Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 86

 

2018 оны  5 сарын 07 өдөр              2018/ШЦТ/86                         Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0102/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            А.Уламбаяр

Улсын яллагч                            Я.Сансар

Шүүгдэгч                                                          Б.Г  нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох 1839001850088 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 5А-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан Б.Г  /РД: СЕ83070115/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 15-08 тоотод иргэн Г.Отгонбаатартай маргалдаж, улмаар зодож дух, хацар, хүзүүнд зулгарсан шарх бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд

Хохирогч Г.Отгонбаатарын: “...Г  намайг ална хядна гээд агсарсан. ...тэгэхээр нь би гарч учраа ольё гэж бодсон чинь Г  гэрээс гарч ирээд намайг багалзуурдаад газар унагаасан. Тэгээд намайг доороо хийгээд ноцолдох үед гэрээс Зоригоо ах, Ууганхүү хоёр гарч ирээд салгасан. ...Г г гэрээс гаргах гээд зуурч байхад Г  миний нүүр, хүзүүг гараараа маажсан. Тухайн үед миний биед баруун хацар, шилэн хүзүүнд маажигдсан гэмтэл үүссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Гэрч Э.Ганзоригийн: “...Отгонбаатар, Г  хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд нэг мэдэхэд үүдэнд гарсан. Тэр хоёр барьцалдаж аваад цохилцож, зодолдож байхад нь Ууганхүү бид хоёр очиж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Гэрч А.Ууганхүүгийн: “...Галаа гэдэг залуу Отгонбаатарыг гэрийн үүдэнд дээр нь гарсан толгой руу нь цохиод байхаар нь би очоод татаж босгоод юу болоод байга юм, одоо боль гээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2018.157 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 тал/ зэрэг болно.

 

Б.Г  нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 15-08 тоотод иргэн Г.Отгонбаатартай маргалдаж, улмаар зодож дух, хацар, хүзүүнд зулгарсан шарх бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд Б.Г д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Отгонбаатар нь Б.Г тэй сайн дураараа эвлэрсэн, ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 41 тал/ гэсэн тул  шүүгдэгч Б.Г г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

  

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь түүнд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчилж буюу 7 дугаар сарын 01-ний дотор 200.000 төгрөгийг, 8 дугаар сарын 01-ний дотор 300.000 төгрөгийг, 9 дүгээр сарын 01-ний дотор 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тогтоосугай. 

  

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА