| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0093/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 77
2018 оны 4 сарын 30 өдөр 2018/ШЦТ/77 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0093/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Я.Сансар
Хохирогч Б.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б-д холбогдох 1839000000081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 11-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гаьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Я.Б /РД: СЙ85050211/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Я.Б нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 11-19 тоотод хамтран амьдрагч Б.Ц ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож зүүн гарын шуу хэсэгт төмрөөр цохиж зүүн шуу ясны далд хугарал, дагзны хуйханд шарх, баруун хацар, баруун дунд, ядам, чигчий хуруунд зулгаралт, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч Б.Ц ын “...Би Б гэдэг хүнтэй 2017 оны 3 сард танилцаад хамтран амьдрах болсон. Бид хоёр Хэнтий аймгийн Баянхутаг суманд мал маллаж амьдардаг байсан. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Б намайг согтуугаар зодож миний зүүн гарыг галын хайчаар цохиж хугалаад цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. ...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн үед Б намайг гэртээ байж байхад архи уугаад орж ирээд ямар нэг шалтгаангүй миний дал, нуруун дээр цохихоор нь миний уур хүрээд Б ыг хэл амаар доромжилсон маань үнэн. Тэгсэн Б миний толгой, нүүр рүү цохиж урт хар хүрэн өнгийн төмрөөр урьд хугарсан гар руу цохьсон. Тэгээд би айгаад гэрээсээ гарч явахдаа гэрт байсан чулуунд тээглэж унаад толгойныхоо ар хэсгийг хагалсан. Б ад урьд хугалуулсан гар маань гүйцэт бороолоогүй байсан учир дахин гэмтэж, 2 нүд хөхөрч, хөл гар маань хөх няц болж толгойны ар хэсэг маань унахдаа хагарч эмч 1 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Я.Б ын гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн гэрээс зүүн урд байдаг айлд очиж архи уусан. Тэгээд би тухайн үед өөрийгөө удирдан авч явах чадваргүй согтуу байсан учир гэртээ ирээд хамтран амьдрагч Ц тай маргалдаж хэл амаар доромжилж зодсон юм шиг байгаа юм. Тухайн үед согтуу байсан учир яг юу болсон талаар сайн санахгүй байна. Манай хамтран амьдрагч Ц юу болсон талаар сайн мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 152 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20 тал/,
Хохирогч Б.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б тай 2013 оноос гэр бүл болсон. Б нь архи уухаараа айхтар зан характертай болдог. Намайг байнга зодож цохидог. Гэхдээ үүнд бас миний буруутай зүйл байдаг байх. Би хааяа Б ыг архи дарс уучихаад ирэхээр нь архи, дарс уулаа гээд гэрээсээ хөөдөг. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Я.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц намайг гэрээсээ хөөж туугаад хэл амаар доромжлоод байдаг юм. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Я.Б согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 11-19 тоотод хамтран амьдрагч Б.Ц ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож зүүн гарын шуу хэсэгт төмрөөр цохиж зүүн шуу ясны далд хугарал, дагзны хуйханд шарх, баруун хацар, баруун дунд, ядам, чигчий хуруунд зулгаралт, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Я.Б ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Я.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байна. Прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Я.Б ад Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 53 тал/ гэсэн тул шүүгдэгч Я.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Я.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэгдсэн бөгөөд тэнсэнтэй байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэсгийг хүчингүй болгож, тухайн болон энэ гэмт хэрэгт тус бүрт ял оногдуулан нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Я.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Я.Б-д 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-д холбогдуулан Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гарсан 62 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, тухайн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан Я.Б ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б ад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02/ хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 76 см урттай нарийн хар төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА