Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/01516

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

“*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд *******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч Д.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1957 онд төрсөн, одоо 68 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг. Миний хань ******* овогт *******ийн ******* 1959 онд төрсөн, өндөр насны тэтгэвэрт байсан. Хань минь 2025 оны 09 сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид хоёр 1999 оноос гэр бүл болж хамт амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй. Гэр бүл болж хамт амьдарч байсан ч үр хүүхэдтэй болоогүй. Нөхөр маань хүүхэд байхдаа аянганд цохиулж өрөөл биетэй болсон. Гэхдээ бидний дунд эд хөрөнгө бий. 20 жилээс дээш гэр бүл болж амьдарсан хүмүүсийн хань нь нас барсан тохиолдолд тэтгэврийн 20 хувийг өвлөн авах тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын газарт хандсан боловч та гэрлэлтээ батлуулаагүй учир шүүхээр орж хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгож ир гэсэн юм. Бид хамт амьдрах хугацаандаа манай нөхөр гэр бүлээ авч явдаг байсан ба сумынхаа барилгад туслах ажилтан, энд тэндэхийн байгууллагад манаач зэрэг ажлыг хийж байсан. Биднийг гэр болохыг сум орон нутгаараа бүгд мэднэ. Иймд Д.******* намайг нөхөр *******тай 1999 оноос эхлэн 2025 оны 09 сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү.

Миний хувьд Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон *******ын нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 1306 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл зэрэг бичгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх , нарыг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь *******тай гэр бүл болсноо хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй гэх нөхцөл байдлаас үндэслэн шүүхээр хамт амьдарч байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор талийгаач нөхөр *******ын авч байсан тэтгэврийн 20 хувийг өөрийн авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн авах эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.******* нь ******* овогт *******ийн ******* /РД: /-тай гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч 1999 оноос эхлэн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр /******* нас барсан гэх/-ийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт хамтран амьдарч байсан үйл баримтууд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

*******ын нас барсны гэрчилгээ,

Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын “...******* нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр // багт албан ёсны бүртгэлтэйгээр 1959 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ам бүл 2 амьдарч байсан болно. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч эхнэр овог *******гийн ******* байна...” гэх тодорхойлолт,

гэрч гийн “...******* нь манай ээжийн төрсөн дүү буюу миний нагац юм. Б.******* нь миний нагац *******ын гэр бүлийн хүн. Манай нагац ах ******* нь бэр эгч Д.*******тай 1999 оноос гэр бүл болон Дорнод аймгийн ******* суманд хамт амьдарч ирсэн. Манай нагац хүүхэд байхдаа аянганд цохиулж биеийн тал нь сул тавьсан. Үүнийхээ улмаас халамжийн группт байдаг байсан. Манай нагацын хувьд сумандаа барилга дээр туслах ажилтан, байгууллагуудаар манаач гэх мэт өөрийн чадах хэмжээнд ажил төрөл хийдэг байсан. Нагац ах ******* 2025 оны 09 сард нас барсан. 1999 оноос нагацыг сая нас барах хүртэл эхнэр, нөхөр болон хамт амьдардаг байсан. Гэрлэлтээ батлуулж байгаагүй юм байна лээ. Хөдөөний, бичиг цаас хөөцөлдөж мэдэхгүй, эхнэр нь ялангуяа өөрийгөө илэрхийлэх бүрэн чадваргүй, хүний заавраар юм хийдэг хүн байдаг юм. Тиймдээ гэрлэлтээ батлуулж мэдэхгүй батлуулаагүй байх.” гэх мэдүүлэг,

гэрч ийн “...Д.******* нь манай эхнэрийн нагац ах *******ын гэр бүлийн хүн буюу эхнэр юм юм. Манай эхнэрийн бэр эгч гэсэн үг. Д.*******, ******* нар нь 1999 онд гэр бүл болсон. Дундаас нь үр хүүхэд төрөөгүй. ******* нь бага байхдаа аянганд цохиулж бие нь өрөөл татанхай, хэл ярианы бэрхшээлтэй болсон хүн байсан. Эхнэр нь мөн өөрийн бодол санааг илэрхийлэх чадвар маш муу, хүний үгээр байдаг, хүн ингэ тэг гэхээр тэрийг л хийдэг, өөрөө бодож санаж сэтгэж юм хийдэггүй хүн байдаг юм. ******* сумын төвд хамаатныхаа хашаанд амьдардаг байсан. ******* нь сая 2025 оны 09 дүгээр сард нас барсан. Би бодохдоо зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэж ойлгосон. Унтаагаараа нас барсан юм. Нас барах хүртэл нь хамт эхнэр, нөхөр гэж амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байсан юм билээ. Ямартай ч 1999 оноос гэр бүл болон хамт амьдарч байсан хүмүүс юм” гэх мэдүүлэг, гэрчүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тус тус батлагдаж байна.   

Иймд нэхэмжлэгч Д.******* нь нөхөр *******тай 1999 оноос эхлэн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр буюу *******ыг нас барах хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч овогт *******гийн ******* /РД: /-г ******* овогт *******ийн ******* /РД: /-тай 1999 оноос 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.          

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ