| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0077/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 72
2018 оны 4 сарын 20 өдөр 2018/ШЦТ/72 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0077/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Я.Сансар
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Иргэдийн төлөөлөгч А.Уранхайч
Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-д холбогдох 1839000460047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг, Баянгол гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1, 246 дугаар зүйлийн 246.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 06 жил 07 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан гэх М.Ц /РД:СЖ85030714/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд иргэн Н.Сүхбаатарын цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч Н.С-ын: “...Биндэр сумын төв ороод Нямсүхийн хүүгийнд 19 цагийн үед очсон. Тэгээд тэндээ бууз жигнүүлж идээд Буяа, Нямсүх бид гурав Нямсүхийн хүүгийнхээс Буяагийнх руу очихоор гарцгаасан. Тэгээд гар утсаа мартчихсан байна гээд бид эргээд Нямсүхийн хүүгийн баруун талд хашааны гадаа зогссон. Тэгээд гэр рүү орох гэхэд намайг “хөөе нааш ир” гээд дуудахаар нь хүлээж бай гэж хэлчихээд айл руу ороод гар утсаа аваад гараад ирэхэд нөгөө хүн дахиад дуудахаар нь чи хэн юм бэ гээд яваад очиход хэн гэдгийг нь мэдэлгүй, тэгээд чи яах гээд байгаа юм бэ гэхэд архи уу гээд пиво өөдөөс цацсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм чи гээд барьцалдаад авсан. Тэгээд барьцалдсан чигээрээ хашаанаас гараад харахад манай сумын Мөнхөөгийн хүү Ц байсан. ...гарт нь хутга байсан. Би яагаад байгаа юм бэ чи, ахыгаа таньж байгаа биздээ гэхэд танихгүй байна, мэдэхгүй байна гэсэн. Тэгээд хоёулаа ноцолдоод замын зүүн тал руу гарсан. Тэгэхэд Ц миний зүүн талын бугалган тус газар нэг удаа хутгалчихсан. Миний хувцаснаас барьчихаад салахгүй явсаар Соёлын төвийн урд талд очоод Ц миний цээжинд нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би өвөртөө гараа хийж үзэхэд цус гарсан байсан, Ц чи намайг хутгалчихлаа гэхэд алив харъя гээд миний цээжнээс цус гарсан байхыг хараад хоёулаа ийшээ айл руу очъё гээд зүүн хонхор руу айлд очсон. Тэр нь манай сумын Ганбаагийн охиных байсан. Гэрт нь ороход хоёр хүүхэдтэй эмэгтэй байсан. ... Ганбаа намайг машинаараа эмнэлэг хүргэсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 тал/
Гэрч Г.Оюумаагийн: “...тэгээд удалгүй Сүхээ ах ганцаараа гэрт буцаж орж ирээд ширээн дээрээс нэг юм авчихаад буцаад гараад явсан. Тэгээд би гэртээ байж байгаад бие засах гээд гарахад хүний орилох дуу чимээ гарсан юм. Тэгэхээр нь би юу болов гээд харахад манай хүүгийн гэрийн зүүн талд байх засмал замын бараг хажууханд гэрэлтэй хэсэг дээр Сүхээ ах, манай нутгийн Ц гэх залуутай маргалдаж муудалцаад байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёр дээр очихоосоо айгаад холоос Сүхээ ах, Ц хоёрыг хараад байж байхад Ц гэх залуу хаанаас ч юм бэ нэг газраасаа гялалзсан хутга бололтой зүйл гаргаж ирээд Сүхээ ахыг хутгалах шиг болсон. Би яг хаана хутгалсныг нь бол хэлж мэдэхгүй байна, тэгээд би Буянбат руу утсаар залгаж яриад болсон асуудлын талаар хэлж яаралтай цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-28 тал/
Гэрч Д.Нямсүхийн: “...Сүхээ ах манай гэрт утсаа мартчихлаа гэхээр нь би машинтайгаа буцаж хүүгийнхээ гэрийн баруун талд нь очиж Сүхээ ахыг буулгаад утсаа аваад байж бай, бид хоёр айлд очоод ирье гээд машинтайгаа хөдлөөд явсан юм. ...Буянбат бид хоёр машиндаа бензин авах гээд шатахуун түгээх станц руу явж байхад манай эхнэр Оюумаа Буянбат руу залгаад Сүхээ ах, манай Биндэр сумын Ц гэх залуутай гадаа муудалцаад байх шиг байна, Ц гэх залуу хутга бололтой нэг гялтагнасан зүйл хаанаас ч юм нэг газраасаа гаргаж ирээд Сүхээ ахыг хутгалчих шиг боллоо гэх утгатай зүйл хэлээд, Буянбат бид хоёрыг яаралтай цагдаа дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь Буянбат бид хоёр энэ талаар цагдаад мэдэгдье гээд цагдаа руу машинтайгаа явж байхад Сүхээ ах, Ц хоёр сумын захиргааны урд явж байсан. Сүхээ ах Ц гээс айсан байртай хойшоо ухраад яваад байсан, харин Ц нь Сүхээ ахыг айлгаад байгаа бололтой өөдөөс нь түрээд яваад байсан юм. Тэгээд Буянбат бид хоёр шууд л цагдаад энэ талаар мэдэгдье гээд цагдаа дээр ирж болсон асуудлын талаар хэлсэн юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-31 тал/
Гэрч Б.Буянбатын: “...Сүхээ ах Батдөлгөөний гэрт гар утсаа орхичихсон байна гэхээр нь Нямсүх машинаа эргүүлээд Батдөлгөөний гэрийн ойролцоо зогсоод Сүхээ ах гар утсаа авахаар Батдөлгөөний гэр лүү орохоор явсан. Энэ хооронд нь Нямсүх бид хоёр айлд очиж даалууг нь авчихаад ирье гээд машинтайгаа даалуу авах айл руугаа явсан, тэгээд уг айлдаа очиход гэрт нь хүн байхгүй байсан учир бензин авчихаад Батдөлгөөний гэрт очье гээд явж байхад Нямсүхийн эхнэр Оюумаа надруу утсаар залгаж яриад Сүхээ ах гадаа Ц гэх залуутай муудалцаад байх шиг байна, Ц гэх залуу хаанаасаа ч юм бэ нэг гялтагнасан хутга бололтой зүйл гаргаж ирээд Сүхээ ахыг хутгалах шиг боллоо та хоёр хаана байгаа юм бэ, яаралтай цагдаад мэдэгдэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Нямсүх бид хоёр яаралтай цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж бодоод цагдаа дээр очих гээд машинтайгаа явж байхад сумын захиргааны байрны урд талд Ц гэх залуу Сүхээ ахыг түрээд байгаа юм уу, чирээд байгаа юм шиг байдалтай явж байсан. Тэгээд л Нямсүх бид хоёр шууд цагдаа дээр ирж болсон асуудлын талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-34 тал/
Гэрч Н.Батдөлгөөний: “...Сүхээ ах гэрээс гараад манай гэрийн гадаа Ц гэх залуутай таарсан. Тухайн үед хүүхэд маань уйлаад байсан учир би Сүхээ ах, Ц хоёр дээр очиж уулзаагүй юм. Тэгээд намайг гэртээ байж байгаад түлээ оруулах гээд гэрээс гарахад Сүхээ ах, Ц гэх залуугийн хамт манай гэрийн зүүн талд байх засмал замын хажууханд гэрэлтэй хэсэг дээр зогсож байсан. Тухайн үед Ц гэх залуу нь согтуу бололтой чанга, чанга дуугараад л байсан. Тэгээд би түлээгээ гэр лүүгээ оруулчихаад ахиж гэрээсээ гараагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-37 тал/
Гэрч Ж.Ганбаатарын: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад эхнэрээ ажлаас нь очиж авах гээд ойролцоогоор 22 цагийн үед гэрээсээ гарч эмнэлэг рүү явсан юм. Тухайн үед манай гэрт манай охин Гандиймаа нь ганцаараа үлдсэн. Тэгээд би эмнэлэг дээр машинтайгаа дөнгөж ирж зогсоод эмнэлэг рүү орох гэтэл манай охин болох Гандиймаа нь над руу утсаар яриад манай гэрт хоёр хүн ороод ирлээ, нэг нь хутгалуулсан юм шиг байна, цус гараад байна, би айгаад байна та яаралтай гэртээ ир гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү гялс ороод эхнэрээ аваад шууд гэртээ ирсэн. Тэгэхэд гэрт маань манай Биндэр сумын Сүхээ гэх хүн байж байсан бөгөөд Сүхээ гэх хүнээс цус гараад хувцас нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би сандраад Сүхээ гэх хүнийг шууд эмнэлэгт хүргэж өгье гэж бодоод эхнэрээ гэртээ үлдээчихээд Сүхээ гэх хүнийг машиндаа суулгаад эмнэлэг дээр ирж Сүхээг эмнэлгийн хүлээн авахад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 тал/
Гэрч Г.Гандиймаагийн: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний 22 цаг өнгөрч байсан юм. Гэрт маань манай Биндэр сумын Сүхээ, Ц гэх хоёр хүн ороод ирсэн. Тэгэхээр нь би анхандаа аавтай уулзах гэж ирсэн хүмүүс юм болов уу гэж бодсон боловч Сүхээ гэх хүн нь цээжин дээрээ гараараа дарсан байдалтай миний дүү ахынхаа дээлийг тайлаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг Сүхээ гэх ахын дээлийг нь харахад Сүхээ ахын дээл нь цус болчихсон, цус алдаад байгаа бололтой нэг л сонин байдалтай байгаад байхыг нь анзаараад Сүхээ ахад хандан би таны дээлийг тайлж чадахгүй ээ, айгаад байна гэж хэлчихээд шууд гар утсаараа аав руугаа залгаж яриад манай гэрт хоёр хүн орж ирээд байна, нэг нь хутгалуулсан юм шиг байна, та яаралтай ир гэж хэлсэн, тэгээд би гэртээ аавыг ирэхийг нь хүлээгээд байж байхад удалгүй манай аавын машины дуу гарсан, тэгэхэд Сүхээ гэх хүнтэй хамт манай гэрт орж ирсэн Ц гэх залуу шууд манай гэрээс гараад яваад өгсөн, тэгээд удалгүй аав, ээж хоёр гаднаас гэрт ороод ирсэн бөгөөд аавыг гэрт орж ирэхэд Сүхээ гэх хүн аавд хандан би ойчихно гэж хэлсэн, тэгээд аав уг Сүхээ гэх хүний биеийн байдлыг нь харж, цус алдаад байгааг анзаараад яаралтай эмнэлэгт хүргэж өгөхгүй бол болохгүй юм байна гээд Сүхээ гэх хүнийг машиндаа суулгаад шууд эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 тал/
Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 40 дугаартай дүгнэлт /хх-ийн 66 тал/ зэрэг болно.
М.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд иргэн Н.Сүхбаатарын цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээр шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, М.Ц гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Ц гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байна. Прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд М.Ц д Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Сүхбаатарт эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 2.5 сая төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 98 дугаар талд авагдсан хохирол, гомдолгүй гэсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ц г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Ц-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц д 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ