2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/10355

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 02

192/ШШ2025/10355

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хан түшээ хотхон, 202 дугаар байр, 6 давхар,****тоот хаягт оршин суух, *****/РД:*****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Кёкүшю Тауэр *****тоот хаягт оршин суух, **** /РД:*****-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 7-57 тоот хаягт байрлах, *****/РД:*****/-ийг оролцуулан

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*****, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...***** нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхоны 202 байр, ***** хаягт байршилтай 69.97 м.кв талбай бүхий орон сууцыг 139,940,000 төгрөгөөр захиалж худалдах, худалдах гэрээний дагуу үүргээ 100 хувь биелүүлсэн. Тийм учраас нэхэмжлэгч *****ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж байна. Гуравдагч этгээдийн хувьд И*****-ийг төлөөлөх эрхгүй, тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагч ***** хариу тайлбартаа:

...*****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хантүшээ хотхоны 202-р байрны 6 давхар ***** хаягтай 69.97 м.кв байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргах асуудлаар компанийн зүгээс шаардлагтай бүхий л арга хэмжээг авч, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн албанд хүргүүлэн хамтран ажиллах болно гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И***** тайлбартаа:

2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Түшээ 3 цогцолбор барилгын төсөл хэрэгжүүлэх гэрээнд 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц зуучлан борлуулах гэрээнд зөвхөн ****борлуулах эрхтэй. ***** орон сууц борлуулах эрх байхгүй. Тиймээс хөрөнгө оруулагч компанитай газрын гэрчилгээ гарсны дараа бид нарт орон сууц өгнө гэдэг гэрээ байгаа ч түүнийхээ үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа атлаа хүмүүст бэлэн мөнгөөр борлуулсан мэтээр өмчлөх эрх үүсгэх ч юм уу, давуу байдал, ашигтай байдал гаргаад байгаа учраас эхлээд манай газрыг ашигласан асуудлаа шийднэ үү, түүний дараагаар бусад асуудлаа шийдвэл яасан юм бэ, ямар ч байр борлуулах эрхгүй атлаа яагаад давуу байдал ашиглаж байр барилгуудаа борлуулаад байгаа юм бэ гэх асуудалд гомдолтой байгаад байгаа. Тиймээс ямар нэгэн өмчлөх эрхгүйгээр хууль бус газарт барилга барьчихсан, газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д зааснаар хаасан тогтоолыг бид нарт мэдэгдээгүй. Бид нар сая мэдээд хүсэлтээ гаргачихсан явж байгаа. Тиймээс энэ нь өөрөө эрх зүйн зөрчилтэй байгаа учраас ямар нэгэн Улсын комисст ашиглах боломжгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй байгаад байгаа. Мэдээж та бүхэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар хандсан л байгаа байх л даа. Та нарт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй. Улсын комисс ажиллаж байж гарна гэсэн. Улсын комисс яагаад ажиллахгүй байгаа вэ гэхээр манай асуудлыг шийдсэний дараа улсын комисс ажиллах боломжтой байгаа. Тийм учраас ямар нэгэн өмчлөл тогтоох боломжгүй гэжээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Кассын орлогын ордер, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Иргэний үнэмлэхийн хуулбар, Эд хөрөнгө хүлээлцсэн акт, Тодорхойлолт, Дансны хуулга, Ажил гүйцэтгэх гэрээ, Тооцооны хуудас, Төлбөрийн нэхэмжлэх, Дансны хуулга.

 

4.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хариу тайлбар, Компанийн дүрэм.

 

4.3. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, Албан бичиг, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Захиргааны акт хүчингүй болгох тухай тушаал, Орон сууц зуучлан борлуулах гэрээ, Архитектур төлөвлөлтийн даалгавар.

 

4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн албан бичиг, Тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Хот байгуулалт, хотын стандартын газрын албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *****аас хариуцагч *****-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс ...орон сууц захиалж худалдах, худалдах гэрээ байгуулсан, төлбөр төлөх үүргээ 100 хувь биелүүлсэн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэх агуулгаар шаардлага үндэслэлээ тодорхойлдог, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргадаг хэдий ч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И*****-иас ...өмчлөгчөөр тогтоох боломжгүй, улсын комисс хүлээж аваагүй, манай эрх ашгийг зөрчиж байна гэх агуулгаар тайлбар гарган маргадаг.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

3.1. Шүүх *****ын нэхэмжлэлийг 2025 оны 3 сарын 14-ний өдөр хүлээн авч 3 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч тал мөн өдөр нэхэмжлэлийг гардан авч 3 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн тайлбарыг ирүүлсэн байна. 2025 оны 5 сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар И*****-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэжээ.

 

3.2. Тус шүүх хуралдаанд өмнө томилогдсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****ирсэн хэдий ч хариуцагч *****-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч **** татгалзан **** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн. Иймээс **** шүүх хуралдаанд оролцуулаагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

3.3. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдэд хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлан өгсөн, тэд хэргийн материалтай танилцсан, шүүхээс тэдний эдлэх эрх, хүлээх үүргийг хязгаарлаагүй болохыг тэмдэглэж байна.

 

4. Хэргийн үйл баримтын талаар:

4.1. Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан Түшээ хотхон, 202-р байр, ***** хаягт байршилтай, 69.97 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлага, үндэслэлээ нотолно гээд 139,940,000 төгрөг төлсөн Кассын орлогын ордер гэх баримтыг, *****, ***** нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг, эд хөрөнгө хүлээлгэсэн актыг, ***** одоог хүртэл амьдарч байгаа талаарх тодорхойлолтыг, 2022 оны 7 сараас 2025 оны 2 сар хүртэлх хугацааны 202-*****ын орон сууцны хэрэглээний төлбөр төлсөн Хаан банкны дансны хуулгыг, Хан-Уул дүүргийн 11-р хорооны Засаг даргын тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг мөн шүүхэд ирүүлсэн байдаг.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн шаардлага болон хариуцагчийн тайлбарыг эс зөвшөөрч марган Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02074 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 01386 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-168/10210 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 228 дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00791 дугаартай шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, захиргааны акт хүчингүй болгох тухай тушаал, орон сууц зуучлан борлуулах гэрээ, орон сууцны хорооллын барилга барих төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, *****цогцолборын барилга барих төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээ гэх баримтуудыг шүүхэд ирүүлж ...манай эрх ашиг зөрчигдөж байгаа гэх үндэслэлээр тайлбар гаргадаг хэдий ч бие даасан шаардлага гаргаагүй болно.

 

4.3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь тухайн орон сууцны өмчлөгч болохыг нотолж чадаагүй, нөгөө талаар хариуцагч мөн уг орон сууцны өмчлөгч байсан, худалдан борлуулах эрхтэй байсан гэх үйл баримт нотлогдоогүй гэж үзэв.

 

4.3.1. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ***** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхоны 202 байр, ***** хаягт 2022 оноос эхлэн оршин сууж байгаа үйл баримт тогтоогддог.

 

4.3.2. Тэрээр 2017 оны 02 сарын 15-ны өдөр *****-тай орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэдэг. Уг гэрээнд худалдагч талаас *****, захирал **** оролцож гарын үсэг зуран, тэмдэг дарж баталгаажуулсан байна. Мөн өдрийн огноотой 139,940,000 төлсөн гэх ***** орлогод авсан кассын орлогын ордерт компанийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ.

 

4.3.3. Хариуцагч *****-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, холбогдох баримт мэдээлэлд 2020 оны 03 сарын 19-ний өдөр *** ****ыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв, ******-ийг 2012 оны 02 сарын 14-нд бүртгэв, ******-ийг 2017 оны 6 сарын 05-ны өдөр бүртгэв, *****-ийг 2017 оны 6 сарын 05-ны өдөр бүртгэв гэж тэмдэглэгдсэн байна.

 

4.3.4. Талуудын хооронд 2017 онд байгуулагдсан гэх Орон сууц худалдах худалдан авах гэрээ 2020 оноос хойш нөхөж байгуулагдсан, тамга тэмдэг дарагдсан байх хэдий ч өмнөх хуулийн этгээдийн эрх үүрэг дараагийн хуулийн этгээдэд эрх залгамжлагдах бөгөөд энэ хүрээнд хэлцэл байгуулагдсан байж болох ч орон сууцны үнэ болох 139,940,000 төгрөгийг төлсөн гэх кассын орлогын ордерийг дэмжсэн нотлох баримт үгүй, нэхэмжлэгч талаас эх сурвалжаа, хариуцагч талаас хуулийн этгээдийн орлогод бүртгэсэн үйл баримтаа нотлоогүй болно. Хэрэг маргаанд гуравдагч этгээдээс татгалзсан байр суурьтай оролцож холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн учир тухайн татгалзал, баримтыг нэхэмжлэгч болон хариуцагч тал няцаах, үгүйсгэх үүрэгтэй гэж үзлээ.

 

4.3.5. Хэдийгээр гуравдагч этгээдээс шаардлага гаргаагүй ч өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа, ***** орон сууцнуудыг худалдан борлуулах эрхгүй, гэрээ зөрчиж байгаа гэх тайлбар гаргадаг, үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй байна.

 

4.4. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээд ****-ийг **** төлөөлөхгүй, итгэмжлэл төлөөлөл хуулийн дагуу бус, тайлбар гаргах эрхгүй гэх үндэслэлийг гаргадаг. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02074 дугаартай ...И*****-ийн хувьцаа эзэмшигчдийн 01 дүгээр тогтоол, 16/02 тогтоолыг хүчингүй болгож, компанийн тамга, гэрчилгээг ****д олгох тухай шийдвэр, энэ шийдвэрийг биелүүлж байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тухай ШШГЕГазрын 4-168/10210 дугаартай албан бичиг, гүйцэтгэх удирдлага нь **** гэх хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гэх баримтуудаар И*****-ийг **** итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь тогтоогдож байна. Энэ үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

 

5. Хууль хэрэглээ болон дүгнэлтийн талаар:

5.1. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, эсхүл 106 дугаар зүйлд заасны дагуу буюу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд оролцож улмаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрлийг эс зөвшөөрч эрх ашиг хөндөгдөж байгаа гэх тайлбарыг гаргадаг тул шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар буюу хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

5.2. Дээр дурдсан үйл баримт болон эргэлзээ бүхий гэрээ, төлбөрийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсээгүй.

Түүнчлэн маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан Түшээ хотхон, 202-р байр, ***** хаягт байршилтай, 69.97 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч буюу ***** худалдан борлуулах эрхтэй эсэх, тухайн хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхтэй эсэх нь тодорхой бус бөгөөд баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.3. Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь үүргийн эрх зүйн хүрээнд тухайн хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байж өмчийн эрх зүйн хүрээнд зөрчигдөөд байгаа өмчлөх эрхийн зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй.

5.4. Нэгэнт үүргийн эрх зүйн харилцаа талуудын хооронд үүсээгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч талын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах гэх шаардлага үндэслэлгүй.

 

6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч *****ын нэхэмжлэлтэй, *****-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 927,850 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *****-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэгч *****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 927,850 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ