2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/10449

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 25 191/ШШ2025/10449

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, . ду.....гаар хороо, ....... гудамж, . .....тоотод байрлах, ......ХХК /РД:......./-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ......ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

......ХХК нь гэр ахуйн барааны худалдаа, барилгын засвар, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж иргэд болон хуулийн этгээдэд барилгын хэв, хашмал барилгын туслах материалаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд юм.

Д.Ба нь ......ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №ТГ/24040901 тоот түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бараа материал авсан байдаг. ......ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн түрээсэлсэн бараа материалын тооцоогоор Д.Ба нь түрээсийн төлбөрт 18,248,400 төгрөг, түрээсэлсэн бараа материалын эвдрэл гэмтлийн тооцооны төлбөрт 4,499,000 төгрөг, түрээсэлсэн бараа материалаа эгүүлэн авахад гарсан тээврийн зардалд 2,000,000 төгрөг, нийт 24,747,400 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Нэхэмжлэгч ......ХХК нь 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Д.Бад холбогдуулан 24,747,400 төгрөгийг гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Гэтэл хариуцагч Д.Ба нь гэрээнд дурдсан хаягтаа оршин суудаггүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл байдал бий болоод байна.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ба /РД:...../-ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/

2.2 Түрээсийн гэрээ, хавсралт /хх-7-11/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-12/

2.3 Түрээсэлсэн бараа материалын тооцоо /хх-13/

2.4 Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл /хх-14/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45806 дугаар захирамжаар Д.Баы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ......ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

......ХХК, Д.Ба нарын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба Д.Ба нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Цагаанхүүш ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

......ХХК нь Д.Баы оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........ нь Д...... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, шүүхийн мэдэгдэх хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ......ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3.Хүсэлт гаргагч ......ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ......ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ......ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /......../-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ