Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/01481

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/01481

 

 

Ш.Онарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01571 дүгээр шийдвэртэй, Ш.О, О.Ө, Б ХХК нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын Дээд Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор О.Ө, Ш.О, Б ХХК-иас нийт 871 313 069 төгрөг гаргуулж Хас Банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан нэр бүхий 8 эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 1 758 225 000 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ бид одоогоос 2 жилийн өмнө үнэлүүлэхэд нийт 3 821 190 000 төгрөг болж байсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн болон валютын ханш өдрөөс өдөрт өсч байгаа үед зах зээлийн ханшийн үнэлгээг 2 жилийн өмнө хийлгэсэн үнэлгээний 50 хувьд ч хүрэхгүй үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд төлбөр төлөгч "Б ХХК, Ш.ОО.Ө нарын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн 1 758 225 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор "Б ХХК, Ш.О, О.Ө нараас 871 313 069 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр битүүмжлэн, мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр хураан авсан.

Үл хөдлөх эд хөрөнгүүдэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийг томилж зах зээлийн үнэлгээ хийлгүүлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч "Буянт их буурал" ХХК, Ш.О, О.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: "Буянт их буурал" ХХК, Ш.О, О.Ө нар нь Хас банк ХХК-иас 735 000 000 төгрөг зээлсэн байдаг. Зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас банкны зүгээс шүүхэд хандан гурван шатны шүүхээр хэлэлцээд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 871 313 069 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилон үнэлгээ хийлгэсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК, Ш.О, О.Ө нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мухар олгойн хагалгаанд орж мөн сарын 31-ний өдөр эмнэлгээс гарсан бөгөөд хагалгаа хийлгэсний маргааш босох чадваргүй, сахиуртай хэвтэж байсан тул хүсэлт бичих боломжгүй байсан.

Өөрийн үйлчлүүлэгч н.Ариунаагаар хагалгаа хийлгэсэн эмчээс акт авахуулж Ш.Од хүлээлгэн өгч, тэрээр шүүгчийн туслахад танилцуулсан байдаг. Гэтэл шүүгчийн туслах надруу утсаар залгаж та хүсэлтээ бичгээр ирүүлээгүй учраас шүүх хуралдаан хойшлуулах боломжгүй шүү гэж хэлсэн.

Би хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн байхад миний эзгүйд шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хуульд нийцсэн эсэх талаар дүгнээгүй зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой дүгнэлтүүд хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй.

Иймд намайг шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт шинжлэх судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б ХХК, Ш.О, О.Ө нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хариуцагч тал эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх дээрх гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мухар олгой авахуулах мэс засалд орж мөн сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй шалтгаанаа нотлохоор эмнэлгийн магадлагааг шүүхэд хүргүүлсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар талд авагджээ. Шүүх дээрх нөхцлийг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчжээ.

Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-т заасан үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргасан байх боловч хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД