| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0085/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 74
2018 оны 4 сарын 20 өдөр 2018/ШЦТ/74 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0085/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Иргэний нэхэмжлэгч С.Батболд
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У-д холбогдох 1839000040062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 25-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гаьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх А.У /РД: СМ90031211/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.У нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1-р баг, “Бурхантын энгэр” гэх газарт нутаглах иргэн В.Элбэгжаргалын гэрээс дунд гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлж, 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч В.Элбэгжаргалын “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 12 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд дээл гутал хоёроо солиод буцаж гараад Ганзоригийнх гэх айлд очсон. Ганзоригийнд 2017 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд архи ууж хоносон. 12 дугаар сарын 28-ны өглөө гэрээсээ гарахдаа гэрээ түгжилгүй онгорхой орхисон. Тэгээд тэр оройдоо 20 цаг өнгөрөөгөөд гэртээ буцаад Уламбаяр гэдэг хүнтэй ирсэн. Намайг гэрт орж ирэхэд гэрийн хойно байдаг бурхан тахил бүгд газар унасан байсан. Би тухайн үед гэрт хулгай орсон гэж бодоогүй. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө гэртээ ирж хулгайн талаар мэдсэн. Тэгээд гэрийн баруун талын орон дээр байсан дунд гарын 12 чимэгтэй эмээл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,
Иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнийн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр надтай утсаар яриад эмээл авахгүй юм уу, ломбарданд байгаа, хугацаа нь дуусаад үхэх гээд байна, чи чөлөөлөөд өгөөч гэхээр нь би тэр өдрөө аймгийн төв рүү ороод Хэрлэн хорооллын “Мөнгөн гоёл” гэдэг ломбарднаас 1.050.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр эмээлийг аваад У д дээрээс нь 500.000 төгрөгийн шилжүүлэг хийлгэж авсан. У тэр эмээлийг өөрийнхөө эмээл гэж ярьж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхнэрийг нэг найзтайгаа аймгийн төв явуулаад “Эвт” худалдааны төвийн ломбарданд 1.300.000 төгрөгөөр тавьж мөнгийг нь хүнд өгсөн. Одоо би У гээс 250.000 төгрөгийг авах авлагатай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
Иргэний нэхэмжлэгч С.Батболдын: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад 12-13 цагийн үед 2 эрэгтэй, 2 эмэгтэй гээд нийт 4 хүн ирээд дунд гарын мөнгөн чимэгтэй Дарьганга хийцийн эмээлийг 1.500.000 төгрөгөөр барьцаанд тавья гэж ирсэн. Би тэр эмээлийг 1.300.000 төгрөгөөр барьцаанд авсан. Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Эвт” худалдааны төвд “Өгөөмөр сато” гэх барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. Би 1.300.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
Гэрч О.Даваацэрэнгийн: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай хамаатны дүү болох Баасан унаа олоод өгөөч, Жаргалтхаан сум орж хүн аваад ирье гэж гуйхаар нь би таньдаг ахыгаа гуйгаад Жаргалтхаан сум руу явахаар болсон. ...У гэрийнхээ баруун талаас овоолттой аргал дороос нэг эмээл гаргаж ирсэн. Тэр эмээл нь мөнгөн чимэгтэй дунд гарын эмээл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/
Гэрч Д.Баасангийн: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн орчим У аймгийн төвөөс унаа олоод ирээч гэж мэссэж бичээд, утсаар залгаад байсан. Унаагаар яах гэж байгаа юм бэ гэж асуухад У зүгээр машин олоод ир гээд байсан. Тэгээд би Булгийн 14-7 тоотод байдаг хамаатан ахын найзыг гуйгаад цэнхэр өнгийн Приус маркийн машинтай ахыг гуйгаад Жаргалтхаан сум руу явсан. Жаргалтхаан сумын төвд 16 цагийн орчим очсон. У гийн гэрт нь очиж ээжээс нь асуухад найзтайгаа билльярд руу явсан гэсэн. ...Тэгээд У г аваад хөдөө “Дуулгын шанд” гэх газар руу явсан. Тэнд очоод намайг гэр рүү оруулаад ойр зуурын хувцасаа авчих, би ийшээ нэг юманд яваад ирье гээд гэрийн баруун хойшоо гэмээр юм уу яваад дэрсний тэндээс нэг цүнхтэй юм аваад машины арын тээшэнд хийсэн. Тэгээд бид аймгийн төв рүү явсан. Хэнтий аймгийн төвд орж ирээд Хэрлэн хороололд байдаг “Мөнгөн гоёл” ломбарданд ороод эмээлийг 1.100.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/
Гэрч Ш.Мөнхбатаарын: “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байхад зүс таних Даваацэрэн гэх залуу утсаар залгаад Жаргалтхаан сум руу машинтайгаа яваад өгөөч, би тэндээс нэг хүн авчрах гэсэн юм гэхээр нь зөвшөөрөөд Приус-11 маркийн машинаар явсан. Сумын төвөөс Ууганаа гэх залууг аваад Жаргалтхаан сумаас зүүн урагшаа 30 км яваад уулын аманд нэг эзэнгүй гэр байсан. Тэр гэрийн гадаа зогсож байхад гэрийн баруун урд талын овоолготой малын хөлдүү баасан дотроос мөнгөн чимэгтэй эмээл гаргаж ирээд машины ард хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/
Иргэний нэхэмжлэгч С.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...4 хүн эмээл барьцаанд тавих гэж орж ирсэн. Тэгээд би эмээлийг нь 1.300.000 төгрөгийн барьцаанд авсан. Би тухайн үед хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Одоо У гээс нэхэмжилж байгаа төлбөр гэвэл 1.300.000 төгрөг, дээрээс нь ломбардны 2 сарын хүү болох 182.300 төгрөг гээд нийт 1.483.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.У гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Элбэгжаргал нь манай аавтай нэг айлын хүргэн юм. Манайх Элбэгжаргалынхтай ойр нутагладаг байсан. ...хамт архи ууж байгаад гэртээ харих замдаа эмээлийг нь авч тохоод гэртээ харьсан. Элбэгжаргалыг намайг авсныг мэдэхгүй байх гэж бодоод аймгийн төвөөс унаа дуудан ирүүлээд, аймгийн төв ороод ломбард орж эмээлийг 1 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Ломбардны хугацаа нь дуусах гээд байсан учраас найзаасаа мөнгө зээлээд, дээр нь нэмж мөнгө авсан... Би иргэний нэхэмжлэгч нарт нэхэмжилсэн мөнгийг нь төлөхөд татгалзах зүйлгүй. Иргэний нэхэмжлэгч С.Батболдын нэхэмжилж буй мөнгийг төлөхийг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг болно.
А.У нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1-р баг, “Бурхантын энгэр” гэх газарт нутаглах иргэн В.Элбэгжаргалын гэрээс дунд гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлж, 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, А.У гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч А.У гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн байна. Прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд А.У д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.У нь хохирогч В.Элбэгжаргалд эмээлийг хүлээлгэж өгсөн ба хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг хохиролгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнэ, С.Батболд нарт төлбөртэй болох нь иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, иргэний нэхэмжлэгч С.Батболдын мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/ болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч А.У нь хохирлын хэмжээний талаар маргаагүй, төлөхийг зөвшөөрсөн тул шүүгдэгч А.У гээс 250.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнэд, 1.482.300 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Батболдод олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирлоо гүйцэт нөхөн төлж барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгчид хорих ял оногдуулах болон хорих байгууллагын дэглэмийг тогтоохдоо гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.У-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-д 02 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-д оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан А.У д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
6. Ялтан А.У нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан А.У гээс 250.000 /хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Эрдэнэд, 1.482.300 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга гурван зуу/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Батболдод тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА