Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/04

 

                            Л.М холбогдох эрүүгийн

                                     хэргийн тухай

 

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

           прокурор Б.Ануужин,

           хохирогч Б.О өмгөөлөгч Б.Зулбаяр /цахимаар/,  

     шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Г.Ичинхорлоо нар /цахимаар/, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,

        Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.О гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.М холбогдох 2417000000114 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

           Монгол Улсын иргэн, - оны - дугаар сарын -ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Улаанбаатар хот, Б дүүрэг, - дүгээр хороо,  хотхоны - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Л М.

           Шүүгдэгч Л.М нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - тоот нутаг дэвсгэрт тухайн үед хамт  архи ууж байсан Б.О үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож улмаар биед цээжинд баруун 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн доод хана, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний алимны доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

         Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

      Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Л М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.О 5 721 990 /таван сая долоон зуун хорин нэгэн мянга есөн зуун ер/ төгрөг нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.О сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 3 960 000 /гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч Л.М гаргуулж хохирогч Б.О олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М 2 092 442 /хоёр сая ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

      Хохирогч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “... Л.М нь хохирогч Б.О хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон. Учир нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Г.М нь хэрэгт сэжиглэгдэх үндэслэл бүхий хүн бөгөөд шүүгдэгч Л.М садан төрлийн холбоотой хүн юм. Ийм байхад дээрх гэрч болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийг үндэслэж дээрх дүгнэлтийг хийсэнд гомдолтой. Мөн надад учирсан сэтгэл санааны хохирлыг ямар үндэслэлээр хамгийн бага зэргээр тогтоосон нь ойлгомжгүй бөгөөд сэтгэцийн шинжээчид цаашид сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай гэсэн дүгнэлт байхад хохирлын хэмжээг хамгийн багаар тогтоосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын хоёр үндэслэл байгаа. 1-рт: Б.О зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг анхан шатны шүүх ямар баримтаар тогтоож байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заагаагүй. Яагаад гэхээр Б.О энэ хүмүүс цаашаа уурхай руу амрахгүйгээр машинаа барьж яв гэж хэрүүл маргаан үүсгэснээс болж Б.О бүлэглэж зодсон асуудал гарсан. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Л.М гэм буруутай гэж үзсэн дээр маргаагүй. Ямар үндэслэлээр хохирогч Б.О мэдүүлгийг үгүйсгэж, Б.О нь зүй бус үйлдэл гаргаж, Л.М гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэдэг дээр нэмж хэлэх тайлбар байна. Мөн сэтгэл санааны хохирлыг нэгдүгээр зэргийн хүнд гэмтлийн хамгийн бага хэмжээгээр нь тогтоосонд нь гомдолтой байгаа. Яагаад гэхээр Улсын дээд шүүхийн жишиг үнэлгээний аргачлалаар бол хоёрдугаар зэрэгт орох ёстой. Нэгэнт шинжээчийн дүгнэлт нэгдүгээр зэрэг гээд гарчихсан байгаа учраас шүүх хавтаст хэрэгт авагдсан сэтгэл заслын эмчилгээ шаардлагатай гэсэн сэтгэцийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслээд хохирлын хэмжээг нэгдүгээр зэргийн хамгийн өндрөөр нь тогтоох шаардлагатай байсан гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг Б.О гаргасан. Энэ гомдлыг дэмжиж оролцож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Б.О гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн гэмт хэрэг гарахад хохирогч Б.О буруутай үйлдэлд нөлөөлсөн гэдэг нь гэрч Г.М болон насанд хүрээгүй гэрч Э нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Үүнийг шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын нэгдүгээр зэрэглэл гээд яриад байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хоёрдугаар зэрэглэл биш байна. Гуравдугаар зэрэглэл байх ёстой гэж хохирогчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүх хуралдаан дээр ярьж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалж сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг хохирогч, хохирогчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Ямар нэгэн байдлаар гомдол санал, дахин шинжээч томилуулъя гэдэг хүсэлтийг гаргаагүй байдаг. Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа учраас анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна гэв.

     Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч Б.О болон түүний өмгөөлөгчөөс гомдлынхоо үндэслэлийг хоёр үндэслэлээр тайлбарлаж байгаа. 1-рт: Хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн талаар дурддаг. Хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гэдэг нь тухайн хэрэгт ямар нэгэн байдлаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг шүүх дүгнэсэн, эсвэл тогтоогдсон нөхцөл байдлыг өөрөөр дүгнэсэн ойлголтыг хэлнэ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ямар нөхцөл байдлууд байна гэхээр хохирогч тухайн хэргийн үйл баримт болдог өдөр гэрч Г.М, насанд хүрээгүй гэрч О.Э, хохирогч Б.О, шүүгдэгч Л.М гээд үндсэндээ энэ дөрөв архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Г.М эхлэх процесст хамт байсан. Б.О агсам согтуу тавиад зүй бус харьцаад байхаар нь явсан. Л.М, Б.О зодох процессыг харсан ганц гэрч нь О.Э гэдэг насанд хүрээгүй гэрч байгаа. Насанд хүрээгүй гэрч О.Э мэдүүлгээр хохирогч Б.О, Л.М биед халдсан. Л.М зүй бус үгээр доромжилсон, зүй бус авирласан үйлдэл нь шүүгдэгч Л.М мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогддог. Яг энэ үйл баримтыг шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байна гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий хууль ёсны болсон гэж прокурорын зүгээс үзэж байна. 2-рт: Сэтгэцэд учирсан хохирлыг багаар тогтоосон нь үндэслэлгүй гэж ярьдаг. Тэгэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан. Энэ жишиг аргачлалын дагуу шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид ямар нэгэн сэтгэцэд учирсан хор уршиг байвал түүний хэрхэн хохирлын төлбөрийг тогтоох хүснэгт зэрэглэл, түүнийг хэрхэн тооцсон бэ гэдэг аргачлалыг тусгайлан заагаад өгчихсөн байдаг. Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим аргачлал гэдэг зүйл энэ журамд байгаа. Хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчимтай. Мөн нөхөн төлбөрийн хэмжээг шударга үндэслэл бүхий тогтоох гэсэн үндсэн зарчмыг баримталж анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал мөн шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн сэтгэцэд хэр хэмжээний хохирол учирсан юм бэ гээд бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж тогтоосон. Тэр нөхөн төлбөрийн хэмжээ зэрэглэл нь үндэслэл бүхий гарсан байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Шүүгдэгч Л.М нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - тоот нутаг дэвсгэрт тухайн үед хамт  архи ууж байсан Б.О үл ялиг зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож улмаар биед нь баруун 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн доод хана, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний алимны доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.М гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О, гэрч Г.М, О.Э нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Л.М үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр торгох ялаар шийтгэсэн нь тохирсон ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ.

           Хохирогч Б.О “ ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.М нь хохирогч Б.О хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Мөн надад учирсан сэтгэл санааны хохирлыг хамгийн бага зэргээр тогтоосон нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү”  гэж давж заалдсан гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

          Гэрч Г.М “ ... ууж байхдаа Б.О надтай маргаад ажил яриад агсраад байсан. ... Л.М юу болсон талаар асуусан чинь чамайг хөдлөөд явсны дараа надад агсраад намайг боож аваад машин тэргээ шаварт суулгаад байсан”..., насанд хүрээгүй гэрч О.Э  “... Б.О ах Л.М ахын нүүрний баруун хэсэг рүү алгадаж байгаа харагдаад бас толгой руу нь цохиж байгаа харагдсан. .... машинаас буугаад ирсэн чинь Б.О ах Л.М ахын дээр гарчихсан цамцаар нь боочихсон байсан. ... би Б.О ахыг Л.М ахын дээрээс татаж авсан...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Түүнчлэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаартай  шинжээчийн хохирогч Б.О сэтгэцэд “... гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. ... дээрх шинж илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэгт хамаарч байна.” гэсэн дүгнэлт гарсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан “тусгайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн хоёрдугаар зэрэглэл буюу “гэмт хэргийн улмаас стрессийн үед үзүүлэх хариу урвал хэвийн хэмжээнээс удаан үргэлжлэх” гэсэнд хамаарч байх тул дээрх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Харин Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4-т хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 4-8 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоохоор заасны дагуу анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 3 960 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу биш хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

           Тус аргачлалын 3 дугаар зүйлийн 3.8-д “... шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо ... учруулсан гэм хор, ... хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, ... хохирогчийн гэм буруутай байдал, ... гэм хор учруулагчийн гэм буруу, ... гэм буруугаа гэмшиж байгаа байдал... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нөхөн төлбөрийг тогтоосон нь үндэслэлтэй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.О давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Анхан  болон  давж  заалдах  шатны  шүүхийн  хууль  хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийг  ноцтой  зөрчсөн  нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд  шүүхийн  тогтоол, тайлбараас  өөрөөр  хэрэглэсэн,  эрх  зүйн  шинэ  ойлголт,  эсхүл  хууль  хэрэглээг тогтооход  зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч  хяналтын  журмаар  гомдол гаргах,  прокурор  эсхүл  дээд  шатны прокурор  эсэргүүцэл  бичих  эрхтэйг  дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.НАРАНЧИМЭГ

          ШҮҮГЧ                                                  Н.БОЛОРМАА

          ШҮҮГЧ                                                  О.ОДНЯМАА