| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0084/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 68
2018 оны 4 сарын 16 өдөр 2018/ШЦТ/68 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0084/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 1839001230070 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг, “Сүмбэр уул” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1993 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 01 жилийн хорих ялаар, 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Д.Б /РД: ЛЙ75012873/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутагт иргэн А.Эрдэнэцогтыг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд
Хохирогч А.Эрдэнэцогийн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Батмөнхтэй сумын төв рүү нүүрс авахаар ирсэн. Сумын төвд ирээд 1 пиво уугаад, 15 цаг гээд гэр рүүгээ явсан. Гэртээ хариад “Модун” нэртэй 0.5 литрийн шилтэй архи, “Сэрүүн” пивотой уугаад Батмөнхийн гэр рүү эхнэр, 2 хүүхэдтэйгээ цуг явсан. Гэрт нь очоод архиа уусан. Эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхад манай эхнэр намайг сэрээгээд Батмөнх намайг татаж чангаагаад, өмд шувтлаад оролдоод унтуулахгүй байна гэхээр нь би Батмөнхтэй заамдалцсан. Гутлаар минь толгой, нүүр рүү нүдэж балбасан. Миний толгой битүү хавантай, толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
Гэрч Г.Мөнгөнхөлөгийн: “...Манай нөхөр болон Батмөнх нар Модун нэртэй 1 шил архи уусан. Намайг нөхөр, хүүхдийн хамт унтаж байхад Батмөнх манай нөхрийг газар буулгаж өвөр рүү орж ирээд хувцас тайлах гэж оролдоод байхаар нь би сэрээд Батмөнхтэй зөндөө хэрэлдсэн. Батмөнх яасан овоо хүүхэн бэ гээд гараа атгаж байгаад нүд рүү цохьсон, нүд маань улайлттай байгаа. Болихгүй байхаар нь унтаж байсан нөхрөө сэрээсэн. Манай нөхөр сэрээд чи манай эхнэрийг яаж байгаа юм бэ гээд маргалдаж байсан. Намайг бие засаад орж ирсэн чинь хоорондоо зодолдоод байхаар нь салгаж гээд дийлээгүй. Манай нөхрийг гутлаар толгой нүүр рүү нь нүдэж балбасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/
Шүүх эмнэлгийн 112 тоот шинжээчийн дүгнэлтэд:
- А.Эрдэнэцогийн биед тархи доргилт, баруун хөмсөгний дээр зулгаралт, 2 нүдэнд цус хуралт, хамар, 2 нүд, цээж, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25-26 тал/ зэрэг болно.
Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутагт иргэн А.Эрдэнэцогтыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Б ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн байна. Прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Д.Б өд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч А.Эрдэнэцогт 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн тул /хх-ийн 58 тал/ түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь түүнд оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА