Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/389

 

 

 

    2025             04             01                                         2025/ДШМ/389

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Ц.Батмэндийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Э-т холбогдох эрүүгийн 2403008301090 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ гудамж, МТ шатахуун түгээх станцын хойд талын зам дээр “Тоyota prius” загвар *****УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Г.Э-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байх үеийн цалин орлогыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Х-ы гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г.Э-ээс гаргуулан хохирогчид олгож, шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Ц.Батмэнд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд огт маргадаггүй бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн үйлдсэн үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Мөн хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, шаардлагатай төлбөрийг төлж эмнэлгээс гарсны дараа өөрийн машинаар эмнэлгийн үйлчилгээ авахад хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байсан. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн талаар маш их харамсаж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйсан. Тэрээр анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаагч болон шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирж, мөрдөн шалгах ажиллагаанд эсрэг аливаа үйлдлийг гаргаж байгаагүй. Шүүгдэгч хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулахаа шүүхийн шатанд илэрхийлж байсан бөгөөд, шүүхийн тогтоосон хэмжээнд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, ажлын бус цагаар бусдын морийг тахлан, барилга дээр ажиллах зэрэг үйлчилгээ үзүүлж орлого олдог. Зуны улиралд морин цирк, морьт харвааны төрлөөр олон улсад Монгол Улсаа төлөөлөн оролцож тодорхой амжилт үзүүлсэн.Түүний морин цирк болон морьт харвааны чиглэлээр хичээллэдэг спорт нь зуны улиралд улсын баяр наадам, хүрээ цам, даншиг наадмын нээлт зэрэг үндэсний хэмжээний томоохон баяр ёслолын арга хэмжээнд оролцдог. Мөн олон улсын чанартай уралдаан, тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан. Шүүхээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн улирлын чанартай гүйцэтгэдэг морьт харваа, морин циркийн тэмцээн уралдаанд явах, бэлтгэл сургуулилт хийх, баяр наадмын нээлтэд оролцох зэрэг бүхий л орлого олох боломжийг хязгаарлаж байгаа бөгөөд шүүгдэгч нь эхнэр, бага насны хоёр хүүхэдтэй амьдардаг, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага хүүхдээ харж гэртээ байдаг.  Иймд Г.Э-ийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан төлөх төлбөргүй, хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Х.Х-ыг санамсаргүй байдлын улмаас бэртээж, гэмтээсэндээ харамсаж байгаа. Би гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Мөн би морьт харваагаар хичээллэж олон улсын болон дотоодын тэмцээн уралдаанд тогтмол оролцдог. Монгол Улсын шигшээ багт харьяалагддаг. Анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. Би торгох ялаа төлж барагдуулна. ...” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Давж заалдах шатны шүүхэд хохирол төлбөрөө төлж барагдуулсан, торгох ял оногдуулж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батмэндийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ гудамж, МТ шатахуун түгээх станцын хойд талын зам дээр “Тоyota prius” загвар *****УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь баруун атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун 5, 6-р хавирганы хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.Х-ы “...зам хөдлөн гарч байхад Да хүрээ зах талаас нэг машин ирээд миний баруун тал руу мөргөөд би газар унасан. ...Мөргөсөн машины жолооч гээд нэг эрэгтэй хүүхэд ирээд “эмээ би таныг мөргөчихлөө” гээд намайг газраас босгоод машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...” /хх 12/,

Г.Э-ийн яллагдагчаар өгсөн “...зүүнээс баруун тийш чиглэн замын 2 дугаар эгнээнд явж байсан. Тухайн үед миний баруун талд том оврын ачааны машин явж байгаад намайг шахаад байхаар нь тэр машины зүүн гар талаар гараад урд нь орох гээд явж байхдаа явган хүний гарцаар гарч явсан хүнийг машиныхаа зүүн талын толь хэсгээр шүргэсэн. ...” /хх 92/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Х.Х-ы биед баруун атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун 5, 6-р хавирганы хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13937 дугаар дүгнэлт /хх 28-29/,

“...жолооч Г.Э- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1-т тус тус заасныг зөрчсөн. ...” болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1923 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 81/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-11/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх 69-75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Э- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Г.Э- тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн үед явган хүний гарцаар гарч байсан Х.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Ц.Батмэнд  “...Г.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн гомдол, саналгүй гэх хүсэлтийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 6  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Э- нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Х.Х-ы Хаан банкны 5039229058 тоот дансанд сэтгэцэд учирсан хохирлын 8.580.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/456 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.Э- нь хохирогч Х.Х-д 8.580.000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН