| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0089/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 71
2018 оны 4 сарын 19 өдөр 2018/ШЦТ/71 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0089/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Хохирогч Л.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох 1839001540079 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, “Онгоцны тохой” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй О.Э /РД: СО94091032/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Э нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, “Онгоцны тохой” гэх газарт иргэн Л.Оюун-Эрдэнэтэй хэрүүл маргаан үүсгэж толгойн тус газар сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд
Хохирогч Л.Оюун-Эрдэнийн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг “Онгоцны тохой” гэх газарт өөрийн төрсөн хүү О.Э тай гэрийнхээ баруун урд шинээр барьж байгаа хонины хашааны урд зогсож байгаад маргалдаж байтал Э гартаа бариад зогсож байсан модон бариултай сүхээр цохих гэхээр нь арагшаа эргэтэл толгойны маань араас сүхээр цохьсон. Манай эхнэр хүүг хорьж, салгах гээд чадаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-9-10 тал/
Гэрч О.Э ийн: “...уур хүрээд барьж байсан сүхээр цохих гээд далайсан чинь аав цаашаа эргэсэн. Сүхээрээ цохьсон чинь толгойны ар дагз орчим таарч толгой нь хагарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
Шүүх эмнэлгийн 132 тоот шинжээчийн дүгнэлтэд:
- Л.Оюун-Эрдэнийн биед дагзны хуйханд шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 15-16 тал/
Хохирогч Л.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрдэнэхуяг нь миний төрсөн хүүхэд бөгөөд тэр өдөр малын хашааны шон ухахаас болж жаахан муудалцсан. Эрдэнэхуяг ер нь жаахан түргэн ууртай хүүхэд байгаа юм. Одоо надад гомдол саналгүй, Эрдэнэхуягаас нэхэмжлэх зүйлгүй тул хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсч байна...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч О.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ийм хэрэг хийсэндээ их гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй, миний буруу байсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.
О.Э нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, “Онгоцны тохой” гэх газарт аав Л.Оюун-Эрдэнэтэй хэрүүл маргаан үүсгэж толгойн тус газар сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.Э ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн байна. Прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд О.Э т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Оюун-Эрдэнэ нь О.Э аас эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-ийн 20 тал/ гэсэн тул шүүгдэгч О.Э ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА