Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/01514

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч З.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 тоот тушаалаар 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс Ойн аж ахуйд ойжуулагчаар томилогдон ажиллаж байсан. Байгаль орчныг хамгаалах газар 1990 оны 11 дүгээр сарын 29-нд татан буугдсан тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, “Ой ам” нэгтгэлийн харьяа *******ын Ой сангийн аж ахуйн мэдэлд шилжүүлэн ажиллуулсан. Ингээд ажиллаж байгаад Ойн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 тоот тушаалаар ойжуулагчийн ажлаас чөлөөлөгдөж малчнаар шилжүүлэн ажиллуулж байгаад мөн даргын 1991 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 57 тоот тушаалаар малчны үүрэгт ажлаас чөлөөлж, ойжуулагчаар шилжүүлэн ажиллуулсан. Мөн Ойн аж ахуйн даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 32 тоот тушаалаар ойжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, ******* сумын АДХТ захиргааны мэдэлд  шилжүүлж, тухайн байгууллагад ажиллаж байсан. Архивт ажилд орсон, гарсан тушаал байхгүй байгаа тул шүүх хянан үзэж тогтоож өгнө үү.

Би 1988 оны 01 сарын 04-нд ******* сумын Ойн аж ахуйд ойжуулагчаар ажилд орсон тушаал, мөн 1992 оны 04 сарын 01-нд Мод үржүүлгийн газрын ойжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байгаа тул З.******* намайг 1988 оны 01 сарын 04-өөс 1992 оны 04 сарын 01-н хүртэл ******* сумын Ойн аж ахуйд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах газраас олгосон ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 01 сарын 23-ны өдрийн 4 дугаар “Орон тоо, цалингийн фонд батлах тухай”, 1989 оны 08 сарын 30-ны өдрийн 118 дугаар “Шагнаж урамшуулах тухай”, 1990 оны 12 сарын 20-ны өдрийн 97 дугаар “Ажлаас чөлөөлөх  тухай” тушаалуудын хуулбар, Дорнод аймгийн *******ын Ойн аж ахуйн даргын 1990 оны 02 сарын 22-ны 48 дугаар “Ажилтан ажилчдыг томилох тухай” тушаал, түүний хавсралтын хуулбар зэрэг бичгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч З.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.******* нь ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал, шийдвэр болон цалин авч байсан тухай баримт зэрэг нь архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах газраас олгосон ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 01 сарын 23-ны өдрийн 4 дугаар “Орон тоо, цалингийн фонд батлах тухай”, 1989 оны 08 сарын 30-ны өдрийн 118 дугаар “Шагнаж урамшуулах тухай”, 1990 оны 12 сарын 20-ны өдрийн 97 дугаар “Ажлаас чөлөөлөх  тухай” тушаалууд, Дорнод аймгийн *******ын Ойн аж ахуйн даргын 1990 оны 02 сарын 22-ны 48 дугаар “Ажилтан ажилчдыг томилох тухай” тушаал, түүний хавсралт зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******гийн ******* /*******/ нь 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт болон *******ын Ойн аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байх тул хүсэлтийг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ыг 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт болон *******ын Ойн аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.          

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ