Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/322

 

    

 

  2025            03             13                                        2025/ДШМ/322                                                                                             

Л.Н ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Одонтуяа,

хохирогч Г.Ж , түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,

шүүгдэгч Л.Н ийн өмгөөлөгч Л.Ононбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Н ийн өмгөөлөгч Л.Ононбаяр, хохирогч Г.Ж  нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Н ид холбогдох эрүүгийн 2403008290982 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Л.Н  нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 09 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо Доктор авто засварын баруун замд “Toyota Rav 4” маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч явсан явган зорчигч Г.Ж ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, замын зорчих хэсгээс гарч “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: Л.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Н оос 1,648,450 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ж д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Н оос 1,853,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Б т олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Н оос 224,682 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч Г.Ж  нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон бусад гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Ж  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тус шийтгэх тогтоолын хохирлын талаарх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна. Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. Мөн журмын 2.1.5 Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна. Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ, уг журмын 2.3-т энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэж тус тус зааснаас үзэхэд мөрдөгч зөвхөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг тусгай маягтаар танилцуулахаар байна” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.3-д Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэж заасныг үзвэл сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн. Энэхүү гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн байдал одоог хүртэл бүрэн эдгэрээгүй эмчилгээ хийлгэж, зам гарах болгонд айдас, түгшүүртэй болж, миний хэвийн амьдрал бүрэн алдагдсан. Хүндэвтэр гэмтлийн эмчилгээ хийлгэж байхад “Боса кондитер” ХХК-ийн зүгээс хүндэвтэр гэмтэлтэй болсноос хойш ажлаа хийхийг шаардаж, хийх боломжгүй бол ажлаа хүлээлгэж өгөх шаардлага үүсэж өнөөдрийг хүртэл ажилгүй болсон. Шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин, биет байдлаар нэхэмжилсэн чихэвчний төлбөрийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-1.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдалд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүйгээс болж Сэтгэцэд учирсан хохирлыг хангахгүй гэж анхан шатны шүүхээс үзсэн. Нотолбол зохих байдлыг тогтоогдож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1, 8.2 дугаар зүйлийн 8.2-1.9-д заасан хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд хохирогчийн зүгээс гаргасан нэхэмжлэл болох ажиллаагүй хугацааны цалин, биет байдлаар чихэвч гаргуулах, сэтгэцэд учирсан хохирлыг шүүдэгчээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Н ийн өмгөөлөгч Л.Ононбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний үйлчлүүлэгч Л.Н  нь хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн байгаагаар нь мэдүүлсэн. Хохирогчийг мөргөхгүйн тулд баруун тийш дарж замын бродюрийг мөргөн зогсохоор чиглүүлсэн боловч машины тоормос тухайн үед ажиллагаагүй болсны улмаас ослын хэрэг гарсан. Дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Шүүгч хэтэрхий субьектив хандаж улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах дүгнэлт гаргаад байхад анхааралдаа авсангүй. Шийтгэх тогтоолд дурдсанаар шүүгдэгч Л.Н ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь бодит байдалд нийцээгүй, ял хүндэдсэн гэж үзэн гомдолтой байна. Иймд Л.Н ид Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 жилийн хугацаагаар хориглож, зорчих эхийг хязгаарлах ял, 3 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ял оногдуулсныг өөрчлөн, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон оногдуулж өгнө үү. ...Бүх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоор хохирогчид учирсан хохирлыг төлнө. Төлөхөө илэрхийлж байна. ...” гэв.

 

Хохирогч Г.Ж ын өмгөөлөгч У.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А/268, А/275 дугаар хавсралтаар хялбаршуулсан хүснэгтээр хохирогч өөрөө хүлээн зөвшөөрвөл сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож болохоор заасан. Тухайн журмын 2.2-т тухайлан заасан буюу 2.1.1-нээс 2.1.5 хүртэл зааснаас бусад гэмт хэрэгт шинжээчийн дүгнэлтийг гаргуулна гэж тусгасан. Тийм учраас хохирогчид учирсан хохирлыг гаргуулах боломжтой гэж үзэж байна. Мөн журмын 2.4-т шаардлагатай тохиолдолд шинжээч томилж дүгнэлт гаргуулна гэж заасан. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шинжээч томилж дүгнэлт гаргуулна гэж тус тус хүснэгтэд заажээ. Тухайн хүснэгтийг хохирогч хүлээн зөвшөөрснийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх боломжтой байна. Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжтой. 22.99 дахин гаргуулах үндэслэлийг талаар дурдвал энэ гэмт хэргийн хохирогч болсноороо миний үйлчлүүлэгч ажилгүй болсон. Хоёрдугаарт биеийн байдал нь одоо хүртэл дээрдээгүй байна. Насан туршдаа 5 килограммаас дээш хүнд зүйл өргөх боломжгүй болсон. Эмч нь гам бариарай гэж хэлсэн. Мөн шүүгдэгч талаас “манайх танил тал ихтэй. Та нар илүү мөнгө төгрөг авдаг” гэж доромжилсон нөхцөл байдал нь хохирогчийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлт заавал гаргуулна гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан хохирлын хэмжээ тогтоогдоогүй гэж үзэх боломжтой. Нотолбол зохих байдалд хохирлын хэмжээг заавал тогтоох шаардлагатай байгаа. Хохирлын хэмжээг тооцохдоо хууль шинээр нэмэлт өөрчлөлт орж сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох боломжтой байгаа. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргадаг. Миний буруу биш ээ. Тээврийн хэрэгслийн тоормосны буруу гэж тайлбарладаг. Хоёрдугаарт хохирогчийг дарамталж, доромжилдог. Гуравдугаарт өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй. Хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй. Энэ хугацаанд манай үйлчлүүлэгчээс уучлалт гуйсан, хохирлыг барагдуулсан, энэ хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал байхгүй. Анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хувийн байдал болон гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлагад тохирсон гэж үзэж байна. Төлбөрийн чадвартай гэдэг нь хөнгөрүүлэх нөхцөлд орохгүй. Харгалзан үзэх нөхцөл байгаа гэдэг боловч ямар нөхцөл байдал бэ гэдэг нь тодорхойгүй. Хэт хүндэдсэн ял оногдуулсан гэдэг нь юугаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй. Тиймээс шүүгдэгч Л.Н ид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Сэтгэцэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны төлбөр нэхэмжилнэ гэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ асуудал хэлэлцэж, шийдвэрлэгдсэн. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож гаргах гэхээр баримт нь хуулийн шаардлага хангахгүй байдаг. Нотлох баримт дутуу байсан. Тиймээс бодох боломжгүй тул иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэж шүүх шийдвэрлэсэн. Сэтгэцэд учирсан хохирлыг 3-р зэрэглэл гэдгийг хохирогчоос хүлээн зөвшөөрсөн маягт хэрэгт авагдсан. Гэхдээ шүүхээс тайлбар хийсэн. Шинжээчийн дүгнэлтээ гаргуулан иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэр гарсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчээс хохирогчид 1 сая 600 төгрөгийг олгуулахаар шийдвэр гарсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч хохирогчид хохирол төлбөрийг төлөөгүй хэр нь оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч 1.400.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Бусад хохирлыг бүгдийг нь төлөхөө илэрхийлж оролцсон. Шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээрээ маргахгүй гэж оролцсон боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад “тоормос ажиллагаагүй тээврийн хэрэгсэл унасан. Хүнээс худалдаж аваад 7 хоног болж байсан” гэж тайлбарладаг. Ажил хөдөлмөр эрхэлдэг, би бүх хохирлыг төлнө гэж хэлж байсан. Эдгээр нөхцөл байдлыг шүүхээс харгалзан шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулсан. Прокуророос торгох ялын санал гаргаж байсан. Шүүхээс хуульд заасны дагуу шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Н  нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 09 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Доктор авто засварын баруун замд “Toyota Rav 4” маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч явсан явган зорчигч Г.Ж ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, замын зорчих хэсгээс гарч “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Ж ын “...гэрээсээ гараад ажил руугаа Гандан чиглэлтэй ертөнцийн зүгээрээ баруунаас зүүн чиглэлтэй доктор авто засварын хойд талын явган хүний гарцаар гарч байхад ертөнцийн зүгээрээ урдаас хойш чиглэлтэй явж байсан 2, 3 дугаар эгнээнд чигээрээ явж байсан 2 машин надад зам тавьж өгсөн. Тэгэхээр нь хурдхан гарах гээд чигээрээ гүйтэл 1 дүгээр эгнээнд чигээрээ явж байсан машин намайг зам гарч дуусаж байхад миний баруун тал руу мөргөсөн. Яг юу болсноо мэдэхгүй байна, нүд харанхуйлаад нэг мэдэхэд газар уначихсан байсан. ...намайг мөргөсөн машин намайг мөргөх үедээ засварын газрын урд зогсож байсан нэг машиныг бас мөргөсөн. ...” /хх 15/,

иргэний нэхэмжлэгч С.С “...Г.Ж  Эрүүл мэндийн даатгалын сангаас 224,682 төгрөгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан. ...” /хх 23/,

иргэний нэхэмжлэгч Ч.Б ын “...намайг гадаад явж байхад энэ осол болсон байна лээ. Засварын газрын гадаа би япон улсаас оруулж ирсэн машинаа тавьчихсан байхад нэг машин ирээд мөргөсөн байсан. Тэр ослоос болж миний машины зүүн талын крыло болон толь, 2 хаалга эвдэрсэн. Би үнэлгээ хийлгэсэн. ...” /хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Г.Ж ын биед бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмын фиброзон цагирагийн урагдал, зөөлөн эдийн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, өгзөг, баруун тохой, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13166 дугаартай дүгнэлт /хх 32-34/,

“...Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат, ABS, цахилгаан тоормосны системтэй. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.87кН, баруун талд 3.52кН, зөрүү нь 18% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.8кН, баруун талдаа 1.62кН, зөрүү нь 10%, (стандарт <30%), автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. ...” гэсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 1000360 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 45-48/,

“Онцгой Үнэлгээ” Toyota Prius 41 загварын автомашин техникийн үнэлгээний 190 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн: 1,730,000 төгрөг” гэсэн тайлан, гэрэл зураг /хх 57-58/,

“...Toyota Rav-4 маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Н  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Г.Ж  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн 1782 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 65/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-12/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-08/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Н ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч Л.Н ийг Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Г.Ж ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Н ийн өмгөөлөгч Л.Ононбаярын “...зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, хохирогч Г.Ж аас “...ажилгүй байсан хугацааны цалин, биет байдлаар чихэвч гаргуулах, сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Л.Н ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх болно.

Түүнчлэн, шүүгдэгч нь анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирогч Г.Ж ын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй, иргэний нэхэмжлэгч Ч.Б ын Toyota Prius 41 дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 1,853,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид тус гэмт хэрэгтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн 224,682 төгрөгийг тус тус нөхөн төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н ийн өмгөөлөгч Л.Ононбаярын “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

Хавтаст хэргийн 104 дүгээр талд хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 156 дугаар талд ажлын газрын тодорхойлолт авагдсан байх ба уг 2 баримтын хүрээнд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах боломжгүй болно.

Учир нь тухайн гэмт хэрэг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байх ба энэ хугацаанаас хойш хэдий хугацаанд хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан эсэх болон бусад шаардлагатай санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас хор уршгийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан ямар гэмтэл, хор уршиг учирсан болохыг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгоогүй тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Харин, анхан шатны шүүх хохирогч Г.Ж  эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 3,079,450 төгрөгийн баримт гаргаж өгсөн гэж дүгнэсэн байх боловч хавтаст хэргийн 97, 105-107, 149, 151 талд авагдсан нотлох баримтыг судлахад хохирогч Г.Ж ын гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх нийт 3,626,720 төгрөгийн нотлох баримт байх ба үүнээс шүүгдэгч 1.431,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогджээ.

Иймд, шийтгэх тогтоолд энэ талаарх зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хохирогч Г.Ж ын “...ажилгүй байсан хугацааны цалин, биет байдлаар чихэвч гаргуулах, сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах...”, шүүгдэгч Л.Н ийн өмгөөлөгч Л.Ононбаярын “...торгох ял болгон өөрчлүүлэх...” гэсэн агуулга утга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолын:

5 дахь заалтын “...1,648,450 /нэг сая зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун тавь/...” гэснийг “...2,195,720 /хоёр сая нэг зуун ерэн таван мянга долоон зуун хорь/...” гэж өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Н ийн өмгөөлөгч Л.Ононбаяр, хохирогч Г.Ж  нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА