| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00510/И |
| Дугаар | 301/ШШ2025/00596 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 301/ШШ2025/00596
| 2025 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 301/ШШ2025/00596 |
| 301/ШШ2025/00596 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ааймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М овогт П.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ө овогт Ж.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э
Хариуцагч Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Н нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Миний бие П.Н нь Ж.Бтэй хууль ёсны гэр бүл болж 16 жил амьдарч байгаад таарамжгүй харилцааны улмаас Ааймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2023/00540 дугаартай шийдвэрээр Ж.Б, П.Н бид гэрлэлтээ цуцлуулж, 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Дг эцэг Ж.Бийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Тухайн үед охин Б.Д аавтайгаа хамт байна гэсэн саналтай байсан. Охин маань аавтайгаа У хотод хэсэг хугацаанд хамт амьдарч байгаад дахиж аавтайгаа амьдрахгүй ээжтэйгээ болон эгч дүү хоёртойгоо хамт амьдармаар байна гээд сургуулийн амралтаараа ирчхээд буцаж аваагүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Ж.Б охиноо У хот руу сургуульд шилжүүлэн суралцуулж байсан. Би охиноо өөр дээрээ ирснээс хойш Ааймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулах гэтэл хотын сургууль нь шүүхийн шийдвэрээр аавынх нь асрамжид үлдээсэн учир та шилжүүлэн авах боломжгүй гэсэн шалтгаанаар бичиг баримтыг нь шилжүүлж өгөөгүй. Охин маань сургууль завсардаад байсан учир миний бие Х сумын Ерөнхий боловсролын сургуулийг гуйж Ц багштай 8а ангид суралцуулсан. Охин Б.Д нь хэрэг шийдэгдэх үед шүүхээс санал асуухад аавын гуйснаар би аавтайгаа хамт байна гэж хэлсэн, одоо аавтайгаа амьдрахгүй ээжтэйгээ, эгч дүү нартайгаа баймаар байна гэсэн саналтай байдаг ба би ч гэсэн охиноо өөрийн асрамждаа авах хүсэлтэй байгаа тул асрамж өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд охин Б.Дгийн асрамжийг өөрчилж эх П.Н миний асрамжид үлдээж, эцэг Ж.Бээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
- Нэхэмжлэгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охиныгоо өөрийн асрамжид авна. Бид хоёрыг хоёр тийшээ болсон цагаас эхлээд л надтай хамт амьдарч байна. Манай хүүхэд өрөө ч аав руугаа явахгүй надтай хамт болон эгч дүү та гуравтайгаа хамт байна гэсэн. Би одоо хүүхдээ өөрийн асрамждаа авахаар шийдвэрээ гаргасан. Мөн аав нь хүүхэдтэйгээ уулзана гэж ярьж байснаас бодитоор ирээд уулзсан зүйл огт байхгүй. Мөн хүүхдийнхээ тэтгэлгийн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс миний 3 хүүхдийн 1 нь л миний асрамжид үлдсэн. Нэг хүүхдээ ч болов өөрийн асрамждаа авах хүсэлттэй байна. Миний хүүхэд над дээр хүрээд ирнэ дээ. Би одоохондоо ажил хийгээгүй байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- Ааймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 75 тоот тодорхойлолт,
- Ааймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 34 тоот тодорхойлолт,
- Ааймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 54 тоот тодорхойлолт,
- Б.Дгийн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Б.Дгийн гараар бичсэн өргөдөл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Б.Дгийн саналыг асууж авсан тайлбар,
- С аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 310 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Н-ийн хариуцагч Ж.Б-д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Би охиныгоо өөрийн асрамжид авна. Бид хоёрыг хоёр тийшээ болсон цагаас эхлээд л надтай хамт амьдарч байна. Манай хүүхэд өөрөө ч аав руугаа явахгүй надтай хамт болон эгч дүү та гуравтайгаа хамт байна гэсэн. Би одоо хүүхдээ өөрийн асрамждаа авахаар шийдвэрээ гаргасан. Мөн аав нь хүүхэдтэйгээ уулзана гэж ярьж байснаас бодитоор ирээд уулзсан зүйл огт байхгүй. Мөн хүүхдийнхээ тэтгэлгийн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
3. Хариуцагч доорхи байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
... Шүүхээс миний 3 хүүхдийн 1 нь л миний асрамжид үлдсэн. Нэг хүүхдээ ч болов өөрийн асрамждаа авах хүсэлттэй байна. Миний хүүхэд над дээр хүрээд ирнэ дээ. Би одоохондоо ажил хийгээгүй байгаа гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ааймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 75 тоот тодорхойлолт, Ааймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 34 тоот тодорхойлолт, Ааймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 54 тоот тодорхойлолт, Б.Дгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Дгийн гараар бичсэн өргөдөл, Б.Дгийн саналыг асууж авсан тайлбар, С аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 310 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч П.Н, хариуцагч Ж.Б нарын гэрлэлтийг Ааймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 540 дугаартай шийдвэрээр цуцалсан бөгөөд уг шийдвэрээр Б.Б, Б.Д нарыг эх П.Нийн асрамжид, Б.Дг эцэг Ж.Бийн асрамжид үлдээжээ. Охин Б.Д одоо эхийн асрамжид амьдарч байна.
5. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч П.Н охин Б.Дг асрамждаа авч эцэг Ж.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч Ж.Б хүүхдээ өөрийн асрамждаа авна гэж маргаж байна.
С аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 310 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч П.Н, хариуцагч Ж.Б нарын хэн аль нь хүүхдүүдийг асрамждаа авч болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй.
Гэвч хүүхдийн өсөж хүмүүжих ахуй нөхцөл, хүүхдэд тавих анхаарал халамж, Гэр бүлийн тухай хуульд зааснаар охин Б.Д-гаас асууж авсан санал, хүүхэд эхийн асрамжид эгч дүү нарын хамт амьдарч байгаа ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ө овогт Б.Д-г эх П.Нийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хүүхдийг эхийн асрамжид үлдээж байгаа учир Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг Ж.Б-ээр Б.Дг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна, тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн нь хариуцагч Ж.Бийн эцэг байх эрхийг хассан гэсэн ойлголт биш бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч П.Н, хариуцагч Ж.Б нар охин Б.Дгийн өмнө тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт эсхүл тусдаа амьдардаг эсэхээс шалтгаалахгүйгээр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.
Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглох бөгөөд хүүхдүүдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцагч Ж.Бийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч П.Н нь саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ө овогт Б.Д-г эх П.Нийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ө овогт Б.Д-г 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Б-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин, хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д зааснаар тэтгэлэг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах бөгөөд тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар нэхэмжлэгч П.Н, хариуцагч Ж.Б нар хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Нд олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН