Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/108

 

 

 

    2025           01            21                                         2025/ДШМ/108

 

Б.М д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Б.М ,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1322 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М ын  гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2403 00664 0911  дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М  нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Гунгаадаржаалин хийдийн урд замд 2024 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд “Toyota Sai” маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 18.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Г г мөрдөж, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокуророос: Б.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М  зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оос 617.900 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд олгож   шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.М  би анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гүнээ ухамсарлаж байна. Би ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, эхнэр маань жирэмсэн, төрөх дөхсөн бөгөөд охин маань 8 дугаар ангид сурдаг, сургуулийн насны буюу бага насны хүүхэдтэй хүн юм. Иймд дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 6 сар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү.

Тодруулбал, эхнэр маань 2025 оны 02 дугаар сарын эхээр төрнө. Төрөх харьяа эмнэлэг нь 2 дугаар эмнэлэг бөгөөд Сүхбаатар дүүрэгт байршдаг. Улмаар Сүхбаатар дүүрэг рүү олон удаа явах нөхцөл байдал үүсэж байна. Эхнэрийг минь надаас өөр эргэж тойрох хүн байхгүй, эхнэрийн эцэг, эх нь хөдөө амьдардаг тул хотод ирээд байх боломжгүй. Бас хүүхэд төрснөөс хойш байнгын эмнэлэг явж вакцин хийлгэх, үзүүлж харуулах зэрэг зайлшгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Мөн намайг өсгөсөн эмээ, өвөө маань 85 гарсан өндөр настнууд байдаг ба ялангуяа эмээ маань харваж 2012 оноос хойш байнга хэвтэрт, босож явж чаддаггүй. Наад захын өндийж босох, бие засах, өмд гутлаа татах, хоол ундаа идэх зэрэг энгийн хөдөлгөөнд хүртэл хүний оролцоо шаарддаг. Өвөө маань байнгын асаргаа халамжид байдаг. Миний үүрэг оролцоо ч эмээ, өвөөд маань их хэрэгтэй байдаг. Түүнчлэн эмээгийн маань бие гэнэт муудахад эмнэлэг авч явах ажилд намайг дуудаж, надаар өргүүлж, зөөлгөдөг юм. Иймээс эмээгээ эмнэлэгт хүргэж, өргөх, туслах, эхнэрээ төрөхөд нь эмнэлэг зөөх, төрсний дараа асрах зэрэг ар гэрийн нөхцөл байдал туйлын хүнд байна.

Мөн би шилжилтийн насны охин хүүхэдтэй, аав нь гартаа гав зүүх нь охин хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж, найз нөхдөө гэртээ оруулах, хичээл сургууль хамтдаа давтах, улмаар сургуульдаа очихоос хүртэл ичих зэргээр хүндээр тусахаар байна. Иймээс амьдралын бодит нөхцөл байдлуудаас шалтгаалж дан ганц Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол цалин орлоготой, мөн дээрх гомдолд дурдсан хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг маань харгалзан үзэж надад анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялын хамгийн бага хэмжээгээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан тул энэ талаар тусгайлан гаргах саналгүй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүх эрх хэмжээний асуудал тул өөр хэлэх тайлбаргүй байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Б.М д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос  Б.М ыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Гунгаадаржаалин хийдийн урд замд 2024 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд “Toyota Sai” маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 18.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Г г мөрдөж, хүндэвтэр хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Хавтас хэргийн 14-15 дугаар талд авагдсан хохирогч Я.Г гийн “...0,5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй пиво 4-5 ширхгийг уусан. ...” гэх мэдүүлэг мөн хохирогчийн согтууруулах ундааны хэрэглэсэн эсэхийг шалгах “... Я.Г , ...спиртийн агууламж 2,022 хувьтай...” гэх хуудас болон тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1770 дугаартай “хохирогч Я.Г  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийшээ сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хх53-54/, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-11/ зэргээр явган зорчигч Я.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган зорчигч зорчих тэмдэглэгээгүй хэсгээр зам хөндлөн гарч замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлд “...Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно, а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;  в/ зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин зэрэг зүйл унших; г/ зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явах; д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх...” гэх мэт үүрэг болгосон заалтуудаас зөрчсөн эсэхийг тогтоож, үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл, тухайн осол болсон газрын ойр орчим явган хүний гарц, гарам байсан эсэх, хохирогч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д зааснаас өөрөөр ямар заалт зөрчсөн эсэх асуудлыг шалгаж тодруулсны үндсэн дээр шүүгдэгч Б.М ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч, шүүгдэгчийн хэн алины буруутай үйлдэл байгааг тодруулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1322 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М ын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

Мөн шүүгдэгч Б.М д 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1322 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ