Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0927/З |
Дугаар | 221/МА2018/0265 |
Огноо | 2018-05-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2018/0265
Н.Лувсанпэрэнлэйн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч П.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0128 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Л нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0128 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Н.Л-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: “... Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны үед тогтоогдсон үйл баримтыг бүрэн үнэлээгүй буюу маргаан бүхий актын үндэслэлд бодит нөхцөл байдлаас зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийлээ гэж үзэж байгаа.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар маргаж буй үйл баримтад бодит байдалд нийцсэн үнэн зөв дүгнэлт хийгдсэнээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болно.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл уг маргаан бүхий газарт анх хэн оршин сууж байсан, газрын давхцал юунаас болж үүссэн, тухайн газрыг эзэмших эрх түрүүлэн хэнд үүссэн, эзэмшил газрын хаяг, байршил зэрэг хэргийн нөхцөл байдлуудыг цаашид тодруулах шаардлагатай байх бөгөөд нэмж тодруулах асуудал нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт маргааны үйл баримтыг бүрэн шалгаж тодруулсан бөгөөд шүүхийн эрх хэмжээ хүрэхгүй, шүүх судлах тогтоох боломжгүй зүйл байгаагүй.
Тодруулбал, маргаан бүхий газарт хэн оршин сууж байсан, газрын давхцал юунаас болж үүссэн, хэнд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүссэн, маргаан бүхий хаяг байршил зэрэг нь бүгд тодорхой болсон байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0128 дугаар шийдвэрийг хүчинүй болгож, Н.Л-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар шийдвэрийг хянахад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Н.Л-ээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл, харин гуравдагч этгээд Б.Т-оос “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Н.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага тус тус гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1-17 тоотод байрших 318 м.кв газрыг мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Т-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар уг газраа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны А/332 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх захирамжуудыг эс зөвшөөрч “хоосон газрыг шинээр хашаалан холбогдох баримт бичгээ бүрдүүлэн Газрын албанд өгсөн байхад иргэн Б.Т-д эзэмшүүлж, өмчлүүлсэн нь миний газар эзэмших эрхийг зөрчсөн” хэмээн маргасан байна.
Нэхэмжлэгч Н.Л нь маргаж буй газрыг хашаалж, иргэн Ч.Н-оор харуулж байсан гэх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 27.4-т эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглохоор заасан тул тухайн газрыг өөрийн газар хэмээн тайлбарлаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд уг газар нь гуравдагч этгээд Б.Т-д эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамж гарахаас өмнө хэн нэгний хууль ёсны эзэмшилд байгаагүй байсан байна.
Уг газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээд болох иргэн Б.Т анх 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байх бөгөөд хүсэлтэд заагдсан Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 1-17 тоотод байрших 318 м.кв газрыг түүнд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй.
Хэдийгээр маргаж буй газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгчээс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан талаарх өргөдлийг хүлээн авсан баримт хэрэгт авагдсан боловч уг хүсэлтийг гаргахаас өмнө гуравдагч этгээдэд хүсэлт гаргасан газар нь олгогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй, газар эзэмшүүлсэн болон өмчлүүлсэн шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан тухайн хорооны Засаг дарга ажилтай гэрч Х.Э-ийн мэдүүлгээр “...тухайн газарт Ч.Н гэдэг хүн олон жил амьдарч байсан, Ч.Н газраа авч чадахгүй байна гэж бодож байсан, ...Н.Л гэдэг хүнийг уулзахад албан ёсоор аваарай гэж хэлж байсан, ...Б.Д над дээр ирээд бид нар уг хашааг авахаар тохиролцсон гээд өргөдөл цохиулсан...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд тухайн газар нь хэн нэгний хууль ёсны эзэмшилд байгаагүй, гуравдагч этгээдийн тайлбарласнаар Д.Н-оос уг газрыг хэн нэгэн нь эзэмшиж байгаагүйг мэдээд холбогдох газарт хүсэлт гаргаснаар уг газрыг эзэмшсэн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч дүүргийн Засаг даргын хувьд хүсэлт гаргасан газар нь хэн нэгэн этгээдийн эзэмшилд байхгүй нөхцөлд хэн түрүүлж хүсэлт гаргасан этгээдэд тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах бөгөөд нэхэмжлэгчийн тухайд гуравдагч этгээд хүсэлт гаргахаас өмнө ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй тул Засаг даргыг буруутгах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгч Н.Л-д мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжаар 8 дугаар хороо, Нуурын 1-18 тоотод 318 м.кв газрыг эзэмшүүлсэн байх ба хаягийн хувьд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын хаягаас өөр байгаа ч хариуцагчийн зүгээс маргаан бүхий газартай давхцалтай болохыг, мөн уг захирамжийг үндэслэн гэрээ, байгуулагдаж, гэрчилгээ олгогдоогүй гэж тайлбарлаж байгаа ба дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөнийг үгүйсгээгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн хашаалсан газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсний дараа гуравдагч этгээдэд газрыг өмчлүүлсэн нь газар эзэмшүүлэх өмчлүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн гэж дүгнээд маргаан бүхий газарт хэн оршин сууж байсан, газрын давхцал юунаас болж үүссэн, хэнд эзэмшил түрүүлж үүссэн, газрын хаяг байршлыг тодруулах шаардлагатай хэмээн дүгнэж, хариуцагчаас шалгаж тодруулсны дараа дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн хэргийн тодруулах шаардлагатай гэж үзсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр бүрэн тогтоогдож байхад маргаж буй актуудыг хууль бус гэж дүгнээд, түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.
Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага бий болсон, тодруулах нөхцөл байдлын цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, өөрөөр хэлбэл шүүхээс тухайн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргаж буй захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийж, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй нөхцөлд маргаж буй захиргааны актыг түдгэлзүүлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан бөгөөд энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал бий болоогүйн дээр хуульд нийцсэн болон хууль зөрчиж гарсан болох нь тогтоогдсон захиргааны актыг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно”, 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдоогүй тохиолдолд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шийдвэрлэх учиртай.
Иймд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актууд нь Газрын тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох захиргааны акт нь Газрын тухай хуулийг зөрчсөн тул уг актыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэрэгт авагдсан баримтаар маргааны үйл баримтыг бүрэн шалгаж тодруулсан бөгөөд шүүхийн эрх хэмжээ хүрэхгүй, шүүх судлан тогтоох боломжгүй зүйл байгаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дүгээр зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0128 дугаар шийдвэрийг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Л-н “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/332 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Т-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Н.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж, “2” дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж, түүнд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ