсан. Хохирогч А.Б гийн мэдүүлэг үндэслэлтэй байж болох нөхцөл байдлууд дээрх миний гомдолд дурдсан үндэслэлүүдээс тодорхой харагдана.
Хууль зүйн үндэслэлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу тогтоогдоогүй байхад Л.А ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан шаардлагын дагуу нотлогдоогүй үйл баримт дээр дүгнэлт хийсэн гэж тайлбарласан. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Л.А д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.А давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шударга бус гарсан гэж үзэж байгаа. Манай өмгөөлөгч нар хууль зүйн талаас нь тайлбарласан. Би хэрэгт холбогдсоноо мэдээгүй. Ямар нэг үйл явдал, зодоон нэр холбогдогчтой байдаг. Миний хувьд тэр олон хүмүүс дунд нэг ч нэр холбогдоогүй явж байгаад бүтэн жилийн дараа мөрдөгч надад яллах дүгнэлтээ гардаж аваарай гэж хэлснээр гэмт хэрэгт холбогдсон гэдгээ мэдсэн. Би бүтэн 1 жилийн хугацаанд өөрийгөө гэмт хэрэгт холбогдсон гэдгээ мэдээгүй. Намайг буруутай гэж мэдүүлээд байгаа этгээдүүд бүгд хоорондоо харилцан хамаарал бүхий хүмүүс байсан. Шүүгдэгч Б.Н ы хүргэн дүүг би хохироосон гэмт хэрэгт холбогдоод байгаа. Гэтэл намайг гэрчлээд байгаа хүн нь хүргэн дүү нь өөрөө байдаг. Түүний эхнэр, ах, Б.Н зэрэг нь миний эсрэг мэдүүлэг өгдөг. Ямар нэгэн байдлаар намайг өөр хөндлөнгийн хэн нэгэн нотолсон зүйл байхгүй. Өөр бусад хүмүүсийг гэрчээр асуугаад өгөөч гэх хүсэлт гаргахаар хүлээн авдаггүй. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Э ийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг танилцуулахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй гэж танилцуулсан. Үүнийг залруулъя. Шүүгдэгч Ч.Э ийн хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шадар сайдын ажлын албанд шинжээч ажилтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, хохирогчид өр төлбөрөө барагдуулж шүүх хуралдаанд оролцсон. Гомдол гаргаагүй тул өөр хэлэх зүйл байхгүй. Л.А гэх шүүгдэгч анх удаа миний үйлчлүүлэгчийг өөр хүн цохисон талаар тайлбар хэлж байна. Өмнө нь энэ талаар огт тайлбар гаргаж байгаагүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд яг ардаасаа цохиулсан учраас тэр гэж нэрлэн зааж чадаагүй тул хэд, хэдэн удаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс мэдүүлэг өгсөн тул асуудал тодорхой болсон. Мөрдөн шалгах ажиллагааны журмаар нотлох баримт цуглуулаад миний үйлчлүүлэгчид хэн хохирол учруулсан бэ гэдгийг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар нэгэн байдлаар маргаагүй. ...” гэв.
Прокурор С.Энхзул давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээ: “...шүүгдэгч тус бүрээр нь биш, нэгдсэн байдлаар тайлбар хэлье. Шүүгдэгч Б.Н ы хувьд өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргаагүй тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Прокурорын зүгээс уг гомдлыг хүлээн авахаас татгалзах саналыг гаргаж байна. Тодруулбал шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээх, зөвшөөрсөн хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө хуулийн гол зарчим нь мөрдөн шалгах явцаас эхлэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй бөгөөд туслалцаа үзүүлсэн, нотлох баримтад дэмжлэг үзүүлсэн байхыг шаардана гэж заасан байдаг. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас хүсэлт гаргадаг. Хүсэлтийн агуулга нь хохирогчид учирсан хохирлын зэрэгтэй холбоотой хүсэлтийг шат, шатны байгууллагад гаргасан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Үүнээс дүгнэхэд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохиролтой холбоотой ямар нэгэн маргаан үүсгэж, мөрдөн байцаалтын явцад дэмжлэг үзүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Үүнээс гадна шүүгдэгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-т заасан нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дээрх заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь дээрх зүйл заалтад заасан зорилгод харшилж байх тул Б.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.А ын өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд тайлбар хэлье. Нотлох баримтууд зөрүүтэй байна гээд байх юм. Гэтэл цохисон дараалал зөрүүтэй гээд байгаа юм уу, эсхүл цохиод унаж байна, чирэгдээд унаж байна гэж маргаад байгаа юм уу. Эсхүл Алтанзул биш өөр хүн байна, хяналтын камерын бичлэгээр “Алтанзул нь Э ийг цохиж байгаа нь няцаагдаж байна” гэж маргаад байгаа юм уу. Хэргийн үйл баримтаар хэн цохисон, хэрхэн яаж цохисон гэх асуудалд гэрчүүдийн мэдүүлэгт зөрүү байхгүй. Хохирогчийн анхны мэдүүлэгт Ч цохисон гэх мэдүүлэг байдаг. Энэ талаар тодруулахад хүмүүс Ч гэж хэлсэн. Дараа нь тухайн үед байгаагүй талаар мэдсэн гэх мэдүүлгийг өгдөг. Хохирогчийн мэдүүлэгт зөрүүтэй нэг л мэдүүлэг байсныг зөрүүг нь арилгасан. Мөн Б.Н ы мэдүүлгээр 2 удаа цохисон. Шинжээчийн дүгнэлтээр 1 удаа цохисон гэж гаргасан. Энэ нь зөрүүтэй байна гээд байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Э ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэг удаагийн цохисон үйлдлээр үүссэн гэж дүгнэсэн.
Гэрч Б.Н ы 2 удаа цохисон гэх мэдүүлгийн хувьд гэрч болсон процессыг өөрөө хараад болсон гэж дүгнэж байгааг санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх боломжгүй. Хохирогч Ч.Э ийн толгойн тус газар хэн цохисон талаар гэрч Э хангалттай тогтвортой мэдүүлдэг. Б.Н ы гаргаж өгсөн бичлэгээр хохирогч Ч.Э , Ч.Э нарын мэдүүлгүүд няцаагдаад байна гээд байна. Аль үйл баримт нь няцаагдаад байгаа, аль мэдүүлэг нь няцаагдаад байгаа талаар өмгөөлөгч тодорхой тайлбар хэлсэнгүй. Хохирогч Ч.Э шил хагарсан талаар мэдүүлдэг боловч хагарсан шил хяналтын камерт харагдахгүй байна гэдэг. Шил маш холоос ч хагарч болно. Жижиг хэмжээтэй стакан хагарч байгаа нь хяналтын камерын бичлэгт харагдах боломжгүй гэж бодож байна.
Таньж олуулах ажиллагаатай холбоотой асуудал буюу таньдаг хүнийг нь таньж олуулчихлаа гэдэг байдлаар гомдолд гаргасан. Таньж олуулах ажиллагааны гол зорилго нь хэн гэдэг хүнийг яаж таньж байгаатай холбоотой асуугаад, үүний дараа 2 ба түүнээс дээш хүнээс таньж олуулдаг. Урьд нь таньдаг хүнээ таньж олуулах боломжгүй гэх хориглосон хуулийн зохицуулалт байхгүй. Таньж олуулах ажиллагаа хийсэн гол зорилго нь тухайн үед шүүгдэгч нарын өмгөөлөгч нар маргадаг. Тухайн үед олон хүн байсан байна. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авахгүй юм уу гэх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гаргасан. Хэн гэдэг хүн цохисон талаар буюу гэрч Б.Н , хохирогч Ч.Э нар З гэдэг хүн цохисон гэдэг. Тиймээс З гэдэг нь аль юм бэ гэдгийг тогтоохын тулд таньж олуулах ажиллагаа явуулсан. Таньж олуулах ажиллагааг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Биечлэн ирэх боломжтой байсан талаар яриад байна. Шүүгдэгч Л.А руу холбогдоход ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байдаг байсан. Шүүгдэгч хэдий өмгөөлөгч авах эрхтэй боловч нөгөө талдаа мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй. Хавтас хэргийн материал танилцуулахад ирдэггүй. Прокурорын хяналтын шатанд танилцахаар ирдэг. Шүүгдэгч Л.А ыг удаа дараа дуудсан, мессеж бичсэн зурвасуудаа хэрэгт хавсаргасан байгаа. Энэ нь зөвхөн энэ таньж олуулах ажиллагаа биш ч бусад байдлаар дуудсан цагт ирдэггүй нь харагдаж байгаа юм. Хяналтын камерын дуу, дүрсний бичлэгийг бэхжүүлэхтэй холбоотой ажиллагаа нь мөрдөгчтэй холбоотой зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөгчийн зүгээс бичиг, техниктэй холбоотой алдаа гаргасныг үгүйсгэхгүй. Шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хэрэгт хяналтын камерын бичлэгийг гаргаж өгсөн байдаг. Үүнийг хэрхэн олж авсан талаар анхан шатны хуралдаан дээр асуусан. Мөн шүүгдэгч өмгөөлөгчөөс хохирогч А.Б тай яриад гомдлоо татахгүй бол танай найзыг хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шүү хэмээн дарамт шахалт үзүүлсэн гэдэг. Хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг прокурор үйлддэг. Ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргахад хэн нэгэн хүн нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Урьдчилсан хэлэлцүүлэгт ямар ч Ч гэх хүний талаар яригдаагүй. Шүүгдэгч Л.А намайг буруутгаж буй хүмүүс хоорондоо харилцан хамаарал бүхий гэр бүлийн хүмүүс байдаг гэсэн. Яллагдагч Б.Н энэ хэрэгт шүүгдэгчээр оролцсон боловч Ч.Э ийн эрүүл мэндэд хохирол учирсан хэрэгт яллагдагчаар татахаас өмнө гэрчээр оролцсон. Эдгээр хүмүүс Ч.Э ийг хохирсон талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Л.А тай хамаарал бүхий найз нөхдөөс мэдүүлэг аваагүй биш авсан. Гэрч н.Энхчимэг, н.Үжин, н.Жавхлан нарын мэдүүлэг зэрэг байдаг. Камерын бичлэгийг яагаад нотлох баримтаар үнэлүүлж, яллах дүгнэлтэд тусгасан бэ гэхээр шүүгдэгч Л.А ын найз Үжин гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт “... цэнхэр өнгийн майктай байсан, тухайн үед гартаа ганцхан Л.А шилтэй байсан ...” гэдэг. Тухайн бичлэг дээр цэнхэр өнгийн майктай нэг л хүн байдаг. Үүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр Д.Батсүх өмгөөлөгч нэг бүрчлэн заалгасан. Шүүгдэгч өөрөө мөн гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд өмгөөлөгч нарын гаргасан цагаатгах тайлбар, шүүгдэгч Б.Н ы эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай тайлбар үндэслэлийг үндэслэлтэй няцаан дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Н , Л.А , Ч.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Н ы өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг болон шүүгдэгч Л.А ын өмгөөлөгч Д.Батсүх, Б.Төгөлдөр нарын тус тус хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Н , Ч.Э нарт холбогдох хэргийн тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа үл ойлголцлоос болж үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч А.Б гийн нүүрэн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун хацар эрүү, баруун хацар, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа А.Б тай маргалдаж, үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч Д.С гийн нүүрэн тус газар нь мөргөх, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10300 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх72-73/, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10311 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх79-80/,хохирогч Д.С-н хохирлын баримтууд болох 3.100.000 төгрөгийн төлбөр бүхий “Ханлор” эмнэлэгт хамрын хагалгаанд орсон баримт, гялс төвд шинжилгээ хийлгэсэн 145.400 төгрөгийн баримт, “Интернэйшнл Медикал Сентер”-ийн 55.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх баримт, “Монос” эмийн сангийн 12.500 төгрөгийн баримт, нийт 3.312.900 төгрөг бүхий хохирлын талаарх баримтууд /1хх 84-92/, хохирогч Д.С гийн өвчний түүх /1хх93-113/, хохирогч Д.С д Ч.Э өөс хохирол төлбөрт 3.312.650 төгрөг шилжүүлсэн гэх баримт /3хх233/, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх135/, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн баарны өрөөнд хийсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх141-143/,
гэрч Б.Н ы “...зүс таних Б хүрч ирээд манай нөхөр Ч.Э гийн дүү болон Ч.Э ийг “эгчийн дүү чи хэн ч биш, пизда наахуу, чиний хүүхдийн ээж шаадаггүй гичий байна лээ” гэх доромжлох үед манай нөхөр Ч.Э уурлаад “Чи манай гэр бүлийг доромжилж байна” гэж хэлээд ширээ өшиглөсөн. Тэр үед ширээний хөл хугарсан. Тэгээд Б яваад өгсөн. Би Б г цахим хаяг руу залгаад ярих үед Лгийн үүдэнд байна, гараад ир гээд дуудах үед Г , Э , Э, Т, Г ы 4 найз бид нар очсон. Ө, Б нар үл таних 3 хүнтэй зогсож байсан. Г , Т бид 3 түрүүлж очиход Б үг хэлээр “Хачин гичий минь зайл, та нар ингэхгүй шүү” гэж харааж зүхээд, орилж чарлаад байсан тул би гартаа барьж байсан пивоны шилээр зүүн мөр хэсэгт доогуур нэг удаа шилээрээ нудраад холдсон. Миний хойноос Б “бүгдийг нь дууд, зодолдоно” гээд орилоод байсан, мөн Б гийн найз над руу уух юм аа цацсан. ...” /1хх47-48/,
гэрч Ч.Э ийн “...хамт байсан залуу дээр нэг эмэгтэй ирээд яриа өрнүүлж над руу хандаж “юу байна, эгчийн дүү” гэсэн. Би эргүүлээд “насны зөрүүтэй билүү” гэж асуусан. Тэгтэл тэр эмэгтэй хариуд нь “чи миний доод ангид байсан биз дээ” гэсэн. Тэгээд бид 2-н дунд харилцан яриа болж дууссан. Тэгтэл тэр эмэгтэй ярилцаж байсан залуудаа “энэний хүүхдийнх нь эх янхан ш дээ” гэсэн. Хамт байсан 2 залуу уурлаад ширээн дээр байсан эд зүйлийг унагаасан. Юу болоод байгааг нь асуутал тухайн хэлсэн үгийг надад хэлсэн байсан. Тэгээд би уурласан. ...Манай эхнэрийг доромжилсон болохоор баарны гадаа тэр эмэгтэйтэй хэрэлдсэн. Тэгтэл манай эхнэрийн нүүр рүү нь шилтэй уух зүйл шидээд нүүрэн тус газарт нь оносон. Би дундуур нь орж “та нар болиоч” гэж салгах явцад хэн нэгэн миний толгой руу шилээр цохисон. Намайг үргэлжлүүлэн газраар хувцаснаас зуурч чирсэн...” /1хх 43-44/,
гэрч А.Б гийн “...тухайн өдөр зүс таних Б.Н , түүний найз залуу Ч.Э , түүний дүү Ч.Э нар над руу харааж, зүхээд шилтэй уух зүйл авч шидсэн. Би гадаа зогсож байхад Б.Н гарч ирээд намайг харааж, зүхээд гартаа барьж байсан уух юмтай шилээр миний нүүрний баруун талын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Би дахин цохиулаагүй. Миний баруун талын шанаа хавдаж, улайсан, яс нь яасан талаар мэдэхгүй байна. ...Н ы нөхөр согтсон байсан. Нөхрөө удирдаад аваад яв гэж хэлээд ийм зүйл болсон...” /1хх39-40/,
гэрч О.Жавлхангийн “...та татах гээд гарах үед Б хань болж гарчихаад буцаж орж ирээд Э , Э , Н , Я нарын сууж байсан ширээн дээр суухад Э Б тай маргалдаад “чи найз залуугаа дуудаад одоо миний урд аваад ир” гэж хэлээд агсам тавихад Б “яаж би одоо найз залуугаа дуудах вэ дээ” гэж хэлэхэд Э танай найз залуу бол бацаан, тэнэг пизда” гэж хэлэхэд Б “танай найз охин чинь манай найз залуу руу залгаад байдаг, танай найз охин чинь өөрөө шаадаггүй биз дээ” гэж хэлэхэд Э уурлаад Б г “халтар, янхан минь” гэж хэлээд доромжлоход Э уурлаад Б руу дайрсан. Э болиулсан бөгөөд тухайн үед Э Б г газарт татаж унагаад ширээ өшиглөөд ширээ нь дээр байсан шилтэй стаканыг шидсэн нь бид нар болиулсан. ...Гадаа гарч ирээд Э бид нар зогсож байтал Н , Г бид нар дээр ирэхэд Б Н д хандаж “чи нөхрөө” аваач гэж хэлтэл Н пивоны шилээр Б гийн нүүрний баруун хэсэг рүү доороос дээшээ чиглэлтэй нэг удаа цохиход бид нар болиулсан...” /1хх32-33/,
гэрчээр Д.С гийн “...гадаа зогсож байх үед судалтай срочкон цамцтай эрэгтэй хүрч ирээд миний хамар руу духаараа мөргөөд доош тонгойх үед нүүр хэсэг рүү өшиглөсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний хамар хавдаад чихэгдсэн. ...Чингистөрийн Э гэдэг юм шиг байна лээ...” /1хх52-53/,
хохирогчоор Д.С гийн “...Тэнд байсан нэг ах найзуудтайгаа ирээд над руу духаараа тулж хараад “чи Өлзийгийн найз уу” гэж асуухаар нь би “тийм ээ” гээд цааш нь түлхсэн чинь намайг мөргөсөн. Хамраас цус гараад доошоо тонгойход өшиглөсөн. Би манараад байж байтал тэнд байсан хүмүүс салгасан бөгөөд тэнд байсан хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд “Өлзий хаана байна, ална, тална” гээд орилоод байсан. Өлзий зугтаасан...” /1хх23-24/,
гэрчээр Э.Э гийн “...бид нар согтуу байсан. Мөн одоо тухайн хэрэг маргаан болсноос хойш нэг жил өнгөрсөн байна. Сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар баарны гадаа үүдэнд хэрүүл, маргаан, зодоон болж байсан. Нэлээн сүүлд Б г харахад нүүр нь хавдсан байсан...” /1хх59/,
гэрчээр Б.Ү ий “...бүжиглэж байтал Э ирээд Б г баарны гадаа пивоны шилээр цохичихлоо гэсэн. Тэгээд гарахад Б хацар нь хавдаж улаасан, уйлсан байдалтай байсан. Тэгээд би тайтгаруулж байтал “Н аа намайг цохисон” гэж хэлсэн...” /1хх60-61/ гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Н , Ч.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н , Ч.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол хор уршгийг хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон хэдий ч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Н ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Харин, шүүгдэгч Л.А ыг 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа үл ойлголцлоос болж үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч Ч.Э ийн толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.А ын үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллгааны тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж дүгнэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад Ч.Э хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...миний араас шилээр цохиод, ...шил хагарсан...” гэж мэдүүлэх ба 1 дүгээр хавтас хэргийн 68-69 дүгээр талд авагдсан 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10445 дугаартай шинжээчийн “...Ч.Э ийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. ..” гэх дүгнэлтээс гадна хэрэгт хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэгээс үзэхэд “Л.А стакан бариад хохирогч Ч.Э ийг цохисон, тэр нь хагарсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй /харагдахгүй/ байх ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд холбогдох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн газарт үзлэг хийх, тухайн үйл явдал болох үед хажууд нь байсан хүмүүс болон “Л” лоунжийн ажилчдаас гэрчээр мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй нь шүүгдэгч Л.А ыг хохирогч Ч.Э ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх боломжгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүсгэж байна.
Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Тодруулбал, Л.А ын Ч.Э ийн толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Эргэлзээтэй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотлогооны стандарт шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч Л.А ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/976 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн шүүгдэгч Л.А д холбогдох бүх заалтыг хүчингүй болгосугай.
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/976 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, ...шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч Б.Н ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ