Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 76

 

2018 оны  4 сарын 30 өдөр                  2018/ШЦТ/76                         Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2018/0091/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            М.Сайнболд 

Улсын яллагч                            Я.Сансар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                          Н.Б  нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох 1839000000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг, “Хөх Өндөр” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.Б  /РД: СА83090715/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Д.Туваанжавын 1 тооны үхрийг хулгайлж, 750.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд: 

Хохирогч Д.Туваанжавын: “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр байх, өдрийг нь сайн санахгүй байна. Манайх Батноров сумын 2 дугаар баг Майханы зүүн дор намаржиж байсан юм. Манай үхрээс эрээн нүүртэй, ухаа зүсмийн охин шүдлэн алдагдсан. ...би үхэр алга болсны дараа Б  гэх айлынд очоод эхнэрээс нь үхэрээ асуухад та Б аас асуу гэж хэлсэн. Тэгээд Б аас асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би гэртээ буцаж ирээд Б ын гар утас руу залгаж, миний алдсан үхрийг чи л хулгайлсан, цагдаад хэлнэ гэж хэлсэн. Тэгтэл Б  хэл ам болоод яах вэ гээд ягаан зүсмийн охин шүдлэн үхэр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/

 

Гэрч С.Түмэндэмбэрэлийн: “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Манайх эрээн нүүртэй ухаа зүсмийн охин шүдлэн үхэр алдсан. Манай нөхөр Туваанжав Б ыг манай үхрийг хулгайлсан гэж байсан... нөхөр Туваанжав Б аас 1 тооны үхэр авлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/

 

Шүүгдэгч Н.Б ын шүүх хуралдаанд өгсөн: “...манай үхэрт эрээн нүүртэй ухаа зүсмийн охин шүдлэн нийлсэн байсан. Тэгэхээр нь өвлийн идшэндээ нэмэр болгох гэж төхөөрсөн юм. Миний буруу, дахин ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно. 

 

Шүүгдэгч Н.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг мөн байна. Прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

 

Иймд Н.Б т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б  нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Д.Туваанжав нь гомдолгүй /хх-ийн 32 тал/ гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н.Б ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА