| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2408024251652 |
| Дугаар | 2025/ДШМ/390 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/390
2025 04 01 2025/ДШМ/390
Л.Н-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Рэгзэдмаа,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2408024251652 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н-,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
Шүүгдэгч Л.Н- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин Э.****ийг 2024 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ****тоот гэртээ байхдаа хүүхдийн суултуур авч шидэх, гарыг нь базаж мушгих зэргээр зодож цохисон,
2024 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо ****тоот гэртээ ээжийгээ зодсон гэж цагдаад дуудлага өгч цагдаа иртэл явуулахгүй гэхэд үснээс нь зулгааж, нааш, цааш нь савчуулж ор луу шидсэн,
2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, **** тоотод гэртээ “цагдаа дуудсан” гэх шалтгаанаар уруул хэсэг рүү нь цохиж, уруулнаас нь цус гаргасан,
2024 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ***** тоотод гэртээ “гадуур тэнэсэн” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүү Э.****ын баруун эрүү хэсэгт нэг удаа цохисон,
2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ***** тоот гэртээ “гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар толгой руу нь нэг удаа цохисон,
2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ****тоот гэртээ “хаагуур тэнээд байгаа золбин шээс вэ” гэж уурлан толгой руу нь цохиж, үснээс нь зулгаан зодож гэр лүү оруулан, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,
мөн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр, ****тоот гэртээ хамтран амьдрагч Б.****ийг “архи битгий уу” гэж хэллээ гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, нүүр лүү нь цохисон,
2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ****тоот гэртээ хамтран амьдрагч Б.****этэй хэрүүл маргаан хийж, үснээс нь зулгааж, толгой, нүүр лүү нь цохисон,
2024 оны 06 дугаар 28-ны шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, **** гудамжинд шалтгаангүйгээр үснээс нь зулгааж, газар унагаж, нүүр лүү нь өшиглөж, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, сулрал, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйл заалтын 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,
шүүгдэгч Н-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Н-од оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.Н-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Н- давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Би дагавар охин болох ****ийг удаа дараа цохиж зодсон асуудал байхгүй. Эхнэр болох Б.****ийг нэг удаа маргалдаж гар хүрснээ хүлээн зөвшөөрч байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй тул ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн болон хамтран амьдрагч Б.****ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв тогтоож шийдвэрлэсэн. Н.Н- нь өмнө хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд үүний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. 2021 оны 9 сар, 2022 оны 1 сар, 2023 оны 8 сард хамтран амьдрагч Б.****ийг цохиж, зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж удаа дараа буюу 3 удаа зөрчлийн хэрэгт баривчлах шийтгэл оногдуулж байсан. Мөн 2024 оны 2 дугаар сард дагавар охин Э.****ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шийтгэл авч байсан. Н.Н- нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шийтгүүлсэн атлаа өөрийн энэ үйлдэлдээ дүгнэлт хийхгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Н.Н-од 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Н-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.Н- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин Э.****ийг 2024 оны 02 сар, 2024 оны 06 дугаар сарын 28, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ****тоот гэртээ хүүхдийн суултуур авч шидэх, гарыг нь базаж мушгих, үснээс нь зулгааж, нааш, цааш нь савчуулж ор руу шидэх, уруул хэсэг рүү нь цохиж, уруулнаас нь цус гаргах зэргээр зодсон,
мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар хүү Э. ****ыг 2024 оны 05 сар, 2024 оны 06 дугаар сарын 01, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ****тоот гэртээ “гадуур тэнэсэн” гэх шалтгаанаар баруун эрүү хэсэгт цохих, толгой руу нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,
мөн 2024 оны 05 дугаар сарын 27, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр, ****тоот гэртээ хамтран амьдрагч Б.****ийг “архи битгий уу” гэж хэллээ гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, нүүр лүү нь цохих зэргээр зодсон,
2024 оны 06 дугаар 28-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 38 дугаар гудамжинд шалтгаангүйгээр үснээс нь зулгааж, газар унагаж, нүүр лүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, сулрал, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Э.****ийн “...хойд аав Л.Н- нь өдөр болгон ээж, дүү, бид нарыг хараагаад “п**** минь, лалар, гөлөг, намайг я****” гэж хэлдэг. Л.Н- нь сард 1-2 удаа архи уухдаа намайг үсдэж, нүүр толгойн хэсэгт мангасдаж, түлхэж зоддог. Өмнө жил над руу хүүхдийн коршонк шидэж миний баруун талын өвдөг хэсэгт оноод, гарыг маань хурууны үе хэсгээр базалж дуугаргаад байсан. Харин ээжийг архи уух болгондоо /сардаа 1-2 удаа/ эрэгтэй хүн зодож байгаа юм шиг үсдэж чирээд, нүүр лүү нь жийж өшиглөөд, гэдэс рүү өшиглөж, газар чирч зоддог. Хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр аав шөнө 00 цагийн орчим орж ирээд надад “ээж чинь согтуу боржур мөргөөд уначихсан” гэж хэлэхээр нь би итгээд байж байтал ээж манай хажуу талд амьдардаг ээжийн эгч Д.Б-ийнд ороод уйлаад сууж байхад манай дүү **** ээжийг дагуулж гэрт орж ирсэн. Аав бас л зодсон юм байна гэдгийг ойлгоод аав руу “та худлаа хэлсэн байна” гэхэд хувцаснуудаа бөөгнүүлж байгаад гарах гэхээр нь би цагдаа иртэл аргална гэж бодоод байж байтал ээжийг дахин зодох гээд дайраад байхаар нь би ээжийн урдуур ортол намайг бас үсдээд хоёр тийш нь савчуулаад байсан. Тэгж байгаад гараад зугтаачихсан. 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд гаднаас орж ирээд ээжээс уучлалт гуйгаад дахиж архи уухгүй, ийм алдаа гаргахгүй, цагдаад битгий барьж өгөөч гээд байсан. Манай дүү ээжийн хамаатныд ороод ах Сүхбаатараар цагдаад дуудлага өгүүлсэн байсан. ...ээжийн баруун талын нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарчихсан үүдэн 1 шүд нь уначихсан, хувцас нь шороо болчихсон, үс нь сэгсийсэн байдалтай, бага зэргийн согтолтой байсан. ...Хойд аав догшин ширүүн ааштай, ээж, дүү нарыг байнга зоддог, аймар орилж хашхичиж ярьдаг. Байнга хараалын үг хэлдэг. Манай ээж архи, согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй, жилдээ 1-2 удаа баяр ёслолын үеэр л хэрэглэдэг. Манай ээж Б.****э 2023 оны 12 дугаар сард ажлын байрандаа байж байгаад зүүн гараа гэмтээгээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Ээж маань ажил хийх чадваргүй, мөнгө олох боломжгүй болчихсон учраас аавд зодуулж, хараалгасан ч цагдаад хандаж чадахгүй нөхцөл байдалтай болсон. Намайг одоо бас мэдүүлэг өгөхөөс өмнө ээж “миний охин аавыгаа цагдаагаар явуулахгүй талаас нь мэдүүлэг өгөөрэй. Одоо удахгүй коллежид орно, чиний төлбөрийн асуудал, өвөл нүүрс түлээ авахаас эхлүүлээд аав чинь ачигдаад явчихвал дүү нар чинь хоолгүй болно” гээд байсан. Дүү бид хоёр хойд аавын дэргэд байхаас байнгын айдастай байдаг. Байнга хараагаад хэзээ үсдэж, зодохыг мэдэхгүй болохоор хэцүү байдаг. Энэ онд намайг хоёр удаа зодоод баривчлах шийтгэл авсан, гэтэл ээж цагдаа, шүүгчээс гуйсаар байгаад л бага шийтгэл авхуулдаг. Манай дүү **** бид хоёр айлын хүүхэд харах нэрийдлээр айлуудаар хааяа байдаг. Намайг 2024 оны 03 сард айлд амьдарч байгаад ирэхэд манай дүүг бас аймаар зодсон байсныг дүү маань надад уйлаад хэлж байсан. Ээж бас л цагдаад хэлээгүй байсан. ...би дүүгээ хайгаад очоод авах гэхээр гэртээ очмооргүй байна гэдэг. Би ч бас гэртээ очмооргүй байна. ...Хойд аав Л.Н- архи уучихсан байх үед нь би дүүгээ гар гэж хэлээд гэрээ тойроод зугтаагаад бүгд дуугарахаас айгаад байж байдаг. Шөнөжин агсам тавьж тэр хүн унтсан цагт бид нар унтах эрхтэй болдог...” /хх 13-14/,
хохирогч Б.****ийн “...2024 оны 06 дугаар сарын 27-ны орой ...Т-ын гэрээс гараад явж байтал Н- надад ямар нэгэн зүйл хэлээгүй шууд миний үснээс зулгаагаад газар унагаагаад дээрээс өшиглөх гэхээр нь би доош хэвтээд нүүрээ хамгаалахад миний шүд рүү өшиглөчхөөд гэр лүү яваад өгсөн. ...гэртээ очоод хартал миний нүд хөхөрч, дээд талын нэг шүд хугарч унасан байсан. ...2024 оны 08 дугаар сард хоол хийсэнгүй гэх шалтгаанаар охин ****ийг түлхэж унагаад нүүр лүү нь нэг удаа цохисон. ...Мөн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр охин “**** архи уулаа” гэж хэлэхэд Н- уурлаад охиныг түлхэж унагаад, охины амнаас цус гарсан байсан. ...” /хх 34-35/,
насанд хүрээгүй хохирогч Э.****ын “...хойд аав Н- ээжтэй гэр бүл болсноос хойш байнга архи, согтууруулах ундаа хэрэглэж улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ээж ****ийг алгадах, үсдэх, чирэх, толгой руу нь цохих, түлхэж унагаах зэргээр байнга хүчирхийлдэг. Би яг тэр өдөр, тэр онд гэж хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар сая 6 сард Н- ээжийг зодож шүдийг нь хугалсан. Тэрнээс өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын 27-нд Н- архи уучихаад ээжийн үснээс нь татаж алгадаж, зодсон. Ямар шалтгаанаар зодоод байдгийг нь мэдэхгүй, гэхдээ ээж Н-ыг архи уухаар битгий архи уу гэж хэлэхээр л зодоод байдаг. Дараа нь 2024 оны 07 дугаар сард архи уучихаад бас ээжийг үснээс нь зулгааж нүүр рүү нь цохисныг тод санаж байна. Харин намайг 2024 оны 05 сард гадуур гарчихаад ороод ирэхэд Н- архи уусан байсан бөгөөд намайг “хаагуур тэнээд ирж байгаа юм” гэж хэлээд баруун талын эрүү хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед ээж, Өлзий эгч хоёр болиулаад цагдаа дуудаагүй. Би эмнэлэгт үзүүлээгүй. Дараа нь 204 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би хүүхдийн баяраар гарч тоглочихоод гэртээ ирэхэд “хаагуур тэнээд байгаа юм бэ” гэж хэлээд толгой руу нэг удаа цохисон. Тэр үед цагдаа дуудаагүй. Тухайн үед ээж, эгч нар байгаагүй.
07 дугаар сарын 11-ний өдөр би гадаа тоглож байгаад ээж дуудаад гэртээ орохоор гэрийн хаалганы гадна байхад Н- гарч ирээд намайг “хаагуур тэнээд байгаа золбин шээс вэ” гэж хэлээд миний толгой руу цохиж, үсдээд гэрт оруулсан. Тухайн үед ээж дэлгүүр явчихсан байсан. Тэр үед би цагдаа дуудаагүй. Эмнэлгийн байгууллагад хандаагүй. Ер нь л архи уусан үедээ байнга агсам, согтуу тавьж надад болон ээжид, эгчид гар хүрдэг. ...Манай бага дүү төрснөөс хойш уурлаад, агсам тавиад боорцог, эсхүл хоол идэхээр уурлаад та нарт өгөх гэж аваагүй, та нарт хийгээгүй гээд идүүлэхгүй уурлаад байдаг. ...” /хх 54-56/,
гэрч Б.Ө-ын “...бид нарын хажууд эхнэрээ өмнө зодож цохидог байсан. Архи уухаараа гэртээ орилж чарлаад, байнга гэр бүлийнхэндээ агсам, согтуу тавьдаг. Миний санаж байгаагаар 2024 оны 02 сарын эхээр гэртээ охин ****ийг цохиж улмаар цагдаа дуудаж шүүх хурлаар орж баривчилгаанд явсан. Баривчилгаанаас гарч ирсний дараа буюу 2024 оны 03 дугаар сарын эхээр охин ****ийг дүүгээ өмөөрлөө гэх шалтгаанаар цохиж дух хэсэг нь бомбойчихсон байсан. Тэр үед цагдаа дуудаагүй өнгөрсөн. 2024 оны 06 дугаар сард ****ийн шүдийг хугалсан байсан бөгөөд Н- нь гэртээ ирсний дараа ээжийгээ өмөөрлөө гэх шалтгаанаар охин ****ийг цагдаа дуудахад нь цагдаа дуудлаа гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж, үснээс нь зулгаасан байсан. Дээрх гурван удаагийн үйлдэлд би хажууд нь байгаагүй, хэрэг болсны дараа гэрт нь орж охиноос нь сонссон. Харин 2024 оны 09 сард охиныг зодоход би гэрт нь байсан. Харин эхнэр ****ийг архи уух болгондоо Н- нь гэртээ зоддог. ****э долоо хоног болоод л нүүр ам, гар хөл нь хөхөрчихсөн явж байдаг бөгөөд бид нараас нуугаад огт хэлдэггүй. Н- нь ****ыг 2023 оны 11 сард зодож байхыг нь манай хүү Элбэгзаяа харсан байсан. Тухайн үед хүүхдийг нь өмөөрч Н-той маргалдахад манай хүүг цагдаа дуудаж өгсөн байсан. ...” /хх 58-60/,
гэрч О.Э-ийн “...намайг 2021 онд ажилдаа ороод удаагүй байхад Н- нь эхнэр ****ийг зодож аюулгүйн зэргийн үнэлгээ хамтарсан багийн хурлын тэмдэглэл хийлгэхээр орж ирж байсан. Улмаар тэр цагаас хойш Н- нь эхнэр ****э болон охин, хүү хоёрыгоо архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байнга зодож, цохиж цагдаагийн байгууллагад дуудаж өгч байсан бөгөөд хорооны хамтарсан багийн хурлаар орж удаа дараа зөрчлөөр орж хэмжээ авагдаж байсан. ...” /хх 62-64/,
Л.Н-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...манай эхнэр ****э намайг “дахиж архи авах гэлээ” гэж уурлаад дэлгүүр явуулахгүй гэхээр нь нэг удаа хойшоо савчихаад хашаанаас гарч яваад дэлгүүр ороод архи авчихаад буцаад Т- ахын гэрт ортол манай эхнэр ****ийн шүднээс нь цус гарчихсан байсан. Би уучлалт гуйгаад дэлгүүрээс авсан нэг шил архины талыг нь уучихаад гэртээ очсон бөгөөд тухайн үед ****ийн нэг шүд нь уначихсан байхыг охин **** хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Миний бие хамтран амьдрагч ****э, охин ****, хүү **** нарыг удаа дараа цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь үнэн. Би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд прокурорын яллагдагчаар татсан тогтоолын 5 дахь хуудсанд бичигдсэн байгаа он, сар, өдрөөр нь ялгаж бичсэн цаг хугацаанд дээрх хүмүүсийг зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөдөөс элдэв юм яриад байхаар нь зодож, цохисон. Надад хэлэх зүйл алга байна. ...” /хх 72-73, 131-132/ гэсэн мэдүүлгүүд,
“...Б.****ийн биед баруун дээд үдэн 1-р шүдний эмтрэл, сулрал, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-нь өдрийн 8910 дугаар дүгнэлт /хх 68-69/,
насанд хүрээгүй хохирогч Э.****, Э.**** нарын нас тоолсон тэмдэглэл /хх 39-40, 50-51/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 8, 163-165/, хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан баримт /хх 36, 49, 162/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Н- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Л.Н-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар хүүхэд болох 15 настай Э.****, 14 настай Э.**** болон хамтран амьдрагч Б.****э нарын эсрэг хүч хэрэглэн байнга зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн Б.****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Л.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр нь шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Л.Н-ын “...би дагавар охин болох ****ийг удаа дараа цохиж, зодсон асуудал байхгүй. Эхнэр Б.****ийг нэг удаа маргалдаж гар хүрснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх гомдлын тухайд,
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж тус тус заасан бөгөөд хохирогч Э.****, Э.**** нарын “...хойд аав Л.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн, байнга агсам, согтуу тавьж зоддог. ...” гэж мэдүүлэг өгснөөс гадна Л.Н-ын яллагдагчаар өгсөн “...миний бие хамтран амьдрагч ****э, охин ****, хүү **** нарыг удаа дараа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь үнэн. Би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд прокурорын яллагдагчаар татсан тогтоолын 5 дахь хуудсан бичигдсэн байгаа он, сар, өдрөөр нь ялгаж бичсэн цаг хугацаанд дээрх хүмүүсийг зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.. ...”, гэрч Б.Ө-ын “...миний санаж байгаагаар 2024 оны 02 сарын эхээр гэртээ охин ****ийг цохиж улмаар цагдаа дуудаж шүүх хурлаар орж баривчилгаанд явсан. Баривчилгаанаас гарч ирсний дараа буюу 2024 оны 03 дугаар сарын эхээр охин ****ийг дүүгээ өмөөрлөө гэх шалтгаанаар цохиж дух хэсэг нь бомбойчихсон байсан. ...2024 оны 06 дугаар сард ...ээжийгээ өмөөрлөө гэх шалтгаанаар охин ****ийг цагдаа дуудахад цагдаа дуудлаа гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж, үснээс нь зулгаасан байсан. 2024 оны 09 дүгээр сард охиныг зодоход би гэрт нь байсан. ...” гэж дээрх мэдүүлгийг давхар нотолсон мэдүүлэг өгснөөс үзэхэд шүүгдэгч Л.Н- нь 2024 оны 06 дугаар 28-ны хамтран амьдрагч Э.****ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаас гадна, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин Э.****ийг 2024 оны 02 сар, 2024 оны 06 дугаар сарын 28, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хүүхдийн суултуур авч шидэх, гарыг нь базаж мушгих, үснээс нь зулгааж, нааш, цааш нь савчуулж ор руу шидэх, уруул хэсэг рүү нь цохиж, уруулаас нь цус гаргах зэргээр мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох дагавар хүү Э. ****ыг 2024 оны 05 сар, 2024 оны 06 дугаар сарын 01, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрүүдэд баруун эрүү хэсэгт, толгой руу нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул шүүгдэгчийн гомдлыг хангах, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, түүнээс үндэслэн зүйлчлэлийг өөрчлөх, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн дүгнэлт үндэслэлтэй байх боловч шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг орхигдуулсан байх тул энэ талаар тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Л.Н-ын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Н-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Шүүгдэгч Н-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-ын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН