Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/388

 

 

 

    2025          04             01                                            2025/ДШМ/388

 

М.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийг үндэслэн М.М-д холбогдох эрүүгийн 2403006381098 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1 жил 4 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ****** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 181 дүгээр зүйлийн 181.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 3 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Шүүгдэгч М.М- нь 2024 оны 08 дугаар сарын 15-ний 23 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудлын хойд замд “Toyota prius 20” загварын ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус тус зөрчин зорчих хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.С-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: М.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч М-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан’’ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай энгийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.00 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 1.987.680 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч М.М-гөөс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж, хохирогч Э.С- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.М-д шийтгэл оногдуулсан 2025 оны 01 дүгээр сарын 29- ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулахаар дурдсан байх боловч нэмэгдэл ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолохыг тусгаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.М- нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны шөнийн 23 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудлын хойд замд “Toyota prius 20” загварын ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус тус зөрчин зорчих хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.С-г мөргөж, эрүүл мэндэд нь баруун шаант ясны гадна булууны үе дайрсан хугарал, ясны хэмт эдийн хаван, баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний их бие, арын эврийн урагдал, урд чагтан холбоос, гадна болон дотор хажуугийн холбоос, тойгны дотор даруулган холбоос, булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд няцарсан шарх, баруун шанаа, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.С-гийн “...“Toyota prius 20” загварын ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүг чиглэлтэй явж байгаад намайг ирж мөргөсөн. ...” /хх 18/,

иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “...дээрх гэмт хэргийн улмаас явган зорчигч нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 сарын 04-ний өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.987.680 төгрөг гарсныг М.Мөнхтөвшинөөс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 31/ гэсэн мэдүүлэг,

 

“...Э.С-гийн биед баруун шаант ясны гадна булууны үе дайрсан хугарал, ясны хэмт эдийн хаван, баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний их бие, арын эврийн урагдал, урд чагтан холбоос, гадна болон дотор хажуугийн холбоос, тойгны дотор даруулган холбоос, булчингийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд няцарсан шарх, баруун шанаа, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10980 дугаар дүгнэлт /хх 45-47/,

“...жолооч М М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2, 12.3-т тус тус заасныг зөрчсөн. ...” болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Бадрахын 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1976 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 60-61/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11, 14-15/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх 54-56/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч М.М- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч М.М- нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн үед зорчих хэсгээр зам хөндлөн гарч явсан Э.С-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулахдаа ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолох хугацааг тогтоогоогүй, орхигдуулсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад нэмэгдэл ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.  

 

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай. 

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон үндэслээ тайлбарлаагүй байх тул 1 жил гэснийг 5 сар болгон өөрчлөлт оруулав.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН