Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 45

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий

газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0535 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 633 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М нарыг оролцуулж,

            Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0535 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 633 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх уг маргаан бүхий хэргийг хянан үзээд шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг илт буруу тайлбарласан буюу нэг талыг хэт баримтлан тайлбарлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх заалт, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь заалтуудад тус тус дурдсан нөхцөл байдал үүсээгүй байхад хууль буруу хэрэглэж дээрх заалтуудыг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

4. Давж заалдах шатны шүүх дээрх хууль бус шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт анхан шатны шүүхийг “... сахилгын шийтгэл ногдуулж болох хугацааг хариуцагч хэтрүүлээгүй”, “... 243 тоот тушаалыг гаргах үндэслэл болсон улсын байцаагчийн №2104 тоот дүгнэлт хүчинтэй байх бөгөөд энэхүү №2104 тоот дүгнэлтийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй байх тул маргаан бүхий 243 тоот тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй” гэсэн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Сахилгын шийтгэл ногдуулж болох хугацааг хариуцагч хэтрүүлээгүй байна” гэж дурдахдаа №2104 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчлийг шалган тогтоож илрүүлсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зөв гэж дүгнэсэн тухай үндэслэлдээ нэхэмжлэгчийн хууль бус бүртгэл хийсэн огноо, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 47 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3 дахь заалт, Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 22.1 дэх заалт зэргийг тус тус үндэслэл болгон гаргасан №2104 дугаар бүхий Улсын байцаагчийн дүгнэлтийн огноо, маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 243 тоот тушаал батлагдсан өдөр зэргийг ойлгомжтой дэс дараалап бүхий дурдаж, Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын 7 дахь заалт тус бүрийг хэргийн бодит нөхцөл байдалд уялдуулан зөв тайлбарлан хэрэглэсэн нь дээрхээс гадна тус шийдвэрийн 6 дахь талаас бүрэн харагдаж байна.

6. Мөн давж эаалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн үргэлжилсэн ерөнхий агуулга бүхий дүгнэлтээс эөвхөн “... 243 тоот тушаалыг гаргах үндэслэл болсон улсын байцаагчийн №2104 тоот дүгнэлт хүчинтэй байх бөгөөд энэхүү №2104 тоот дүгнэлтийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй байх тул маргаан бүхий 243 тоот тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй” гэснийг салган авч тайлбарласан нь хууль бус байна.

7. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгыг орхигдуулан авч үзэж магадлал гаргасан гэж үзэх үндэслэл байгааг дэлгэрүүлэн тайлбарлавал: анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ дээр дурдсанаас гадна үргэлжлүүлэн “нэхэмжлэгч ... эрх үүргээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас иргэн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон гэсэн ерөнхий агуулга, үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 тоот тушаалыг гаргаж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ" гэж шийдвэрлэсэн.

8. Давж заалдах шатны шүүх магадпал гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн бүтэн агуулгаас дээрх дэлгэрүүлж дүгнэсэн ач холбогдол бүхий хэсгийг үндэслэлгүй зөвхөн хяналтын улсын байцаагчийн №2104 тоот дүгнэлт хүчин төгөлдөр болсон тухай дурдсан агуулга бүхий хэсгийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж үндэслэх хэсгийн зөвхөн нэг хэсгийг таслан авч шийдвэрлэсэн нь илт буруу дүгнэлт хийж магадлал гаргасан гэдгийг илтгэж байна.

9. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт хяналтын улсын байцаагчийн №2104 тоот дүгнэлт үндэслэлтэй гарсан эсэхийг шалгаж 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн сонгох санкцтай уялдуулан тайлбарлаж шийдвэрлээгүй нь буруу гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг үгүйсгэж нэг талыг хэт баримтлан хууль бус дүгнэлт өгч давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

10. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан хариу тайлбарт дурдаж байсан бүх үндэслэл бүхий тайлбарыг энд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2104 тоот дүгнэлт нь анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт дурдсанчлан Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийи бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон холбогдох хууль тогтоомжууд, тухайлбал Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь заалт болон бусад хуулийг зөрчиж нэхэмжлэгч С.Д нь хууль бус бүртгэл хийснийг тогтоосон нь хяналтын улсын байцаагчийн хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээн дэх хууль ёсны үндэслэл бүхий акт юм.

11. Дээрх хяналтын улсын байцаагчийн дүгнэлт дээр нэхэмжлэгч маргаагүй бөгөөд түүнийг үндэслэн гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай агуулга бүхий нэхэмжлэлтэй хэрэг тул захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дутуу дүгнэж шийдвэрлэсэн гэдгийг дахин онцолж дурдмаар байна

12. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчиж тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлах буюу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Улсын байцаагчийн 2104 тоот дүгнэлтэд ач холбогдол өгөх замаар нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаагүй тул хүчингүй болгох, зөрчлийн шинж байдлыг судлах, нөхцөл байдлыг тогтоох замаар хэргийн үйл баримт ба нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй гэж дүгнэжээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэрлэж болохгүй” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс талуудын маргаагүй буюу Улсын хяналтын байцаагч Б.Ганзоригийн хүчин төгөлдөр дүгнэлтийг үгүйсгэх, түүнд дүгнэлт өгөх талаар тайлбарлаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-г зөрчсөн гэж тайлбарлах боломжгүй юм.

14. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь холбогдох хууль болон улсын хяналтын байцаагчийн 2104 тоот дүгнэлт хүчингүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг шийдвэрлээгүй гэж дүгнэх нь ойлгомжгүй, нөхцөл байдалд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 633 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна” гэж заасныг зөрчиж байгаа болон захиргааны эрх зүйн үндсэн зарчимтай үл нийцэж байна.

16. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 633 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь зөв байна.

            18. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалаар Төрийн албаны тухай (2002) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай (2003) хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 16 дугаар зүйлийн 16.2, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.25, 4.26.9 дэх заалтуудыг тус тус баримтлан, “...үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл, тэмдэглэл хийсэн нь хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Д-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч, “... хууль тогтоомж зөрчсөн талаарх хууль сахиулах байгууллагын шийдвэр гараагүй, ... Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамд заасны дагуу зөрчлийг шалгаж тогтоогоогүй, ... сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор ногдуулах ёстой, хөөн хэлэлцэх  хугацаа өнгөрсний дараа шийтгэл ногдуулсан, ... тушаалыг гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй, ...  хуульд үндэслэж, шийдвэр гаргах ёстой байхад улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж байгаа нь мөн л хууль зөрчиж байна” гэх зэргээр маргажээ.

            19. Маргаан бүхий тушаал гаргах үндэслэл буюу нэхэмжлэгч С.Д-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон “зөрчил”-ийг хариуцагчаас “хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон” гэж үзсэн, энэ тохиолдолд, уг 2104 дүгээр дүгнэлтийн үндэслэлд шүүх дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            20. Анхан шатны шүүх маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалын үндэслэлийг хянахдаа “... зөрчил гаргасан нь улсын байцаагчийн ... 2104 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон, ... дүгнэлт хүчин төгөлдөр болсон, ... уг дүгнэлттэй С.Д маргаагүй, ... дүгнэлтийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, ... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргин оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж болохгүй” гэж дүгнэснээс үзвэл, маргаан бүхий тушаалын үндэслэл болсон “хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 дүгээр дүгнэлт”-ийг бие даасан захиргааны акт гэж үзсэн байна, энэ тохиолдолд, уг 2104 дүгээр дүгнэлт нь бие даасан захиргааны акт болохгүй.

21. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д “улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлт, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлэх”-ээр, 10.2-т “... /хяналт шалгалтын асуудал хариуцсан/ нэгж нь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагчаас бүрдэх”-ээр, 10.3-т “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Ерөнхий байцаагч байх”-аар, 10.6-д “улсын байцаагч нь улсын бүртгэгчийн эрхтэй байх”-аар, 11 дүгээр зүйлийн 11.1-д “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох”-оор тус тус заасан,  хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл, 2104 дүгээр дүгнэлт гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч нь маргаан бүхий 243 дугаар тушаал гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шууд удирдлагад ажилладаг, эрх үүргийн харилцан хамааралтай этгээд байх тул уг хяналт шалгалтыг “хөндлөнгийн” гэж үзэхгүй, байгууллагын дотоод хяналт шалгалт гэж үзнэ.

22. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох”-оор заасан, хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 дүгээр дүгнэлт нь тухайн тохиолдолд, “нөхцөл байдлыг тогтоосон” агуулгатай, харин эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн шинжгүй, түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дээрх зохицуулалтаар улсын байцаагчийн гаргасан дүгнэлт нь эрх зүйн үр дагавар үүсгэхээр заагаагүй байна.

23. Эдгээрээс үзвэл, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон,  “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулсан маргаан бүхий захиргааны актыг шүүх хянахдаа “дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр “зөрчил тогтоогдсон” гэж шүүх дүгнэлт хийж болохгүй, зүй нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон уг дотоод хяналт шалгалтын явцад илэрсэн гэх зөрчилд дүгнэлт хийх ёстой байжээ.

24. Иймд, давж заалдах шатны шүүхийн “... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг шалгаж, тогтоох, улмаар акт үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгөөгүй” гэж дүгнэлт үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин бүртгэл хийсэн болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон, ... 2104 тоот дүгнэлт нь хяналтын улсын байцаагчийн хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээн дэх хууль ёсны үндэслэл бүхий акт, ... хяналтын улсын байцаагчийн дүгнэлт дээр нэхэмжлэгч маргаагүй бөгөөд түүнийг үндэслэн гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай агуулга бүхий нэхэмжлэлтэй хэрэг тул захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дутуу дүгнэж шийдвэрлэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

25. Эдгээр үндэслэлээр, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 633 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                    ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА