| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0072/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 61
2018 оны 4 сарын 09 өдөр 2018/ШЦТ/61 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0072/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох 1839001350067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, эмэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 01-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдсэн гэх Г.Г /РД: СА93091445/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Хэрлэн 3 дугаар цэцэрлэгээс иргэн А.Өнөрчимэгийн J5 маркийн гар утсыг хулгайлж, 504166 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч А.Өнөрчимэгийн “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 07 цаг өнгөрч
байхад би ажилдаа очсон. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт авчирж өгч байгаад 08 цаг өнгөрч байхад нэгдсэн эмнэлэгт шүдээ үзүүлэх дарааллын дугаар авах гэж ангиасаа гарч яваад 20 орчим минут болоод буцаж орж хүүхдүүдтэйгээ байж байгаад 09 цаг өнгөрч байхад утсаар ярих шаардлага гараад өөрийнхөө “Samsung galaxy J5” маркийн гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд би гар утсаа өөрийнхөө арьсан хар өнгийн цахилгаантай гар цүнхэндээ хийсэн байсан олохоор хулгайд алдсанаа мэдсэн. Би гар утсаа 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
Иргэний нэхэмжлэгч Э.Одхүүгийн “...Би 2018 оны 01 сарын дундуур өөрийнхөө ломбарданд сууж байхад 20 гаруй насны эмэгтэй хүн ирээд надад “Samsung galaxy J5” маркийн гар утас барьцаанд тавьмаар байна гэхээр нь би гар утсыг үзэж хараад 200.000 төгрөгөнд барьцаанд авсан юм. Харин утас нь 17 хоноод надаас авахгүй болохоор нь би өөрийнхөө устаар залгахад удахгүй авна гээд салгаад байсан. Би буруутай хүнээс 200.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Гэр утас хүлээж авсан, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, эл зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 тал/ зэрэг болно.
Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Хэрлэн 3 дугаар цэцэрлэгээс иргэн А.Өнөрчимэгийн J5 маркийн гар утсыг хулгайлж, 504166 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Г.Г ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Г.Г ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн байна. Прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Г.Г д Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч А.Өнөрчимэг, иргэний нэхэмжлэгч нар нь эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Г.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Г.Г нь урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлж байсан бөгөөд тэнсэнтэй байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Г-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, тухайн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан Г.Г д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА